| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
2023 01 12 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Хохирогч Г.П,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2219004000346 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б//,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...баруун гарын шуу ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бид хоёр хоёулаа согтуу байсан. Би 11 цагт Пг очиж авсан. Пг 12 цагт хүргэж өгөөд шөнө намайг дуудахаар нь би 03 цагийн үед гэрт нь очсон. Гар хугалсан үйлдэлдээ маргахгүй. П ажлаа хийж байсан, нэхэмжилж байгаа цалинг төлөхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Пн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б согтуудаа манайд дандаа ирдэг. Би ажил дээрээ байрладаг, манай захирлууд хажууд байдаг. Ажлын байранд эвдсэн зүйл олон байгаа. 03 цагт Б машины түлхүүр, утсыг маань чи авсан гээд манайд ирсэн. Би тухайн үед гэрт нь дагаж очоод хайсан, гэртээ ч хайсан. Хэсгийн төлөөлөгч Шижирбаатар луу залгасан боловч утсаа аваагүй,өглөө нь босоод би ийм хэрэгт холбогдчихлоо, энийг олмоор байна, би гэрээ нэгжүүлмээр байна гэж хэлсэн. Миний баруун гар хугарсан учраас 10 сарын 07-ноос 19-нийг хүртэл ажлаа хийгээгүй, харин найз нараараа хийлгээд 2,236,000 төгрөгийн цалин өгсөн. Яагаад гэхээр би зүгээр байсан бол тэр хүмүүст цалин өгөхгүй байх байсан. Өдөртөө тайлан гаргадаг. Энэ хугацаанд Б намайг ажлаа хийж байсан гэж ойлгосон байх. Би энэ бүх хугацаанд ажил хийгээгүй, үүнийг манай захирал нотолно. Манайх 2 шатахуун түгээх газартай. Шатахуун түгээх газраасаа шатахуун хийгээд зарлагын баримтаа бичүүлж авч явсан. Наашаа, цаашаа явсан эмчилгээний баримт өгөөгүй. 2 эмчилгээний баримт байсан боловч ирэхдээ хайгаад олсонгүй. Би урсгал зардал буюу эмчилгээний, эм тарианы мөнгө 500,000 төгрөг, бензиний зардал 338,000 төгрөг, цалин 2,236,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 31 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун гарыг мушгиж,цохисноос эрүүл мэндэд нь “...баруун гарын шуу ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Пн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/0509 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Пн баруун гарыг мушгиж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/0509 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт,гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Г.П шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин 2236000 төгрөг, бензиний зардал 338000 төгрөг, бусад зардал 500000 төгрөг нийт 3074000 нэхэмжилжээ.
Хохирогч нь тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймаг руу яаралтай тусламжаар үзүүлэх, эмчид дахин үзүүлэхээр явсан болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Дорноговь аймагт ирж,буцсан шатахууны зардал 338000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдож байх тул гаргуулан олгох, харин ажилгүй байсан хугацааны цалин, бусад зардал нийт 2736000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдоогүй /хэднээс хэднийг хүртэл хэд хоног ажилгүй байсан, эмнэлгийн акттай байсан эсэх,бусад зардлын нотлох баримт/ тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Б.Бд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн эдийн засгийн байдал,цалин хөлс,орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 31 дүгээр тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 338,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Пд олгож, хохирогч нь 2,736,000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН