| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0693/З |
| Дугаар | 221/МА2024/0698 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0698
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: “Ж” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 686 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0693/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 686 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана”, 29.2-т “Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна” гэж заасны дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.13-т “Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна” гэж заасан тул 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг засварлах боломжгүй юм. Уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Ц.Г 2022 онд захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02-ны 0337 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлал үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “... хуулиар зааж, зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хариуцагч захиргаанд шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй юм” гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын татварын тайлан засварлах хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар анхан шатны шүүх дахин шийдвэр гаргаж Татварын ерөнхий хуулийн 31.1-т заасан хугацааг хэтрүүлэн хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг захиргааны байгууллагад даалгаж байгаа нь хууль бус юм.
2.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч 2023 онд нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийн маргаан бөгөөд уг шийдвэрт татварын тайланг залруулах талаар дурдаагүй байна. Мөн татвар, нийгмийн даатгал нь тус тусдаа хуулиар зохицуулагдсан харилцаа бөгөөд нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тодорхой үндэслэлээр даатгуулагч хөөн хэлэлцэх хугацаагүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж тооцох тайлагнах засварлах боломжийг зааж өгсөн байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгал төлөх журам”-ын 2.г-д "Хууль бусаар ажлаас зайлуулагдсан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөх болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлөхөөр" заасны дагуу нийгмийн даатгалын тайлангаа нэг удаа засварлаж байгаа.
Татвар төлөгч нь 2010-2015 онуудад зарим саруудад цалин олгон цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайланг өгч байсан бөгөөд тухайн тайланг 2008 оны Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу хянаж татварын алба хүлээн авч баталгаажуулсан. Татварын хууль тогтоомжид хөөн хэлэлцэх хугацаа болон татварын тайланг засварлах тайлагнах хугацааг тодорхой заасан байхад хууль тогтоомжид заасан хугацаанаас хэтэрсэн татварын тайланг засварлах, хүлээн авахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “... өмнө өгсөн баталгаажуулсан тайлан дээр Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 тоот тогтоол тус компанийн захирлыг яллагчаар татсан хугацаанаас буюу 2015 оны 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг өөрчилсөн байгаа. Үүнтэй холбогдуулж тайлангийн хүн амын орлогын албан татварыг залруулах зайлшгүй шаардлага гарсан. Учир нь аж ахуй нэгжүүд хуулиар хүлээсэн санхүүгийн тайланг үнэн зөв хөтлөх үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар татвар төлөгч татварын тайлан ногдлыг бууруулах, залруулга хийх бол уг залруулгыг анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг хамт ирүүлнэ гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд хугацаа 1 жил өнгөрсөн бол тайланг залруулахгүй, залруулна гэдэг хугацаа хуульд тавьж өгөөгүй ...” гэсэн үндэслэлээр “... Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолд татварын тайлан залруулах талаар дурдагдаагүй, ... татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу тухайн тайлант жилийн өмнөх тайлант жилийн тайланг хүсэлт өгөн засварлах боломжтой ... 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын тайланг нөхөж хүлээн авах боломжгүй, ... тус компанийн эрх зүйн байдал доройтох нөхцөл байдал үүснэ ...” гэсэн тайлбар гаргасан байна.
4. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар албан бичгээр “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0337 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар “... шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж тус тус шийдвэрлэсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан асуудлаар танай 01/71 дугаартай албан бичигт дурдагдсан хүсэлтийг хангах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.
5. Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан “... Нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож тайлангуудыг нөхөж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Ж” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж” нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.
6. Мөн нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “... Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 633 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тус магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд ““Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Год холбогдох хэсгийг хангаж, Ц.Гыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг нь хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үйл баримтууд мөн тогтоогдож байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал буюу “Ж” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны актын улмаас хэрхэн зөрчигдсөн, шүүхээр нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх тухайд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах арга замаар бүрэн дүүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль ёсны үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хэрхэн сэргэх эсэх талаар хууль зүйн хэм хэмжээг маргааны үйл баримтад дүйцүүлэн тайлбарлаж дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... “Ж” ХХК нь 2011 оноос 2014 оны хооронд татварын байгууллагад цалин хөлсөөр тайлан өгсөн, ... тухайн үед “Ж” ХХК-ийн хувьцааны 90 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4 иргэн, 10 хувийг нь Ц.Г эзэмшдэг байсан. Энэ 5 хүнд цалин хөлс бодож тайлан өгдөг байсан. 2011 оноос 2014 оны хооронд тайлан өгөөд, ноогдол нь үүсээд яваад байсан учраас татварын өр үүсээд 2013 онд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаад шийдвэр гаргуулсан байдаг. Ц.Г тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдвэрлэгдсэн. Тухайн үед торгууль, алдангиа хасуулж тооцуулаад, хоёр тал эвлэрээд, үлдсэн татвараа төлнө гэж иргэний хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн, ... 2024 оны 03, 05 дугаар саруудад Ц.Г тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хандсан. Анхан шатны шүүх тухайн хүсэлтийг нь хүлээн аваагүй, ... нийгмийн даатгалд засвар хийгдээгүй байгаа ..., Ц.Г надтай уулзахдаа “... тухайн үед би тайлангаа буруу өгсөн. Одоо татвартай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцлөөр дахин хянуулаад ноогдлоо Х тайлангаар өгч, цалин аваагүй гэж тайлагнах шаардлагатай байгаа” гэж ярьсан ...” хэмээн тайлбарласан байна.
10. Анхан шатны шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолын биелэлт хангагдсан эсэх, өөрөөр хэлбэл, шүүхийн уг шийдвэр биелэгдэж, Ц.Гын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд залруулга орсон эсэхийг тодруулаагүй, мөн уг шүүхийн шийдвэр “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр тодорхойлж буй эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хэрхэн хамааралтай талаар хууль зүйн дүгнэлт, тайлбар хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
11. Учир нь, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор иргэн Ц.Гын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулга хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс “... нэгэнт улсын дээд шүүхээр “Ж” ХХК-ийн захирал Ц.Год холбогдох хэсгийг хангаж, нийгмийн даатгалын тайланд өөрчлөлт орсон байх тул энэ дагуу хувь хүний орлогын албан татварын тайланд өөрчлөлт орох нь зүйн хэрэг ...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор зөвхөн иргэн Ц.Гын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд залруулга хийхийг даалгаж шийдвэрлэсэн байхад уг шийдвэр нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн /хуулийн этгээдийн/ маргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болох боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт шийдэл ойлгомжгүй, шалтгаант холбоо хамаарал, хууль зүйн үндэслэл тайлбарлагдаагүй байна.
12. Мөн нэхэмжлэгч “Ж” ХХК-аас “... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Гыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулга хийхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн тул “Ж” ХХК-ийн татварын тайланд залруулга хийхийг шүүх даалгаж шийдвэрлэх боломжтой ...” хэмээн маргасан байх тул тус хэргийн шүүхийн шийдвэр /Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоол/ биелэгдсэн эсэх асуудлыг тодруулах нь энэхүү маргаанд хамааралтай байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй нь учир дутагдалтай байна.
13. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарт дурдагдсан “... “Ж” ХХК-ийн хүн амын орлогын албан татвар төлөлттэй холбоотой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх тайлбар үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагаа хийх боломжгүйгээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх асуудлыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулаагүй, “Ж” ХХК татварын тайланг хэрхэн гаргаж байсан одоо хэрхэн залруулах шаардлагатай гэж үзэж байгаа, залруулга хийхийг шүүхээр даалгуулах хэрэгцээ, шаардлага, хууль зүйн үндэслэл, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зэрэг нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
14. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татварын хууль тогтоомжоор өөрчлөлт оруулах боломжгүй ... өмнө нь шүүхээр энэ асуудал шийдвэрлэгдсэн ...” гэх тайлбартай холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
15. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж тус тус заасан.
16. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн татварын тайланд залруулга хийх боломжтой хэмээн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан татварын хууль тогтоомжоор тогтоосон татварын тайлан залруулах хуулиар тогтоосон журам мөрдөгдөх эсэх, хариуцагчийн “энэ асуудал өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн” гэх тайлбар үндэслэлтэй эсэх, эдгээр үндэслэл няцаагдах тохиолдолд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх сэргээн тогтоож хамгаалах өөр бусад хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
17. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг нөхөн засаж маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ