| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0221/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/220 |
| Огноо | 2022-12-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/220
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/220 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Энх-Амгалан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /*******/ *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өнөрийн 1-1 тоотын гаднах автомашины зогсоолд байсан эзэмшлийн ******* улсын дугаартай “Ниссан *******” маркийн автомашины салхины шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 910,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батсуурь гишүүнийг нутаг орондоо бүтээн байгуулалт сайн хийж, орон нутгаа хөгжүүлсэн гэж бодож явдаг байсан. Тэгээд гэр рүү нь Батсуурь гишүүнтэй мэнд мэдээд талархсан сэтгэлээ илэрхийлье гэж бодоод очсон. Тэгээд гэр рүү нь очоод Батсуурь гишүүнээ хаалгаа гээд хаалгыг балбаад байхад хаалгаа тайлаагүй. Би нэлээн согтуу байсан учир довжоон дээрээс нь хий гишгэж унахдаа хувинд тээглээд унасан тэгээд босож ирэхдээ бухимдаад хувинг өшиглөсөн чинь хувин хагарсан. Тухайн үед машины шил хагалсан гэдгээ мэдээгүй өнгөрсөн. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаад 11 690 000 төгрөгөөр машины шилийг солиулж хохирлыг барагдуулсан гэв.
Хохирогч ******* “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өнөрийн 1-1 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. Манай гэрийн гадна зогсоолд байсан миний эзэмшлийн ******* улсын дугаартай “*******” маркийн автомашины салхины шилийг үл таних хүн 2022 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хогийн сав шидэж хагалаад хогийн савыг нь хашааны үүдний том хогийн саванд хийж орхисон байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой яг хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай гэрийн хаалгыг ******* гэж дуудсан үл таних балбаж байсан. Би согтуу хүн юм шиг байна гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Амарч байсан болохоор тухайн хүний царай зүсийг огт хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн камерт үзлэг хийсэн “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 45 минут 54 секундэд 4 замын уулзварын баруун зүгээс урд зүгт чиглэлтэй явж байгаа хүрэн өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэндтэй цамцтай, цэнхэр жинс өмдтэй, хөр өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй хүний дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 8х/,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2202403 дугаартай “...салхины шилний үнэлгээ 910,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 22-29х/,
Яллагдагч *******ын “... Батсуурь гишүүний унаж явдаг машин гэрийнх нь гадаа байхаар нь гишүүнтэй уулзахаар хашаа руу нь ороод гэрийнх нь хаалгыг тогштол хаалгаа тавиагүй, тэгээд буцаад явах гэтэл хөлд хар өнгийн хувин тээглэхээр нь өшиглөтөл гэрийнх нь гадаа зогсоол дээр байсан машины шилийг онож хувин хоёр хэсэг болж хагарсан. Тухайн үед миний өшиглөсөн хувин машины шил хагалсан гэж мэдээгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 39-41х/
Хэргийн газрын үзлэг хийсэн “...******* улсын дугаартай байх ба уг тээврийн хэрэгсэл нь хойд зүгийг харуулж зогсоосон байв. Тээврийн хэрэгслийн урд салхины шил гол хэсэгтээ хагарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6х/,
Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өнөрийн 1-1 тоотын гаднах автомашины зогсоолд байсан эзэмшлийн ******* улсын дугаартай “Ниссан *******” маркийн автомашины салхины шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 910,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч З. Тэргэлийн “ ... Манай гэрийн гадна зогсоолд байсан миний эзэмшлийн ******* улсын дугаартай “*******” маркийн автомашины салхины шилийг үл таних хүн 2022 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хогийн сав шидэж хагалаад хогийн савыг нь хашааны үүдний том хогийн саванд хийж орхисон байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой яг хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай гэрийн хаалгыг ******* гэж дуудсан үл таних балбаж байсан. Би согтуу хүн юм шиг байна гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Амарч байсан болохоор тухайн хүний царай зүсийг огт хараагүй...” гэх,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн камерт үзлэг хийсэн “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 45 минут 54 секундэд 4 замын уулзварын баруун зүгээс урд зүгт чиглэлтэй явж байгаа хүрэн өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэндтэй цамцтай, цэнхэр жинс өмдтэй, хөр өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй хүний дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2202403 дугаартай “...салхины шилний үнэлгээ 910,000 төгрөг” гэх дүгнэлт,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өнөрийн 1-1 тоотын гаднах автомашины зогсоолд байсан эзэмшлийн ******* улсын дугаартай “Ниссан *******” маркийн автомашины салхины шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 910,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримт нь хохирогч Б. Тэргэлийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан буюу 17.8 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэсэн зүйл анги байгаа энд бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр машины салхины шилийг 910 000 төгрөгөөр үнэлсэн тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ын, хохирогч Б.Тэргэлд учруулсан 910,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шөнийн цагаар айлын хаалга үүд нүдэж, хаалга нээж өгсөнгүй гэж хөлдөө таарсан хувинг өшиглөж хохирогч З.Тэргэлийн гэрийн гадна зогсоолд байсан машины салхины хагалсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын хохирогчийн машины салхины шил рүү хувин өшиглөж хагалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүх хуралдаанаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн хохирогчтой эвлэрч хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болно харин 6.6 дугаар зүйд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан зүйлгүй гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөнд учирсан хохиролд нийт 11 350 200 төлж машиныг бүрэн бүтэн байдалд нь оруулж өгсөн тул хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Хэрэгт хураагдсан ягаан өнгийн “” бичигтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдсан ягаан өнгийн “” бичигтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Б.Тэргэлд учирсан 11,354,200 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР