Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 218

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0236/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч А.А, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,  
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ***** ын *******  холбогдох 201609000587 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****  овогт ******ын М  /РД: **** ******д төрсөн, **** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “********ажилтай, ******** ын хамт ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ******* тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч ******  нь 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ****** байрны гадаа хохирогч  *****ыг зүй бус харьцаа гаргахад түүнтэй маргалдаж,  улмаар ****** ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
    
-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би найзуудтайгаа 
бааранд орж суусан. Тухайн үед манай найзууд цэргээс халагдаад ирсэн байсан болохоор 
маш их сэтгэл догдолсон байсан. Ингээд найзуудтайгаа 28 дугаар байранд байрлах найз ***** рынд орчихоод гарч ирэхдээ сэтгэл догдлоод орилчихсон юм. Гэтэл цаанаас А.А  өөр хэдэн хүмүүстэй гүйж ирээд “шинэ Дарханд бацаанууд орилох болоогүй шүү” гэж А.А  хэлсэн. Ингээд маргалдаад, хэрэлдээд зогсож байхад хажуугаас *****  гээд хохирогчийн найз нь цохичихсон. Тэгэхээр нь А.А ыг цохисон. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч  ****** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би хуучин хороололд *****  гэх найзындаа хэдэн найзуудын хамт очих гээд явж байхад араас хэдэн хүмүүс “хөөе пиздануудаа” гэхээр нь эргээд харахад “юу хараад байгаа юм” гээд маргаан үүссэн. Энэ маргааны улмаас Б.М  намайг цохисон газар унасны дараа өшиглөсөн. Миний 5 шүд хугарсан. Одоо энэ шүдээ эмчлүүлэхэд маш их мөнгө хэрэг болж байгаа. Би англи хэлтэй сургуульд суралцдаг одоогийн байдлаар хичээл их байгаа. Хурдан шүдээ эмчлүүлэх хэрэгтэй байна. Нэг импланд шүд хийлгэхэд 2300000 төгрөг болно гэсэн. Нийт 5 шүд хийлгэхэд 11500000 төгрөг болно. Шаардлагатай тохиолдолд дахин 1000000 төгрөгний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Шүдний эмчилгээ нийт 12500000 төгрөг болж байгаа. Би 15000000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны маш их хохиролтой байна.” гэх мэдүүлэг, 

-Гэрч ****** ын мөрдөн байцаалын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны орой би гэртээ байж байтал 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед манай найзууд ******, ***** , М , *****  нар над дээр эмийн сангаас эм авчирч өгсөн. Тухайн үед миний ходоод өвдөөд гэртээ ганцаараа босч чадахгүй байсан учраас найзуудыгаа эм авчираад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би найзуудынхаа авч ирж өгсөн эмийг нь уугаад бөөнөөрөө гадаа гарч салхинд алхая гээд манай 32 дугаар байрнаас гараад 27 дугаар байрны тийшээ явцгаасан. Ингээд явж байхдаа бид нар хоорондоо юм яриад инээлдээд М  өө гээд хашхирсан. Тэгсэн чинь 25 дугаар байрны тэндээс 3 залуу бид нар луу гүйж ирээд та нар яасан гэнээ, Шинэ Дарханд та нар ингэж том дуугарах болчихсон юмуу гэж хэлсэн. Тэгээд бид нар урдаас нь юм хэлэлгүй явах гэтэл бандгар жижиг шар залуу нь манай найз М ийн урдаас духруу нь толгойгоороо тулаад маргалдаж байтал хажуу талаас нь хар куртиктэй залуу М ийг нүүр лүү нь 1 удаа алгадчихаад арагшаа болсон. Тэгэхэд М  бандгар жижиг шар залууг гараараа нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгсэн залуу доошоо суугаад Мөнх-Эрдэний хөлийг хамж барьж авах гэтэл *****  хойшоо болоод хөлөө жийсэн нь тэр залуугийн мөр цээж орчимд хөл нь хүрсэн тэгээд М  27 дугаар байрны тийшээ зугтаачихсан. Араас нь бандгар залуутай хамт явсан 2 найз нь хөөсөн. ***** , ***** , *****  бид 4 үлдсэн. Тэгсэн нөгөө бандгар залуу М д цохиулсныхаа дараа амаа бариад доошоо суусан. Тэгснээ шүд уначихлаа гээд цагдаа дуудсан. Бид нар тэгээд гэр рүүгээ яваад өгсөн. *****ийг зугтаагаад явахаар бид нар тэр чигээрээ зугтаагаад явсан байх гэж бодсон. Нөгөө бандгар шар залуу нь эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. 
…Анх бол гэмтэл шарх харагдаагүй, *****д цохиулсны дараа шүд уначихсан гэж байсан. Амнаас нь бага зэрэг цус гоожсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,  

-Гэрч Ц.***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед М  бид 2 гэрээсээ хамт гараад найз ***** той уулзаад Күеин бааранд орж суусан. Сууж байхад М  2 шил пиво уусан. *****  бид 2 пиво уугаагүй ёс болгоод М ийн ууж байсан пивоноос амссан. Күеинд бид 3 цаг орчим суугаад тэндээсээ гараад хуучин хорооллын 27 дугаар байранд ***** ын гэрт очоод ***** ыг аваад гадагшаа гараад 28 дугаар байрны эмийн сан ороод найз ***** рт ходоодны эм авчихаад 32 дугаар байранд ***** рын гэрт орсон. ***** р бид нарын авч орсон эмийг уучихаад бид нартай хамт хувцсаа өмсөөд гарсан. ***** , ***** р, ***** , М  бид 5 гадагшаа гарч салхилах гэж гарсан. *****  бид 2 цэргээс халагдаж ирээд найзуудтайгаа жил уулзаагүй учраас жаахан юм ярьж суух санаатай байсан. Тэгээд бид нар ***** рын гэрээс гараад хуучин 25 дугаар байрны тийшээ алхсан. Алхаж байхдаа бид нар хоорондоо юм яриад инээлдээд явж байсан. М  зүгээр л сэтгэл хөөрсөн байсан байх өөе гээд хашхирсан чинь цаанаас 25 дугаар байрны тэндээс 3 залуу бид нар луу гүйгээд ирсэн. Тэгснээ одоо зодуулсан гээд байгаа бандгар шар залуу та нар Шинэ Дарханд ингэх болоогүй шүү гэлүү тиймэрхүү утгатай юм хэлээд М тэй тулж зогсож байсан. Тэгсэн тэр залуутай хамт явж байсан куртиктэй залуу М ийн хөлийг нь дэгээдсэн. Тэгсэн М  унаагүй тогтсон чинь М ийн нүүр лүү 1 удаа гараараа цохичихоод хойшоо болсон. Тэгсэн М  зодуулсан гэх залууг нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн тэр залуу доошоо тонгойх шиг болсон. Тэр хооронд Ууганболд бид 2 *****ийг салгах гэтэл нөгөө залуутай хамт явсан 2 залуу нь бид хоёрыг барьж аваад байсан. Тэгтэл ***** цаашаа зугтаасан тэгсэн хамт явсан 2 залуу нь араас нь хөөсөн. Зодуулсан гэх залуу доошоо тонгойгоод сууж байснаа босч ирээд шүд уначихлаа гээд цагдаа дуудсан. **** ****  2 гэр рүүгээ харьсан. **** бид 2 цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. ***** цаашаа зугтаасан чинь араас хөөсөн 2 залуу барьж аваад машинд суулгаад араас цагдаа дээр авч ирсэн. 
…Үгүй, ***** тэр залууг өшиглөж дэвссэн зүйл байхгүй. Зодуулсан гэх залуугийн амнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Тэр үед тэр залуу шүд унагачихлаа гээд ярзайгаад харуулсан чинь шүд нь уначихсан байсан. Хэдэн шүд унасныг нь бол би мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,     

-Гэрч А.***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед М , *****  бид 3 уулзаад Күеин бааранд орж М  2 шил пиво уусан. *****  бид 2 уугаагүй М ийн ууж байсан пивоноос амссан. Тэгээд Күеин баарнаас 23 цагийн үед М , *****  бид 3 гараад манай ***** р гээд найзын ходоод нь өвдөөд гээд эм аваад ирээч гэсэн. Тэгээд бид 3 эхлээд М ийн найз гээд хуучин хороолол 27 дугаар байранд ***** ынд очоод ***** ыг аваад бид 4 28 дугаар байрны эмийн сан орж эм аваад хуучин хорооллын 32 дугаар байранд ***** рын гэрт очсон. 
…М , ***** , ***** , ***** р бид 5 гараад салхинд алхах гээд явж байсан. Явж байхдаа бид нар хоорондоо юм яриад алхаж байгаад М  өөөө гээд хашхирсан чинь урдаас 3-н залуу бид нар дээр ирээд М тэй тулж ирээд та нар ингэх болоогүй шүү та нар хэн бэ энэ тэр гээд байсан. Тэгсэн хар куртиктэй нь М ийг дэгээдсэн. Тэгсэн М  бандгар шар залууг нүүр лүү нь цохиод доошоо тонгойход нь өвдөглөсөн үү жийсэн үү би яг сайн хараагүй тэгээд М  зугтаачихсан.
…Бид тавыг алхаж байхад *****  өөө гээд орилсон чинь бид дээр тэр 3 залуу ирээд “та нар хэн бэ?, юэ бэ?” гээл маргалдаж эхэлсэн. Бид нартай маргалдсан залуу залуучууд нилээн согтсон байх шиг байсан.  Мэдэхгүй, зүгээр л хашгирсан, ***** өөрөө цэрэгт явах сонирхолтой байсан боловч эрүүл мэндээр тэнцээгүй тэгээд ***** бид 2 яваад ирсэн гээд баярлаал тэгж хашгирсан байх өөр ямар нэгэн санаагүй байсан гэж бодож байна.***** өшиглөсөн үгүйг бол мэдэхгүй, ямар ч байсан ****** тэр залууг цохихыг бол харсан. Шүд унасан гэж байсан, тэр залуу өөрөө нэг унасан шүд бариад явж байсан.
…***** нь даруухан ааш зан гайгүй, тусархуу, муу зуршилгүй, архи тамхи хэрэглэж байгаагүй. Ширэндэв бид хоёрыг цэргээс ирсэн гээл 2 шил пиво уусан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/,   

-Гэрч Б.***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 22-ны орой ***** , ***** , М  З намайг 27 дугаар байранд найз охиныдоо байхад орж ирээд ***** рын ходоод нь өвдөөд байна, эм аваад ирээч гэхээр нь би ***** , ***** , М  нартай хамт гараад 28 дугаар байрны эмийн сан ороод эм аваад хуучин хорооллын 32 дугаар байранд ***** рын гэрт очсон. Тэгээд ***** р эм уучихаад хувцасаа өмсөөд бид нартай хамт буцаад гадаа гарсан. Тэгээд ***** , ***** , М , ***** р бид 5 хуучин хороолол 27 дугаар байр орох гээд явж байсан ингээд явж байхад хамгийн урд М , *****  2, араас нь ***** р, *****  2, түүний ард би явж байсан. Тэгээд явж байхад М  өөөөө гэж хашхирахыг нь бол сонссон тэгсэн З залуу М ийн урдаас ирээд жижиг бандгар залуу М тэй маргалдаад байсан, тэгсэн хажуугаар нь өндөр хар куртиктэй залуу орж ирээд хуучин хороололд та нар ингэж том дуугарах болоогүй бацаанууд гэж хэлээд М ийг алгадаад дэгээдсэн. М  дэгээдэхэд нь унаагүй тогтсон, М ийг цохьсон залуу хаашаа явсныг мэдэхгүй, М  бандгар жижиг залуутай цохилцоод байх шиг байсан. Тэгснээ М  цаашаа зугтаачихсан. Үлдсэн бид нар ч зодолдохоо болиод салцгаасан тэгсэн бандгар жижиг залуу ирснээ миний шүд уначихлаа гээд цагдаа дуудсан.
…*****  2 шил пиво уусан гэсэн бусад нь бол уугаагүй байсан. *****  өөөе гээд хашгирахаар тэр 3 залуу өөрсдийг нь дуудаж байна гэж бодсон юм уу, яасан юм ирээд та нар ингэхгүй шүүд гээд маргалдаж эхэлсэн. Бид нартай маргалдсан залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нилээн согтолттой байх шиг байсан. Тэрийг бол анзаараагүй байхгүй байх шиг байсан. Сүүлд нь харахад ам нь жаахан цус болчихсон шүд уначихсан гэж байсан.” Гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/, 

-Гэрч Д.***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*****  *****  эхлээд пиво уусан байсан манайд ирээд 750 гр хараа архийг *****  *****  бид 3 хувааж уусан дараа нь үйлчилгээ төвд *****  *****  2 той уулзаад нэмж 750 гр хараа архи, 2 литрийн пиво авсан тэрийгээ *****  *****  *****  *****  бид нар хувааж уусан. *****  бол согтчихсон байсан бусад нь бол гайгүй байсан. *****  нилээн согтсон байсан. Би өөрөө бол гайгүй байсан, болсон үйл явдлыг бол мэдэж байгаа. 
…*****  *****  бид гурвыг явж байхад хойно хүн орилж хашгирсан эргээд харсан чинь юугаа харсан пиздаа энэ тэр гээл тэгээд *****  бид 2 очоод *****  гэдэг залуутай *****  маргалдаад барилцаад авсан. *****  орилж хашгирсан чинь *****  бид 2 очоод араас *****  ирсэн. Тэгээд *****  тэр *****  гэдэг залуу 2 барилцаж аваад хоорондоо маргалдаад зогсож байсан. Бусад нээх зодоон болоогүй. Би сайн хараагүй ямар ч байсан нэг харахад *****  ***** ыг гараараа цохиж байхыг нь харсан өөр яаж юугаар зодож цохисныг нь хараагүй би цаана нь нэг залуутай зууралдаад зогсож байсан. Яг зодож цохиж байхыг нь би хараагүй. 
...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зодож цохисон зүйл байхгүй, зууралдсан л асуудал байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/, 

-Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд 25 дугаар байрны орцны үүдэнд *****  бид 2 юм яриад зогсож байсан чинь хойно хүмүүс маргалдаж зодолдох чимээ гарсан тэгэхээр нь би *****  *****  Батхүү гурвыг байна гэж бодоод гүйгээд очсон чинь зодоон цохион болоод дууссан байдалтай тэнд байсан залуучууд зүгээр зогсож байсан. Харин *****  ам гар нь цус болчихсон зогсож байсан би яасан гэсэн чинь *****  миний шүд уначихлаа гэж хэлсэн. Хэн тэгсэн юм бэ? гэсэн чинь тэр гээд заахаар нь харсан чинь Батхүү нэг залуугийн араас хөөж байсан. Тэрийг нь бол би сайн мэдэхгүй, би бол зодолдоогүй, зугтаасан залууг араас нь хөөж барьсан.
…Зодолдсоноос л болж унасан байх, намайг гүйгээд очиход *****  шүд уначихлаа гээд ам гар нь цус болчихсон байсан. 
…Тэр залууг зугатааж байгаад халтираад унахаар нь би очоод босгох гээд татсан чинь тэр залуу миний эгэмрүү өшиглөсөн тэгэхээр нь би чи яасан овоо юм гээд гарыг нь өчиж мушгисан юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/,   

-Гэрч Л.***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Нохойхүү, Билгүүн 2 бид нараас түрүүлээд явж байсан ард А  *****  бид З явж байсан, тэгтэл араас нэг залуу нь хашхираад орилох шиг болсон, тэгээд бид З эргээд харсан чинь шар хар богино куртиктэй залуу юугаа хараад байгаа пизданууд гэж хэлсэн чинь тэр залуучууд руу А , *****  2 очоод А  тэр залуутай барилцаад авсан, тэгэхээр нь би араас нь очоод салгах гэсэн чинь тэр А тай барилцаж авсан залуу намайг эхлээд шанаа руу цохьсон, тэгэхээр нь зөрүүлээд цохьсон, тэгсэн хажуу талаас 2 залуу орж ирээд зууралдаад авсан, тэгсэн бид нарын араас Билгүүн гүйгээд ирсэн, тэгээд ерөнхийдөө салцгаасан тэгэхэд ***** ыг цохисон залуу зугтаасан араас нь Батхүү *****  хөөсөн. Тэгээд бусад үлдсэн залуучуудтай хэл амаа олоё гээд зогсож байтал *****  утсаар яриад цагдаа дуудаад байсан тэгэхээр нь би цагдааруу залгаж яах гэж байгаан гэсэн чинь *****  миний шүд уначихлаа гээд хацар нь цус болчихсон байсан. Тэгээд *****  эмнэлэг явахаар болоод би гэртээ хариад Батхүү *****  2 Батхүүгийн гэрт очиж хоносон байсан. ***** ээ ***** ыг зодсон залууг араас нь хөөгөөд бариад аваад ирсэн. *****  машинтай найз Уранбилэгийг дуудсан байсан тэгээд тэр залууг *****  *****  бид 3 машинд суулгаад эмнэлэгт үзүүлсэн чинь ***** ын 5 шүдийг унасан байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би байрруугаа явж амарсан, ***** , ***** ,          *****  нар цагдаа руу ирж мэдүүлэг өгнө гээд явсан. 
…Тэр *****  гэдэг залуу л цохисон гэж байсан яг цохихыг нь бол хараагүй. Яг тэр үед *****  1 шүд бариад явж байхыг нь харсан бусдыг нь бол хараагүй. Үгүй тэр 2 эхэлж очоод зодолдоод эхлэх шиг болохоор нь би очоод салгах гэж байгаад *****  гэдэг залууд нэг цохиулж би буцаагаад цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/, 

    -Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 31 дэх тал/, 

-“…А.А ын биед тархи доргилт, 5 шүдний бүрэн мултрал, хажуугийн шүднүүдийн хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй байдал, баруун шанаа ба зүүн өвдөг орчмын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. А.А ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15%-иар алдагдуулна.” Гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1134 дугаартай шинжээчийн дүгнэлт, 

-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.***** ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Үзүэхэд үүдэн дээд 2, доод 3 шүд үгүй, цусархаг оромтой байсан. Энэ нь шинэ гэмтэл болохыг харуулж байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт… хоншоорын үүдэн 2 шүд, эрүүний доод үүдэн 3 шүд мултарч унасан, буйлнаас шүдний оромноос цус гарна гэсэн тэмдэглэл нь шинэ гэмтэл болохыг баталж байна. А.А ын биед учирсан 5 шүдний мултрал нь гуталтай хөлөөр өшиглөх, зангидсан гараар хүчтэй цохих зэрэгт үүсэх боломжтой. Энэ нь хүчтэй нэг удаагийн цохилтоор ч үүсч болно. А.А  нь нас залуу 21 настай, мултарсан үүдэн 5 шүдний хажуугийн шүднүүд бүрэн бүтэн, илэрхий цооролт хорхойтох эмгэг өөрчлөлт илрээгүй зэрэг нь мултарсан шүднүүд гэмтлийн шалтгаантай болохыг харуулж байна. А.***** ын биед илэрсэн 5 шүдний мултралаас гадна хажуугийн шүднүүдийн хөдөлгөөнтэй эмзэглэлтэй байдал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэлтэй гэж гарсан байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дахь тал/, 

-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 53-55 дахь тал/, 

-Монсей шүдний эмнэлэгийн эмчийн магадлагаа /хэргийн 88 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч  Б.*****  нь 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 25 дугаар байрны гадаа хохирогч А.***** ыг зүй бус харьцаа гаргахад түүнтэй маргалдаж, улмаар А.***** ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 Иймд шүүгдэгч ******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч А.А  нь шүд хийлгэх эмчилгээний зардалд 12500000 төгрөг нэхэмжилж эмнэлгийн тодорхойлолт ирүүлсэн боловч энэ нь зайлшгүй гарсан бодит зардал биш байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч А.А  нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч ******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 45 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*****  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*****  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч ****  овогт *****ын *****ийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***** овогт *****ын ***** д 400 /дөрвөн зуун/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.***** д анхааруулсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөрт 388000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч А.*****  нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.***** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Я.ТУУЛ