Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0004/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Б.Билэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Баярсайханы Билэгсүрэнд холбогдох эрүүгийн 2218000000506 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан- Уул аймаг, Дархан сумын 3 дугаар баг, Улиастайн 4-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овогт Баярсайханы Билэгсүрэн /РД:        **************         /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Билэгсүрэн нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Дархан- Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “МВМ” зочид буудлын харалдаа зам дээр явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Ж.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Билэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа гараад машинаар “МБМ” буудлын урд талын зам дээр явж байсан. Урд талын машиныг гүйцэд түрүүлээд 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Тухайн үед явган хүний гарцаар явж байсан эгчийг хараад тооромзоо гишгэсэн ч хүн мөргөсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000506 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Олон улсын худалдааны төвийн 6 дугаар цайны газрын тогоочийн ажлаа тараад таксинд суугаад Дархан сумын 8 дугаар багт байрлах “Дэвшил” хотхоны харалдаа явган хүний гарцын хажууд буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гараад цагаан өнгийн портер маркийн машиныг өнгөрөөгөөд гарцаар гарах үед намайг машин мөргөсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр машины жолооч нэг залуу намайг “эгчээ босоорой эмнэлэг явах хэрэгтэй байна” гээд намайг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх 24-28/,

 

Иргэний хариуцагч Б.Баяндэлгэрсүрэнгийн өгсөн: “...Би тухайн үед Шарын гол суманд ажилтай явсан байсан. Намайг байхгүй үед миний машиныг авч унаж ажлаа амжуулдаг байсан. Үүний адил тухайн хэрэг болсон өдөр хувийн ажлаа амжуулах гээд миний машиныг авсан байсан. Би төрсөн ах нь болохоор машин хэрэг болсон үед нь миний машиныг ав гэдэг юм. Хохирлын асуудлыг Билэгсүрэн өөрөө төлөөд явж байгаа. Цаашид ч хохирлыг бүрэн барагдуулах байх.” гэх мэдүүлэг /хх 33/,

 

Гэрч Д.Банзрагчийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, МВМ зочид буудлын урд замд Тоёота Ист загварын 55-75 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байсан. Дуудлагын дагуу очиход осол болсон газраас жолооч Билэгсүрэн машинд мөргүүлсэн хүнээ аваад эмнэлэгт хүргэсэн байсан. Билэгсүрэн өөрөө хуучин Дарханаас шинэ Дархан руу явж байх замд МВМ зочид буудлын харалдаа урд замын явган хүний гарцан дээр гэнэт явган зорчигч гараад ирсэн би тоормос гишгээд зогсоох арга хэмжээ авсан боловч тул ирж явган зорчигчийг мөргөөд зогссон” гэсэн тайлбар хэлж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх 35/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1096 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-       ************** биед баруун талын дух ясны цөмрөөгүй хугарал, зүүн гарын шуунд битүү хугарал, тархи доргилт, нүүр, баруун гуя даланд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Эрдэнэчимэгийн биед тогтоогдсон дух ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ж.Эрдэнэчимэгийн биед тогтоогдсон зүүн гарын шуунд битүү хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ж.Эрдэнэчимэгийн биед тогтоогдсон тархи доргилт, нүүр, баруун гуя, даланд цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Эрдэнэчимэгийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 48-49/,

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 53/,

 

Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх дүгнэлт:

“...  Toyota Ist маркийн Цагаан өнгийн 55-75 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны системийн эд ангиудыг шалгаж үзэхэд тоормосны системийн стандарт шаардлага хангаж байна. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. Зам тээврийн осолд тээврийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” /хх 62/,

 

Шинжээч С.Саруулболдын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт: “...Хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад Б.Билэгсүрэн нь 55- 75 ДАУ улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Б.Билэгсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д зааснаар “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” 16.3-т зааснаар “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа засаж байвал зэрэгцээ эгнээд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн дүрмийг зөрчсөн байна. Тус тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөөд зогссон байна. Тоормосны мөр харагдахгүй байгаа учраас хурдыг тогтоох боломжгүй. Явган зорчигч Жамц овогтой Эрдэнэчимэг нь ослын газрын бүдүүвч зургаас харахад гарцаар гарч явсан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Осол гарсан шалтгаан нь жолооч Б.Билэгсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 1, 16.3 дахь заалтыг зөрчсөнөөс осол болсон байна. Оргил худалдааны төвийн гарцын өмнө хурд сааруулагч байрлуулах, явган зорчигчид таксинд суухдаа гарцтай хэсэг дээр зогсохгүй байхыг анхааруулах хэрэгтэй.” /хх 69/,

 

Шүүгдэгч Б.Билэгсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 75/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 79-84/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Билэгсүрэн нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Дархан- Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 55-75 ДАУ улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д зааснаар “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” 16.3-т зааснаар “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа засаж байвал зэрэгцээ эгнээд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн дүрмийг зөрчсөний улмаас зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Ж.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Билэгсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эрдэнэчимэгийн биед баруун талын дух ясны цөмрөөгүй хугарал, зүүн гарын шуунд битүү хугарал, тархи доргилт, нүүр, баруун гуя даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дух ясны  цөмрөөгүй хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарч байна. Хохирогчийн биед тогтоогдсон зүүн гарын шуунд битүү хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ж.Эрдэнэчимэгийн биед тогтоогдсон тархи доргилт, нүүр, баруун гуя, даланд цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарч байна.

 

Нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр нь гэмтлийн зэргийг үнэлж тогтоох ба аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлнэ гэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хохирогчид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмчилгээний зардлыг тухай бүрт нь гаргаж төлсөн нь хохирогч Ж.Эрдэнэчимэгийн “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх тайлбар /хх 96/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт  хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан,  улсын яллагчийн оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2218000000506 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд  шүүгдэгч Б.Билэгсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Билэгсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тайж овогт Баярсайханы Билэгсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Билэгсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар  шүүгдэгч Б.Билэгсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 1 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

   4.Шүүгдэгч Б.Билэгсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Билэгсүрэнгийн 1412802 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Билэгсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Билэгсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ