Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 121/ШШ2021/0012

 

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагчид: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

“1. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 сарын 02-ны өдрийн **тоот тушаал нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох,           2. Өвөрхангай аймгийн Тамгын газраас зарласан “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль /БШУЯ/202102037/ ажил”-ын гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох,                                                  3. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль /БШУЯ/202102037/ ажил”-ын гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан "Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль /БШУЯ/202102037 ажил"-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон.

Улмаар тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус тендерийн асуудлыг хянан хэлэлцэж, Өвөрхангай аймаг дахь орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн №378 тоот албан бичгээр "Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай" гэсэн албан бичгээр "**" ХХК-р тус ажлыг хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл ирүүлсэн.

Гэтэл тендер нээсэн өдрөөс хойш тус тендерт оролцож байсан "**" ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаснаар манайх захиалагчтай гэрээ байгуулах боломжгүй болсон. Тус тушаалыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг удирдлага болгожээ. Тус хуулийн 46 дугаар зүйл болох Захиалагчийн эрх үүрэгт 46.1.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах гэсэн заалт нь тендерийг хүчингүй болгох, гэрээ байгуулахгүй байх хуулийн заалт биш. Харин ч захиалагчийн хувьд тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх; чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гэрээ байгуулахгүй хууль бус эс үйлдэл гаргасан.

Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48,1-д заасныг удирдлага болгосон нь ойлгомжгүй, хууль бус гэж үзэхээр байна. Энэ хуулийг тушаал хүчингүй болгохдоо хэрэглэх боломжгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тушаал гаргасан нь тухайн тушаал хууль бус, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, илтэд манай компанийн үйл ажиллагаанд саад хийсэн, зориудын үйл ажиллагаа болсон.

Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны шийдвэр, мөн Сангийн яамны шийдвэр гарсаар байхад дур мэдэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгож, хувийн байгууллага шиг шийдвэрлэж, манай компанитай гэрээ байгуулахаас татгалзаад байгаа нь төрийн албан хаагч эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэхээс өөр арга байхгүй байна. Энэ үйл ажиллагаанаас шалтгаалж манай компанид бизнесээ чөлөөтэй явуулах, төрийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр үргэлжлүүлэхэд саад болж, энэ асуудалтай холбоотой хохирол учирч байна.

Үүнд: Барилгын ажил нь улирлын чанартай, баригдах гэж байгаа барилга нь сургуулийн барилга учир яаралтай эхлэх шаардлагатай гэж үзэн компанийн зүгээс бэлтгэл ажил болгож өөрийн зардлаар багагүй хөрөнгө оруулалт хийж гуравдагч байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцэл цуцлагдахад хүрч, байгууллагад ажил эхлэхэд шаардлагатайгаар хийсэн хөрөнгө оруулалт болох 100 гаран сая төгрөг ямар ч үр дүнгүй алга болж болохоор байна.

Барилгын ажил дулааны улиралд хийгддэг, яаралтай эхлэх шаардлагатай байтал Засаг даргын тамгын газрын дарга **ын хууль бус үйл ажиллагаанаас болж үйл ажиллагаа удааширч, төрийн ажил, ялангуяа хүүхдүүдийн сурч боловсрох орчинд хийгдэх ажил энэ чинээгээрээ ухарч түүний үр шимийг хүртэж байгаа хүмүүст ч гэсэн хохиролтой байхаар байна.

Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажилд их анхаарал тавьж байгаа ч ЗДТГ-н даргын хууль бус үйл ажиллагаанаас болж хойшилж, энэ хэмжээгээр мөн төрд учирсан хохирол ихэсч компанийн бизнесийн үйл ажиллагаа, эрх ашиг сонирхолд саад болж байгаа. Энэ талаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан өдөр Сангийн яаманд, Өвөрхангай аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргасан. Сангийн яамнаас 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 6-1/4719 тоот хариу албан бичгээр “Өмнө захиалагчийн гэрээ байгуулсан эрх олгосон шийдвэр үндэслэлтэй байгааг 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 6-1/4071 тоот албан бичгээр \Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн.

Гэвч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 2в/315 тоот хариу албан бичгээр тус гомдлыг Сангийн яам хянаж 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 6-1/4071 тоот албан бичгээр тус тендер хууль ёсны дагуу явагдсан гэж үзэн “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, тухайн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн байсныг 2021 оны 08 сарын 03-ны өдөр мэдсэн. Тендер шалгарснаас хойш Захиалагч талаас гэрээ байгуулах гээд очиход энэ тендерт гомдол гарсан тул гомдлыг шийдвэрлэтэл гэрээ байгуулахгүй гэс эн хариу өгсөн тул дээр гарсан гомдлыг шийдвэрлэтэл хүлээж байсан.

Ингээд Өвөрхангай аймагт гэрээ байгуулахаар очиж, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтэнтэй уулзах гэхэд байхгүй байсан. Улмаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Гүнсэнхоролтой уулзахад "Энэ тендертэй холбоотой гомдол гарсан гэсэн, тэр асуудал шийдэгдсэн үү" гэхэд нь би "энэ гомдол шийдвэрлэгдсэн байна лээ" гэж хэлсэн чинь "Би засаг даргатай уулзаж энэ талаар хариу өгье" гэж хэлсэн. Түүний маргааш нь холбогдоход "Ер нь наад ажлыг чинь Тамгын газрын дарга хүчингүй болгох гэж байгаа. Тамгын газрын даргатай холбогд” гэж хэлсэн. Дараа нь 2021 оны 08 сарын 04-ний өдрийн өглөө 10 цагт Гүнсэнхорол даргатай өрөөнд нь уулзахад Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 сарын 02-ны №**тоот тушаалыг хуулбарлаж өгсөн. Уг тушаалын агуулга нь Захиалагч тал болох Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/177 тоот " Гэрээ байгуулах эрх олгох тухай" тушаалыг хүчингүй болгосон тушаал байсан.

Анх тендер сонгон шалгаруулалт болж, Өвөрхангай аймаг Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 сарын 30-ны өдрийн №378 тоот "Гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр манай компанийг тендерт шалгарсан болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах эрх олгохыг мэдэгдэж ажлын 6-аас доошгүй хоногийн өмнө гэрээ байгуулахыг мэдэгдсэн.

Гэвч тендерт оролцогч "**" ХХК-аас Сангийн яаманд тендертэй холбоотой гомдол гаргасан, тус гомдлыг Сангийн яам хянан хэлэлцэж 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 6-1/4071 тоот албан бичиг гарсан болохыг 2021 оны 08 сарын 03-ны өдөр мэдсэн. Тухайн гомдлыг хэлэлцэх явцад Захиалагч болон манай компанитай гэрээ байгуулах, үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам түдгэлзүүлсэн бөгөөд харин гомдлыг шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болж байгааг мэдэгдсэн байсан.

Ингээд захиалагчтай гэрээ байгуулах гэтэл манай компанитай гэрээ байгуулахаас татгалзаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь 2021 оны 08 сарын 02-ны өдрийн **тоот тушаал гаргаж тус тушаалаар "ЗДТГ-ын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/177 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай" тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

“Арвайхээр сумын 4-р сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлын цахилгааны техникийн нөхцөлд өөрчлөлт оруулж байгаа тул тендерийг дахин зарлах болсон гэдэг шалтгаантай хариу албан бичиг өгсөн болно.

Өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч “Урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай” гэсэн шалтгаанаар “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн №121/ШЗ2021/0069 тоот захирамжаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” буцаасан болно.

Иймд Сангийн яаманд хандан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн тул дахин тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан "Сургуулийн номын сан, урлаг заалын өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль/ БШУЯ/202102037 ажил"-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “**" ХХК нь оролцож хууль ёсны дагуу тендерт ялсан ба энэ талаар Өвөрхангай аймаг дахь орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн №378 тоот албан бичгээр "Гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай" гэсэн албан бичгээр **" ХХК-аар тус ажлыг хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл ирүүлсэн.

Гэтэл захиалагч тал болох Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2021 оны 08 сарын 02-ны №**тоот тушаалаар "2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/177 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаалыг хүчингүй болгосноор захиалагчтай гэрээ байгуулах эрхгүй болсон тул Сангийн яаманд гомдол гаргахад 2021 оны 08 сарын 18-ны өдөр 6-1/4719 тоот албан бичгээр "Захиалагчийн гэрээ байгуулах шийдвэр үндэслэлтэй байгаа талаар 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 6-1/4071 тоот албан бичгээр Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн тухай хариу ирүүлсэн.                                 Тухайн хариу хүргүүлсэн тухай албан бичгийг хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргаад өнөөдрийг хүргэж байна. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2021 оны 08 сарын 02-ны №**тоот маргаан бүхий эрх зүйн акт гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж тус тус заасан байгаа. Иймээс Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 08 сарын 02-ны №**тоот тушаалаар "2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/177 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай" тушаалын биелэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалттай холбоотой гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Үүнд: 1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 ондуудад баригдах Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилгыг анх төлөвлөхдөө номын сан, урлаг заал, анги танхим, оффисын өрөө, ариун цэврийн өрөөтэй төлөвлөн “**” ХХК-тай зураг, төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Ковид цар тахлын улмаас зургийн гүйцэтгэгч аж ахуйн нэгж газар дээр нь ирж хэмжилт хийх боломжгүй байсны улмаас байршлын схем болон холбогдох материалуудыг цахимаар өгч зураг төслийг боловсруулсан. Барилга угсралтын ажил нь дулааны улиралд баригддаг учир зураг төслийг урьдчилан авч ажпын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан.

Гэвч ашиглагч байгууллагын зүгээс Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолын дагуу “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах болсонтой холбогдуулж өргөтгөлийн барилгад гал тогоо болон хооллох заал гаргах зайлшгүй шаардлага үүссэн тул тусгаж өгөхийг хүссэн.

Апбан хүсэлтийн дагуу өргөтгөлийн барилгад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн хангамж, хүчин чадал зэргийг тооцож цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийг дахин гаргуулсан. Шинээр авсан техникийн нөхцөлд 1, 2 дугаар багийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур №34-с салбарлан бкВ-н цахилгаан дамжуулах агаарын шугам барьж шугамын төгсгөлд 160кВА чадалтай РВО цэнэг шавхагчтай 10/0,4кВ иж бүрэн КТП дэд станц барьж цахилгаан эрчим хүчээр холбогдохоор заасан.

2. Шинээр авсан техникийн нөхцөл нь оройтож гарснаар ажпын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн ажлын тоо хэмжээнд орж зарлагдаагүй. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд зах зээлийн ханшаар тооцож үзэхэд 35,0-40,0 сая төгрөгийн төсөв гарч ирсэн байдаг.

Иймээс “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” 2021 оны 06 дугаар сарын 30- ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгож, шинээр боловсруулсан Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг дахин хийлгэж, тендер шалгаруулалтыг зарлах тухай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн **дугаар тушаалыг гаргасан болно ... Ингээд миний зүгээс гүйцэтгэгч байгууллагатай уулзаж хэдий гүйцэтгэх ажлын тоо, хэмжээнд ороогүй ч гэсэн дэд цахилгаан станцын ажлыг хамтад нь гүйцэтгэх арга хэлбэр юу байна судал гэсэн үүрэг өгсөн.                                                                                                                                          Гэтэл гүйцэтгэгч байгууллагын хувьд өрсөлдөгч байгууллага нь Сангийн яаманд гомдол өгөөд гомдол хэлэлцэгдээгүй байхад манай талаас гомдол өгөөд гүйцэтгэгч байгууллагын ажлыг нь эхлүүлэхгүй байгаа мэт манай талын ажилтнууд, дарга, цэрэг бүх хүмүүсийг хэл амаар доромжлоод зүй бус үйлдэл гаргасан байдаг. Бид төрийн ажлыг явуулж байгаа хүмүүс.                                Гүйцэтгэгч байгууллагатай хамтран энэ ажлыг гүйцэтгэхийн тулд 1-2 жилийн хугацаа орно. Энэ мэтчилэн хэл амтай байх юм бол ажил явахгүй. Ингээд гүйцэтгэгч байгууллагатай төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан талыг зөвлөлдөж чадахгүй байдалд хүрсэн учраас тушаалаа хүчингүй болгож дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Шийдвэрээ гаргахдаа холбогдох хууль дүрэм журмын заалтуудын зөрчилдөх, эс зөрчигдөх заалтуудыг удирдлага болгон албан ёсны хуульд нийцсэн тушаал гаргасан.                                                                               Өмнөх тендерийн хувьд захиалагч бидний алдаа дутагдал байсныг нуухгүй. Гэхдээ бид ажлаа үргэлжлүүлэх санал тавьсан хүлээн зөвшөөрөөгүй. Одоо ингэж цаг хугацаа алдчихаад эвлэрнэ гэдэг бол утгагүй зүйл байх. Тиймээс шүүхээс хууль ёсны ямар ч шийдвэр гарсан бид дагаж цаашдын ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**” ХХК нь тус шүүхэд хандаж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 сарын 02-ны өдрийн **тоот тушаал нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, Өвөрхангай аймгийн Тамгын газраас зарласан “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль /БШУЯ/202102037/ ажил”-ын гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль /БШУЯ/202102037/ ажил”-ын гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитойгоор хэлэлцэж дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4-р сургууль/ БШУЯ/202102037 ажил”-ын сонгон шалгаруулах тендер зарласан байна.

Улмаар “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/177 дугаартай Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар аймгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар дүгнэлтийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4 дүгээр сургууль/ БШУЯ/202102037 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 1.115.226.287 /нэг тэр бум нэг зуун арван таван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун наян долоо/ төгрөгөөр “**” ХХК-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, Тендерт шалгарсан аж, ахуй нэгжтэй гэрээ байгуулан, ажил гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд хүлээж авахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, Шалгарсан аж ахуй нэгж санхүүжилтээ авахад шаардагдах материалыг бүрдүүлэн өгөхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Мөн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас “**” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4 дүгээр сургууль/ БШУЯ/202102037 ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 1.115.226.287 /нэг тэр бум нэг зуун арван таван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун наян долоо/ төгрөгөөр гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахыг мэдэгдсэн байна.

Гэвч дээрх тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон “**” ХХК-аас захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд тус яамны 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 6-1/4071 дугаартай “гомдол хянасан тухай” албан бичгээр “**” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, захиалагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Мөн албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа тус албан бичиг гарснаар дуусгавар болж байгааг анхааруулсан байна.

“**” ХХК-ийн зүгээс дээрх Монгол улсын Сангийн яамны “гомдол хянасан тухай” шийдвэрт шүүхийн журмаар гомдол гаргаагүй байх бөгөөд тухайн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, ... 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийг хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан.

Мөн хуулийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус заасан нь захиалагчид үүрэг хүлээлгэсэн заалт байх тул тендер сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаж үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд захиалагч гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй юм.

Монгол улсын сангийн яамнаас “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад гомдлыг нь хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан тул захиалагчаас “**” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай “Гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт заасан мэдэгдлийн дагуу тендерт шалгарсан компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үүрэгтэй байсан.

Гэтэл Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн **дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заалын өргөтгөлийн барилга угсралтын ажлын техникийн нөхцөлд өөрчлөлт орсон тул “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/177 тоот тушаалыг хүчингүй болгож, Дээрх ажлын техникийн нөхцөлд орсон өөрчлөлтийг зураг төсөлд тусган дахин боловсруулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгаж, шинээр боловсруулсан зураг төслийн дагуу дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах талаарх захиалагчийн үүргийг заасан заалт болохоос захиалагч үүргээ биелүүлээгүйгээс хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаж тендерийн гүйцэтгэгчээр шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгосон өмнөх тушаалаа хүчингүй болгох эрх олгосон заалт биш юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохтой холбоотой заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж хуульчилсан.

Хариуцагчаас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/177 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалыг ямар үндэслэлээр сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж дүгнэж хүчингүй болгосон нь туйлын ойлгомжгүй байна.

Маргааны тохиолдолд Монгол улсын сангийн яамнаас “**” ХХК-ийн гомдлыг хянасан тухай шийдвэр гарснаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах ажиллагаа явагдах ёстой байсан бөгөөд тендер шалгаруулах үйл ажиллагаа явагдсанаас хойш техникийн нөхцөлд өөрчлөлт оруулж дахин гаргах болсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн “...Ашиглагч байгууллагын хүсэлтийн дагуу өргөтгөлийн барилгад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн хангамж, хүчин чадал зэргийг тооцож цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийг дахин гаргуулсан. Шинээр авсан техникийн нөхцөлд 1, 2 дугаар багийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур №34-с салбарлан бкВ-н цахилгаан дамжуулах агаарын шугам барьж шугамын төгсгөлд 160кВА чадалтай РВО цэнэг шавхагчтай 10/0,4кВ иж бүрэн КТП дэд станц барьж цахилгаан эрчим хүчээр холбогдохоор заасан. Шинээр авсан техникийн нөхцөл нь оройтож гарснаар ажпын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн ажлын тоо хэмжээнд орж зарлагдаагүй. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд зах зээлийн ханшаар тооцож үзэхэд 35,0-40,0 сая төгрөгийн төсөв гарч ирсэн байдаг. Иймээс “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” 2021 оны 06 дугаар сарын 30- ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгож, шинээр боловсруулсан Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг дахин хийлгэж, тендер шалгаруулалтыг зарлах тухай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн **дугаар тушаалыг гаргасан” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “‹‹Хамгийн сайн›› үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас дүгнэвэл, захиалагч нь өмнө гарсан гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох 2 тохиолдол байж болохоор байх боловч маргааны тохиолдолд эдгээр нөхцөлүүд бий болоогүй байна.

Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн “гэрээ байгуулах” ашиг сонирхол нь хэвээр байх тул Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн **дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүй болгож,  /Өвөрхангай, Арвайхээр сум, 4 дүгээр сургууль/ БШУЯ/202102037 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарсан “**” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” **дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөл /Өвөрхангай, Арвайхээр сум, 4 дүгээр сургууль/ БШУЯ/202102037 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарсан “**” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.НЭРГҮЙ