Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хөх овогт Цэвэгмидийн Батмөнх, / РД: ВЗ69060410 /,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дугуй” гэх газраас иргэн А.Пагамдуламын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлан авч түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 80 /,

Шүүгдэгч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

...Миний хувьд гэрийн урьд байсан үхрийг авчирч гаргасан тухайн үедээ хэний үхэр гэдгийг нь мэдээгүй юм, хүрэн зүсмийн гэдэс, толгой хэсгээр хар судалтай, нас гүйцсэн, сувай үнээ байсан юм, манай эхнэр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймагт хүүхдүүдээ харж сургуульд байдаг юм, бага хүүхэд тархины даралттай, унаж татдаг, хэл яриа муутай юм, эхнэр унадаг өвчтэй, ажил хийж чаддаггүй юм мөн хүүхдүүд Баянхонгор аймагт махгүй байсан учир үхрийн махыг авчирч өгөөд талыг нь зарж мөнгө болгож хүүхдүүдээ эм авъя гэж бодож үхрийг гаргасан юм. 3488 улсын дугаартай УАЗ-469 машин нь  миний эзэмшлийн машин байгаа юм, Богд сумын иргэн байсан Самданхоролын Удаабаяр гэх хүнээс 2008 онд 3.700.000 төгрөгөөр авч байсан, энгийн мотор, энгийн кроптой муу машин байгаа юм, би аргалж унаад гэр нүүлгэдэг, аргал түүж, ойр зуурын хэрэглээнд унадаг юм, би одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Батмөнх мэдүүлэхдээ: Манайх Баянхонгор аймгийн Богд сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Дугуй” гэх нэртэй газарт нутаглаж байхад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэг үхэр гадаа ирээд хэвтээд хоносон байсан. Тэгэхээр нь би төхөөрсөн. Би тус үхрийн махыг аймгийн төв руу авч ирээд зарах гэж байгаад баригдсан. Тухайн үхэр нь вакцин хийлгэсэн байсан. Цагдаа нар намайг хөдөө авч явсан. А.Пагмадуламтай нэг нутгийн хүмүүс байгаа юм. Гэхдээ би үхрийг нь бол танихгүй. Надад А.Пагмадуламаас авах өр, авлагын зүйл байхгүй. Манай гадаа ирээд хэвтэж байхаар нь үхэх гэж байна гэж бодоод төхөөрчихсөн юм. Тухайн үед эхнэр, хүүхэд хоёроо эмчилгээнд явуулах гээд мөнгөний хэрэг гарсан байсан. Хохирогчид хохирлыг бүрэн төлсөн. Үнэлгээгээр 1.800.000 төгрөг гэж гарсан. Хохирогч өөрөө 2.000.000 төгрөг авна гэхээр нь би 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цагдаа нар намайг хөдөө авч явсан. Тэгээд багийн хурал болсон.  Хурал дээр үхэр алдсан хүмүүс байна уу гэж асуусан. Мөн намайг дагуулаад айлуудаар оруулаад үхэр алдсан эсэхийг асууж, тодруулж явсан. Сүүлд нь Баянхонгор аймгийн төв дээр ирсний дараа А.Пагмадулам нь мөрдөгч рүү манай нэг тооны үхэр алга болсон байна гэж ярьсан. Тэгээд төхөөрсөн үхрийг шир, арьс нь байсан болохоор үзээд манай үхэр мөн байна гэж хэлсэн. Тэгээд би А.Пагмадуламын үхэр гэдгийг нь мэдсэн. Махыг нь борлуулж чадаагүй. Мах нь судас нь час улаан махтай байсан. Зах дээр борлуулах гэсэн зарагдахгүй байсан. Вакцин хийлгэсэн мал байсан. Малын эмч нар зарж болохгүй гэж зөвлөсөн. Мөрдөгч махыг нь эзэнд нь өг гэсэн. Тэгээд эзэнд нь өгөх гэсэн авахгүй гэсэн. Би үхрийн махыг огт хэрэглээгүй. Хэрэглэж болохгүй гэдгийг хохирогч ч өөрөө хэлсэн. Мөрдөгч ч зарж болохгүй гэж хэлсэн. Жалганд хэвтэж байсан үхрийг би явган тууж гэр лүүгээ очсон. Миний буруу. Би дахиж ийм зүйл хийхгүй гэв.

4. Хохирогч А.Пагамдуламын мөрдөн байцаалтад өгсөн:

... Манайх нийт 22 тооны үхэртэй үүнээс 14 тооны том үхэр, 8 тооны тугал байгаа юм, манайх үхрээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цуглуулж бүртгэхэд манай бүдүүн"нас гүйцсэн үнээ алга болсон байсан юм, тухайн үнээ нь 3 жил сувайрсан, далгай эвэртэй, хүрэн зүсмийн, гэдэс, нуруу, толгой хэсгээр бүдэг судалтай, зөв чих хойноос ухам эмтэй үхэр байгаа юм тэгээд тэр хавын бэлчээрлэдэг газруудаар нь хайж үзэхэд олдоогүй юм, тухайн үхрийг хулгайд алдсан юм. Би алдагдсан гэх үхрийг 2.000.000 төгрөгөөр үнэлж байна, тухайн үхэр нь 3 жил сувайрсан, маш тарган үнээ байгаа юм, энэ жил идшинд хэрэглэх гэж байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн Т.Өнөржаргал манайд ирчхээд буцаад сум руугаа явж байхад манай алдсан хүрэн үнээ, үхрүүдийнхээ хамт бэлчээрлэдэг хөндийдөө явж байсан гэсэн харин би бол ойрд үхрээ бүртгээгүй юм, ер нь манай тэр хавиас үхэр, малууд хөлөөрөө алга болоод байдаггүй юм, манай тэр хавиар монголын үхэр цөөхөн байдаг тул айл саахалтын хүмүүс нэгнийхээ үхрийг сайн мэдэж байгаа юм. Би сая үхрийн толгой, эрүүний яс, үхрийн шир зэргийг өөрийн нүдээр үзлээ, энэ манай алдсан үхэр мөн байна, яаж таньж байна гэхээр үхрийн толгойн дээрх далгай буюу 2 тийшээ ургасан эвэр мөн үхрийн ширний зүсээр буюу хүрэн зүстэй, гэдэс хэсэгт ягаан зүстэй мөн гэдэс, нуруу, толгой хэсгийн хар судал зэргээр нь танилаа, гол таньж байгаа зүйл гэвэл далгай эврээр нь маш сайн таньж байгаа юм. Ц.Батмөнхийнх манай гэр байгаа буюу одоо гэр байгаа газраас баруун урд зүгт 3 км-т Ц.Батмөнхийнх байдаг, ганц гэр айл байгаа юм, Ц.Батмөнхтэй төрөл, садан ах, дүүсийн холбоо байхгүй, Ц.Батмөнх нь цагаан өнгийн УАЗ-469-тай. Үхрийн махыг авна, тухайн үхэр нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүлхий өвчин мөн үхрийн товруудах өвчний эсрэг вакциныг хийсэн тул хүнсэнд хэрэглэж зарж үрж болохгүй юм, вакцин хийснээс хойш 28 дээш хоногийн дараа махыг хүнсэнд хэрэглэж болдог юм, тухайн үхрийг махыг аваад устгавал зүгээр байх гэж бодож байна. Хохирлыг минь барагдуулбал ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,

5. Иргэний нэхэмжлэгч Л.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

....Би 3488 БНА улсын дугаартай УАЗ-469 маркын цагаан өнгийн машинтай байсан тухайн машиныг 2002 онд Богд сумын харъяат С.Удаабаяр гэх хүнд 2.500.000 төгрөгөөр зарсан харин нэрийг нь бол албан ёсоор шилжүүлж аваагүй байгаа юм харин С.Удаабаярын цааш нь хэнд зарсан талаар мэдэхгүй байна, тухайн машин миний нэр дээр байгаа боловч, надад одоо ямар нэг хамаарал байхгүй. Миний хувьд ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна, өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /,

6. Гэрч Т.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед хадам аавынхныг өвөлжөөнд нь буулгачхаад Богд сум руу буюу “дугуй ам” гэх газар явж байхад манай хадмын үхрүүд бэлчээд явж байсан. Тэр дунд далгай эвэртэй, хүрэн үнээ явж байсан юм. Яагаад тухайн үнээг харсан гэхээр тухайн үхэр нь 3 жил сувайрсан учир энэ жил идшинд хэрэглэнэ гэж байсан учир сайн онцолж харсан юм. Үхэр зүгээр явж байсан, ямар нэг өвчин хүрсэн, гэмтсэн зүйл харагдаагүй, тэгээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам аав, ээж 2 үхрээ цуглуулж бүртгэсэн чинь далгай эвэртэй, идшинд авах хүрэн үнээ алга байна, мөн бэлчээрлэдэг газруудаар нь хайж үзэхэд олдоогүй талаар хэлсэн юм. Тухайн үхэр далгай эвэртэй, хүрэн үнээ байгаа юм.  Ер нь манай тэр хавиас үхэр мал хөлөөрөө лаг болоод байдаггүй. Тэр хавиар их цөөхөн айл монголын үхэртэй, хэн хэдэн үхэртэй талаар маш сайн нэгнийгээ мэдэх байгаа юм. Ц.Батмөнх манай хадам аавын байгаа газраас баруун урд 3 км орчимд “Дугуй” гэх газар байдаг юм. Тухайн газраа ганц гэрээрээ байдаг. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой Ц.Батмөнхийн гэр байгаа дугуй гэх газрын доод аманд хадмын үхрүүд явж байхтай таарсан юм....гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,

7. Гэрч Ч.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Манай нөхрийг Ц.Батмөнх гэдэг, эцэг эхээс 16-уулаа юм, одоо амьд сэрүүн байгаа нь 8 хүн байдаг, айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Би нөхөртэйгөө 2010 онд Богд суманд танилцсан тэрнээс хойш цуг амьдарч байна, манай нөхрийн хувьд өмнө эхнэртэй байж байгаад эхнэр нь нас барсан гэсэн, би өмнө амьдрал зохиож байсан өмнө 3 хүүхэдтэй, том хүүхдээ хүнд өргүүлээд Богд сумын хүнтэй суусан юм харин Ц.Батмөнхтэй хамтран амьдарснаас хойш 1 хүүхэд гаргасан юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. Манайх одоо ам бүл-5 уулаа Богд сумын 4-р багт мал маллаж амьдардаг юм, миний хувьд зүрхний ховдол цоорхой өвчтэй, унаж татдаг хүн байгаа юм, ажил хийж чаддаггүй, одоогоор аймагт хүүхдүүдээ хараад байж байгаа юм, Би хамгийн том охиноо хүнд өргүүлж байсан, охин маань тусдаа гарсан Богд суманд амьдардаг юм, 2 дахь хүүхэд, эрэгтэй, аваарт орж байсан мөн тархины тариа хийлгэдэг, эм уудаг юм, 3 дахь хүүхэд 5-р ангид сурдаг эмэгтэй, хамгийн бага хүүхэд 5 настай, тархины даралттай, хэл муутай байнгын асаргаанд, эмчлүүлэх гээд эмчилгээний зардалгүйгээр эмчилгээ хийлгэж чадахгүй ойр зуурын эм авч өгөөд байж байдаг юм. Манайх 200 гаран тооны бог малтай, 3 тооны үхэр, 2 тооны адуутай, өөр хөрөнгө гэх зүйлгүй. Манай нөхрийн ээж нь өндөр настай хүн байдаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 25-аас хойш аймгийн төв дээр хүүхдээ харж байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хөдөө гэртээ очсон юм тэгээд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр чамайг байгаа дээр түлшээ эмхлүүлье, чамайг аймаг явсан хойно ганцаараа амжихгүй гэж хэлэхээр нь би хүнд юм өргөж чадах биш малдаа явж байя гээд 09 цаг өнгөрөөгөөд малдаа яваад орой 18 цаг өнгөрөөгөөд малаасаа ирэхэд манай нөхөр алга байхаар нь машинаа унаад түлшинд явсан гэж бодсон тэрнээс хойш гэртээ ирэхгүй сураггүй байхаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр айлд алхаж очиж симээ хийж үзэхэд манай дүүгээс манай нөхөр аймагт ирсэн явж байна гэсэн мессеж бичсэн байхаар нь яагаад аймаг орсон бол гэж бодсон тэгээд аймаг оръё гэж бодоод нөхрийнхөө дүүтэй хамт аймагт ирээд нөхрөөсөө асуухад өөрийнхөө юмнаас үхэр авсан гэж бодсон чинь хүний үхэр авсан байна, ийм зүйл боллоо, чи бие муутай олон юм сонсоод яах бэ гэж хэлсэн юм, манай нөхрийн хувьд аймаг явсан, үхэр гаргасан талаар би мэдээгүй юм. Манай нөхрийн хувьд хүүхдүүддээ эм, тариа авч өгөх гэж мөн намайг хагалгаанд оруулах, эмчилгээ хийлгэх гэж хүний үхэр авсан юм шиг байна, миний хувьд 12 сард зүрхний ховдлын цоорхой нөхүүлэх хагалгаанд орно мөн манай охин сар болгон Цетромокс гэх 1 ш 30.000 төгрөгийн үнэтэй тариаг нэг курс буюу сард 10 ширхгийг хийлгэдэг юм мөн бага хүүхэд тархины даралтын улмаас сүлжээний 350.000 төгрөгийн эм хэрэглэдэг учир манайд мөнгөний их хэрэг гардаг учир ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Манай нөхөр өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төлөв, даруу зантай, хүнтэй сайхан харилцдаг, олон түмэндээ тус хүргэж явдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 49-51 /,

8. Гэрч Ч.Банзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09 өнгөрөөгөөд босоход хүргэн ах Ц.Батмөнх ирсэн бололтой өөрийнхөн цагаан өнгийн УАЗ-469 машин байхаар нь гэрт нь ороход Ц.Батмөнх гэртээ байгаагүй, хүүхдүүд нь гараад явсан гэж хэлж байсан тэгээд 10 цаг өнгөрч байхад гэртээ ирж байгаа харагдахаар нь гэрт нь ороход Ц.Батмөнх ах үхрийн мах авчирсан борлуулчхаад буцна гэж хэлж байсан, хэнд борлуулах талаар хэлээгүй юм. Ирэхдээ ганцаараа ирсэн талаар ярьж байсан, миний хувьд машинд байсан үхрийн махыг хараагүй болохоор ямаршуу мах байсан талаар мэдэхгүй байна мөн үхэр хулгайлсан талаар надад ямар нэг зүйл хэлээгүй юм. Ц.Батмөнх ахын хувьд Богд сумын 4-р багт мал маллаж амьдардаг, эхнэр, хүүхдүүд манай хашаанд гэр барьж байдаг юм, хүүхдүүд нь сургуульд явдаг юм, эхнэр нь унаж татдаг өвчтэй, уурлахаар унаад өгдөг юм, удахгүй хагалгаанд орно гэсэн, том охин нь тусдаа гарч хүнтэй суусан, 2 дахь хүүхэд нь эрэгтэй, аваарт орж байсан мөн тархины тариа хийлгэдэг, эм уудаг юм, 3 дахь хүүхэд нь 5-р ангид сурдаг эмэгтэй, хамгийн бага хүүхэд 5 настай, тархины даралттай, хэл муутай байнгын асаргаанд байдаг юм.Ц.Батмөнх ахын хувьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, уул нь 200 гаран тооны малтай байсан, одоо бараг малгүй болж байгаа байх....гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /,

 9. Гэрч Б.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 10 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн 1-р багт байрлах Буянт Богд худалдааны төвийн махны заал болон гадуур зарагдаж байгаа мал, махны гарал үүслийн гэрчилгээг шалгаж, хяналт шалгалт хийж байхад Монголын үхэр зарна гэсэн хүн байсан. Тухайн хүнтэй уулзахад Ц.Батмөнх гэх Богд сумын 4-р багийн хүн байсан. Тухайн зарах махыг очиж үзэхэд улаан өнгөтэй болон бохир гаргаж нядалсан байсан. Мөн гарал үүслийн бичгийг шалгахад гарал үүслийн бичиг байхгүй, одоо араас ирнэ гэж хэлж байсан тул Ц.Батмөнхийг шалгуулахаар цагдаагийн газрын ард ирээд машинаа зогсооход машинаас Ц.Батмөнх буугаад зугтаасан юм. Тэгээд араас нь гүйж барьж аваад яагаад зугтаагаад байгаа талаар асуухад Богд сумын 4-р багаас дүүгийнхээсээ үхэр авсан, гарал үүслийн гэрчилгээ байхгүй учраас зугтаасан талаар ярьж байхаар нь мөрдөгчид хүлээлгэн өгсөн.  Үхрийн махыг Ц.Батмөнх 7-р баг 01-02 тоот хашаанд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн УАЗ-469 автомашины ард ачсан байсан, махыг харахад маш улайрсан, гаргахдаа бохир гаргасан бололтой байсан, махтай хамт ямар нэг арьс, толгой, шир гэх зүйл байгаагүй юм. Ц.Батмөнх дүүгийнхээ үхрээс үхрийг авч гаргасан талаар ярьж байсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /,

10. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн:

...Үхэр 1 ширхэг 1.800.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 65 /

11.  Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн:

...УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл 1.200.000 төгрөг..гэх дүгнэлт /хх-ийн 69 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14, 17-21 / тээврийн хэрэгсэлд үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 /, шүүгдэгч Ц.Батмөнхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 /, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 86 /  болон шүүгдэгчийн өмгөөлөгч 3 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын “Цэлгэр” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дугуй” гэх газраас иргэн А.Пагамдуламын эзэмшлийн 1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлан нядлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон болох нь хохирогч А.Пагамдулам гэрч Т.Өнөржаргал, Ч.Оюунгэрэл, Ч.Банзрагч, Б.Гантогтох нарын мэдүүлэг болон үнэлгээ тогтоосон шинжээчийн 315, 335 дугаартай дүгнэлт, мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол,   шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батмөнхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Батмөнхийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээр  ажиллагааны  явцад шүүгдэгч Ц.Батмөнх нь хохирогч А.Пагамдуламд 2 сая төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь өөрийн зарсан авто машины талаар нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Батмөнхийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хохих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Батмөнхөд албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ тэнссэн хугацаатай адил хугацаагаар албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ц.Батмөнх  нь гэмт хэрэг үйлдэж үхрийг төхөөрөхдөө өөрийн хэрэгцээний хутгыг ашигласан бөгөөд уг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн уг хэрэгт шүүгдэгч Ц.Батмөнхийн эзэмшлийн 34-88 БНА улсын дугаартай УАЗ авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Батмөнхөд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Батмөнх нь дээрх авто машинаар гэмт хэрэг үйлдсэний дараа үхрийн махыг зөөвөрлөсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа авто машиныг ашигласан тул уг авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж шүүх дүгнээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх  овогт Цэгмидийн Батмөнхийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Хөх овогт Цэгмидийн Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнх нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнх нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Батмөнх нь энэ хэргийн учир хохирогчид, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Батмөнхийн эзэмшлийн 38-44 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Батмөнхөд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ