Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс:166/2022/0380/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч А.А.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** А.А-д холбогдох эрүүгийн 2218000000421 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 90 хувийн групп-т байдаг, ам бүл 2, ээжийн хамт *****************тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 29- ний өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2399.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ХМШЭ/34 дугаартай шүүгчийн захирамжаар өвчний учир ялаас чөлөөлөгдсөн ***************** А.А- /РД:*************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.А- нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд *****************тоотод *****************тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртэй байж байсан. Гэтэл ***************** гаднаас согтуу ирэхээр нь гэртээ оруулаад “... яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэдэн үг хэлээд байж байтал урдаас олон зүйл яриад уурлаад байхаар нь нэг алгадаж, мөргөсөн.” гэв.

 

Эрүүгийн 2218000000421 дугаартай хэргээс:

 

Хохирогч *****************ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу өчигдөр 21 цагийн орчимд би ажпын газрын хүмүүстэй бага зэрэг архи дарс уучхаад гэртээ орох гэхэд эхнэр гэртээ байхгүй байсан. Ингээд хаалга тогшоод зогсож байтал А.А.А- намайг гэрээсээ гарч ирээд гэртээ оруулсан... бид хоёр жоохон юм яриад суусан ингээд байж байтал намайг чи архи уулаа гээд л учиргүй загнаад байхаар нь би өөдөөс нь уурласан. Тэгтэл А.А.А- нь миний нүүрэн тус газар зүүн шанаа руу 2-3 удаа алгадсан, мөн толгойн дух хэсгээрээ миний ам хэсэг рүү 1 удаа мөргөсөн... Миний хувьд А.А.А-ын биед хүрээгүй. Би А.А.А-д цохиулсны улмаас миний зүүн шанаа хавдсан, мөн үүдэн дээд талын шүд хөдөлж унах дөхөөд байна. Би угийн үүдэн нэг шүдгүй юм. Хиймэл шүд хийлгэж амжаагүй байсан. Би А.А.А-д гомдолтой байна... Би уг хүнээс өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Шүд хийлгэх гэхээр 500 000 төгрөгийн үнэ өртөгтэй байна. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн хэзээ ч унахад бэлэн байна.” гэх мэдүүлэг /хх 4-6/,

 

Гэрч О.*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд манай нөхөр ***************** над руу утсаар гэртээ ирэх болж байна уу, би ирчихсэн хаалга цоожтой байна гээд ярьж байсан. Тухайн үед ярихдаа нэлээн согтуу байсан. Ингээд би *****************ын төрсөн аав А.А- гэх хүн рүү утсаар залгаж ***************** согтуу гэрийн гадаа байх шиг байна, хаалга үүдээ эвдчихэв ий, та гэртээ оруулаад байлгаж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед *****************ын аав А.А- эрүүл за тэгье гэсэн ингээд би удалгүй гэртээ иртэл ***************** болон түний аав А.А- нар нь хоорондоо маргалдсан байдалтай гэрт нь байсан, юу болсон талаар нь нөхөр *****************аас асуухад миний нүүр рүү цохичихлоо миний үүдэн дээд шүд хугарчих шиг боллоо л гэж хэлсэн, би тухайн үед хажууд нь байгаагүй учир яг юу болсон, юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

            Гэрч А.Амарсанаагийн өгсөн: “...А.А.А- ах надад хэлэхдээ тус өдөр өөрийн төрсөн хүү ***************** гэх хүн согтуу гэрийнхээ үүдэнд хаалгаа тогшоод гэрт нь хүн байхгүй байсан учир гэртээ оруулж ирээд чи яах гээд архи уугаад байдаг юм бэ гээд хэлэхэд ***************** нь өөдөөс нь уурлаж маргалдсан. Ингээд л уурандаа нүүрэн тус газар нь толгой хэсгээрээ мөргөсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1007 дугаартай “...*****************ын биед 2 шүдний хөдөлгөөнтэй, тогтох боломжгүй байдал, нүүрэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10%-иар тогтонги алдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх 22-23/,

 

Шүүгдэгч А.А.А-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 76/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 81/ Хавдар судлалын Үндэсний төвийн клиникийн эмнэлгийн тодорхойлолт /хх 85/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.А- нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд *****************тоотод *****************тай маргалдан зодож эрүүл мэндэд нь 2 шүдний хөдөлгөөнтэй, тогтох боломжгүй байдал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.А.А-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч ***************** нь эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилж боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж байнгын эмчийн хяналтанд байдаг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***************** А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4.Хохирогч ***************** нь эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ