Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0399/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Иргэний нэхэмжлэгч П.П.Б-,

Шүүгдэгч Х.Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** Х.Н-т холбогдох эрүүгийн 2218003380393 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *************тоотод оршин суух, Урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн ************** Х.Н- /Регистрийн дугаар *************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х.Н- нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Б.С-ы эзэмшлийн ************** тоот байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн 65 инчийн зурагт 1 ширхэг, усны сав 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулж,

 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ************** тоот Б.Б.О-ийн гэрээс "Самсунг А11" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед архи уучихсан байсан юм. Миний буруу.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүнээс зурагт худалдаж авсан. Ямар аргаар юугаар орж ирснийг нь мэдээгүй худалдаж авсан. Самсунгийн 60 инчийн том зурагт байсан. 150,000 төгрөг бэлнээр өгөөд дараа нь дэлгүүрээс гар утсаа авах хэрэгтэй байна гээд байхаар нь Шинэ Дарханы дэлгүүрээс 20,000 төгрөгөөр байх авч өгсөн. Би зурагт худалдаж авсан 150,000 төгрөгөө нэхэмжилж байна. Бусдыг нь авахгүй. Би авгай хүүхэдтэйгээ маргаан үүсгээд хөөгдчихсөн. Гэрээс ганц авч үлдсэн юм зурагт байна. Манай арын айлд байгаа гэж хэлсэн. Үнэхээр салж сарниад зурагттайгаа үлдсэн юм байна гэж би итгэсэн. Яах арга үгүй мөнгөний хэрэг гараад байна гээд, 2-3 хоног зурагт авчих гээд намайг гуйгаад байсан. Эхлээд татгалзсан. Өрөвч сэтгэл, гэнэн цайлган зангаасаа болоод ийм зүйл боллоо.” гэв.

 

Эрүүгийн 2218003380393 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б.С-ы өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу гэр бүлийн хамт явсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 27- ны өдөр том хүүхэдтэйгээ ирсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг руу явсан. Миний хүргэн ах Б-од манай нохойг хооллочхоорой гэж хэлсэн. Хүргэн ах манай нохойг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хооллоод явахад гэрийн цонх бүрэн бүтэн байсан. Тэгээд манай гэр бүл Увс аймгаас 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 2 дугаар баг 6-7 тоотод гэртээ ирэхэд хаалга цоожгүй, цонх хагарсан байдалтай байсан. Гэр рүүгээ дотогш ороход 65 инчийн Самсунг маркийн зурагт, 20 литрийн усны сав 2 ширхэг алга болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг  /хх 21-25/,

 

Хохирогч Б.Б.О-ийн өгсөн: “...нөхөртэй байшингийн гадаа дахиад архи уугаад сууж байхаар нь би нөгөө залуу руу залуу хүн байж яагаад архи дарс өдөр алгасахгүй уугаад байдаг юм бэ гэсэн чинь уучлаарай эгч дүү нь өнөөдөр говь руу ажил руугаа явах гэж байгаа юм. Тэгээд ахтайгаа нэг шил архи уусан гэхээр нь би гэртээ орсон чинь удаагүй явчихсан байсан. Дахиж манайхаар ирээгүй. Орой 17 цагийн орчим манай нөхөр хойд өрөөндөө унтаад, манай охин нэг найзтайгаа хичээлээ хийгээд сууж байсан. Миний нойр хүрээд байхаар нь хэсэг дуг хийгээд 5-10 минут болоод сэрсэн чинь манай охин гаднаас ороод ирсэн. Тэгээд би утсаар ярих гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь утсаа хайгаад олохгүй болохоор охиноосоо асуусан чинь "Би сая найзыгаа зам руу гаргаж өгөх гээд гарахад таны утас гал тогооны ширээн дээр байсан надтай зөрөөд өчигдөр өвөөтэй уулзсан ах манайх руу орсон шүү дээ" гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуугаа хайгаад олоогүй шууд цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх 96-100/,

 

Иргэний нэхэмжлэгч П.П.Б-гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 47 минутын орчимд Дархан сумын 5 дугаар баг Хүнсчид 11 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна манай нөхөр В.Б- ус аваад ирээд зогсож байхад хашааны буланд 35-40 орчим насны өндөр бор эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд манай нөхөртэй уулзаад эхнэрээсээ салчихсан мөнгөний хэрэг гараад байна, зурагт авах уу гэж хэлээд гуйгаад байхаар нь 65 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин дараа нь би тухайн хүнтэй хамт дэлгүүр ороод архи, оймс, барьцаанд тавьсан утас зэргийг нь нийлээд 40.000 төгрөгөөр авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх 37-38/,

 

Гэрч Д.Д- өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед эхнэр С- хамт Мандат хайрхан дэлгүүр орох үед дэлгүүрийн үүдэнд 2 шар өнгийн усны сав барьсан эрэгтэй өндөр хүн усны сав авах уу гэж хэлэхээр нь хэд вэ гэхэд 10.000 төгрөг гэжхэлэхээр би 10.000 төгрөгөөр авахгүй гээд хэлсэн. Тэр ахыг харахад архи уусан болохоор нь 1 шил архи зээлээд өгөх үү гэхэд ах нь архи уухгүй тэрний оронд ахдаа 1 ширхэг ундаа таксины 3000 төгрөг өгчих Батилонд байдаг гэртээ харихгүй бол болохгүй гэсэн. Тэгээд эхнэр болох С- М- дэлгүүрээс 1 ширхэг ундаа, 3000 төгрөг өгөөд 2 ширхэг усны шар өнгийн савыг нь авсан. Нөхөр бид хоёрт усны сав зарсан хүн цэнхэр өнгийн малгайтай сорочик нь судалтай цамцтай, саарал өнгийн өмдтэй байсан, мөн өндөр туранхай, том уруултай, навтгар хамартай, бор хүн байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Д.Д- өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед эхнэр С- хамт М- хайрхан дэлгүүр орох үед дэлгүүрийн үүдэнд 2 шар өнгийн усны сав барьсан эрэгтэй өндөр хүн усны сав авах уу гэж хэлэхээр нь хэд вэ гэхэд 10.000 төгрөг гэжхэлэхээр би 10.000 төгрөгөөр авахгүй гээд хэлсэн. Тэр ахыг харахад архи уусан болохоор нь 1 шил архи зээлээд өгөх үү гэхэд ах нь архи уухгүй тэрний оронд ахдаа 1 ширхэг ундаа таксины 3000 төгрөг өгчих Батилонд байдаг гэртээ харихгүй бол болохгүй гэсэн. Тэгээд эхнэр болох С- М- дэлгүүрээс 1 ширхэг ундаа, 3000 төгрөг өгөөд 2 ширхэг усны шар өнгийн савыг нь авсан. Нөхөр бид хоёрт усны сав зарсан хүн цэнхэр өнгийн малгайтай сорочик нь судалтай цамцтай, саарал өнгийн өмдтэй байсан, мөн өндөр туранхай, том уруултай, навтгар хамартай, бор хүн байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч З.Т- өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан 9 сарын эхээр Х.Н- манай гэрт халамцуу орж ирээд гар утас зарна гэхээр нь хэдээр зарах гэж байгаа юм гэсэн чинь хоёр шил архиар өгнө гэхээр нь би дэлгүүрээс 1 шил хараа нэртэй архи авч өгсөн. Тэр өдрөөс хойш би тухайн гар утсыг ашиглаж байна.” гэх мэдүүлэг /хх 107/,

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Самсунг маркийн 65 инчийн өнгөт зурагтын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг байна. ” /хх 44/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “20л багтаамжтай шар өнгийн усны сав 2 ширхэг нь зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 20000 /хорин мянга/ төгрөг байна. ” /хх 52-53/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “120 см өндөртэй, 50см өргөнтэй 1 давхар шилтэй вакум цонхны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 60000 /жаран мянга/ төгрөг байна. ” /хх 58/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Самсунг А11 маркийн гар утас 1 ширхгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байна. ” /хх 112-113/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 126-130/,

 

Шүүгдэгч Х.Х.Н-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 133/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 141/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 143-150/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х.Н- 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Б.С-ы эзэмшлийн ************** тоот байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн 65 инчийн зурагт 1 ширхэг, 2 усны сав зэргийг, мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ************** тоот Б.Б.О-ийн гэрээс "Самсунг А11" загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Х.Н-ын сүүлийн үйлдэл нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн ба хэргийг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Х.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан Өмчлэх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг, Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг, Хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн  гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, түүнчлэн...хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсвэл хориг саадыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ...цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж тус тус ойлгохоор заажээ.

 

Иймд шүүгдэгч Х.Х.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан, энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.Х.Н- нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.С-д нийт 830000 төгрөгийн хохирол учирснаас Самсунг маркийн 65 инчийн зурагт биет байдлаар нөхөн төлөгдсөн, 2 усны савны хохирол 20000 төгрөг, вакуум цонхны хохирол 60000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Б.Б.О-ийн Самсунг А11 маркийн гар утас биет байдлаар нөхөн төлөгджээ.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэний нэхэмжлэгч П.П.Б-гийн 150000  төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 230000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б.С-д 80000 төгрөг, 150000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П. П.Б-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“шүүгдэгч Х.Х.Н-ыг 4 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлт”-ийг, шүүгдэгч Х.Х.Н- шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Буруугаа ойлгож байна. 5 хүүхэдтэй. Бага насны хүүхэдтэй тул тэнсэж хянан харгалзаж өгнө үү“ гэх тайлбар тус тус гаргав.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ************** Х.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Х.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Х.Н-аас 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч ************* тоотод оршин суух Б.С- /*************/-нд 80000 /наян мянга/, иргэний нэхэмжлэгч *************д 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Х.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ