Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Бор,

Шүүгдэгч: Б.Даваахүү, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Ямаат овогт Болормаагийн Даваахүү, / РД:ВЖ04262111 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Даваахүү нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 301 дүгээр байрны гадаа иргэн Э.Жаргалыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд зүүн тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, дал эрхий хурууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч  Б.Даваахүүгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ээж Болормаа, эгч Гэрэлтуяа, манай 2 дүү Отгонбаатар, Одсайхан нарын хамт цагийг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед бид нар Баянхонгор сумын оготнотой булагт байрлах гэрэлт гудамж орчхоод буцаж явтал Даваасүрэн гээд өмнө нь үерхэж байсан эмэгтэйтэй таараад би уулзаад хамт алхаж байсан юм. Тэгээд оготнотой булгийн наана байрлах байрны хажууд алхаж байтал Даваасүрэнгийн нөхөр Жаргал гээд залуу том чулуу бариад гараад ирсэн. Гэтэл Даваасүрэн Жаргалын өөдөөс алхсан. Тэгэхээр нь би тоогоогүй яваад өгтөл Жаргал араас "хөөе Даавка ална аа чамайг” гээд дуудаад байхаар нь би өөдөөс нь алхаад яваад очтол миний урдаас том чулуу шидэхээр нь би баруун талын гараараа хаагаад чулуу нь газар унасан юм. Тэгэхээр нь би Жаргалтай зодолдоод би Жаргалын нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд мөн Жаргалын цээжин дээр нэг удаа дэвссэн, толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр салаад явж байтал араас цагдаа ирсэн юм. Би архи, согтууруулах ундааны зүйл бол хэрэглээгүй эрүүл байсан. Жаргалыг бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг бол мэдэхгүй байна. Манай ээж Болормаа, эгч Гэрэлтуяа, манай 2 дүү Одсайхан, Отгонбаатар нар байсан. Мөн манай найз Дөлгөөнөө сүүлд ирсэн байсан болохоор бид хоёрыг салгаад байж байсан. Даваасүрэн мөн хажууд зогсож байсан юм.  Жаргал бид хоёр л хоорондоо харилцан зодоон хийсэн.  Жаргал над руу чулуу шидсэн. Тэгээд миний баруун гарын дунд хуруу хавдсан байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй юм. Мөн миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон боловч бэртэл гэмтэл байгаагүй юм. Би тухайн үед Дорнод аймаг руу ажил хийхээр яваад 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр яваад 09 дүгээр сард ирсэн. Тэгээд ирж үзүүлээгүй юм. Би бол ямар гар утастай байсныг бол мэдэхгүй байна зодоон болж байхад бол огт гар утас гаргаж ирээгүй юм. Би дээрх 559 дугаартай дүгнэлтийг бол хүлээн зөвшөөрч байна. 298 дугаартай дүгнэлтийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Жаргал бол ямар нэгэн гар утас бол ил гаргаж ирсэн зүйл огт байхгүй юм. Би Жаргалын гар утсанд бол хүрсэн асуудал огт байхгүй. Би Даваасүрэнтэй үерхэж байхад нь Жаргалтай танилцаж байсан. Тэрнээс бол найз нөхдийн холбоо бол байхгүй юм. Ер нь бол зүгээр л бие биенээ таньдаг юм....гэх мэдүүлэг / хх-ийн 62-64 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваахүү мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3,. Хохирогч Э.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Оготнотой булаг ороод найз охин Даваасүрэнг дуудсан юм. Гэтэл замд Даваасүрэн ганцаараа явж байхаар нь дуудтал ард нь зүс таних Даваахүү, нэг залуугийн хамт, мөн ээж, эгч, 2 дүү нь хамт явж байсан. Гэтэл Даваахүү цамцаа тайлаад надад дээр хүрч ирээд мөр хэсэг рүү нэг удаа өшиглөөд нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиод, газар унагаж байгаад 10 орчим удаа дэвссэн, гэтэл миний хамар, хөмсөг хэсгээс цус гараад би цустайгаа холилдоод мансуураад босож ирээд би Даваахүүг “боль” гээд зугтаасан. Намайг зодож байхад цагдаа ирсэн юм. Би зодуулж байхдаа “болъё, болъё” гээд зугтаагаад байсан юм. Ийм л зүйл болсон юм. Би бол ганцаараа явган алхаж явсан юм. Би бол Даваахүүг танихгүй, зүс бол мэднэ. Би огт хэрүүл маргаан хийсэн зүйл болоогүй. Би эрүүл байсан юм. Миний дотор муухайраад, нүд бүрэлзээд, миний баруун талын нүд хөхөрч хавдаад юм харахгүй байгаа юм. Мөн дух хэсгээс шанаа хүртэл хавдартай байгаа юм. Миний элэг болон цээж хэсэг рүү хөл, гараараа нэлээн олон удаа цохиж зодсон юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 /,

.... Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар 08-ны өдөр Даваахүү нь намайг зодож байхад би ухаан алдаж унасан байсан. Даваахүү гартаа юм барьчихсан намайг нүдэж байсан. Яг юу барьсан байсныг би мэдэхгүй байна. Тухайн байрны 4 бил үү 5 давхраас хүмүүс харж байгаад дуудлага өгсөн байсан. Би '03 дээр ирээд үзүүлтэл миний даралт 180, 200-тай байсан гэж байсан. Тухайн өдрөөс хойш би 10 гаран хоног босож чадахгүй хэвтэрт байсан. Тэр хугацаанд эмнэлгээр явж үзүүлээд шинжилгээ энэ тэр өгсөн. Миний баруун талын нүд 20-оод хоног таглаатай явсан. Сүүлд нь чихнээс булга, цус гоожоод байхаар нь үзүүлтэл чихний хэнгэрэг цоорсон байна гэж байсан. Тэгээд томографф, компьютерт харуулахад мэдрэлийн судас хавдартаа нарийсаад, нүдний эмнэлэгт эмчид /зүүлсэн. Намайг эмнэлэгт хэвт гэсэн боловч мөнгө байгаагүйн улмаас хэвтэж эмчилгээ хийлгээгүй байгаа юм. Тухайн үед миний куртикний баруун талын халаасанд байсан Самсунг-а52 маркийн гар утас эвдэрсэн байсан. Одоо баруун бүс худалдааны төвийн засварчин дээр байгаа. Эхлээд сүлжээ нь хаагдаад байснаа дэлгэц нь харлаад байхгүй болсон юм. Би тухайн утсыг аваад 20 орчим хоног болж байсан. Би Улаанбаатар хотоос гар утас засварын газраас хуучин гээд 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо гар утсаа авсан үнээр нь буюу 580.000 төгрөгөөр үнэлнэ. Би өмнөх мэдүүлэг дээрээ гар утасны талаар хэлээгүй байсан юм. Одоо би нүдээ үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Би байнгын эм ууж байгаа. Өмнө нь өгсөн баримтууд дээр байгаа юм. Даваахүүтэй тэр өдрөөс хойш би нэг ч удаа уулзаагүй. Хохирлыг огт барагдуулаагүй байгаа юм. Одоо ууж байгаа эмийн баримт болон эмчилгээ хийлгэсэн бусад үлдсэн баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө. Би Даваасүрэнг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би ер нь 2022 оны  06 дугаар сараас хойш нэг их уулзаагүй. Хааяа нэг утсаар ярьж байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, би нүдний эмчилгээндээ явмаар байна, мөнгөгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жаргал мэдүүлэхдээ:  2022 оны 8 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд би “Огтонотой” булаг руу ус авах гээд явж байсан. Тухайн үед би орилж, хашхирсан зүйл байхгүй. Харин өмнө нь үерхэж байсан охиноо дуудсан нь үнэн. Тэгсэн Б.Даваахүү нь гадуур хувцсаа тайлж байгаад ирээд намайг зодсон. Тэгээд би Б.Даваахүүг болиулах гэсэн чинь хамт явж байсан ээж нь намайг түлхсэн. Тэгээд би зодуулж байгаад босож ирээд “...одоо боль би чамд огт гар хүрээгүй...” гэж хэлсэн чинь дахиад намайг зодсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Байрны цонхоор харж байсан хүн цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа хүрээд ирсэн чинь “...би наад хүнийг чинь зодоогүй...” гээд байсан. Тэгээд цагдаа бид хоёрыг авч явсан. Тухайн үедээ бид хоёрыг цагдаагийн газар аваачаад драйгер багажаар согтуурлын зэрэг шалгасан. Тэгэхэд бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ямар шалтгааны улмаас намайг зодсоныг нь мэдэхгүй байна. Ямар зодуулж байгаад босож ирээд “...би чамд огт гар хүрсэнгүй, яагаад намайг зодож байгаа вэ...” гэж хэлэхэд Б.Даваахүү нь “...би чамайг ална...” гэж байсан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. н.Даваасүрэн  нь Б.Даваахүүгийн ард талд явж байсан. Б.Даваахүүтэй цуг яваагүй байсан. Б.Даваахүүтэй түүний ээж, дүү, эгч нар нь цуг явж байсан. Би Б.Даваахүүтэй өмнө нь н.Даваасүрэнгийн гэрийг барьж байхдаа тааралдаж байсан. Гэхдээ гар барьж албан ёсоор танилцаж байгаагүй. Өмнө нь ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй. Би н.Даваасүрэнтэй тухайн хэрэг явдал болох үед үерхдэг байсан. Одоо бол хоёр тийшээ болсон. Надтай үерхэхээсээ өмнө Б.Даваахүүтэй үерхдэг байсан юм шиг байсан. Миний эмчилгээ хийлгэсэн зарим баримтууд устчихсан. Би гар утсаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотоос хүний хэрэглэж байсан гар утсыг 580.000 төгрөгөөр авч байсан юм. Тухайн үед Б.Даваахүүд зодуулахдаа миний халаасанд байсан А51 маркийн утас эвдэрсэн байсан. Нийт 424.100 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт байгаа. Гар утсаа засварлуулах гээд засварын газарт өгсөн байгаа. Миний гар утас сүлжээ орж ирэхгүй, сим картаа уншихгүй, мөн дэлгэц нь гэмтсэн байна гэсэн. Засварын төлбөр нь гар утасны үндсэн үнэтэй ялгаагүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн. Би Б.Даваахүүг дуудаад, чулуу барьсан зүйл байхгүй. Харин үерхэж байсан охин н.Даваасүрэнгээ дуудсан. Гэрчүүд яагаад тийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Бүх эмчилгээний зардлыг би өөрөө төлсөн. Томографикын зураг авхуулахад гарсан 120.000 төгрөгийн эмнэлгийн данс руу шилжүүлсэн. Би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн. Нэг эрэгтэй эмч байсан. Тооцоог дансаар шилжүүлж төлсөн. Тухайн үед би ээжтэйгээ хамт явж байсан. Толгойны томографикын зураг авхуулахад нарын, бүдүүн судас нь нарийссан байна гээд уух шаардлагатай эмүүдийг бичиж өгсөн. Тэгээд авч уусан эмүүдийн баримт байгаа юм. Эмчийн бичиж өгсөн зарим эмийг авч ууж чадаагүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Тухайн үед буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Даваахүүд зодуулах үед миний куртикний баруун талын халаасанд байсан Самсунг-А52 маркийн гар утас эвдэрсэн байсан. Эхлээд сүлжээ нь хаагдаад байснаа дэлгэц нь харлаад байхгүй болсон юм. Би тухайн утсыг аваад 20 орчим хоног болж байсан. Би Улаанбаатар хотоос гар утас засварын газраас хуучин гээд 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гомдолтой байна. Миний гар утас болон эмчилгээтэй хохирлыг Даваахүү огт барагдуулаагүй байгаа юм. Гар утасны үнэлгээ болон хавсаргаж өгсөн эмчилгээний зардлаа би Даваахүүгээс нэхэмжилж байна. Би эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээтэй холбоотой ямар нэгэн нөхөн төлбөр огт аваагүй байгаа юм....гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,

6. Гэрч С.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 19-20 цагийн орчимд манай эгч Болормаа 2 хүүхдийн хамт Даваахүү, би хүүхдийнхээ хамт гэрээс гараад Оготнотой  булаг руу алхсан юм. Тэгээд явах замдаа Даваахүү Даваасүрэн гээд найз охинтойгоо утсаар яриад яваад байсан юм. Даваасүрэн Даваахүүг аймагт ирчихсэн бол хэлэхэд яадаг юм гээд байснаа би чамайг ална гээд байхаар нь Даваахүү оготнотой булаг дээр байна ирээд алахгүй юу гээд утсаар спикер дээр нь тавьсан байсан учраас сонссон юм. Тэгээд булаг дээр ирсний дараа Даваахүү аниа би Дөлгөөнтэй уулзчихаад ирье гээд явсан юм. Тэгээд бид нар гараад наашаа нэлээн явж байхад Даваахүү, Дөлгөөнөө хоёр араас дуудсан. Тэгээд Даваахүү бид нарын урдхан талд алхаж байтал хажуугаар Даваасүрэн нэлээн хурдан алхаж гараад Даваахүү дээр очоод өшиглөж аваад   байхаар нь чи чинь яагаад хүүхэд нүдээд байгаа юм гэхэд тоож байгаа шинж байхгүй нүдээд байсан. Тэгээд 2 байшингийн хажууд явж байтал нэг залуу гарч ирээд “Давка би чамайг ална аа, пизда минь хүрээд ир” гээд орилоод гараад ирэхээр нь би тэр залууг “чи яахаараа хүүхэд алдаг юм, өвчтэй юм уу согтуу юм уу” гээд хэлтэл Даваахүү урдаас нь очоод нөгөө залуу урдаас нь гүйгээд ирсэн. Гэтэл нөгөө залуу нэг зүйлээ Даваахүүг гар луу нь цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодоон хийгээд эхлэхээр нь би Даваасүрэнг “чамаас болж байгаа юм” гээд гараараа далайсан. Тэгээд Даваахүүг салгаад чирээд наашаа алхаж байхад цагдаа ирээд Даваахүүг аваад явсан. Даваахүү бол өдөржингөө надтай хамт байсан эрүүл байсан.  Нөгөө залууг бол эрүүл байсан, согтуу байсныг бол ёстой мэдээгүй. Нэрийг нь би мэдэхгүй, тэр залууг бол би танихгүй. Ямар ч байсан тэр залуу нь эхлээд Даваахүүг чулуугаар цохиод авсны дараа зодолдоод  эхэлсэн юм. Тэрнээс бол хэн нь хэнийхээ биед халдсаныг бол тодорхой мэдэхгүй байна. Даваахүүгийн биед тухайн үед дунд хуруу нь халцраад цус гарсан байсан. Өөр бэртэл гэмтэл байхгүй байсан. Нөгөө залууг сайн хараагүй, хамраас нь цус гарсан байсан. Гадаа харанхуй болсон, орой 23 цаг болчихсон байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

7. Гэрч С.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би 3 хүүхдийн хамт төрсөн дүү Гэрэлтуяагийн хүүхэдтэй бид нар 20-21 цагийн орчимд Огтонотой булаг явсан. Огтонотой булгаас гараад аймгийн төв рүү  явж байтал манай хүүхэд Даваахүү рүү утсаар яриад мөнгө байна уу нэгж байна уу гээд асуусан байсан. Тэгээд явж байтал бид нарын хажуугаар Даваасүрэн гэх эмэгтэй гараад явснаа  Даваахүүг очоод нүдчихсэн. Тэгээд байж байтал нэг залуу хөөе  Даваахүү ална  аа гээд орилоод гараад ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зодоон хийсэн. Тэр залууг би цагдаа ирсний дараа цохиж авсан. Тэрнээс бол би өөр гар хүрсэн асуудал байхгүй. Би тэр залууг бол хүүхэд Даваахүүг өмөөрөөд бол хэл амаар доромжилсон нь бол үнэн. Тэрнээс гэмтэл учруулахаар бол цохиж зодоогүй юм.  Даваахүү бол эрүүл байсан. Тэр залуу бол согтуу байх шиг байсан. Муухай орилоод гараад ирсэн юм. Би бол тэр залууг огт танихгүй. Харанхуйд Даваахүү тэр залуутай зодоон хийгээд байсан болохоор би яг яасан хэн нь хэнийгээ зодсон талаар бол мэдэхгүй байна. Даваахүүгийн биед гарын дунд хуруунаас цус гарсан байсан. Өөр бэртэл байгаагүй. Тэр залууг бол би хараагүй болохоор ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

8. Насанд хүрээгүй гэрч С.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  Даваахүү бид хоёр гэрээсээ гараад оготнотой булаг руу явсан юм. Бид хоёрыг очиход Даваахүүгийн ээж, эгч 2 дүү нар нь байсан юм. Тэгээд нэлээн орой харанхуй болсон байсан. бид нар оготнотой булгаас гараад хамгийн захад байрлах булаг руу эргэдэг уулзварын хажууд байх байрны хажууд явж байхад байрны хажуу талаас нэг залуу гарч ирээд газраас чулуу бариад хөөе Даваахүү нааш ир, найз охин яасан яасан гээд доромжлоод байгаа юм бэ” гээд чанга дуугараад гараад ирсэн. Гэтэл Даваахүү "энэ одоо яах гээд байгаа юм бол доо” гэхээр нь би Даваахүүг "яах юм бэ" гэж хэлээд дагуулаад явтал нөгөө залуу нь Даваахүүг "чи айгаад байгаа юм уу, одоо айдаг болсон уу" гээд араас нь дуудаад байхаар нь Даваахүү намайг "за байж бай, би очоод ирье” гээд нөгөө залуу дээр яваад очтол нөгөө залуу гартаа барьсан чулууг Даваахүү рүү шидсэн. Даваахүү чулууны урдаас нь гараа барьсан. Гэтэл Даваахүүгийн эгч нь “яагаад чулуу шидээд байгаа юм бэ" гээд хүрээд ирсэн. ...Хажуу талаас нь нөгөө залуу гарч ирээд эхлээд Даваахүүгийн дагз хэсэг рүү гараараа цохиод автал тэр хоёр хоорондоо барилцаж аваад зодолдсон юм. Даваахүү нөгөө залуутай цаад талд зодоон хийгээд байхаар нь би очиж салгаад Даваахүүг тэврээд салгатал нөгөө залуу нь "хөөш би болоогүй байна, хүрээд ир” гэтэл Даваахүү эргэж очоод нөгөө залуутай хоорондоо барилцаж аваад зодоон хийсэн. Тэгэхээр нь би салгах гээд дийлэхгүй байж байгаад эгчийг нь дуудаад Даваахүүг салгаад би Даваахүүтэй түрүүлээд явсан. Тэгээд араас нь Даваахүүгийн дүү нар нь ирээд явж байтал цагдаа ирсэн юм.Жаргал гээд байгаа залуу нь газар унасан, Даваахүү болохоор дээрээс нь өшиглөж байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг бол мэдэхгүй байна. Жаргалын нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа бол цохисныг нь бол би харсан. Тэрнээс өөр цохисон эсэхийг бол хараагүй. Жаргал гээд байгаа залуугийн хамраас нь цус гарсан, хөмсөгний дээд талд нь шалбарсан байсан. Өөр харагдах бэртэл гэмтлийг нь анзаараагүй. Даваахүү чулуунд цохиулаад баруун талын гараас нь цус гарсан, уруулаас нь бага зэргийн цус гарсан байсан. Тэрнээс өөр бэртэл гэмтэл бол байгаагүй юм. Жаргалын гар утас бол ил харагдсан зүйл бол байгаагүй. Гартаа ч барьсан юм харагдаагүй. Жаргалын гар утсыг хаана байсныг бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 39-41 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн:

1. Э.Жаргалын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, дал эрхий хурууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 /,

10. Энх-нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн:

...Самсунги А52 маркийн гар утас 550.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 550.000 /Таван зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 55/ болон өсвөр насны яллагдагч Б.Даваахүүгийн насыг тооцсон тэмдэглэл /хх-ийн 75 / шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68, 74/,  шүүгдэгч Б.Даваахүүгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 /, хохирогч Э.Жаргалын цагдаагийн газарт хүсэлт гаргасан тухай /хх-ийн 95 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Даваахүү нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 301 дүгээр байрны гадаа иргэн Э.Жаргалыг өөрийг нь дуудаж орилсон гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд зүүн тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, дал эрхий хурууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч Э.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Жаргал, гэрч С.Гэрэлтуяа,  С.Болормаа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 559 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Даваахүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Даваахүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жаргал нь эмчилгээний зардал 424100 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлж энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтыг хавсаргасан талаар дурдсан бөгөөд харин зодуулах явцад карманд байсан А-52 маркийн Самсунг гар утас эвдэрсэн бөгөөд үнийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн байна.

Үнэлгээний шинжээч гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч Б.Даваахүү нь эмчилгээний төлбөр, гар утасны үнийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Даваахүүгээс эмчилгээний үнэ 474100 төгрөг, гар утасны үнэ 550.000 төгрөг нийтдээ 974100 төгрөг гаргуулж хохирогч Э.Жаргалд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Даваахүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Б.Даваахүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Харин улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваахүүд албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх саналыг гаргасаныг шүүх албадлагын арга хэмжээг оногдуулах ял дээр нэмж хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жаргал нь зодуулсаны улмаас эмнэлгийн тусламж авсан бөгөөд шүүгдэгчээс эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг иргэний журмаар хангуулах саналыг гаргасаныг шүүх хянаад хохирогч Э.Жаргалын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Даваахүүгээс Прокурорын байгууллага нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаат овогт Болормаагийн Даваахүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ямаат овогт Болормаагийн Даваахүүг  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүүд оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Даваахүү нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүүгээс гар утасны үнэ 550.000 төгрөг, эмчилгээний үнэ 474100 төгрөг нийт 974.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Жаргалд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар улсын яллагчаас Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг шүүгдэгч Б.Даваахүүгээс нэхэмжлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Прокурорын газар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ