Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2018/00020/И |
Дугаар | 62 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 62
2019 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 139/ШШ2019/00062 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух, Б овогт Н Б /РД:ЗЮ /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн холбогдох Балансын урамшуулалын 633.221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Миний бие Сайнцагаан сумын Гуравдугаар бүрэн дунд сургуульд ерөнхий нягтлан бодогчоор 2006 оноос хойш ажиллаж байгаад 2018 онд өндөр настны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Би Сайнцагаан сумын Гуравдугаар бүрэн дунд сургуулийн 2017 оны жилийн эцсийн Санхүүгийн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж Дундговь аймгийн Аудитын газраар аудит хийлгүүлсэн.
Монгол Улсын Сангийн Яамны Төрийн сангийн газрын даргын 2018.06.19-ний өдрийн 12-1/3950 тоот албан бичгээр “ Төсвийн тухай хуулийн 8.10-т заасны дагуу 2017 оны жилийн эцсийн Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газраар аудит хийлгэж зөрчилгүй санал дүгнэлт авсан. ...санхүү, төсвийн сахилга батыг ханган биелүүлж ажилласан орон нутгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч .. нарт зохих журмын дагуу төсөвтөө багтаан балансын урамшуулал олгоход татгалзах зүйлгүй болно” гэсэн, мөн Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2018.10.29-ний өдрийн 5/1122 тоот албан бичигт” Төсвийн тухай хуулийн 8.9-т заасны дагуу 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж аудитын газраар аудит хийлгэж зөрчилгүй санал, дүгнэлт авсан төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу төсөвтөө багтаан урамшуулал олгож болно” гэсэн албан бичгийг Төсвийн шууд захирагч нарт хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичгүүд болон хуулийн дагуу миний бие ажиллаж байсан хугацааны 2017 оны балансын урамшуулал авах ёстой гэж үзэж Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн захирал Д.Мад 2018 оны 12 дугаар сард хүсэлт гаргасан. Тэгтэл Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.М нь 2018.12.27-ны едрийн 86 тоот апбан бичгээр балансын урамшуулал олгохгүй гэсэн. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн сургуулийн 2017 оны төсөв хүрэлцээтэй байсан, эхлээд Д.М захирал надад энэхүү урамшуулалыг олгоход татгалзах зүйлгүй гэж байснаа олгоогүй, миний оронд орсон нягтлан бодогч энэхүү 2017 оны балансын урамшуулалыг аваагүй.
Дундговь аймгийн Боловсрол соёлын газрын төсвийн мэргэжилтнээс дээрх албан бичгүүдийг үндэслэн 2018 оны 10 дугаар сард боловсролын салбарын нягтлан бодогч нарт төсөвтөө багтаан 1 сарын үндсэн цалин хүртэлх балансын урамшуулал олгож болох чиглэл өгсний дагуу бүх нягтлан бодогч нар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний балансын урамшуулал авсан байдаг.
Иймээс миний бие Сайнцагаан сумын Гуравдугаар бүрэн дундын сургуулийн 2017 оны жилийн эцсийн Санхүүгийн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж Дундговь аймгийн Аудитын газраар аудит хийлгүүлж зөрчилгүй шалгагдсан тул миний бие хэдий өндөр настны тэтгэвэрт гарсан хэдий ч хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан хугацааныхаа балансын урамшуулал болох нэг сарын үндсэн цалинтай тэнцэх 633221 төгрөгийн балансын урамшуулалыг авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургууль /захирал Г.М/-аас дээрх балансын урамшуулал болох 633221 / зургаан зуун гучин гурван мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие Сайнцагаан сумын Гуравдугаар бүрэн дундын сургуулийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2014.03.07-ны өдрийн 75 тоот тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу “албан тушаалын зэрэглэл ТҮ-8, үндсэн цалин 633221 төгрөг”-өөр цалинжиж байсан болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн захирлаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.
Тус сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Б 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр балансын урамшуулал авах тухай өргөдөл өгсөнийг хүлээн авсан. Уг өргөдлийг хүлээн авч, сургуулийн нягтлан бодогч С.Б-тай ярилцаж, урамшуулал олгох эсэх талаар Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урамшуулал олгож болох эсэхийг тодруулахаар 80 дугаартай албан бичиг хүргүүлж, 2018 оны 12 дугаар сарын 24-ны едрийн 435 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн сайдын дээрх албан бичигт”...аудитад хийлгэж зөрчилгүй санал дүгнэлт авсан...” гэж дурьдсан ч танай байгууллага 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар санал дүгнэлт аваагүй; 2. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах / мөн хуулийн 16 дугаар зуйлийн 16.5.3 дахь заалт/ батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох/-д заасан; 3. Өмнө ажиллаж байсан нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ дууссанаар эрх зүйн харилцаа тасалбар болсон зэргийг харгалзан үзэх;/ гэсэн хариу ирснийг үндэслэн иргэн Н.Бд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай албан бичгээр балансын урамшуулал олгохооргүй болсон хариуг өгсөн гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг дунд сургуулиас балансын урамшуулал 633221 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрөн маргаж байна.
Нэхэмжлэгч Н.Б нь Хүмүүнлэг сургуулийн 2017 оны тайланг хуулийн хугацаанд нэгтгүүлж шалгуулан зөрчилгүй санал дүгнэлт авсан тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дугаар зүйл, Сангийн яамны 2018 оны 06 сарын 19 өдрийн 12-1/3950 дугаартай албан бичгийг үндэслэн балансын урамшууллыг олгох нь зүйтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
МУ-н Сангийн яамнаас Дундговь аймгийн Засаг даргад ирүүлсэн 2018 оны 06 сарын 19 өдрийн 12-1/3950 дугаартай албан бичиг нь төсвийн шууд захирагч нарт урамшуулал олгохыг үүрэгжүүлсэн агуулгагүй байна.
Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д /Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно/ зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулах эсэх нь төсвийн шууд захирагчын бүрэн эрхийн асуудал бөгөөд заавал шагнаж урамшуулахыг төсвийн захирагчид үүрэг болгосон агуулгагүй байна.
Санхүүгийн тайлангаа аудитаар шалгуулж, зөрчилгүй санал дүгнэлт авсан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулахыг эрх бүхий этгээдэд үүрэг болгосон агуулга бүхий хүчин төгөлдөр эрх зүйн акт /Хууль, журам/ байхгүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч Н.Бгийн 633221 төгрөгийн урамшуулалыг Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулиас гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 19646 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг бүрэн дунд сургуулиас балансын урамшуулал 633.221 төгрөг гаргуулах тухай Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн УТХ-т урьдчилан төлсөн 19646 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б