Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

2023              01           20                                       2023/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

иргэдийн төлөөлөгч Ж.Э,

хохирогч М.О,

шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Ц-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: О овогтой Э.Ц-, Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдө Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо задгайд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Э.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх М.Оийг хутгалж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өдөр төрсөн ах Э.Эийг зэвсэг хэрэглэн хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар мэдүүлэхдээ:

-  Шүүгдэгч Э.Ц- “хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

- Хохирогч М.О “Үндсэн хуульд заасан үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан” болно.

 

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “Яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогч Э.Э, М.О нарын мэдүүлэг хавтаст хэргийн 15, 19-22 дугаар хуудас, Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14759, 14379 дугаартай дүгнэлтүүд хавтаст хэргийн 34-35, 41-43 дугаар хуудас, яллагдагч Э.Ц-ийн мэдүүлэг 104 дүгээр хуудас зэргийг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч М.Оийн мэдүүлэг хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас, гэрч *ийн мэдүүлэг 32 дугаар хуудас, Э.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг 104-105 дугаар хуудас, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ 113 дугаар хуудас, хохирогч нарын хүсэлт 124-125 дугаар хуудас, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчээс “байхгүй“ гэв.

 

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвээс

1.3.1. Шүүгдэгч Э.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх М.Оийг хутгалж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

- Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, * тоотод бага хүү Э.Ц-, дунд хүү Э.Эийн хамт амьдардаг. 2022 оны 09-р сарын 18-ны өдрийн 09 цагийн үед хоёр хүүгээ унтаж байхад нь Сонсголонд байдаг “О.Н” гэдэг замын компанид тогооч хийхээр явсан. 2022 оны 10-р сарын 07-ны өдрийн 14 цагийн үед ажлаасаа гэртээ ирсэн. Ирэхэд хүү Ц-, түүний найз П нар Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво ууж байсан. Ц- “ээж ирлээ” гээд надад 200 граммын Хараа архи авч өгөөд, тэр хоёр 2.5 литрийн Сэнгүр гэдэг пиво авсан. Би тэр архийг нь уугаагүй харин П, Ц- хоёр пивоо ууж байсан. Дунд хүү Э.Э орж ирээд усанд явж өгөөд би хоол хийж байхад 19 цагийн үед Э.Э дүү Ц-т хандаж “одоо уухаа боль, ээжийг зовоогоод яах вэ дээ, одоо унт” гэхэд Э.Э “таниар заалгах юм уу” гээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн. Маргалдаж байхад нь би нойл орохоор гараад нойлд сууж байхад Э.Э гүйж гарч ирсэн. Э.Э “би дүүгээ зодчихсон шүү ээжээ, та унтуулчхаарай" гэж хэлэхэд гэрээс Ц- шар иштэй хутга барьчихсан гарч ирж байгаа харагдсан. Би нойлоос гараад ирэхэд Э.Э газар хэвтэж байсан,...босохдоо “ээж дүү над руу хутга шидчихлээ” гээд хашаанаас гараад гүйсэн. Би Э.Эийг дуудаад гүйцээгүй болохоор буцаад гэртээ ороход Ц- ганцаараа сууж байсан “ахыгаа яаж байгаа юм бэ” гэхэд “таныг ч гэсэн алчихна шүү гээд” гал тогооны шүүгээнээс шар иштэй том хутга аваад над руу чиглээд ирэхээр нь би гэрээс гарч зугтсан. Ц- миний араас хөөгөөд би гэр тойроод гүйж байхад миний урдаас гарч ирээд өөдөөс хутга шидсэн. Тэр нь миний хэвлий хэсгийг оносон. Ц- гэр рүүгээ орсных нь дараа би гудамжинд ус авч байсан хүүхдийг цагдаа дууд гээд дуудуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14379 дугаартай (хэсэг газрын үзлэгээр хэвлийн зүүн дээд хэсэгт зах ирмэг тэгш наалдсан 3,0 см оёдол тавьсан, эдгэрч буй шархтай, биед өөр ил харагдах гэмтэл шархгүй) “М.Оийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан бөгөөд тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч Э.Ц-, хохирогч М.О нар ээж, хүү болох нь тэдгээрийн мэдүүлэг(хх-20,28)-ээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тус тус хуульчилсан. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Ц- нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

1.3.2. Шүүгдэгч Э.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Э.Эийг хутгалж биед нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Эийн “...Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо,  тоотод ээж М.О-, дүү Ц-ийн хамт амьдардаг. 2022 оны 09-р сарын 19-ний өдөр “Мөнгөн морьт” гэдэг газар луу дүү Ц-, дүүгийн найз П нарын хамт самарт явсан. Бид 2022 оны 10-р сарын 04-нд буцаж гэртээ ирсэн. Ээж байхгүй, утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 2022 оны 10-р сарын 06-аас 07-ныг хүртэл Ц-, П хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 2022 оны 10-р сарын 07-ны өглөө 07 цагийн үед шинээр ажилд орох ажлын анкет бөглөх гээд гэрээс гарсан. Буцаад гэртээ 15 цагийн үед ирэхэд Ц-, П нар Сэнгүр пиво уугаад сууж байсан.  Харин ээж гэрээ цэвэрлэж байсан. Ц- сандал авч шидээд агсам тавиад байхаар нь би “чи одоо наад ууж идэхээ боль, яагаад асгам тавиад байгаа юм” гэхэд өөдөөс уурлаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Ц-ийн зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохиход Ц- “ахаа болъё уучлаарай” гэхээр нь би тайвшраад гэрээс гараад нойл руу алхаж байтал Ц- гэрээс хутга барьчихсан “гуянд чинь хутга зооно” гээд орилоод гараад ирсэн. Над руу баруун гартаа хутга барьчихсан далайгаад дайрахаар нь би цээж хэсэг рүү нь хоёр удаа тийрэхэд Ц- газар унасан. Гарт байсан хутгыг нь авах гээд бид хоёр хэсэг ноцолдсон...хутгыг нь аваад хашааны булан луу шидсэн. Дараа нь би хашаанаас гараад шинээр ажилд орох газар болох Зайсан луу явах гээд Сонгинохайрхан дүүргийн хот руу явдаг талын буудал дээрээс автобус хүлээж байсан. Гэнэт миний цээж болон нуруу хэсгээр нойтон оргиод өвдөхөөр нь куртикээ тайлаад харахад цус гарчихсан байсан. Тэгээд ухаан санаа орж гараад нэг мэдсэн цагдаа болон түргэний машин ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн 14759 дугаартай (хэсэг газрын үзлэгээр хэвлийн дунд хэсэгт 4,0 см, цээжний зүүн хажуу дунд хэсэгт 3,2 см цайвар ягаан өнгийн шархтай, хэвлийн дунд хэсэгт 13,5 см, нурууны зүүн хажуу дунд хэсэгт 3,5 см мэс заслын оёдол тавигдсан мэс заслын шархтай) “...Э.Эийн биед хэвлийн, цээжинд сорви, цээж, хэвлийн хөндий нэвтэрсэн шарх /цээж, хэвлийн хөндийн цусан хурааг авах угаах 2022.10.07-ны мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн, 2022 оны 10-р сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Ц- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах Э.Этэй маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа”, түүний өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болно.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Э.Ц-ийг дээрх  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлтийг гаргасан болохыг тэмдэглэв.

 

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Оийн эрүүл мэндэд хөнгөн, Э.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан ба хохирогчид “...эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт(хавтаст хэргийн 124-125 хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Э.Ц-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогч Н.Э.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 05 жилийн хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 05 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал” дүгнэлтийг,

Хохирогч М.О “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй юм.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Э.Ц- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 126 дахь тал) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,

 - 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно” гэж тус тус заажээ. 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хоёр гишүүний биед халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт хөнгөн, хүнд зэргийн гэмтэл учирсан, тэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, хохирогч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад шаардлагатай эмчилгээний зардлыг төлсөн, хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар хугацаагүй алдсан, тодорхой оршин суух хаягийн бүртгэлтэй), эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 03 жил, 05 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 2.3 дахь заалтад “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг” гэж хуульчилжээ.

 Иймээс шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жил, 05 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 07 сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ц- нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм.

 

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга(шар иштэй)-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Э.Ц-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

- “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “зэвсэг хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гурван жил, таван сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хоёр сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан гурван жил, таван сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг гурван жил, долоон сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-т оногдуулсан гурван жил, долоон сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ГАНБААТАР

 

                                                                                            Ц.УРАНГУА