Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У, Т.Б, У.С нарт холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.У

 

Монгол Улсын иргэн, Т.Б . /,

 

Монгол Улсын иргэн, У.С /./,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах 1 дүгээр сургуулийн урд талд хохирогч Ц.Аын биед халдаж түүний эрүүл мэндэд нь "...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 20 цагийн үед ажлаасаа буугаад гэрт хэвтэж байхад У залгаад бааранд байна ирээд аваач, гэрт хүргээд өгөөч гэхээр нь баарны гадаа очсон. Очиход У эхнэр Бтой, дахиад нэг охинтой хамт байсан. Тэгээд залуус хорооллын зогсоол дээр очоод хүнтэй утсаар ярьсан. Тэгээд ард байдаг Төмөр зам руу явъя гээд очиход нөгөө хүн нь байхгүй байсан. У архи уучихсан, би уугаагүй байсан болохоор хэл амаараа учраа ольё гээд хаана байгаа юм гялс уулзчих би харих гээд байна гэж хэлэхэд чи өөрөө олж ирээд уулз би Дорноговийн хаа нэгтээ байна, хутгаа ирлээд байж байя гээд олон юм яриад байсан. Тэгээд Б гэрийнхээ гадаа байна гэхээр нь мобикомын гадаа зогсоол дээр очоод С, Б хоёр машинаас буугаад явсан. Очоод А чи яагаад утасны цаанаас баахан томроод байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд баруун шанаанд нь нэг цохиод эргэж харахаар нь цаад талаас нь нэг алгадсан. У хойноос ирээд хавирч унагаад, толгойн ард талд нь 1 цохисон. С дээрээс нь цохиод байсан. Одоо больцгоо гээд Уыг хорьсон. Тэгээд Уыг машинд суулгаад 1 дүгээр сургуулийн баруун урд талын зогсоол дээр зогсож байхад цагдаагийн машин ирсэн. Бид нарыг шалгаад зогсож байхад А бууж ирээд би гомдолтой байна, наад хүмүүс чинь намайг зодсон гэж хэлсэн. Цагдаа дээр очиход А би гомдолгүй гэж хэлээд бид нар уучлалт гуйгаад салсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч У.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

          хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-нии өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн төв усан оргилуурын саадан дотор байхдаа найз охин болох Стой үл ойлголцон маргалдахад, найз Н бид хоёр дээр ирээд намайг өмөөрч Сыг түлхэхэд газар унахаар нь би найз охиноо босгоход, найз Нтай цуг явж байсан залуу намайг машин руу суу гээд татахаар нь би машин суухаар явсан. Ныг би, Стой маргалдаж байхаар нь явъя гээд машинд суулгасан. Удалгүй над руу Ууганаа гэж залуу залгаад, хаана байгаа юм хоёулаа уулзъя гэхээр нь тэгье гээд Залуус хорооллын хажууд байна гэж хэлсэн чинь ойролцоо очоод хэлье гээд ирэхгүй байхаар нь би Мобикомын байранд очоод байж байхад, найз охин болох С ирэхээр нь би байсан газраасаа гарахад, байрны гадаа Ууганаа, Хуягаа гэх залуус над руу ирээд учир зүггүй миний араас цохин газарт унагаан дээрээс өшиглөж байсан чинь би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь машин дотор сэрээд хаана байгзагаа харсан чинь цагдаагийн алба хаагч тухайн машиныг Худалдаа хөгжлийн банкны зогсоол дээр зогсоон шалгаж байхаар нь би машинаас бууж намайг энэ хүмүүс зодчихлоо гэж хэлээд цагдаагийн газарт ирсэн...Би Ууганаа, Хуягаа хоёртой огт муудалцах зүйл болоогүй харин намайг яагаад зодсон талаар мэдэхгүй байна . Эмчилгээний мөнгө нэхэмжилнэ. Намайг зүгээр байхад зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 05 дугаар тал),

 

          гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь Стой маргалдаж муудаад байхаар нь Сыг түлхсэн чинь газарт унасан...А руу С нь халамцуу дайраад цохиод байхаар нь би Аыг авч явах гэсэн чинь С намайг элдвээр хэлэхээр нь би маргалдаж муудсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 93 дугаар тал),

 

             Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №02/0521 дугаартай “...1. Ц.Аын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Учирсан гэмтлүүд нь 7-9 хоногийн өмнө үүсэн байх боломжтой байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

      

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 67, 69 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө шүүгдэгч Э.У, Т.Б нар нь У.Сын “найз Ц.Аыг айлгаад өгөөч” гэж хэлснээр  Ц.Атай маргалдаж Н.У нь түүний бөгс рүү өшиглөх, хавирч унагах, толгой, дагз руу нь цохих зэргээр, Т.Б нь зүүн шанаа, баруун хацарт нь цохих,алгадах зэргээр биед нь халдаж  “Ц.Аын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт...”бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч У.С нь найз Ц.Атай муудалцаж “түүнийг айлгаад өгөөч” гэж бусдаар зодуулан биед нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох          хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ...мобикомын байранд очоод байж байхад найз охин С ирэхээр нь би байсан газраасаа гарахад байрны гадаа Ууганаа,Хуягаа гэх залуус над руу ирээд учир зүггүй миний араас цохин газарт унаган дээрээс өшиглөж байсан чинь би ухаан алдсан байсан.Нэг сэрсэн чинь цагдаагийн алба хаагч тухайн машиныг зогсоон шалгаж байхаар нь би машинаас буун намайг энэ хүмүүс зодчихлоо гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг, гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь Стой маргалдаж муудаад байхаар нь Сыг түлхсэн чинь газарт унасан...А руу С нь халамцуу дайраад цохиод байхаар нь би Аыг авч явах гэсэн чинь С намайг элдвээр хэлэхээр нь би маргалдаж муудсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №02/0521 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас Ц.Аын  биед “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгарал ” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0521  дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон ба мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан нотлох баримтаар энэ бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нар  үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Ц.Аын эрүүл мэндэд хохирол учруулахаар халдаж зодсон байх тул прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Ц.Ааас шүүгдэгч нараас ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийг тооцон гаргах боломжгүй, сард хэдэн төгрөгийн цалин авдаг, хэд хоног өвчтэй байсан, эмнэлгийн хуудсаар цалин авсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгч нарт тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Уын Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдэх 800000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн ял оногдуулах  дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.Б, У.С нар нь урьд ял шийтгэлгүй, Э.У нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нар нь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, улсын яллагчаас торгох ялын дүгнэлт гаргасан зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, У.С нарт тус бүрд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Ут 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эдийн засгийн байдлыг харгалзан оногдуулсан торгох шийтгэлийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Э.У нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж байгаа ба уг торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй тул энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх шаардлагагүй болно.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Т.Б нарт тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.Ут 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч Ц.А нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нар нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Т.Б, У.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН