Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

                                       

 

                                     

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Овоот ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2236002510280 дугаартай, 178/2023/0026индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух,  Овоот ургийн овогт ******* *******,  регистрийн дугаар: ******* / хоч нэр Даваахүү/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн гадна хохирогч ******* маргалдах явцдаа түүнийг цохиж  биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 768 дугаартай...******* биед духны зүүн дээд хэсгийн шарх, зулгаралт, зүүн хөмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ******* биед учирсан шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 11-12-р хуудас/

2.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би *******, ******* нарыг танина. ******* нь 2006 оны 03 дугаар сард төрөлтийн улмаас тархинд нь цус харваад  ухаангүй 2 сар эмнэлэгт хэвтсэн.Тэр үед *******аас төрсөн охин хүүхдийг *******д хууль ёсны дагуу үрчлүүлсэн юм. ******* нь өөрийн төрсөн хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/

3.Хохирогч ******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охиныхоо сургуультай холбоотой асуудлаар захиралтай нь уулзах гээд 7 дугаар сургуулийн үүдэнд сууж байтал гаднаас орж ирээд шууд надад “ чи яах гээд худлаа яриад яваад байгаа авгай вэ” гэхээр нь би урдаас нь “ чи юу яриад байгаа юм бэ, ойлгосонгүй” гэхэд “ чамайг худлаа яриад яваад байна гэж надад хэлсэн” гээд бид хоёр маргалдаж байгаад би “ сургуулийн орчинд ийм зүйл яриад яахав, дараа ярья” гэтэл над руу дайраад байхаар нь би цааш түлхтэл нэг мэдэхэд миний толгой руу хүчтэй зүйлээр цохиод миний толгойноос цус гарсан.Би тухайн эмэгтэйгээс хууль ёсны дагуу хүүхдийг нь үрчилж авсан юм.Манай охины ангийн багш д охин бид хоёрын хувийн мэдээлэл ярьснаас болж бид хоёрын дунд ийм үл ойлголцол үүссэн.Би толгойдоо 1 оёдол тавиулсан, толгой хүчтэй өвдөөд байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 2-3-р хуудас/

4.Гэрч гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн...тухайн өдөр би сургууль дээр жижүүр багшаар ажиллаж байтал ******* гэх эмэгтэй орж ирээд хэнтэй уулзах талаар бүртгэл хөтөлж байтал гаднаас ******* хүүхдээ хөтөлж орж ирээд ******* рүү “та юу гэж худлаа хэлээд байгаа юм” гэхэд ******* нь урдаас нь “би худлаа яриагүй,би бухимдалтай байна,чамтай юм яримааргүй байна” гэхэд ******* “би хүүхэдтэй чинь  уулзаагүй, тэрнээсээ асуу“ гэхэд ******* уурлаад “чи эх хүн байж тэрнээсээ асуу гэж хэллээ” гээд *******ыг алгадсан.******* эргүүлээд *******г алгадахаар нь би *******ыг цааш түлхээд “та хүүхдүүдийн хажууд болиоч” гэхэд *******  гар утсаа ******* рүү шидэхэд  толгойг нь оносон... гэх мэдүүлэг / хэргийн 6-р хуудас/

5.Шүүх сэтгэцийн  29 дугаартай...******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэгт холбогдох үедээ зан төрхийн өөрчлөлт илэрсэн, болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт  / хэргийн 44-46-р хуудас/

6. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед охин Д.Нандинцэцэгийг сургуульд нь хүргэж өгөөд  сургуулийн хаалгаар ороход манай охины ангийн багш ******* нар хамт үүдэнд сууж байсан. Би *******г “ чи яагаад худлаа хэлээд яваад байгаа юм” гэхэд ******* “ би худлаа яриагүй” гээд бид хоёр маргасан.Юунаас болж маргасан бэ гэхээр би хүүхдээ төрүүлээд ухаангүй байхад миний охиныг *******д  манай ээж хуулийн дагуу өргүүлсэн юм. Би тэр хүүхдийг 7 дугаар сургуульд сурдагийг мэдэхгүй,хэдэн настайг ч мэдэхгүй.Тухайн үед манай охины ангийн багш надад “ таныг *******  өргүүлсэн хүүхэдтэйгээ уулзаад байгаа” гэж 5 хоногийн өмнө хэлсэн.Тэрнээс болоод бид хоёр маргаж байгаад ******* намайг 2 удаа алгадахаар нь би уурандаа гартаа барьж байсан утсаа шидээд толгойг нь оносон.******* толгойноос цус гарч байсан.Тэрнээс хойш би ******* уулзаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 59-60-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль руу орох үед үүдэнд нь ******* тааралдаж түүнтэй үрчлүүлсэн  хүүхдийнхээ талаар маргах явцдаа ******* алгадахад нь уурандаа гартаа барьж байсан гар утсаа түүний толгой хэсэг рүү шидэж ******* биед хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоодож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргаагүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан нь гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргалдах явцад хохирогч ******* нь *******ыг алгадсан байх ба ******* түүний хариуд гартаа барьж байсан утсыг түүн рүү шидсэнээс хохирогч ******* биед гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь сургуулийн орчинд хүүхдийн дэргэд зүй бус  харилцаж уур бухимдлаа  барих чадваргүй байснаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон  гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь утсаа шидсэнээс хохирогчийн аль нэг хэсэгт оноход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч *******...надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын баримт байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/ өгсөн ба шүүхэд хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан.

 Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 65-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63-64-р хуудас/, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг  даргын тодорхойлолт, Ховд аймгийн БОЭТ-ийн мэдрэлийн эмчийн тодорхойлолт / хэргийн 14-р хуудас/  зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэхүү хэрэгт тусгайлан гаргах иргэний нэхэмжлэл байхгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд түүний сэтгэцийн эрүүл мэнд нь эрүүл бус өөрчлөлттэй гэдэг нь харагдаж байна. Мөн шүүгдэгч нь эмнэлгийн магадалгаагаар 60 хувийн группэд  байдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, бага насны охинтойгоо хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү гэх санал, тайлбар

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч ******* нь  охины хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй группэд, мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг,” тархины судасны эмгэг өөрчлөлт, зан төрхийн өөрчлөлт” гэх оноштой боловч сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. Хохирогч ******* хувьд *******аас төрсөн охиныг үрчилж авсан, нэгнээ таньдаг мэддэг холбоо харилцаа бүхий хүмүүс  болох нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  шийдвэрлэв.

Эрүүгийн 2236002510280 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Овоот ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан шүүгдэгч Овоот ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн 2236002510280 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС