Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 121/ШШ2021/0010

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Тайж овогт Б.Б /

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хөх дандар овогт Б.Т

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/94 дүгээр захирамж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Н, гуравдагч этгээд Б.Т, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-с шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Б овогтой Б миний бие Тарагт сумын Засаг даргын Тамгын газарт 2010-2018 онд Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 12-р сард Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон. Уг албан тушаалын сонгон шалгаруулалтанд орохдоо 4-р байрт жагссан. Гэвч Төрийн албаны салбар зөвлөлөөс сумын Засаг даргад шалгалтанд тэнцсэн иргэдээс нэр дэвшүүлэхдээ эхний 1-р байрт орсон 1 хүнийг санал болгосон байсан. Үүнийг тухайн үед манай сумын Засаг дарга байсан Х.Д дарга 2003 оны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж томилох журмыг зөрчиж байна. Эхний 2-5 хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэж албан тоотоор буцаан төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн боловч 2 дахь хүнийг санал болгосон байсан. Эхний 2 хүн Арвайхээр суманд ажилладаг хүмүүс байсан бөгөөд 2-р байрт орсон Б.Т-г ажилд авах гэтэл жирэмсэн одоо ажиллах боломжгүй, Арвайхээр сумын ЗДТГ-аас жирэмсэн амаржсаны амралтаа авах гэж байгаа 2019 оны 5 сар хүртэл хүлээгээч гэж хэлсэн учраас Засаг дарга шууд ажилдаа ороод ажиллах боломжтой Б.Б намайг Тарагт сумын ЗДТГазрын даргаар 2018.12.17-ны өдрийн Б/06 захирамжаар томилсон. 3-р байрт орсон Г.Буянтогтох нь Сант сумандаа ажилладаг, нөөцөд орох зорилготой байсан учраас орохгүй гэсэн. Гэвч намайг томилсон 2018.12.17-ны өдрийн сумын Засаг даргын Б/06 захиргааны актад иргэн Б.Т шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ингээд 3 шатны шүүх хурал болж шат шатны шүүх хурал Б.Тын нэхэмжлэлийг шийдвэр хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд хамгийн сүүлд 2020.04.06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийг шалгалтанд тэнцсэн иргэдээс сумын Засаг даргад 2003 оны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын дагуу нэр дэвшүүлж, сумын Засаг даргыг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл миний албан тушаалыг 2 сарын хугацаанд түр түдгэлзүүлсэн. Ингээд сумын Засаг дарга намайг томилсон 2018.12.17-ны өдрийн Б/06 дугаар захирамжаа хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 4 хүнийг нэр дэвшүүлсэн албан бичгийн дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж Б.Б намайг 2020.06.03-ны өдөр Б/04 захирамжаар ЗДТГ-ын даргын албан тушаалд томилж, томилсон шийдвэр болон сонсох ажиллагаа зохион байгуулсан шийдвэрийн 1 хувийг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд болон Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1 хувийг хүргүүлсэн.

2021 оны 10 сард Орон нутгийн сонгууль болж сумын Засаг даргаар Т.Н болон ИТХурлын даргаар Ц.О нар шинээр томилогдсон. Гэтэл Б.Т нь 2021.04.27-ны өдөр сумын Засаг дарга Т.Н-д өмнөх Засаг даргын 2020.06.03-ны өдрийн Б/04 захирамжийг хууль зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан. Үүнийг сумын Засаг дарга Т.Н хүлээн авч, өргөдөл хэлэлцэх ажлын хэсгийг 2021.05.24-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг оруулан томилж, өргөдлийг 2021.06.11-ний шөнө хэлэлцэж, намайг томилсон 2020.06.03-ны өдрийн Б/04 шийдвэрийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг дахин явуулах А/93 дугаар захирамжийг 2021.06.11-ний өдөр, захирамж хүчингүй болгох тухай 2021.06.21-ний өдрийн Б/09 захирамжийг тус тус гаргасан байсан. Энэ талаар надад огт мэдэгдээгүй.

Энэ нь илт хууль бус улс төржүүлсэн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйл “Оролцогчийг сонсох, Сонсох ажиллагаа явуулах”, 47 дугаар зүйлийн 47.1.3 “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн заалт, 93 дугаар зүйлийн 93.1 “Иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэсэн заалт, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт “Захиргааны актыг энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 30 гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлж ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр сонсох ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг хангаагүй гэж өмнөх Засаг даргынхаа шийдвэрийг хүчингүй болгосон. Намайг томилсон захиргааны акт гарснаас 10 сарын дараа Б.Т өргөдөл гаргасан нь захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Миний бие одоо нялх биетэй төрөөд 4 хонож байна.

2021 оны 6-р сарын 14-ий өдөр жирэмсэн амаржсаны амралтаа авна гэдгээ сумын Засаг дарга Т.Н-д 2021.06.11-ний өдөр хэлж, ажлаа санхүү албаны даргад түр орлон гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэтэл 2021.06.14-нд жирэмсний амралтын шийдвэрээ гаргуулах гэтэл надад “Чиний томилогдсон шийдвэр хууль бус учраас бид нар дахин сонсох ажиллагаа явуулахаар болсон гэж мэдэгдээд” тухайн өдрийн 14:00 цагт сонсох ажиллагааг зохион байгуулна гэж мэдэгдсэн. 14:00 цагт сонсох ажиллагааг зохион байгуулсан. Ажлын хэсэгт орсон албан хаагчид нь хууль зөрчиж байна бид нар сонсох ажиллагаанд оролцохгүй, 2020.06.11 нд гарсан А/93 захирамжийг бид огт мэдээгүй гэж хэлэхэд нь дарамт шахалт үзүүлэн оролцуулсан. Энэхүү ажлын хэсэгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О оролцсон бөгөөд илт улс төржүүлж, намайг халах гэж улайран хуулийг үл ойшоон ажлын хэсэгт оролцсон албан хаагчдыг доромжилж, сумын Засаг дарга юу гэж хэлнэ тэрийг нь та нар дагаж мөрд гэж дарамталсан байсан. Энэхүү сонсох ажиллагаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байсан тул би оролцоогүй.

Энэ өдөр буюу 2021.06.14-ний өдөр сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудсаа /№0633845/ авч сумын Засаг дарга Т.Н-д үзүүлэн жирэмсэн амаржсаны чөлөө олгох тухай захирамж гаргуулах гэтэл гарын үсэг зурахгүй гэж цааргалсан. Иймд миний бие аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Э.Бадамгэрэлтэй утсаар яриулж, хууль зөрчиж байгааг тайлбарлуулж байж гарын үсэг зуруулж жирэмсэн амаржсаны чөлөө олгох тухай 2021.06.14-ний өдрийн Б/04 захирамжийг гаргуулсан. Ингээд би сумын Засаг даргын 2021.06.11-ний өдрийн А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021.06.23-ны өдрийн 3/39 тоот “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зөрчил арилгуулах тухай” албан бичгийг сумын Засаг дарга Т.Н-д 2021.06.23-нд хүргүүлсэн.

Гэвч энэхүү албан бичгийн дагуу хууль бус шийдвэрээ хүчингүй болгоогүй. Мөн Төрийн албан зөвлөл болон Өвөрхангай аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч өөрсдийн эрх хэмжээний асуудал биш тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу ирсэн. Т.Н нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин өөрийн эрх мэдлээс давсан шийдвэрийг гаргаж өмнөх Засаг даргын 2020 оны 6 сарын 03-ны өдрийн “Б.Бийг ажилд томилох тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгон жирэмсний амралттай байгаа намайг ажлаас халж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 121/ШШ2020/0006/3 дугаар шийдвэрийг хангаагүй хэмээн шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт “төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэсэн заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 “Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэсэн заалт, 31.4 дэх заалт “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэсэн заалт, 41 дүгээр зүйлийн 41.3 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэсэн заалт, “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 заалт “ Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно” гэсэн заалт, Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн 11.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйл “Оролцогчийг сонсох, Сонсох ажиллагаа явуулах”, 93 дугаар зүйлийн 93.1 “ Иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэсэн заалт, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт “Захиргааны актыг энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт болон 2020.10.28-ны өдрийн 03 дугаар “Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай” зөвлөмж “Сонгуулийн дүнгээр төрийн байгууллагын төсвийн Ерөнхийлөн захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсвэл огцруулах үндэслэл болно” гэсэн заалтуудыг зөрчиж дур мэдэн шийдвэр гаргаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, дээд шатны байгууллагын шийдвэрийг үл биелүүлж, олон удаагийн хууль бус үйлдэл гаргаж, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өгсөн шийдвэрийг үл биелүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг хааж боогдуулан, бүдүүлэг авирлаж байна.

Намайг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар томилохдоо 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилж байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарлаад байна. Үүнд тайлбар хийх нь зүйтэй байх. Би тухайн үед ажиллаж байсан. Захирамж бол  2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан нь үнэн. Тухайн үед би ажиллаж байсан учраас өмнөх хэд хоногийн цалингийн асуудал яригдсан. Ингээд энэ талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга н.Ганболдоос асууж байгаад цалин бүтэн олгогдох өдрөөс эхлүүлэн тавьж болно гэж зөвлөсөн учир 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гэж захирамжид оруулж өгсөн” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тарагт сумын Засаг даргын гаргасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/94 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нэхэмжлэгчийнхээ нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Яагаад үндэслэлгүй вэ? гэхээр Тарагт сумын Засаг дарга Т.Н нь өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж энэ захирамжаа гаргасан байна. Учир нь төрийн албатай холбоотой маргаан гарвал үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2  дахь хэсэгт  “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэснийг тус тус үндэслэн шийдвэрлэх ёстой.

Ингэхээр уг маргааныг хянан шийдвэрлэх субъект нь сумын Засаг дарга биш харин төрийн албаны зөвлөл болон гагцхүү шүүх юм. Засаг дарга нь өөрөө энэ маргааны оролцогч болохоос шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Мөн өмнөх Засаг даргын шийдвэрийг буруу гэж тогтоож байгаа нь хууль зүйн шаардлагыг хангахгүй. Учир нь буруу зөвийг зөвхөн шүүх тогтоох ёстой. Энэ тухай төрийн албаны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Т.Н даргад албан бичиг хүргүүлсэн байдаг. Нэгэнт эхний шийдвэр буруу учраас дараа дараагийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл нь гажуудаж буруудах нь зүй ёсны хэрэг юм. Төрийн алба бол төрийн албаны хууль тогтоомжийн дагуу явах ёстой болохоос аль нэг даргын санаа зорилгын хүрээнд явагдах асуудал биш. Тийм учраас нэхэмжлэгчийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Тоос “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын томилгоо нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг холбогдох хуулийн дагуу явуулаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй гэх утга агуулга, нотлох баримт бүхий гомдлыг ирүүлсний дагуу сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн а/84 дүгээр захирамжаар тус гомдлыг хянан үзэж, шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс Тарагт сумын Засаг дарга Х.Д нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 06 өдрийн 121/ШШ2020/0006/3 дугаар шийдвэрийг биелүүлэхдээ Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигчдийн саналыг авч нэр дэвшигчдээс сонгон томилох зорилгоор явуулсан сонсох ажиллагааг хууль бусаар явуулж, Тамгын газрын албан тушаалд нэр дэвшигчдийн эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 тоотоор Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд “Нэр дэвшүүлэх тухай” албан бичгийн дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу дахин явуулж, Тамгын газрын даргыг томилох санал дүгнэлтийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/94 дүгээр захирамжаар “Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд сонсох ажиллагааг дахин явуулах шийдвэр гаргаж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сонсох ажиллагааг холбогдох хуулийн дагуу, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор явуулсан.

Сонсох ажиллагааг Б.Б хүлээн зөвшөөрөөгүй тул ирээгүй, Г.Буянтогтох утсаар оролцох боломжгүй тухайгаа илэрхийлсэн, Б.Т өөрийн биеэр ирж оролцсон. Сонсох ажиллагаанд Б.Б, Г.Буянтогтох нар оролцоогүй тул Тарагт сумын засаг дарга Х.Дийн Б.Бийг томилсон 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 45 дугаар зүйл буюу Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, 45.1.3 буюу хуульд заасан бусад үндэслэл буюу Шүүхийн тухай хуулийн 23.1 шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэх үндэслэлээр албан тушаал бууруулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтнээр томилсон” гэжээ.

4. Гуравдагч этгээд Б.Тоос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Тарагт сумын Засаг дарга Т.Нд хандан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 121/ШШ2020/0006 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан сонсох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэсэн үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Тухайн шүүхийн шийдвэр нь огт биелэгдээгүй, сонсох ажиллагаа нь хууль бус явагдсан.

Гомдлын дагуу Засаг даргаас зохих ажиллагаануудыг хийж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ маргааныг төрийн албаны зөвлөлөөс хянах ёстой гэх тайлбартай эсрэг байр суурьтай байна. Яагаад гэхээр энэ хэргийг шүүх хэлэлцээд асуудал бүхий актыг түдгэлзүүлж дахин сонсох ажиллагаа явуулах шийдвэр гарч байсан.

Уг шийдвэрийг Б.Б эс зөвшөөрч төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан. Харин төрийн албаны зөвлөлөөс шүүхээр эцэслэн шийдвэрлэх асуудал гэсэн хариу өгсөн байсныг хэргийн материалд ирсэн нотлох баримтаас олж мэдсэн. Өмнөх сонсох ажиллагааны талаар хууль зүйн шаардлага хангаагүй хэсгийг дурдвал: 1 дүгээрт Тухайн үеийн сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг огт хангаагүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны биелүүлсэнд тооцогдохгүй. 2 дугаарт шүүхээс дахин сонсох ажиллагааг явуулж хуульд нийцсэн шийдвэр гаргах талаар 2 сарын хугацаанд Б.Бийг албан тушаалаас нь түдгэлзүүлснийг мөн биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь нотлогдож байна. 3 дугаарт 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгтээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс томилсон нь илт хууль бус акт гаргасан.

Яагаад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс томилсон гэхээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор аль нэг иргэнийг албан тушаалд томилж хариугаа хүргүүлэх ёстой байсан. Уг албан бичгийн хариуны хуулийн хугацааг хангах гэж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс томилсон нь шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлснийг нотолж байна ... Б.Б-г хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулж томилсон. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хангасан гэсэн тайлбарыг нэмж байна” гэжээ  

5. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

“... Жирэмсэн хүнийг ажлаас халж болохгүй л гэсэн тайлбарыг өгөөд байна. Энэ бол зөв. Гэхдээ ажлаас халсан асуудал биш. Өмнө нь тухайн албан тушаалд томилогдохдоо хууль бус сонсох ажиллагааны үр дүнд томилогдсон учраас түүнийг зөвтгөн дахин сонсох ажиллагаа явуулаад шалгарсан иргэний томилж байгаа хууль зүйн үндэслэлтэй юм. Б.Б-н жирэмсэн учраас өөр ажилд шилжүүлэн томилсон нь ч мөн адил хууль зүйн үндэслэлтэй асуудал. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/94 дүгээр захирамж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчээс хэрэгт маргаан бүхий Б/09 дугаартай захирамжтай адил утгатай Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаартай захирамжийг гаргаж өгсөн бөгөөд хариуцагчаас энэ захирамж нь дугаарлалтын алдаатай гарсан тул 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэх тайлбар гаргаж, холбогдох захирамжийг нотлох баримтаар өгсөн болно.

Нэг. Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд сонсох ажиллагаа дахин явуулах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хариуцагч нь маргаан бүхий дээрх захирамжаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 121/ШШ2020/0006/з дугаар шийдвэрийг биелүүлэхдээ сумын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигчдээс сонгон томилох зорилгоор явуулсан сонсох ажиллагааг хууль бусаар явуулсан, нэр дэвшигчдийн эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж сонсох ажиллагааг дахин явуулахаар тогтож, сонсох ажиллагааны үр дүнд нэр дэвшигч нарын хэнийг томилох шийдвэр гарснаас шалтгаалж Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Б.Бийг ажилд томилох тухай” Б/04 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Б.Т нар нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Бийг томилсон байна.

Уг албанд нэр дэвшигч Б.Т нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, шүүхэд “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Бийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж маргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 121/ШШ2020/0006/З дугаар шийдвэрээр Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигч нарын талаарх саналыг авч, нэг иргэнийг хуульд заасан журмын дагуу сонгон “Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Б.Бийг ажилд томилох тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар албан бичгээр Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар Б.Т, Б.Б, Г.Буянтогтох нарыг нэр дэвшүүлсэн, сумын Засаг дарга нь дээрх нэр дэвшигчдийн дунд сонсох ажиллагаа явуулж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Бийг Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогдож байна.

Уг захирамжид Б.Т нь тухайн үед нь сумын Засаг дарга болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлд гомдол гаргаагүй байх бөгөөд 11 сарын дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 17-нд орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон сумын Засаг дарга Т.Нд сонсох ажиллагаа хууль бус болсон тухай өргөдөл гаргасан. Уг өргөдлийг үндэслэн сумын Засаг дарга нь ажлын хэсэг байгуулж, 2020 оны Б/04 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Б.Бийг томилохдоо сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нэр дэвшигчдийн эрхийг зөрчиж сонсох ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж дахин сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.”, 75.2-д “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтаар төрийн албанд нэр дэвшигч иргэн нь томилох эрх бүхий этгээд, төрийн албан хаагч, нэр дэвшигчдийн хоорондын маргаантай холбоотой гомдлыг тухайн акт гаргасан захиргааны байгууллагад биш, харин Төрийн албаны зөвлөл, төрийн албаны салбар зөвлөлд хуульд заасан хугацаанд гаргаж хянан шийдвэрлүүлэх эрхтэй, эдгээр байгууллага нь уг гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байхад хариуцагч сумын Засаг дарга нь гуравдагч этгээд Б.Тын гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасанд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан бөгөөд сонсох ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулсан байна.

Тарагт сумын Засаг дарга нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Б.Б, Г.Буянтогтох, Б.Т нарын дунд сонсох ажиллагаа явуулахаар нэр дэвшигчдэд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, Б.Т мэдэгдлийг хүлээн авч хариуг бичгээр өгсөн, мөн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Есөн-Эрдэнээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19:53 цагт Б.Тын 99137663 дугаартай утсанд холбогдож санал авсан талаарх утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна.  

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Б.Тод хүргүүлсэн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 1/53 дугаар мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэлээр Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс санал болгосон этгээдүүдийн дунд сонсох ажиллагаа явуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.4-т зааснаар тайлбар, саналыг бичгээр болон утсаар авах, тайлбар, санал гаргах хугацаа зэргийг тодорхой дурджээ.

Эдгээр баримтаас үзэхэд сумын Засаг дарга нь нэр дэвшигч нарт тайлбар, санал гаргах боломжийг адилхан олгосон гэж үзэхээр байх бөгөөд, нэр дэвшигч Б.Т “мэдэгдэлд тусгах мэдээллийг тусгаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах, гаргах шийдвэрээ тодорхой дурдаагүй” зэрэг үндэслэл бүхий тайлбар гаргасныг түүнийг сонсох ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан гэж захиргааг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд сумын Засаг даргын Б.Бийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо явуулсан сонсох ажиллагаа нь хуульд заасан журмаар явуулсан, Б.Тын сонсох ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан нь тогтоогдохгүй байхад захиргаа дахин сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байгаа нь нэгэнт төрийн захиргааны албан тушаалд томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагч Б.Бийн хувьд үр дагавар үүсгэсэн, түүний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Хоёр: Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэртээ эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрхийг баталгаажуулсан хэдий ч тухайн шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “...Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал”, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэж зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар байна.

Иймд Тарагт сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар тус албан тушаалд томилогдсон Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагч тул төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаахтай холбоотой, түүнийг албан тушаалд томилох, чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг хуульчилсан.

Маргаан бүхий 2021 оны Б/09 дүгээр захирамжаар хүчингүй болгосон 2020 оны Б/04 дүгээр захирамж нь сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилсон агуулгатай хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгох” гэж заасан сумын Засаг дарга өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгох бүрэн эрх нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэр буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцаанд хамаарахгүй.

Түүнчлэн сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Бт жирэмсний болон амаржсаны амралтыг олгосноос үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг мөн зөрчжээ. Хариуцагч нь Б.Бийг ажлаас халаагүй, албан тушаал бууруулсан гэж тайлбарлах боловч маргаан бүхий Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг томилсон захирамжийг хүчингүй болгосноор түүнийг төрийн албанаас чөлөөлсөнтэй адил үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Төрийн албаны тухай хуульд заасан гомдол шийдвэрлэх журмыг зөрчиж гаргасан гомдлыг хүлээн авч, Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж, улмаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Б.Бийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох замаар түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцэхгүй хууль бус шийдвэр болжээ.  

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захирамжууд нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бийн төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/94 дүгээр захирамж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ