Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 121/ШШ2021/0011

 

******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа, шүүгч Ч.Оюунсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш*** овогт ****ын ** /*******, **** дугаар баг, **** дугаар байр, *** тоотод оршин суух, РД: **/

            Хариуцагч: ******* Засаг дарга /*******,*******, *******/

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Итгэл овогт Дашдоржийн ** /*******, ***** дугаар баг, **** дүгээр байрны **** тоотод оршин суух хаягтай, РД:**/

   Нэхэмжлэлийн шаардлага: “******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагч ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.**, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **аас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... 1. ** миний бие 2014 онд ******* Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан газрын дуудлага худалдаагаар худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай 1400 мкв газрыг худалдан авсан. Үүний дагуу ******* Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 тоот захирамж гарган нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн **дугаартай гэрчилгээ олгосон. Уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах ямар ч боломжгүй байсан тул газрыг барилга барих боломжтой өөр газраар сольж, шилжүүлж олгох хүсэлтийг Засаг даргад гаргасан.

Аймгийн Засаг дарга нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар 2014 оны 05 сарын 30-ны өдрийн а/242 тоот захирамжаар олгосон газраас урагш 30 орчим метрийн зайд газрыг давхцуулахгүйгээр 1400 мкв газрыг олгож тус газрын гэрчилгээ нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэгж талбарын ** дугаартай амины орон сууцны зориулалттай, 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-** дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Тус газар дээрээ барилга барих боломжтой болж амины орон сууц барихаар барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргаж, холбогдох төрийн захиргааны байгууллагаас дэд бүтцийн техникийн нөхцөл, барилга барих бүх зөвшөөрлийг өөрийн нэр дээр авч барилгын ажлыг 2019 оны хавар эхлүүлсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 2020 оны 02 сарын 11-ний өдөр үзлэг хийж, тэмдэглэл  хөтөлсөн. Тус үзлэгээр анх эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2014 оны 5 сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжтай газар, барилгын ажил явагдсан 2016 оны 6 сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар олгосон газар нь хоёр өөр байршилд байдаг гэдгийг тогтоосон, фото зургаар баталгаажуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хоёр газрын кадастрын зургаар газрын координатын цэг давхцалгүй өөр өөр байршилд байгаа талаар, мөн хариуцагч болон Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хоёр газрын байршил давхцалгүй, өөр өөр байрлалд байдаг гэдэг нь бүрэн нотлогдож байна.

2. ******* Засаг дарга нь “******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 01/1607 тоот албан бичиг” нь захиргааны акт гаргах үндэслэл болсон гэж тайлбарладаг бөгөөд тус тайлбар нь үндэслэлгүй болох тухай:

Нэхэмжлэгч миний бие 2014 оны 5 сарын 30-ны өдрийн Засаг даргын а/242 дугаартай захирамжаар олгосон нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Хаан банк” ХХК-д барьцаалсан. Улмаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хашаагүй хоосон газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах гүйцэтгэх ажиллагааг явуулж, мөн газар дээр хөндлөнгийн үнэлгээчин “Вендо” ХХК-ийг томилж, үнэлгээ хийсэн. Үнэлгээний компани нь газрын үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт болон Засаг даргын а/242 дугаар захирамжаар олгогдсон /барилгын ажил явагдаагүй/ хоосон газар дээр очиж үнэлгээг хийсэн. Барилгын үйл ажиллагаа явагдаагүй хоосон газар нь бага үнийн дүнгээр үнэлсэн, үнэлгээний дүнгээр албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан байдаг.

Улмаар хууль бус гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үргэлжлүүлэн 2019 оны 10 сарын 09-ны өдөр ******* Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт “...албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон төлбөр төлөгч **ы эзэмших эрхийн нэгж талбарын ** дугаартай*******ын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг ... албадан дуудлага худалдааны ялагч **гийн нэр дээр албадан шилжүүлнэ үү” гэх агуулгатай 01/1607 тоот албан бичгийг хүргүүлсэн. Тус албан бичгийг үндэслэн Засаг дарга 2019 оны 10 сарын 22-ны өдөр “Газрын эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” **дугаар захирамжийг гаргасан.                Харин ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь **, Ц.Үүрийнтуяа нарт холбогдох гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан, гүйцэтгэх ажиллагааны оролцогчийг гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, эрх, үүргийг эдлүүлээгүй зэрэг ноцтой алдаа гаргасан болохыг ******* дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 599 дугаар шийдвэрээр тогтоож, 2017 оны 3 сарын 15-ны өдрийн 1715210, 1715211 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ хүчингүй болж 599 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иймд Засаг даргын **дугаар захирамжийн үндэслэл болсон 01/1607 тоот албан бичиг нь хууль зөрчсөн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд гарсан албан бичиг тул үүнийг үндэслэн гарсан Засаг даргын захирамж мөн үндэслэлгүй бөгөөд хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Төрийн захиргааны байгууллага нь хууль тогтоомжид заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гарсан тухай:

Мөн Засаг даргын **дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан байдаг бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” 38.6-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэх заалтыг үндэслэсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч миний бие хэн нэг этгээдэд шилжүүлэх хүсэлтийг газрын алба болон Засаг даргад гаргаагүй, хавтаст хэрэгт авагдсан **дугаар захирамжийг хяналтын хуудаст ийм хүсэлт гаргасан этгээд байхгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 09-ний өдөр 01/1607 тоот албан бичгээр ** миний 2014 оны нэгж талбарын ** дугаартай,*******ын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Д.**гийн нэр дээр шилжүүлэх тухай газрын мэдээлэл зөрүүтэй албан бичиг ирсэн байтал түүнийг үндэслэн шууд **дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тодруулах, сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулахгүйгээр захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчимтай нийцэхгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байна. Хэрэв Засаг дарга захирамж гаргахаасаа өмнө мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн бол, албан бичигт заасан газрын мэдээлэл зөрүүтэй байгааг тодруулсан бол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алдаагаа засаж нэхэмжлэгчийн газар үнэн зөвөөр үнэлэгдэж эрх нь зөрчигдөхгүй байх бүрэн боломжтой байсан.

Захиргааны байгууллага энэ нөхцөл байдлыг тодруулах, мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийлгүйгээр акт гаргасан нь захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд "Захиргааны үйл ажиллагааны зарчим” 4.2.5-т “... шийдвэр үндэслэл бүхий байх...” гэж зааснаар аливаа захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой байтал **дугаар захирамж нь энэхүү зарчимд нийцээгүй гэж үзэж байна.                                      Иймд, ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн **д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ маргаан нь анхан, давах, хяналтын шатны шүүхээр хянагдаад хяналтын шатны шүүхээс хэрэгт нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаагдсан.                                                         Ингээд анхан шатны шүүхийн шатанд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж байна. **ы хувьд 2014 онд газар авсан. Үүнээс хойш газраа эзэмшиж ашиглаж чадахгүй эрх нь зөрчигдөөд өнөөдрийг хүргэж байна. Ингээд эрх бүхий байгууллагад нь хүсэлтээ гаргахад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дугаар захирамжаар газрын байршлыг өөрчилсөн байдаг. Байршил өөрчилсөнтэй холбоотойгоор газрын зориулалтыг өөрчилсөн. Тус газрын гэрчилгээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байдаг.                                                Үүнээс өмнө тухайн газрыг барьцаалан зээл авсан. Зээлээ төлж чадахгүй санхүүгийн эрсдэлд орсон. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг ажиллагаа нь  дарааллын дагуу явагдсан байдаг. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр 01/1607 дугаартай албан бичгийг ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байдаг. Үүнийг үндэслээд **дугаартай захирамж гарсан. Захирамж гаргахаасаа өмнө газар маань ийм алдаатай гэдгийг ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт залруулга хийгээд алдаагаа залруулах боломж байсан хэдий ч алдааг залруулаагүй.                                                                                                                 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдаа зохих журмын дагуу явагдаагүй учраас ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 сарын 15-ны өдрийн 1715210, 1715211 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосон тухай 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 599 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон учраас байгууллага өөрөө алдаагаа засахын тулд Хаан банкинд мэдэгдэл хүргүүлж шилжүүлсэн төлбөрөө буцаан авах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар руу албан бичиг хүргүүлж Д.**гийн нэр дээр шилжсэн газрыг **ы нэр дээр шилжүүлэх зэрэг ажиллагаанууд хийгдсэн.                                                                                                            Мөн Улсын дээд шүүхээс газар дээр гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжид дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэл дурдагддаг. Ингэхлээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6, 69 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26, 27 дугаар зүйлд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, захиргааны акт нь хүчингүй болсон зэргийг үндэслээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

3. Хариуцагч ******* Засаг даргаас нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагатай холбогдуулж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/493 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч **ы 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч ** нь ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамж, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжтай газрууд нь кадастрын зураг болон координатын цэг нь хоорондоо давхцалгүй бөгөөд өөр байршилд байрладаг тухай дурджээ.

Нэхэмжлэгч ** нь ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар*******ын шинэ төвд худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 м2 газрыг эзэмшсэн. Эзэмшил газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас шалтгаалж зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон тул газар эзэмшигч **ы хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дүгээр захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчлөхдөө газрын байршлыг өөрчилж Шинэ Арвайхээрийн төв, 9 дүгээр цэцэрлэгийн баруун урд гэж заасан.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр албан бичгээр хүргүүлсэн тайлбарт **ы газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн талаар тодорхой тайлбарласан болно. **ы хүсэлтийн дагуу газар эзэмших зориулалт, байршил өөрчлөгдсөн тул дээрх захирамжид дурдсан газрууд өөр байршилд байна.

Нэхэмжлэгч ******* Засаг дарга нь “******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 дугаар албан бичиг” нь захиргааны акт гаргах тухай үндэслэл болсон гэж тайлбарладаг бөгөөд тус тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 дугаар албан бичгээр **тай холбогдолтой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн дагуу төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай баримтуудын хамт, газар эзэмших эрхийг Д.**д албадан шилжүүлэх мэдэгдлийг аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байдаг.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулан танилцуулснаар уг шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч төрийн захиргааны байгууллага нь хууль тогтоомжид заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс өөрийнх нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг гаргуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй тул үндэслэлгүй шийдвэр гарсан тухай дурджээ.

Хууль тогтоомжид заасан онцгой ажиллагааны журмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхээр уг шийдвэрийг гаргасан тул **аас газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргаж өгөөгүй нь уг шийдвэрийг гаргахгүй байх үндэслэл болохгүй. Харин **дугаар захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6 дахь заалтууд нь **аас гадна 3 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбогдох заалт тул **тай хамааралгүй юм. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч ** зориулалт, байршил өөрчлөгдсөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бичүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар “Төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн байдалд орсон өөрчлөлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэж, өөрчлөлтийг хөрөнгийн мэдүүлэгт тусгана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлүүдийг хуульчилсан бөгөөд тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэсний дагуу уг шийдвэрийг гаргасан тул сонсох ажиллагаа явуулж, санал авах шаардлагагүй юм” гэжээ.

4. Хариуцагч ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 онд аймгийн газар төлөвлөлтөд орсон газрын дуудлага худалдаанд иргэн ** оролцоод маргаан үүсээд байгаа газрыг худалдан авсан. Тухайн үед худалдаж авсан газрынх нь доогуур холбооны шилэн кабел байсан нь үнэн. Бусад агаарын болон цэвэр бохирын шугам сүлжээ нь сүүлд хийгдсэн.                                                                 2016 онд **ы хүсэлтийн дагуу газрын байршил болон зориулалтыг өөрчилж өгсөн. Энэ тухай газрынхаа гэрчилгээг авах боломжтой байсан. Өмнөх гэрчилгээгээ банкны барьцаанд тавьсан учраас шинээр гэрчилгээгээ гаргаж авахгүй яваад байсан байх. Мэдээгүй учраас гэрчилгээгээ аваагүй гэдэгт итгэхгүй байна.                                                                                                   2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байршил, зориулалт өөрчлөгдсөн газрынхаа гэрчилгээг авахаар ** хүсэлтээ гаргасан.  Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрчилгээгээ авсан байдаг. Газрын байршил зориулалт өөрчлөгдөж байгаа учраас нэгж талбарын дугаар болон хаяг зэрэг нь өөрчлөгдсөн гэдгийг өөрт нь хэлсэн.                                                                                        Өмнөх 2014 оны газрын гэрчилгээгээ эх хувиар нь авчирч өгөөд энэ гэрчилгээгээ аваарай гээд шинэ газрын гэрчилгээний хуулбар хувь өгсөн.  Гэхдээ 2014 оны газрын гэрчилгээгээ эх хувиар нь эргэж авчирч өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албадан дуудлага худалдаа явуулсан тул тухайн газрын эрхийг Д.**гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг үндэслээд Д.**гийн нэр дээр шилжүүлэн өгсөн гэв.

5. Гуравдагч этгээд Д.** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрчилж, “******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар захирамж, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр захирамжтай газрууд кадастрын зураг болон координатын цэг нь хоорондоо давхцалгүй бөгөөд өөр байршилд байрладаг, өөр газрыг барьцаалсан байхад өөр газрыг дуудлага худалдаанд оруулсан тул хууль бус гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ. Нэхэмжлэгч ийнхүү тайлбарлаж байгаа нь төрийн байгууллагуудыг, эсхүл ХААН банкыг хууран мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохоо тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасан тайлбартаа “би дуудлага худалдаагаар үйлчилгээний зориулалттай 1400 м.кв газрыг худалдан авч, ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар захирамжаар эзэмшсэн боловч уг газар инженерийн шугам сүлжээ бүхий байснаас үүдэн ашиглах боломжгүй байсан тул уг газрыг өөр газраар сольж авсангэдгээ зөвшөөрч тайлбарладаг. Энэ тайлбараас үзвэл ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар захирамжаар эзэмших эрх нь дуусгавар болж, уг газартай холбоотой эрх зүйн харилцаа байхгүй буюу ямар нэг эрх эдэлж, үүрэг хүлээхгүй болсон гэдгээ өөрөө мэдэж байсан байна. Ийнхүү ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар захирамжтай газрыг ашиглах боломжгүй гэж сольж өөр газар авсан атлаа уг газраа ХААН банкинд барьцаалсан нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэг мөн юм. Түүнчлэн өөрийн биш газрыг хуурч мэхлэх замаар бусдад барьцаалж зээл авсан, улмаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газрыг дуудлага худалдаанд оруулах гэдгийг мэдэгдсэн байхад дуудлага худалдааны баримттай танилцаж, гарын үсгээ зурсан байгаа нь мөн энэ төрийн байгууллагыг хуурч мэхлэн өөрийн биш газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг зөвшөөрсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байна.

Иймд ******* Засаг дарга, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “төрийн өмчийн газрыг хуурч мэхлэх замаар бусдад барьцаалж, дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн үйлдэлд нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж шалгуулах ёстой болно. Хэрэв нэхэмжлэгч ** үнэхээр шилжүүлж авсан газраа бус, төрийн өмчийн газрыг барьцаалсан, эсхүл барьцаалсан газрын байршил солигдсон бол энэхүү газрын байршил солигдсонталаар барьцаалагч Хаан банкинд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүрэгтэй атлаа энэ үүргээ биелүүлээгүй, бусдыг хууран мэхэлсэн байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч **д 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх үүссэн, өөр газар эзэмших эрхгүй бөгөөд ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрээр ХААН банкинд төлөх ёстой төлбөрийг түүний эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эзэмшилд байгаа газрыг төлбөрийг төлүүлэх зорилгоор худалдан борлуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буцаах боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг анхаарна уу. Түүнчлэн нэхэмжлэгч ** нь ХААН банкинд төлөх ёстой төлбөрөө одоог болтол өөр арга замаар төлөх санал, хүсэлт ирүүлээгүй, ийм оролдлого ч огт хийгээгүй байгаа ба ийнхүү үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс зайлсхийж, хууль бус аргаар төрийн байгууллагыг буруутгах, шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, цаг хугацааг хожиж энэ нь гуравдагч этгээдэд эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулж байна. Мөн гуравдагч этгээд Д.** уг газарт барилга барихад 100%-ийн хөрөнгө оруулсныг нэхэмжлэгч ** нь өөрийн хөрөнгөөр барилга барьсан мэтээр тайлбар өгч шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж байна. Шүүх маргаан бүхий акт болох ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар захирамж гаргахдаа хууль зөрчсөн эсэхийг шалгаж, шийдвэрлэх ёстой. Иймд ******* Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар захирамж гаргахдаа огт хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, уг захирамж гарах үе шат, процесс ажиллагаа болон хууль хэрэглээ, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль зүйн үйл баримт огт байхгүй. Дахин хэлэхэд ******* Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар захирамж нэхэмжлэгчийн эрхийг огт хөндөөгүй гэдэгт анхаарлаа онцгой хандуулахыг хүсч байна.

Нотлох баримтыг тухайд: Иргэний хэргийн анхан шатны шүүхэд **, Ц.Үүрийнтуяа нар нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тусдаа өөр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. ** нь ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон ******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Үүрийнтуяад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон үндэслэлээ “Ц.Үүрийнтуяад эрх үүрэг танилцуулаагүй” гэдэг үндэслэл бөгөөд зөвхөн түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулах талаар заасан үйл баримт юм. Харин **ы газартай холбоотойгоор явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал **ы газрыг хураасан, тухайн газрыг албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны дагуу тогтоосон байсныг анхаарна уу. Учир нь нэхэмжлэгч ** өөрт байгаа дангаар эзэмших эрхтэй газраа зээлийн барьцаанд барьцаалсан, ингэхдээ газраа барьцаалсан тухайгаа бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн, барьцаа хөрөнгөөр нь зээлийн төлбөрийг төлүүлэхийг тэрээр өөрөө мэдэж байсан, тэрчлэн, дуудлага худалдаа явуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Мөн иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр “** газрын дуудлага худалдаа явуулах баримттай танилцаж гарын үсэг зурсан” гэж үзэн уг газрын дуудлага худалдаанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн байгаа. Газрын энэхүү дуудлага худалдаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар явагдсан ажиллагаа тул Засаг дарга, түүний агентлагын үйл ажиллагаанд хамаарахгүй юм. Иймд **ы эзэмшиж байсан гэх газрыг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлүүлэхээр дуудлага худалдаагаар худалдсан шийдвэрийг үндэслэн Д.**д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Мөн ******* Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар захирамж нь гарахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь өөрөө эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах ёстой. Түүнийгээ нотлох ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсон гэж маргаад байх шиг байна. ** энэ маргаан бүхий газрыг 2014 онд эзэмшсэн байдаг. Энэ газар нь өөрөө инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан. Өөрөө тайлбартаа шугам сүлжээгээ өөрчилж өгөх хүсэлт гаргасан гээд байна. Шугам сүлжээ өөрчлөх боломжгүй учраас газрыг нь шилжүүлж өгөх санал тавьсан байдаг. Үүнийг ** өөрөө зөвшөөрөөгүй. Ингээд маргаан үргэлжилж байгаад 2016 онд газрын байршлыг сольсон гээд байгаа. Энэ бол худлаа. Тухайн захирамжаар зөвхөн зориулалтыг өөрчилсөн. Хэрэв байршлыг өөрчилсөн бол тухайн захирамжид байршлыг өөрчлөв гэсэн утга агуулга тусгагдах ёстой.                                    Мөн 2014 оны газраа банкинд барьцаалсан байсан учраас байршил өөрчлөгдсөн тохиолдолд тухайн банкинд барьцаагаа өөрчлөн бүртгүүлэх ёстой. Гэхдээ өөрөө газраа бүртгүүлсэн мэт нотлох баримт өгсөн хэдий ч он сарын хувьд зөрчилтэй байгаа. Өөрөөр хэлбэл 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх захирамж гараад 2014 оны 6 дугаар сард газрын гэрчилгээ нь хэвлэгдэн гарсан байдаг. Гэтэл банкны барьцааны гэрээнд 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байдаг. Энэ өөрөө газрын захирамж гараагүй байхад барьцааны гэрээ байгуулсан гэсэн үг юм. Мөн 2016 онд газрын байршил солигдсон бол банкинд мэдүүлж барьцааны бүртгэл, гэрээгээ өөрчлөх ёстой. Өөрчлүүлээгүй, мэдүүлээгүй.                                                                                           Дараагийн зөрчилтэй зүйл нь 2016 онд захирамж гарсан байхад 2019 онд гэрчилгээгээ бичүүлж авсан байсан. 2016 оны захирамжид газрын байршлыг өөрчлөөгүй байхад байршлыг өөрчилж нэгж талбарын дугаар авсан байдаг. Үүнийг Засаг даргыг хуурсан уу? аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг хуурсан уу? мэдэхгүй. Ямар ч байсан ийм үйл баримт болсон байдаг.

Газрын тухай хуульд Засаг дарга тухайн жилийн газар төлөвлөлтийн дагуу газар олгоно гэж заасан. Тэгэхээр 2014 онд төлөвлөгөөнд орсон хэдий ч ашиглах боломжгүй газар **д олгосон бол 2016 онд байршлыг сольж өгөхдөө тухайн жилийн газрын төлөвлөгөөнд заавал тусгах ёстой байсан. Үүнийг төлөвлөгөөнд тусгаагүй учраас байршлыг сольж газар олгох боломжгүй байсан. Мөн газрын байршил солиулах хүсэлт байхгүй. Ингэхээр А/299 захирамж нь өөрөө хууль зүйн доголдолтой юм.                                                                                                       Иргэний хэргийн шүүх нь зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай маргааныг шийдсэн байгаа. Ийм учраас шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байгаа. Албадан гүйцэтгэх ажиллагаанд хүрчхээд надад хугацаа өгсөн, боломж олгосон гээд яриад байх юм. Мөн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад газрын байршил солигдсон талаар огт хэлэхгүйгээр миний үйлчлүүлэгчийн хөрөнгө оруулаад барилга барьж байгаа газрыг дуудлага худалдаанд оруулсан. Газрын байршил солиулсан захирамж огт байхгүй гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна.                                                          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд техникийн ямар нэгэн алдаа гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Манай талаас тухайн хэрэгт оролцоогүй ямар нэгэн байдлаар гомдол гаргах эрх байхгүй байсан.                                                          Гуравдагч этгээдийн эрх ашиг яаж хөндөгдсөн талаар дүгнэлт хийх ёстойг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. Ийм учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье.                                                       Гуравдагч этгээд маань тухайн газар дээр өөрийн хөрөнгөө гаргаад барилгын ажил эхлүүлсэн учраас тухайн газрын дуудлага хуралдаанд оролцож газраа авахаас өөр сонголтгүй. Одоо **ы тайлбартаа яриад байгаа шиг дахин өндөр үнэлгээтэй дуудлага худалдаа явах тохиолдолд мөн л гуравдагч этгээд оролцож газраа авахаас өөр сонголтгүй. Гуравдагч этгээд дуудлага хуралдаанд оролцохоос өөр сонголтгүй учир нэхэмжлэгч зохиомлоор дуудлага худалдаанд өөрийн талын хүнийг оролцуулаад дуудлага худалдааны үнийг өсгөх боломжтой. Энэ хэдий магадгүй гэсэн логик сэтгэлгээ хэдий ч ямар үр дагавар гарах вэ гэдгийг урьдчилан харах ёстой асуудал юм.                                                     Гэхдээ ийм ойлголтыг харахаасаа өмнө ** ямар аргаар газрыг олж авсан, Засаг дарга яагаад төлөвлөгөөнд ороогүй хүсэлт өгөөгүй газар дээр байршлыг өөрчилж захирамж гаргасан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар яагаад шинээр гэрчилгээ хэвлэж авахыг зөвшөөрсөн зэрэг олон олон асуудлыг нягтлан харах хэрэгтэй.                                                                                   Бас нэг хууль зүйн үндэслэлгүй зүйл яваад байгаа нь ** нь тухайн газрыг Д.**гийн эзэмшилд шилжсэн гэдгийг 2019 онд мэдсээр байж 2020 онд маргаан үүсгэсэн байдаг. Өөрөөр хэлбэр гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Дуудлага худалдаа дахин явуулсан тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг нэн түрүүнд хөндөгдөнө гэдгийг дахин хэлмээр байна. Ер нь бол дуудлага худалдаа дахин явуулах тухай ойлголт байхгүй. Эдгээр тайлбараа дэмжээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Иргэдийн төлөөлөгч Д.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Төрийн албаныхны хариуцлагагүй ажлын алдаанаас болж иргэдийн дунд маргаан үүссэн гэж ойлголоо. Газрын байршлыг шилжүүлсэн баримт газрын алба, иргэн ** нарын аль алинд нь байхгүй байна. Хүмүүсийн ярианаас миний ойлгосноор аймгийн Засаг дарга, **ы буруу гэж дүгнэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ** нь ******* Засаг даргад холбогдуулан “******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч ** анх 2014 онд газрын дуудлага худалдаанд оролцож, ялагч болсноор ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулж, уг газраа барьцаалжээ.

Гэвч ******* Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар олгосон газар доогуур холбооны шилэн кабелийн шугам байрлуулснаас шалтгаалан аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар “Газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тухай” захирамжаар **ы эзэмшил газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон, байршлыг өөрчилж, нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв газрыг эзэмшүүлж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/1461 тоот албан бичгээр, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ** бодит байдал дээр Хаан банкны зээлийн гэрээнд барьцаалсан газраас өөр буюу Арвайхээрийн төв 9 дүгээр цэцэрлэгийн баруун урд байрлалтай, нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв эзэмшил газрыг эзэмшиж, тухайн газарт гуравдагч этгээд Д.**гийн хөрөнгө оруулалтаар 2 давхар үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн фото зураг, ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 753 тоот албан бичгээр ирүүлсэн сансрын зургуудаар нотлогдоно.

Хариуцагч маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” **дугаар захирамжаар нэхэмжлэгч **ы газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Д.**д шилжүүлэхдээ ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 тоот албан бичгийг үндэслэсэн байна. Уг албан бичигт “...албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон төлбөр төлөгч ** /**/-ны эзэмших эрхийн нэгж талбарын ** дугаартай*******ын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.18 дахь хэсэгт тус тус зааснаар албадан дуудлага худалдааны ялагч Д.** /**/-ийн нэр дээр албадан шилжүүлнэ үү.” гэжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар хуульчилсан, харин шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх журмаар газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцааг тусгайлан зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан шилжүүлэх тухай дээрх хүсэлтийг үндэслэн маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6-д заасныг баримталсан, албадан гүйцэтгэх журмаар газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа учир газар эзэмшигч **аас газар шилжүүлэх тухай хүсэлт аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй зэргийг буруутгах боломжгүй юм.

Харин хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна.”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;” 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;”,  38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэснийг тодруулах үүргээ биелүүлээгүй, тодруулбал, газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 тоот албан бичигт нэхэмжлэгч **ы бодитоор эзэмшиж байгаа газрын байршил, зориулалт зөрүүтэй буюу  “нэгж талбарын ** дугаартай*******ын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газар”-ыг шилжүүлэхийг хүссэн байхад газрын байршил, зориулалтыг нягтлан шалгалгүйгээр нэгж талбарын ** дугаартай амины орон сууцны зориулалттай газрыг гуравдагч этгээд Д.**д шилжүүлсэн нь буруу болжээ. 

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дуудлага худалдааг нэгж талбарын ** дугаартай газар буюу нийтийн эзэмшлийн газарт үнэлгээ хийсэн байхад үнэлгээ хийгээгүй газрыг шилжүүлсэн гэж гол үндэслэл болгон маргаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаас үзэхэд, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 145/ШШ2016/00153 дугаар захирамжаар 35477081,36 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 145/ШШ2016/00224 дугаар захирамжаар 59180074,87 төгрөгийг **, Ц.Үүрийнтуяа нар Хаан банкинд төлөх шүүхийн шийдвэр гарч, эдгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөрт хураагдсан ******* шинэ төвд байрлалтай нэгж талбарын ** дугаар бүхий 1400 мкв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, гуравдагч этгээд Д.** дуудлага худалдааны ялагч болжээ.

Улмаар маргаан бүхий ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” **дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6 дахь заалтуудыг үндэслэн **ы амины орон сууцны зориулалт бүхий 1400 мкв газрыг Д.**д /нэгж талбарын ** дугаартай амины орон сууцны зориулалттай/ шилжүүлсэн байна.

Гэтэл ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаар  шийдвэрээр, **, Ц.Үүрийнтуяа нарын нэхэмжлэлтэй, ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Ц.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс хойш иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, **ы “*******,*******ын*******,*******ны 02-11 тоотод байрлах 35 мкв талбай бүхий 02 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдаж байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсноор түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр зохицуулагдсан. Тодруулбал, захиргааны акт хууль бус боловч, тухайн актыг өөр үндэслэлээр шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг хариуцагчид олгосон явдал юм.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж байсан газрын байршил, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу дуудлага худалдаанд оруулсан газрын байршил зөрүүтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж байсан газарт үнэлгээ хийгдээгүй, эдгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой байх тул нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч **ы бодитоор эзэмшиж байсан газар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн газрын байршлын зөрүүг тодруулсны үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх эсэх шийдвэр /дахин шинэ акт/ гаргах шаардлагатай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч аймгийн Засаг дарга шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” **дугаар захирамжийн **д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг баримтлан ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн **д холбогдох хэсгийг ******* Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд ******* Засаг даргаас шинэ акт гаргахгүй бол ******* Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн **д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч ** нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/ШЗ2020/0003 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ө.БОЛОРЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                    Ц.СУВДМАА

                                                                                            Ч.ОЮУНСАЙХАН