Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

         Хохирогч Э.Э

         Иргэний нэхэмжлэгч Ж.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Ж.Б

         Шинжээч эмч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бт холбогдох 2216000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, онцгой байдал гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэн мэргэжилтэй, ажилгүй, гэмт хэрэг гарах үед Онцгой байдлын газрын Цогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, О ургийн овогтой Ж.Б.

Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баян-Өндөр багийн Баян бэлчир гэх газар ... ГАО улсын дугаартай Тоёота платз /рlatz/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, гэснийг

Мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, гэснийг,

      Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Эийг мөргөж бүсэлхий нурууны 1-р нугалмын хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

           Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баян-Өндөр багийн Баян бэлчир гэх газар ... ГАО улсын дугаартай Тоёота платз /рlatz/ маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг болон дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Эийг мөргөж бүсэлхий нурууны 1-р нугалмын хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримт нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Б гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мод тарихаар хүмүүсээ хуваарилаад шороонд явуулсан. Заримыг нь модны нүх ухуулахаар явуулсан. 3 хүн өөрөө дагуулж явахаар болсон байсан. Тамгын газрын жолооч Өтай яриад машиныг нь авахаар болсон. Шороо ачих ачааны машин авахаар болоод мөн Ө.Аыг аваад бид хоёр явахаар байсан. Тэгээд багтахгүй байна гээд Л.Б өөрийнхөө машинтай явахаар болсон. Гарахаас өмнө Ө.А гэртээ очиж муу хувцас өмсөнө гэсэн. Ө.Аыг авах замдаа нэг шил архи, нэг пиво авсан. Надад нэг шил архи байсан тэрийгээ авсан. Тэгээд Ө.Ааар машинаа бариулаад шороо ачих газраа очиж шороогоо ачуулаад би унтаж байгаад босоод ирсэн болчихлоо гэж хэлсэн. Сумын төв рүү явж байгаад Э.Эийг араас ирж байгаа машин дээр Өыг дагуулаад ир гээд замдаа буулгаад үлдээсэн. Доошоо явж байгаад Л.Б хурдтай яваад байхаар нь зогсъё гэж хэлээд зогсоогоод тэндээ бие засаад тамхи татаад би өөрөө машинаа бариад араас ирж байсан машин нь даваан дээгүүр дөнгөж гарч ирж байсан. Буцаад авах гэж яваад тийм юм болсон. Тэр хооронд урд руу ороод ирсэн. Би тухайн үед архи нэлээд уусан согтуу явж байсан. Хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаа. Тэндээс эмнэлгийн байгууллагад хүргээд маргааш нь аймагт авч ирээд шөнөдөө хот руу авч явсан. ... эмчилгээний зардал нийт 4.900.000-д төгрөг төлсөн. Зардлыг бүрэн төлж барагдуулсан, ажлыг нь зохицуулж өгсөн. Өөрийнх нь хувьд гомдол санал байхгүй. Дараагийн хагалгааны мөнгийг бүрэн даана гэж хэлсэн. Тухайн үед өмгөөлөгчтэйгөө уулзаж гарч ирээд 20 сая төгрөг нэхсэн. Тэр талаар боломж байхгүй, дахиж мөнгө төгрөг өгөх боломж байхгүй ажил төрөлтэй чинь үлдээсэн гэж хэлсэн... ...Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа. Хохирлыг нотлох баримтаа гаргаж ирсэн тохиолдолд төлнө гэж байгаа. Янз бүрийн алахыг завдсан зүйл байхгүй. Тийм байсан бол сум дээр эцэг эх нь ирсэн. Ээж аавтай нь аваад наашаа явсан. Ээж аавтай нь зөвшилцсөн зүйл байсан. Миний хүүг ямар ч байсан хөл дээр нь босговол өөр асуудал байхгүй гэсэн. Аймагт ирээд Дагва эмчид үзүүлээд ямар ч байсан хөл дээр нь босгомоор байна гэхэд шууд хот руу авч яв гэсэн. Хот руу ээж аавтай нь авч яваад хотод очоод хоол цайг нь зөөсөн. Аймагт ирээд аав ээж нь сум руугаа явах гэж байна гэхэд нь хүргэж өгсөн. Ажилд нь оруулаад өгвөл гомдолгүй гэсэн. Өөртэй нь ч гэсэн өмгөөлөгч аваагүй байхад нь уулзсан. Өмгөөлөгч аваад л 20.000.000 төгрөг гэсэн. Тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Цаашид гарах зардлыг төлнө гэдгээ хэлсэн. Хадаас авах эмчилгээний зардлыг төлнө, листийн мөнгийг санхүүгийн баримтаа аваад ирвэл төлнө. Өмгөөлөгч нь ийм мөнгө төлөх ёстой гэдэг. Ахлах нягтлан бодогч өөр зүйл яриад байдаг. Тэрийг баримтаа гаргаад ирвэл төлнө. гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

            Хохирогч Э.Эийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүлгийн дарга Ж.Б, аврагч Л.Б, аврагч Ө.Аын хамтаар шороо ачихаар Дөтийн даваа руу явсан байгаа. Явахдаа Ө жолоочийг машинтай нь авч явсан. Ө жолооч түрүүлж яваад бид хэд араас нь Л.Бгийн машинтай явсан. Явахдаа Ж.Б ах дэлгүүрээс нэг пиво, нэг шил архи, өөрийнхөө өрөөнөөс нэг шил архи авч явсан. Явах замдаа нэг шил архийг хувааж уусан. Очоод шороо ачих хугацаанд нэг шил архи пивыг хувааж уусан. Жолооч Ө Баянтооройд 2 цагаас ажилтай гээд буцахаар болсон. Бид 4 жижиг машинтай түрүүлж яваад жолооч Ө араас ирэхээр болоод явсан. Баян-Өндөрийн соёлын төвийн тэнд очиж байхад Ж.Б ахмад чи үлдээд Ө жолоочтой араас өтөг бууц ачаад ир гэж хэлээд намайг үлдээсэн. Би тэнд хүлээж байх явцдаа удаад байхаар нь сумын төв чиглэлтэй алхаж байгаад утасны дууг тавиад тамхи татаад сууж байсан. Эргээд харахад буцаад ирж байсан. Ө жолоочийг ирж байна уу гээд харахад даваа руу орж ирж байсан. Тэгээд замын хажуу талын хөвөөн дээр зам руу хараад сууж байсан. Тэгээд машин орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш эмнэлэгт хүргүүлээд эмнэлгээс шууд аймгаар дамжаад хот явсан. ...Одоо хүнд юм өргөж болохгүй гам сайн барьж байгаа. Даарч болохгүй, өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа. Зовуурь тодорхой хэмжээнд байгаа. ...Би хэрэг болохоос өмнө эрүүл байсан. Хагалгаанд ороод гадны биет биедээ суулгад явж байгаа учир гомдол санал байгаа. 20 сая төгрөгийн тухайд өмгөөлөгч нэхэмжилж байгаа биш би өөрөө дараагийн хагалгаа, цалин мөнгөгүй байх магадлалтай гэдэг үндэслэлээр, би хэзээ ч ажлаас гараад халагдах боломжтой учир эрсдэлийг тооцож мөнгө нэхэмжилсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Иргэний нэхэмжлэгч Ж.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би машинаа авмаар байна. Машины бүх зүйлийг аваад явсан. Гомдол санал байхгүй. Шүүх хурал дуусаад машинаа ав гэсэн. Одоо хүртэл машингүй байгаа. Машины шил толийг төлсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д хугарлын улмаас нугас гэмтэж хохирогчийн хувьд гэмтсэн нугаснаас доошоо мэдээгүй болсон тохиолдолд 3.1.6 үйлчилнэ. Ялгаа нь 3.1.6-д сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл Үүнд: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл хамаарах ба харин нугасны мэдрэлийн ёзоор цочирч рефлексийн замаар түр зуур хуниас булчин агших, сулрах, зүрх, амьсгалын хэм алдагдах хямрал энэ ангилалд хамаарахгүй. 2.3.1-д 28 хоногоос дээш тухайн хугарал бороолж эдгэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. 3.1.6 нугасаа гэмтээж байгаа. Э.Эийн хувьд бүсэлхий нуруун 1 дүгээр нугалмын хугарал үүссэн. Баруун хөндлөн  сэртэн хугарсан. Нугас гэмтэл харагдаагүй. Нугас дарагдаагүй учир хүнд гэмтэлд хамаарахгүй. ...Э.Эийн гэмтэл дээр ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт алдагдуулахгүй. Яагаад гэхээр бороолоод эдгэж байгаа. ...Мэс засал хийлгэсэн хийлгээгүйгээс үл шалтгаалаад хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2.4.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэг хэвээрээ байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Ө.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Эийг буцаж очиж авна гээд Ж.Б дарга машинаа асаагаад буцаад Дөтийн даваа чиглэлтэй яваад нэг их хол яваагүй замын хажуу талд Э.Э сууж байгаад бид нарыг ирж байхыг хараад босоод зогсох үед Ж.Б дарга жолоодож явсан машинаар юу ч хэлж амжаагүй байхад Э.Эийг очоод шууд мөргөсөн. Э.Э толгой хэсгээр машины урд талын шилийг мөргөөд газар унасан...” гэх мэдүүлэг /ХХ97-98/,

           Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ж.Б машин бариад Э.Эийг авахаар эргээд явж байтал Э.Э замын хажуу талд утсаа оролдоод зогсож байгаа нь харагдсан. Ж.Б ойролцоогоор 40-50 км цаг хурдтай яваад Э.Эт дөхөөд хурдтай очихоор нь Ө.А бид хоёр зөөлөн яв, зөөлөн яв наадах чинь бултаж чадахгүй гэж хэлтэл шууд очоод яах ийхийн зуургүй Э.Эийг мөргөчихсөн. Мөргөхөд Э.Э нүүр хэсгээрээ машины урд талын шилэн дээр цохигдож машины шил хагараад Э.Э буцаад шидэгдээд газарт унасан. Ө.А бид хоёр Э.Эийг дамжилдаад машины ар талын суудалд хэвтүүлээд сумын эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /ХХ100-101/,

           Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бүсэлхий 1 дүгээр нугалмын хугарал нь шахагдаж хугарч, арын ханын бүрэн бүтэн байдал алдагдаж баруун хажуугийн хөндлөн сэртэн дагуудаа хугарч нугасны суваг нарийссан тул хугарал тогтворгүй мэс засал хийх заалттай байсан учир зайлшгүй хагалгаа хийсэн. Хагалгаа хийгээгүй бол хоёр хөлд саа үүсэх эрсдэлтэй...” гэх мэдүүлэг /ХХ241/,

2022 оны 10 сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14508 дугаартай “...Э.Эийн биед бүсэлхий нурууны 1-р нугалмын хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /ХХ150-152/,

Шинжээч Б.Даваасүрэнгийн “...Бүсэлхий нурууны баруун хөндлөн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал гэж оношлогдсоны дагуу дүгнэлтийг гаргасан. Мөн баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэж оношлогдсон. Дээрх ясны хугарал гэмтлүүд нь удаан хугацаанд буюу 28 хоногоос дээш хоногт бороолж эдгэх учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хугарал гэмтлүүд нь нугас болон нугасыг дарах болон хэвлийн хөндийн эрхтнүүд гэмтээгүй байсан учир хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /ХХ244/,

         Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 сарын 14-ний өдрийн “...Тоёота платз маркийн ... ГАО улсын дугаартай автомашины жолооч Жавхлан овогтой Ж.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Энхжаргал овогтой Э.Э Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /ХХ159-160/,

         Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн Баян бэлчир гэх газарт осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-14/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан зарласны дараа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй “...шинжээч эмч мэс заслын дараах нөхцөл байдалд дүгнэлт хийсэн...дахин шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хуралдааны явцад хянан хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь 2022 оны 10 сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14508 дугаартай шинжээчийн дүгнэлтийг  хэдийгээр хохирогчийн биед мэс засал хийгдсэний дараа гаргасан ч  шинжээч эмч Б.Даваасүрэн дүгнэлтээ гаргахдаа мэс засал хийгдэхээс өмнөх үеийн өвчний түүх, эмчийн тэмдэглэл, эхо шинжилгээ зэргийг үндэслэл болгож гаргасан байх бөгөөд шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Э.Эийн хувьд бүсэлхий нуруун 1 дүгээр нугалмын хугарал үүссэн. Баруун хөндлөн сэртэн хугарсан. Нугас гэмтэл харагдаагүй. Нугас дарагдаагүй учир хүнд гэмтэлд хамаарахгүй. Мэс засал хийлгэсэн хийлгээгүйгээс үл шалтгаалаад хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2.4.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэг хэвээрээ байна” гэсэн мэдүүлэг болон хохирогч нь одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа зэргийг үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

  Мөн хохирогчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...тээврийн хэрэгслээр хүнийг мөргөж байгаа үйлдэл нь алахыг санаатай завдаж байгаа хэрэг...” хэмээн хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон боловч хавтаст хэрэгт байгаа гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь хохирогчийг санаатай алахыг завдсан гэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилго, сэдэлт, тогтоогдохгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явахдаа зөвхөн замаас гарч очиж мөргөсөн гэсэн үндэслэлээр уг үйлдлийг санаатайгаар хүн алахыг завдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал шаардах бөгөөд энэ үйл баримтын хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, нөхцөл байдал, учруулсан шарх гэмтлийн тоо, ил тод байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгч хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урьд өмнөх харилцаа, заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн болон гэмт үйлдлийн дараах шүүгдэгчийн зан үйл зэрэг шинжүүдийг тал бүрээс нь нотлох баримтад үндэслэн авч үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг санаатай алахыг завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. 

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...дараагийн хагалгаанд орох мөнгө, цаашид цалин мөнгөгүй байх магадлалтай гэдэг үндэслэлээр, би хэзээ ч ажлаас гараад халагдах боломжтой учир эрсдэлийг тооцож 20 сая төгрөг нэхэмжилсэн.. хагалгаанд орохоос өмнөх гарсан зардлуудыг Ж.Б төлсөн харин аймагт ирснээс хойших баримтууд байгаа шүүхэд өгөөгүй.” гэж ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцож 20 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй учир уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин эмчилгээ сувилгаатай холбоотой зардал, цалингийн зөрүү, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчид уг гэмт хэрэг гарсан үеэс эхлэн Улаанбаатар хот явж хагалгаанд ороод ирэх хүртэл хугацаанд гарсан зардалд 4,988,686 төгрөгийн хохирлыг төлсөн, талууд уг асуудал дээр маргаагүй болно.

Иргэний нэхэмжлэгч Ж.Б нь машинаа буцаан авбал гомдол саналгүй, хагарсан шил, толь төлөгдсөн гэж байх ба тухайн 07-80 ГАО улсын дугаартай Тоёота платз /рlatz/  загварын машин нь эд мөрийн баримтаар хураагдаагүй, хураан авсан эд зүйл байгаа учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц машиныг иргэний нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын яллагч Ц.Батзаяа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Хуульд заасан доод хэмжээгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, хуульд заасан доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж тухайн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан хэдий ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ж.Бт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийг эмчлүүлэхэд гарсан зардалд 4,988,686 төгрөгийг төлсөн, хохирогч нь эмчилгээ сувилгаатай холбоотой зардал, цалингийн зөрүү, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч О ургийн овгийн  Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ж.Бт  мэдэгдсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн цалингийн зөрүү, эмчилгээнд гаргасан зардлуудыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 4,988,686 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Энэ хэрэгт хураан авсан ...ГАО улсын дугаартай платз /platz/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Ж.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА