Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

2022                 11            16                                           2022/ШЦТ/219              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Мах маркет ХХК-д угаагч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* 30-32 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор эм, эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 2014 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын , ******* 19-01 тоот хашаанд ******* эрүүл мэндэд халдан чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд  мэдүүлэхдээ:  2022 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө *******тай муудаад ******* намайг хэл амаар доромжлоод уур хүргээд байсан. Тэгээд би ажил дээрээ байж байхад ******* над руу байн байн залгаад 100,000 төгрөг нэхээд байсан. ******* өөр хүнээс 140 000 төгрөг авах ёстой байсан тэрийг чи авчихсан уу гээд намайг гүтгээд байсан. Тэгээд би уурандаа *******ыг чулуугаар цохичихсон чинь толгойноос нь цус гарсан. Би зээлсэн 100,000 төгрөгөө өгөөд дээрээс нь эмчилгээний зардалд 50000 төгрөг өгсөн. ******* гомдолгүй гэсэн бид 2 найзууд гэв.

 

Хохирогч ******* “...Би эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг ******* 19-01 тоотод оршин суудаг. Өөрийн Приус-11 маркийн ******* тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. ******* гэх эмэгтэй нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Дээж худалдааны төвөөс гэрийн бүрээс авах гэж байгаа юмаа машинаараа төвөөр яваад өгөөч” гээд намайг дуудсан юм. Тэгээд би Дээж худалдааны төвд явж очиход *******ийн авах гэж байгаа бүрээс нь 100.000 төгрөг дутаад намайг “зээлчих маргааш өгье” гэхээр нь би тухайн үед Нараад 100.000 төгрөг зээлсэн. Маргааш нь би Наранцэцэгтэй уулзаад “мөнгөө авъя” гэхэд Наранцэцэг нь “өгөхийн оронд юун сүртэй юм” гээд уурлаад миний машины урд хянахыг утсаараа цохиод хагалсан. Тэр үед бага зэргийн маргаан үл ойлголцол болсон. Тэгээд орой нь 16 цагийн үед Наранцэцэг миний дугаар руу байн байн залгаад байхаар нь би тухайн үед дуудлагыг нь аваагүй  юм. Тэгээд орой нь Наранцэцэг манай гэрийн гадна ирчхээд цонх хаалга тогшоод байсан. Тэгэхээр нь би хаалгаа тавьж өгтөл намайг “дуудлагыг нь авсангүй” гээд надад уурлаад нэг чулуу гаргаж ирээд миний толгой хэсэг рүү цохисон. Тэр үед над руу дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 476 дугаартай “...******* биед зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/,

 

 Яллагдагч *******ийн “...******* надаас мөнгөө нэхэхээр чи надаас мөнгө нэхлээ гэж хэлэхэд тэр миний өөдөөс уурласан. Би уурандаа чулуугаар толгой хэсэгт нь цохичихсон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 х/

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-48 х/

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51 х/,

-

- зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын , ******* 19-01 тоот хашаанд ******* эрүүл мэндэд халдан чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

                                                         

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  ******* “ ... Тэгээд орой нь Наранцэцэг манай гэрийн гадна ирчхээд цонх хаалга тогшоод байсан. Тэгэхээр нь би хаалгаа тавьж өгтөл намайг “дуудлагыг нь авсангүй” гээд надад уурлаад нэг чулуу гаргаж ирээд миний толгой хэсэг рүү цохисон. Тэр үед над руу дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх   мэдүүлэг,  

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 476 дугаартай “...******* биед зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь  2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын , ******* 19-01 тоот хашаанд ******* эрүүл мэндэд халдан чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох саналтай байна. Хохирогч ******* хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно  гэв.

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж чулуугаар цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч зээлүүлсэн мөнгөө нэхлээ гэж уурлан хоорондоо маргалдаж түүний толгой хэсэгт чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй ба энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүх хуралдаанаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд 5 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж мөн Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан үүнд хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх,  зорчих эрх хязгаарлах гэсэн 3 төрлийн ялтай Наранцэцэгийн хувийн байдал гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан зүйлгүй гэв.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил эрхэлдэггүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Шүүгдэгч ******* урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх ба уг тэнссэн хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлджээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг журамлан энэ тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 1 жилийн  хугацаанд Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдье

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.******* биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт  мэдүүлжээ.

 

Иргэний нэхэмжлэгч В.Нэргүй шүүх хуралд “Г.******* нь 2022 оны 09 дүгээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан тул уг хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд оруулж өгнө үү ” гэж мэдүүлжээ.

 

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.******* нь Эрүүл мэндийн даатгалын  сангаас 214,000 төгрөгийн эмийн эмчилгээ авсан болох нь  ЭМДЕГ-ын цахим системийн баримтаа тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу *******ээс 214,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны журамлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг энэ тогтоолоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ял шийтгэснийг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан   шүүгдэгч  *******т   оногдуулсан  зорчих  эрхийг  хязгаарласан 1

жилийн  хугацаанд Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэв.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

9. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдав.

 

10. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 214,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.

 

11. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хохирогч Г.******* гомдолгүй нэхэмжлэх, зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэв.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлав.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй гээд. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР