| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2017/03339/и |
| Дугаар | 0208 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 0208
Н.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03501 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Бын
Хариуцагч С ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Р.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 1992 онд Хангай компанийг үүсгэн байгуулагдах үеэс нь эхлэн Монхангай групп ХХК болж өсөн дэвжих хүртэл хугацаанд 24 жил тасралтгүй уг байгууллагад ажилласан. С ХХК нь Монхангай групп ХХК-ийн салбар компани нь юм. Би 2010 онд хамгалаалтын албаны дарга, захирлын туслах, С ХХК-ийн салбарын захирлаар ажилласан. 2014 оны 11 сард байгууллагын захирал С.Сэргэлэн нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны барилгын 7-3-34 тоот байрыг бэлэглэх зорилгоор надтай бэлэглэлийн гэрээ хийхийг компанийн удирдлагуудад даалгасан. Тухайн үедээ уг бэлэглэлийн байрандаа амьдарч байсан бөгөөд албан ёсоор шилжүүлж авах талаар удаа дараа санал тавьсан боловч хүлээж бай, юундаа яардаг юм бэ гээд намайг хуурч, мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би хашаа байшингаа худалдаж, байрандаа засвар хийсэн. Мөн байрны 8 хувийн зээлд хамрагдахаа болих зэргээр олон боломжуудаа алдсан. Энэ байрыг 7 жилийн турш шударгаар ашиглаж, эзэмшиж байсан. Гэтэл 2015 оны 11 сард намайг ажлаас чөлөөлсөн ба намайг ажлаас халсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд намайг Сонгинохайрхан ХХК-ийн махны салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанид 2015 оны 8 сараас эхлэн махны салбарын захирлаар ажиллаж байсан. Мөн мах худалдан авч сүлжээ дэлгүүрүүдэд түгээх ажил гүйцэтгэдэг байсан. Улмаар нэхэмжлэгч нь мах байнга худалддаг байсан учир худалдагч нарын итгэлийг олж, компанийн нэр барьж, худалдагч нараас бэлэн мөнгө өгөлгүйгээр мах авч, авсан махаа компанид хүлээлгэн өгөхгүй хувьдаа завшиж, ашиг олж авсан нь илэрсэн. Иймд компанид учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардахад нэхэмжлэгч Н.Б нь ажилдаа ирээгүй, ажлын байрыг хаяж явсан. Ингээд манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэрэв ажилтан буцаж ирэн тойрох хуудсаа зуруулсан тохиолдолд холбогдох бичиг баримт болон нийгмийн даатгалын дэвтрийг нь буцаан олгоно. Харин энэ тохиолдолд дэнчингийн мөнгө буцаан олгохгүй бөгөөд ажилтан компанид төлөх өр төлбөртэй байвал дэнчингийн мөнгөөр төлүүлж, дэнчингийн мөнгөнөөс илүү гарсан хохирол, өр төлбөрийг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ. Н.Б нь ажилдаа ирэхгүй, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан, үүрэгт ажлаа зохих журмын дагуу гүйцэтгээгүйн улмаас компанид хохирол учруулсан зэрэг үйлдлүүд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Түүнд тушаал танилцуулахаар хэд хэдэн удаа түүний иргэний үнэмлэхний хаяг болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны хаягаар хүргүүлэхэд тухайн газраа худалдсан байсан. Мөн одоогийн хаяг болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-3 дугаар байрны 34 тоотод мэдэгдэхэд ... тийм хүн байхгүй, бид уг байрыг түрээсэлж байна гэж уг байранд байсан хүмүүс хэлсэн.
Компанийн удирдлагын зүгээс ажилтныг ажиллах таатай боломжийг олгохоор тус компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 7-3 байрны 34 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд ямар ч түрээсийн төлбөргүйгээр амьдарч байсан атлаа гуравдагч этгээдэд түрээслүүлж ашиг олж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байсан тул нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахад түүний байрны хаяг нь олдохгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Компанийн эрх бүхий этгээдийн хүсэлтээр компанийн зүгээс Н.Быг эрэн сурвалжлах, учирсан хохирлоо гаргуулахаар шүүх, цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргасан. Гэтэл Н.Б гэнэт 2 жилийн дараа намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д зааснаас үзвэл Н.Быг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бын хариуцагч С ХХК-д холбогдуулан С ХХК-ийн махны салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27 500 000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талаас ажлаас халагдах үндэслэлүүд болох цагаан идээний гэрээгүй төлбөр тооцоо гаргасан, ажилдаа ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйнгээр ирээгүй буюу тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгээгүй зэргийг ярьж байсан боловч хэлэлцүүлгийн шатанд үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Махны худалдагч нараас бэлэн мөнгийг нь өгөлгүй мах авсан гэх үндэслэлээр буюу тодорхой санхүүгийн тооцооллын асуудалтай байна хэмээн 12 дугаар сарын 01-ний өдөр намайг оруулаагүй. Гэвч эдгээр нь үндэслэлгүй байсан учир би тухайн үед ойлголгүй үлдсэн бөгөөд энэ асуудал шийдэгдтэл таныг оруулахгүй гэж байснаас би ажилдаа орж чадаагүй. Иймд ямар нэг үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан буюу ажлаас халагдах үндэслэл байгаагүй тул би өнөөдрийг хүртэл ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй. Үүнийг хангалттай нотлон харуулсан боловч шүүх тус баримтуудыг бүрэн хянаж үзээгүй.
Нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг гардуулах гэхэд хаягтаа байдаггүй, хаалга тайлдаггүй, ажлаас халсан тушаал гарах хүртэл ажлын байрандаа ирж ажилладаггүй гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэгч гэртээ байсан эсэхийг нотлоогүй гэж үзсэн. Гэтэл Н.Б шүүхэд өгсөн нотлох баримтууд дундаа гэртээ байсан гэдгийг нотлох баримтаа гаргаж өгсөн. Энэ нь байрны мөнгө, ус, цахилгааны мөнгө төлж байснаар нотлогдож байна. Мөн хариуцагч талаас гэрт нь хэд хэд очсон, тэрээр гэртээ байдаггүй байсан гэж байгаа боловч ямар хүнийг явуулсан тухайгаа нотолж чадаагүй. Мөн Ц.Нарантуяаг гэрчээр асуулган ажлаас халагдсан тушаалыг надад өгч явуулсан талаар асуулгах гэж байсан боловч сүүлд Г.Нарантуяа нь өгөхөөр явсан, үүнийг гэрчээр асуулгана гэж зөрүүтэй байдлаар өөрсдийнхөө тайлбарыг нотлох гэж оролдож байсныг шүүх анхаарч үзсэнгүй.
Шүүх шийдвэртээ ... Н.Б нь ажлаас халагдсан болохоо 2015 оны 12 сараас эхлэн мэдсэн гэж үзэхээр байх тул өөрийн эрх ашиг зөрчигдсөн үеэс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 18 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхийн тулд заавал ажлаас халсан тушаалыг ажил олгогч байгууллагаас гардуулсан, ажлаас халагдсанаа мэдсэн байх ёстой буюу мөн хуулийн 43.3-т энэ талаар тодорхой заасан. Гэтэл шүүх ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.Б, С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
Талуудын хооронд 1992 оноос хөдөлмөрийн харилцаа үүсч, нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сар хүртэл С ХХК-ийн махны салбарын захирлаар ажиллаж байжээ. Хариуцагч компанийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4241 дугаартай тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. /хх-45 дахь тал/
Нэхэмжлэгч, хариуцагч нар хөдөлмөрийн харилцаа үүссэн, эрхэлж байсан ажил, албан тушаалын талаар маргаагүй, харин ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч Н.Бод хүлээлгэн өгсөн эсэх, ажлаас чөлөөлсөн үндэслэл болон гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна.
Хэрэв нэхэмжлэгч шүүхэд хандан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол тушаалын үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй тул тушаалыг хэзээ хүлээлгэн өгсөн, гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш шүүхэд нэг сарын дотор хандахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгээр хуульчлан тогтоож өгсөн бөгөөд уг хугацааг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан буюу эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс тоолох учиртай.
Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас ажилдаа ирээгүй шалтгаанаа хариуцагч буюу ажил олгогч ажилдаа очиход нь оруулаагүй гэж тайлбарлах боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч байгууллагын хамгаалалтын албаны рапортын тэмдэглэлд дээрх үйл баримтын талаар тусгагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн уг тайлбар нотлогдоогүй гэж үзнэ. /хх-138-168/
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж тушаалыг гардуулах боломжгүй байсан буюу нэхэмжлэгчийг хаягтаа оршин суудаггүй, утсаа авахгүй байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүйн гадна нэхэмжлэгчийг, хариуцагчийн зүгээс орон сууц чөлөөлөх нэхэмжлэл гаргахтай холбогдуулан шүүхээр эрэн сурвалжлуулж байсан нь баримтаар тогтоогдож байна. Уг асуудлаар компанийн захирал н.Сэргэлэнтэй ярилцаж байсан болох нь түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-46 дахь тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь хэргийн нотлох баримтад хамаардаг тул тэдгээрийн тайлбарыг харьцуулан дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан буюу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ хариуцагч С ХХК биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч Н.Б 2015 оны 12 дугаар сараас хойш хөдөлмөрлөх нөхцлөөр хангахгүй, эрх нь зөрчигдөж буй талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий газарт гаргах эрхтэй байхад 1 жил 8 сарын дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, тушаал гардуулаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03501дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ч.ЦЭНД