Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0386/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д.З-,

Шүүгдэгч Э.Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** Э.Т-т холбогдох эрүүгийн 2218000000447 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 6 дугаар гудамжны задгайд оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн ************** Э.Т- /**************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд ************************** дугаар гудамжны задгай тоотод буюу гэртээ төрсөн хүү 5 настай Т.Т.М-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн өглөө нь архи уусан. Орой нь найзуудтайгаа гэртээ байж байх үед хүүхэд маань гэр тойроод гүйгээд байхаар нь барьж аваад ор луу шидсэн.” гэв.

 

Эрүүгийн 2218000000447 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Э.Э.Т-ын өгсөн: “...аав намайг ор луу савсан. Аав минь архи уусан согтуу байсан. Аав урьд өмнө нь зодож байгаагүй. Хөл минь хугарсан байгаа.” гэх мэдүүлэг  /хх 25-26/,

 

Гэрч Ц.Ц.О-ийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг болж байхад гэртээ би яндангаа хөөлөөд зогсож байсан чинь манай дунд хүү 4 настай Т.М- гэр дотроо тойрч гүйгээд тоглоод байж байгаад гэрийн гадаа гарч гүйсэн чинь манай нөхөр Э.Т- хүүгээ гаднаас гараас нь чирч аваад гэрийн хоймор хэсэгт байсан падушкан дээр аваад шидчихээд унахаар нь дахиж аваад баруун хөл талаар нь хүчтэй саваад энэ пяздаг чинь алаад хаячихъя л даа дандаа үймүүлээд байдаг юм гээд орон дээр хүчтэй шидсэн. Тэгсэн чинь манай хүүхэд орилоод явчихсан. Тэгээд ээжээ хөл хөл гээд ихэр татаад уйлаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Э.Т- хөлийг нь бариад тэгшлээд зүгээр л байна ш дээ кулказ орчихсон юм биш үү гэж хэлээд гутал хувцсаа аваад хуучин Дархан явлаа гээд гараад явчихсан юм. Тухайн үед манай гэрт Д- гэх залуу болон Ч- нар байсан. Би тэр хоёрт та хоёр салгахгүй юм уу миний хүүхдийг аллаа шүү дээ гэж хэлсэн чинь гэр бүлийн асуудал бид нарт хамаагүй гээд хөдлөхгүй байсан. Ч-, Д- болон манай нөхөр Э.Т- тэр гурав Хамаг Монгол гэх нэртэй 0.75 литрийн архи хоёр шилийг хувааж уугаад байж байсан. Анх удаа л ингэж гэмтэл учруулж зодож байна. Манай нөхөр архи уухаараа агсам байдаг. Архи уухгүй үедээ гайгүй л байдаг. Ажил төрөл хийгээд байдаггүй. Өглөө гараад орой орж ирдэг. Урьд өмнө хулгайн хэргээр ял эдэлж байсан. Хамгийн сүүлд цагийн ял аваад тэр ялаа биелүүлэхгүй байсан ба одоо хоригдоно гээд өөрөө яриад байсан. Сая хүүхдийнхээ хөлийг хугалахдаа одоо би хоригдох юм чинь яасан ч яадаг юм гэдэг байдлаар хандаж байсан. Т.М- уул нь Э.Т-ын төрсөн хүү нь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Б.Д-гийн өгсөн: “...Тухайн үед Э.Т- болон түүний эхнэр гурван хүүхдийн хамтаар болон Ч- гэх дүүгийн хамтаар байж байсан. Тэгээд би 00 байхгүй байхаар нь бие засах гээд нойл орох гээд тамхи татах гээд гадаа гараад байж байсан чинь Э.Т-ын дундах хүүхэд гэрээ тойроод хоёр удаа гүйгээд байсан. Тэгээд Э.Т- дунд хүүгээ авах гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй хүүхэд нь уйлаад ааваа болио би дахиж тэгэхгүй ээ гээд уйлаад байсан. Тухайн үед Ч- бид хоёр юу болоод байна аа гээд гэр лүү дотогш ороход ээж нь чи хүүхдийнхээ хөлийг гэмтээчихлээ шүү дээ гэж хэлсэн чинь Э.Т- хүүхдийнхээ хөлийг бариад зүгээр байна аа булгалчихсан юм шиг байна гурвуулаа явъя гээд бид хоёрыг дагуулаад Олон улс руу явсан юм аа. Тэгээд бид гурав Ч-ийн гэрт очоод ганц юм уугаад байж байсан чинь Ч-ийн эхнэр түлхүүр хүнд аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь түлхүүрийг нь аваачиж өгөөд буцааж Э.Т-ын гэрт очсон чинь эхнэр хүүхэд нь байхгүй гэрт нь хүн байхгүй байхаар нь гал түлээд байж байсан чинь удалгүй цагдаа ирсэн юм аа. Э.Т-ыг хүүхдээ ор луу саваад хөлийг нь гэмтээх үед Ч- бид хоёр Э.Т-ыг салгаад чи болохгүй шүү дээ гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 35/,

 

Гэрч Н.Ч-ийн өгсөн: “...Т.М- гэх хүүхэд нь хойд орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн ааваа уучлаарай дахиж би тэгэхгүй ээ гээд 2 алгаа хавсраад залбирах байдалтай үйлдэл гаргаад байж байсан. Харин Э.Т- хөлийг нь бариад татаад сунгаад байсан. Т.М- хөлөө сойсон байдалтай хэвтэж байсан чинь Э.Т- ямар бааштай юм бэ гэж хэлээд хөлийг нь татаад байсан. Д- хажуугаас нь чи одоо болиоч хүүхдээ гэж хэлсэн чинь Э.Т- хариуд нь яадаг юм би угаасаа ялтай шоронд явах гэж байгаа юм чинь гэж хэлсэн Т.М- уйлаад байгаад байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Ц.Ц.Т-гийн өгсөн: “...хүүхэд цочромтгой уйлсан хөл рүүгээ ойртуулахаар өвдөнө гэж орилно. Баруун гуя хөхөрч хавдсан хэлбэр алдагдсан хөдөлгөөн хязгаарлагдмал рентген зурагт харахаар баруун дунд чөмөг гандан хэсгээрээ ташуу хугарч зөрсөн байдалтай байсан. Өнөөдөр хагалгаанд бэлдээд маргааш яс хадах хагалгаа хийхээр төлөвлөж байна. Тус гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Хүүхэд маань өөрөө аавдаа зодуулсан орноос авч шидсэн гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 33/

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1082 дугаартай “...Т.Т.М-ын биед баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Т.Т.М-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 52-53/,

 

Шүүгдэгч Э.Э.Т-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх 70-90/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /хх 94-95/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 98-102/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

 шүүгдэгч Э.Э.Т-ыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд ************************** дугаар гудамжны задгай тоотод буюу гэртээ төрсөн хүү 5 настай Т.Т.М-ыг “гэр тойрч гүйлээ” гэдгээр шалтаглан ор луу шидэж эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Т-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Бага насны хохирогч Т.Т.М-ын эрүүл мэдэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1082 дугаартай “...Т.Т.М-ын биед баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Т.Т.М-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 52-53/-ээр тогтоогджээ.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- нь “нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх тайлбар /хх 27/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“шүүгдэгч Э.Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 494 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 61 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт”-ийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д.З- “Э.Э.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч талаас гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн үйлчлүүлэгч маань урьд ял шийтгэлтэй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй үйлдэл анх удаагаа үйлдсэн. Энэ үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлдэг. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлтийг”-ийг, шүүгдэгч Э.Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Би гэм буруугаа ойлгож, ухаарч байна” гэж мэтгэлцлээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Э.Т-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э.Т- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Т-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 494 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 61 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон 41 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ************** Э.Т-ыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.Т-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 494 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 61 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ