| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/023 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/023
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: Д.Амарбаяр, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002090342 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Ягаан овогтой Дамбын Амарбаяр, / РД:ВИ82041419 /,
Шүүгдэгч Д.Амарбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан сайрын ам гэх газар Доосан 55 маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилгоор газрын хэвлийд халдаж байгаль орчинд 252.827 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Амарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлэхгүй байна. Тийм болохоор мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 141 /,
2. Шүүгдэгч Д.Амарбаярын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... Би Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Цагаан сайрын ам гэх газар 2022 оны 07 дугаар сарын эхээр жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмж жижиг усаар ажилдаг мотор аваад зэрэг төхөөрөмжөө аваад очоод газар ухах гээд байж байтал жижиг оврын трактор эвдэрч зогсоод тэндээ орхиод бид 2 сум руу буцаж 5 хоноод ирж трактороо янзалж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн газар Аймаг орон нутгаас гэрээ ажиллуулна гээд байхаар нь Бөмбөгөр сумын засаг даргатай гэрээ хийж шороо угааж алт олоод өрнөөсөө гарах гэж очсон. Бөмбөгөр сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар болох Цагаан сайрийн аманд ашиглалтын лиценз байдаг гэсэн дүгнэлт байхгүй байх тэр талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн газар жижиг оврын трактор 1 ширхэг усаар шороо угаадаг төхөөрөмж 1 ширхэг усаар ажилладаг мотор 1 ширхэг байсан өөр төхөөрөмж байгаагүй. Тухайн газар очоод газар ухсан зүйл байхгүй трактор эвдэрсэн. Тухайн газар ашигласан DOOSAN маркийн жижиг оврын трактор 1 ширхэг усаар шороо угаадаг төхөөрөмж 1 ширхэг усаар ажилладаг мотор 1 ширхэг зэрэг төхөөрөмж нь миний эзэмшлийнх байгаа юм. Би С.Энхбаатар гэдэг хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй С.Энхбаатарыг трактор бариад өгөөч өдрийн дөчөөс жаран мянган төгрөгийн мянган төгрөг өгье гэж дуудаж ирсэн. Би С.Энхбаатарын хамт газар ухсан зүйл байхгүй. Би DOOSAN маркийн жижиг оврын трактороо 2018 онд Улаанбаатар хотоос авсан нэг хүнээс 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан Одоо 2,500,000 төгрөгөөр үнэлж байна усаар шороо угаах төхөөрөмжөө 2018 онд 100,000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо 100.000 төгрөгөөр үнэлж байна усаар ажилладаг мотороо 2018 онд 150.000 төгрөгөөр авч байсан. Одоо 80.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
....Би С.Энхбаатар гэдэг хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй С.Энхбаатарыг трактор бариад өгөөч өдрийн дөчөөс жаран мянган төгрөгийн мянган төгрөг өгье гэж дуудаж ирсэн. Би С.Энхбаатарын хамт нэг газар ухсан өөр газар ухаагүй С.Энхбаатар-д 400000 төгрөгөөс 600000 төгрөгийн хооронд цалин өгье гэж аман гэрээ хийсэн. Надад хариулт байхгүй. Би С.Энхбаатар-д цалин гээд 80.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амарбаяр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Д.Амарбаяр нь Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт манай сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Д.Амарбаярын үйл ажиллагаа явуулсан Цагаан сайрын ам гэдэг газар нь ашиглалтын лицензтэй талбайд орохгүй, өмнө нь 2014 онд хууль бусаар иргэд ухаж тэгшилсэн газар байсан. Тухайн талбайд бичил уурхайн дүгнэлт байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 /,
5. Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан сайр гэх газарт иргэн Д.Амарбаярын үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тариф 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол их бага, хот суурин газраас алслагдсан зайн хол, ойр хамаарахгүй бүгдэд ижил тэгш зарчмаар энэ тарифаар манай байгууллага шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн. Нэхэмжилж буй ажлын хөлснөөс өөр нэмэлт санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,
6. Гэрч С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Бөмбөгөр суманд гэртээ байж байхад Д.Амарбаяр ах над руу ярьж жижиг оврын трактор дээр суугаад ажиллаад өгөөч өдрийн 50 мянган төгрөг өгье гэхээр нь би “тэгье” гээд 2022 оны 07 сарын 06-ны үед ирж Амарбаяр ахтай Цагаан сайрын аманд нэг газар ухаад байж байтал трактор эвдэрч зогсоод 7 хонож байна. Би энэ газар жижиг оврын трактор барьж газар ухаж алт олборлохоор ирсэн. Би энэ Амарбаяр ахтай 2 уулаа ажилласан жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмжтэй ажилласан. Бид хоёр тухайн газар нэг газар ухаж байтал трактор эвдэрсэн угааж амжаагүй. Тухайн газар ажилласан техник хэрэгсэл цуг ажилласан Амарбаяр ахынх байгаа юм. Тухайн газар ажиллахад сум орон нутгаас зөвшөөрөл аваагүй, тэр талаар Амарбаяр ах мэднэ. Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Цагаан сайрын ам гэх газар ямар нэгэн дүгнэлт, лиценз байдаг талаар би сайн мэдэхгүй. Амарбаяр ах мэднэ. Надад цалин өгнө гэхээр нь би ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,
...Би Д.Амарбаяр гэдэг хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй Д.Амарбаяр намайг гэрт байхад дуудаад 40 мянган төгрөгөөс 60 мянган төгрөгийн хооронд цалин өгнө гэхээр би тэгье гээд ирж бид 2 тухайн газар болох Цагаан сайрийн ам гэдэг газар жижиг оврын трактороор нэг газар ухсан угааж амжаагүй. Би тухайн газар жижиг оврын трактор барж нэг өдөр нэг газар ухсан хамт Д.Амарбаяр байсан өөр хүн байгаагүй. Би тэрийг сайн мэдэхгүй намайг тухайн газар очиход Д.Амарбаяр жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмж аваад очсон байсан өөр техник байхгүй байсан. Надад Д.Амарбаяр өдрийн 40 мянган төгрөгөөс 60 мянган төгрөгийн хооронд өгнө гэхээр нь би 50 мянган төгрөг өгөх юм байна гэж бодсон . Би Д.Амарбаяртай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй аман гэрээ хийсэн. Д.Амарбаяр надад сүүлд 80 мянган төгрөг бэлнээр манай гэрт авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /,
7. “Нуман-Алтай” ХХК-н 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №1/43 дугаартай шинжээч:
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь ямар нэгэн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар, улсын тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна. Урд өмнө эвдэгдсэн газар байсан. Голын эргээс 22м зайтай байна.
2. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 252.827 төгрөг болж байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 164.743 төгрөг болж байна.
4. Тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 61 /,
8. “Энх-Нахиа” ХХК-н 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №282 дугаартай шинжээчийн:
1. Доосан 55 маркийн трактор 7.000.000 төгрөг,
2. Төхөөрөмж 300.000 төгрөг,
3. Мотор 200.000 төгрөг
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 7.500.000 / Долоон сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 99 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-12 /, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн тодорхойлолт / хх-ийн 157 /, Д.Амарбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 /, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлыг нөхөн төлсөн баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Амарбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан сайрын ам” гэх газар Доосан 55 маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 252.827 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очир, гэрч С.Энхбаатар нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/43, Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 282 дүгнэлт, хэргийн газрын үйл явцыг бичиж буулгасан бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Амарбаярыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоолцоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Амарбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Амарбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин уг хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг “Нуман-Алтай” ХХК-иар гаргуулсан байх бөгөөд уг компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шинжилгээний хөлс 3 сая төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.Амарбаяраас 3 сая төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-д гаргаж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөн хэрэгт шүүгдэгч Д.Амарбаяр нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх түүний эзэмшлийн “Доосон-55” маркийн бага оврын трактор 1 ширхэг, сэгсрэгч 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг битүүмжилж ирүүлсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг Доосон-55” маркийн бага оврын трактор 1 ширхэг, сэгсрэгч 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Амарбаярт хэрэгцээний дагуу буцаан олгож дээрх техник хэрэгслийн үнэ 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Амарбаяраас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Амарбаяраас Доосон-55” маркийн бага оврын тракторын үнэ 7.000.000 төгрөг, сэгсрэгч төхөөрөмжийн үнэ 300.000 төгрөг моторын үнэ 200.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Хэрэгт хэргийн газрын үйл явцын бичиж буулгасан СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Амарбаяр нь энэ хэргийн учир хохирогч байгууллагад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ягаан овогтой Дамбын Амарбаярыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Ягаан овогтой Дамбын Амарбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Амарбаярт зан үйлээ засах сургалтад үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Амарбаяр нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч Д.Амарбаяр нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Амарбаяр нь энэ хэргийн учир хохирогч байгууллагад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Амарбаяраас 3.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Амарбаярын эзэмшлийн Доосон-55” маркийн бага оврын трактор, сэгсрэгч төхөөрөмж, мотор зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Амарбаярт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үйл явцыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Амарбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
13 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Амарбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ