Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч В.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,

Шүүгдэгч Ө.Эрдэнэтуул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өндгөөгийн Эрдэнэтуулд холбогдох эрүүгийн 201626031106 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүү, охин, зээ охин, хүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 5-45 тоотод одоо оршин суух, албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 41-8 тоот гэсэн хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШЕ58012272/, Боржигон овогт Өндгөөгийн Эрдэнэтуул нь:

- 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 1 тоотод баригдаж байгаа сүмийн барилга дотор Д.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-7, 8-10 /,

Хохирогч Д.Алтангэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016.08.04-ний өдөр нэр, хаягийг нь мэдэхгүй зүс таньдаг хүнтэй автобусны буудалд таарч түүнтэй хамт хоёр шил архи уусан. Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны үзүүрт, дэлгүүрийн хажуу талд байрлах сүмийн барилга дээр очсон. Би урьд өмнө тэр барилга руу орж гардаг байсан. Би тамхи гуйх гэж очсон, очоод би “шээнэ гэсэн юмуу, баана гэсэн юмуу” мэдэхгүй байна. Намайг настайвтар нэг эрэгтэй хүн өшиглөсөн юм байна. Би нэг мэдэхэд барилга дотор шалан дээр хэвтсэн, намайг тэр эрэгтэй хүн өшиглөж байсан. Өшиглөхөөс өмнө юу болсныг мэдэхгүй байна. Би барилга ороод “шээнэ, баана” гэж хэлэхэд намайг гаргах гэхэд би гараагүй байна. Би нилээн согтуу байсан, ухаан маань орж гараад байсан. Болсон явдлыг мэдэж байсан. Тэр өвгөн намайг гар гэсэн, би гарахгүй гэсэн. Тэр өвгөн миний цээж рүү цохиход би шалан дээр унасан. Намайг шалан дээр унасан хэвтэж байхад өшиглөсөн. Хоёр гурван удаа өшиглөсөн. Миний толгой руу өшиглөсөн. Мөн хавирга руу өшиглөсөн. Миний гурван хавирга гэмтсэн ба баруун талын эрүүний яс хугарсан, ...би тэрнээс хойш барилгын талбайн гадаа гараад гудамжинд үзүүрт сууж байгаад гэр рүү явсан. Гадаа байхад хэн нэгэнд зодуулаагүй. Хэн ч намайг зодоогүй. Би гэмтлийн эмнэлэгт дөрөв ,тав хоног эмчлүүлсэн. Нэг хоногт нь хагалгаа хийлгүүлж баруун талын эрүүний ясаа хадуулж, мэс засал хийлгүүлсэн…” гэжээ./ хх 16-18 /,

Гэрч Д.Агаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016.08.04-ний өдөр ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1-1 тоотын хажууд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан хүн манай ах Д.Алтангэрэлийг “согтуу очиж агсан тавьсан” гэсэн шалтгаанаар зодож гэмтээж, эрүүг нь хугалсан байсан. Д.Алтангэрэл гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэж эмчлүүлсэн. Д.Алтангэрэлийн баруун, зүүн хавирга нь хугарсан гэж онош тавьсан. Тэгээд би энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан…” гэжээ. / хх 20-21/,

Гэрч С.Энхбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016.08.04-ний өдөр Ө.Эрдэнэтуул нь эхнэртэйгээ хамт барилгын ажлыг хийхээр хөдөөнөөс ирсэн. ...11 цагийн үед барилга дотор хэрүүл гарах шиг бопсон. Би ороход Д.Алтангэрэл гэх хүн согтуу Ө.Эрдэнэтуултай хэрэлдэж байсан. Д.Алтангэрэл нь “шээнэ, баана” гэсэн газарт хэвтэж байсныг харсан. Ө.Эрдэнэтуул хажууд нь зогсож байсан. Би Д.Алтангэрэл гэх ахыг гадаа гаргасан. Д.Алтангэрэл нь гадаа гараад хашааны төмөр сараалжны тэнд газарт хэвтэж хэсэг унтсан. ...дараа нь цайны цагаар байхаа Д.Алтангэрэл үл таних архи уудаг гудамжны хүүхэн дагуулан хэрүүл хийгээд орж ирсэн. Би цохихыг хараагүй, гадаа байсан. Ө.Эрдэнэтуул ах өөрөө маяглаад байхаар нь ганц хоёр цохисон юмаа гэж хэлсэн…” гэжээ. / хх 22-23 /,

Гэрч П.Амгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016.08.04-ний өдөр би Хөх тэнгэр дэлгүүрээс архи авах гээд 16 цаг өнгөрч байхад ороход Д.Алтангэрэл “дэлгүүрийн гадаа эгчээ намайг барилгын хүмүүс зодчихлоо” гээд цонхон дээр зогсож байсан. Д.Алтангэрэл ам ангайж чадахгүй байна гэж хэлсэн. Д.Алтангэрэлийн эрүү нь хавдсан, юм ярьж чадахгүй, амнаас нь цус гараад байсан…” гэжээ./ хх 26 /,

Гэрч Д.Оюунжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүрт орж ирсэн хэн нэг нь “Д.Алтангэрэл ирээд орилж чарлаад байхаар нь Ө.Эрдэнэтуул ах цохиод гаргачихлаа” гэж сонссон. Би дэлгүүрээс гарахад сүмийн барилгын хашааны гадаа Д.Алтангэрэл нь “ална, тална, пизда” гэж орилж хашгираад зогсож байсан…” гэжээ. / хх 27-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11298 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Алтангэрэл- н биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн талд 6-р хавирга, баруун талд 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. / хх 36 /,

Хохирогч Д.Алтангэрэлийн баруун талын эрүүний ясны хугаралын байдлын зургийг буулгасан СО, эрүүний рентген зураг / хх 37-38 /,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн, хагалгаанд орсон талаарх өвчний түүхийн хуулбар /хх 62-69 /,

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Д.Алтангэрэлийн биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл, зүүн 6-р хавирга, баруун 8-р хавирганы гэмтэл хугарал нь мөн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Д.Алтангэрэлийн биед учирсан зүүн 6-р хавирга, баруун талд 8-р хавирганы хугарал гэмтэл нь унах үед үүссэн байх боломжтой, мөн цохих өшиглөх үед үүсэх боломжтой…” гэжээ. / хх 175-176 /,

Шүүгдэгч Ө.Эрдэнэтуулыг 2016.08.26-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 42, 43-44 /,  2016.08.30-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 46 /,

Шүүгдэгч Ө.Эрдэнэтуулын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 80 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Эрдэнэтуул мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цайны цагаар гадаа цай уугаад сууж байтал гаднаас Д.Алтангэрэл согтуу орж ирээд “ баана, шээнэ” гээд өмдөө тайлаад яваад байсан юм. Тэгэхээр нь би очоод “чи одоо боль, гар” гэтэл намайг заамдаад авсан. Гарыг нь тавиулах гэтэл дийлдэхгүй байхаар нь баруун гараараа 2 удаа цохьсон. Хувинтай эмулс өшиглөөд асгахаар нь би уурлаад нэг удаа өшиглөсөн. Би Д.Алтангэрэлийг танихгүй. Би архины эмчилгээ хийлгэснээсээ хойш 5 жил гаран архи уугаагүй. Тухайн үед ч би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хохирогчийн эмчилгээний зардалд 750.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Ө.Эрдэнэтуул нь - 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 1 тоотод баригдаж байгаа сүмийн барилга дотор Д.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-7, 8-10 /,

-  “…2016.08.04-ний өдөр Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны үзүүрт, дэлгүүрийн хажуу талд байрлах сүмийн барилга дээр очсон. Намайг настайвтар нэг эрэгтэй хүн өшиглөж байсан. Өшиглөхөөс өмнө юу болсныг мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан, ухаан маань орж гараад байсан, болсон явдлыг мэдэж байсан. Хоёр гурван удаа өшиглөсөн. Миний толгой руу өшиглөсөн. Мөн хавирга руу өшиглөсөн. Миний гурван хавирга гэмтсэн ба баруун талын эрүүний яс хугарсан. Хагалгаа хийлгүүлж баруун талын эрүүний ясаа хадуулж мэс засал хийлгүүлсэн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Алтангэрэлийн мэдүүлэг / хх 16-18 /,

- “…2016.08.04-ний өдөр ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1-1 тоотын хажууд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан хүн манай ах Д.Алтангэрэлийг “согтуу очиж агсан тавьсан” гэсэн шалтгаанаар зодож гэмтээж, эрүүг нь хугалсан байсан. Д.Алтангэрэлийн баруун, зүүн хавирга нь хугарсан гэж онош тавьсан... гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Агаарын мэдүүлэг / хх 20-21/,

-  “…2016.08.04-ний өдөр Ө.Эрдэнэтуул нь эхнэртэйгээ хамт барилгын ажлыг хийхээр хөдөөнөөс ирсэн. ...11 цагийн үед барилга дотор хэрүүл гарах шиг бопсон. Би ороход Д.Алтангэрэл гэх хүн согтуу Ө.Эрдэнэтуултай хэрэлдэж байсан. Би цохихыг хараагүй, гадаа байсан. Ө.Эрдэнэтуул ах өөрөө энэ маяглаад байхаар нь ганц хоёр цохисон юмаа гэж хэлсэн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Энхбаатарын мэдүүлэг / хх 22-23 /,

- “…2016.08.04-ний өдөр Д.Алтангэрэл дэлгүүрийн гадаа “тос эгчээ намайг барилгын хүмүүс зодчихлоо” гээд цонхон дээр зогсож байсан. Д.Алтангэрэлийн эрүү нь хавдсан, юм ярьж чадахгүй, амнаас нь цус гараад байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч П.Амгалангийн мэдүүлэг / хх 26 /,

- “...Манай дэлгүүрт орж ирсэн нэг нь Д.Алтангэрэл ирээд орилж чарлаад байхаар нь Ө.Эрдэнэтуул ах цохиод гаргачихлаа гэж сонссон... гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Оюунжаргалын мэдүүлэг / хх 27-28/,

- “…Хохирогч Д.Алтангэрэлийн биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн талд 6-р хавирга, баруун талд 8-р хавирганы хугарал  бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны  08 дугаар сарын 19-ний өдрийн 11298 дугаартай шинжээчийн дүгнэлт….” / хх 36 /,

- “…Хохирогч Д.Алтангэрэлийн баруун талын эрүүний ясны хугаралын байдлын зургийг буулгасан СО, эрүүний рентген зураг…” / хх 37-38 /,

- “…Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн, хагалгаанд орсон талаарх өвчний түүхийн хуулбар…” / хх 62-69 /,

- “…Д.Алтангэрэлийн биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл, зүүн 6-р хавирга, баруун 8-р хавирганы гэмтэл хугарал нь мөн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Алтангэрэлийн биед учирсан зүүн 6-р хавирга, баруун талд 8-р хавирганы хугарал гэмтэл нь унах үед үүссэн байх боломжтой, мөн цохих өшиглөх үед үүсэх боломжтой…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг / хх 175-176 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ө.Эрдэнэтуулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ө.Эрдэнэтуул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Өндгөөгийн Эрдэнэтуулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэтуулыг 1/ нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэтуулд оногдуулсан 1/ нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD, 1 ширхэг рентген зураг  зэргийг хэрэгт хавсаргасугай.

5. Ө.Эрдэнэтуул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ө.Эрдэнэтуулд оногдуулсан 1/ нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1/ нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Эрдэнэтуулд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД