| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Аад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.А нь 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Викториа бааранд хохирогч Н.Эыг үйлчлүүлж байхад нь түүний эзэмшлийн 630.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-33 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бааранд орохдоо ажлынхаа нэг залуутай таараад архи уусан. Би маш их согтолттой байсан. Юу болсныг санахгүй байгаа. Маргааш нь камерын бичлэг хараад хулгай хийсэн байснаа мэдсэн. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Викториа бааранд найз Д, М, Н нарын хамт орсон... би тухайн үед өөрийн эзэмшлийн самсунг А-ЗЗ маркийн гар утсаа ширээний хажуу талын тавцан дээр тавьчихсан байхад тэр танихгүй эрэгтэй хүн ирээд явсан. Тэгээд явсны дараа утсаа харсан чинь алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ширээн дээр суух гээд явж байтал танил А гэх залуу таарахдаа надтай мэндэлсэн... тэгээд сүүлийн 3 бүжиг гээд хэлэхэд Д, Э хоёр босоод явчихсан байсан. Ширээнд Мтай сууж байтал А дахиад хүрээд ирсэн. Тэгээд Аыг би явуулчихаад нөгөө хоёртойгоо хамт бүжиглэчихээд буцаад ширээн дээрээ ирсэн чинь Эын утас нь алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл( хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1147 дугаартай хохирогч Н.Эын гар утсыг 630.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 35-38 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 68 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Викториа бааранд хохирогч Н.Эыг үйлчлүүлж байхад нь түүний эзэмшлийн 630.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-33 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Викториа бааранд найз Д, М, Н нарын хамт орсон... би түхайн үед өөрийн эзэмшлийн самсунг А-ЗЗ маркийн гар утсаа ширээний хажуу талын тавцан дээр тавьчихсан байхад тэр танихгүй эрэгтэй хүн ирээд явсан. Тэгээд явсны дараа утсаа харсан чинь алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ширээнд Мтай сууж байтал А дахиад хүрээд ирсэн. Тэгээд Аыг би явуулчихаад нөгөө хоёртойгоо хамт бүжиглэчихээд буцаад ширээн дээрээ ирсэн чинь Эын утас нь алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1147 дугаартай хохирогч Н.Эын гар утсыг 630.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдсэн байхыг хэлэх бөгөөд шүүгдэгч С.А нь хохирогчийн гар утсыг нууцаар, өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь хохирогч Н Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Аад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч С.Аад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, албадлагын арга хэмжээний тухай саналыг шүүгдэгч С.Аад танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч С.Аын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Аад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН