| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/46 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/46
2023 01 12 2022/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ч.Батзориг,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2202 00672 0440 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Ч-ын Т /РД:хх0000000/, 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “ххххххххххххх” ХХК-д сантехникийн засварчин ажилтай, ам бүл 5, эмэг эх, авга эгч, үеэл дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянгол 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 10.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Гантулга, Т.С, А.Баянчинээ, яллагдагч Ч.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 5327 дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1112 дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурьдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Ч.Т:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Т болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь мөн дээрх байр суурийг дэмжиж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Дугаар 5327 дүгнэлтээр “...дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. ...дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд хамаарна” гэж тогтоогдсон шинжилгээний мөн дүгнэлтэнд тусгагдсанаар 10.4 гр цэвэр жинтэй (хавтаст хэргийн 61-63 дахь тал), “өвс” гэх нэршилтэй бодисыг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс 3 сарын өмнө бусдаас худалдан авч гэмт үйлдэл таслан зогсоогдож, илрэх хүртэл хугацаанд хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн болох нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Энхтөгөлдөрийн тэмдэглэлд “...Т.Сүхтулгын үүргэвчнээс хураан авсан хар цаасанд боосон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис байж болохуйц ногоон өнгийн нунтаг хэлбэрийн зүйлийг ...жин дээр жинлэн үзэхэд хар цаасанд боосон байдалтай 21 грамм ...нунтаг хэлбэрийн зүйлийн бодит жин 11 грамм байсныг тэмдэглэл болгон бичив” (хавтаст хэргийн 11 дэх тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14, 15-16 дахь тал), Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Дугаар 61 тоот Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 29-30 дахь тал), хэргийн эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 34 дэх тал), гэрч Д.Гантулга мэдүүлсэн “...би тэр өдөр 2022 оны 10 дугаар сарын 19-нд ажлаа хийгээд явж байсан. бид нар 21 цагт ажил дээрээсээ шөнийн эргүүлийн аваад явж байсан би тэр орой хамтдаа дэд ахлагч П.Саруул гэгч албан хаагчийн хамтаар үүрэг гүйцэтгээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элба цахилгаан барааны дэлгүүрийн урдах байрнуудын голоор эргүүл хийгээд алхаж явсан чинь бид хоёрын урд гурван залуу өвс татсан шинжтэй эвгүй үнэр гаргаад явж байсан тэгээд бид нар тэр гурвыг араас нь хөөж зогсож бай наашаа хүрээд ир гэж дуудаж байсан тэгсэн чинь тэр гурван залуу гурван тийшээгээ зугтаагаад явсан араас нь бид хоёр хөөж байгаад Тогоо овогтой Сүхтулга гэгчийг нь Бөмбөгөр худалдааны төвийн тэр хавиас хөөж байгаад араас нь гүйцээд барьж авсан тэгтэл нөгөө хоёр нь зугтаагаад алга болсон юм. Тэгээд нөгөө залуугаа барьж аваад эхлээд өөрийнхөө ажил дээрээ авчирч байсан тэгээд манай шөнийн эргүүлийн газрын коридорт оруулаад ахлахын өрөөнд үзлэг шалгалт хийж байсан. Тэгээд Т.Сүхтулгын биед нь үзлэг шалгалт хийж байхад хар өнгийн хог хийдэг гялгар уутанд бага зэрэг ногоон өнгийн өвс байсан тэгээд тэрнийгээ аваад бүгдээрээ энд ирээд танайд Чингэлтэй дүүргийн цагдаагий нэгдүгээр хэлтсийнхэнд хүлээлгэж өгч байсан юм. Тэгээд Т.Сүхтулгыг дараагаар нь шээсний шинжилгээ авч байсан өвсийг нь хурааж авч байсан би тэгээд залууг хүлээлгэж өгөөд дараагийнхаа ажилдаа гараад явж байсан ...Тэр залуу үүргэвч үүрсэн явж байсан тэгээд тэрний үүргэвчнээс нь хар өнгийн нь хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан ногоон өнгийн өвс гарч ирж байсан танай энд шалгаж байсан байцаагч нь каннабис гэж нэрлэж байсан тэр нь тухайн үедээ 10 гр орчим гэж бид нар ярилцаж байсан болохоос биш ямар нэгэн жигнэж үзсэн грамлаж харсан зүйл байхгүй байсан юм. Тэгээд тэр үүргэвч цүнхнээс нь дэвтэр ном зэрэг эд зүйлс гарч ирж байсан. Кармаа бусад гадуур хувцасанд үзлэг хийхэд ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой бусад эд зүйлс харагдаагүй. Түүний гар утас нь гарч ирж байсан.Өвс нь гарын атганд багтахаар ойролцоогоор жижигхэн ууттай зүйлс байсан тэр нь нэг их зүйл байхгүй байсан тэгээд бид нар ойролцоогоор 10 грамм орчим байна гэж ярилцаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч Т.С мэдүүлсэн “...би тэр өдөр 2022 оны 10 дугаар сарын 19-нд оройн 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад явж байсан чинь Баянчинээ над руу гар утсаар яриад хоол идье гэж хэлж байсан тэгээд бид хоёр Сүхбаатарын талбай дээр уулзаж байсан би мөн Ч.Т-тай уулзана гээд бас өмнө ярьчихсан байсан тэгтэл түүний гар утас нь холбогдох боломжгүй байсан тэгж байгаад бид хоёр Мөнгөнзавьяа дээр очоод Ч.Т-ыг хүлээнгээ СЮ дэлгүүр дотор хоол идэж байсан чинь гаднаас Ч.Т утсаар яриад ирж байсан тэгээд тэр үедээ Бөмбөгөр худалдааны төвийн тэр хавьд очиж байсан тэгээд Ч.Т нь надад нэг мансууруулах бодис болох өвс байна гэж хэлээд тэрнийгээ бид нар татаж байсан тэгээд цагдаа араас дуудаад байхаар нь бид гурав тал тал тийшээгээ зугтаагаад яваад өгсөн юм. Тэгж байтал араас нэг цагда намайг барьж аваад энд авчирсан тэгээд шээсний шинжилгээ авч байсан дараагаар нь миний үүргэвчнээс нөгөө өвсийг олж аваад хурааж байсан юм. Тэгээд дараагаар нь мэдүүлэг аваад намайг ар гэрийн минь хүн болох ах Ганцогтод хүлээлгэж өгч байсан юм. ...Тэр өвсийг бол манай найз Ч.Т надад өгсөн. Тэгээд миний үүргэвчинд хийсэн байсан тэгээд бид гурав цагдаа ирэхээр нь зугтааж байсан. Тэр өвсөө миний үүргэвчинд хийгээд зугтаагаад яваад өгсөн байсан тэрний би энэ өвсийг хаанаас олж авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Одоо би тэрнийг бодоход ямар нэгэн мансууруулах бодис гэж мэдэж байсан. Яг сайн нэрийг бол мэдэхгүй байна. ...Ч.Т-аас авсан тэр өвс нь ойролцоогоор миний гарын атганд багтахаар жижигхэн нунтаг ногоон өвс байсан. Тэр нь бараг 10 гр орчим өвс байсан байх гэж бодож байна. Хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан юм. ...Ч.Т надад хэлэхдээ хүнээс авсан гэж хэлсэн. ...Бэлэн тамхи байсан тэрний доторхийг сугалж аваад тэгээд оронд нь нөгөө өвсөө хийгээд би эхэлж татаж байсан. Тэгээд нөгөө хоёр болохоор татаж амжаагүй хажууд хараад зогсож байсан юм. Тэгтэл цагдаа нар араас ирээд бид нар зугтааж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), гэрч А.Баянчинээ мэдүүлсэн “...яг одоо би он сарыг нь сайн санахгүй байна. Хотод ирээд удаагүй байсан ба тухайн үед би Five up гэх нэртэй ресторанд ажилладаг байсан. Тэр ресторан нь CU-д хоол нийлүүлдэг цехтэй байсан ба би цехэд ажиллаж байсан. Тэгтэл Сүхтулга гэх миний найз надтай яриад хоол байна уу гэж асуусан. Тэгээд би Сүхтулгатай уулзаад хоол өгөөд бид баруун дөрвөн замын тэнд байдаг CU дотор хоолоо халааж идээд тэндээс гартал Сүхтулга надад хэлэлгүйгээр Түвшөө гэх найзтай уулзахаар ярьсан байсан. Тэгээд бид хоёр Түвшөөтэй уулзаад нэг байрны саадан дотор тамхилаад юм яриад сууж байсан. Тэгтэл Түвшөө ийшээ явж тамхи татъя гэж хэлсэн. Тэгээд баригдаж байсан барилгын буланд очоод Түвшөө тамхи шиг зүйл гаргаж тэрийг асаагаад Сүхтулгаас эхлээд таатж эхлээд дараа нь Түвшөөд өгсөн тэгээд би татах гэтэл цаанаас хүмүүс ирж байсан учраас би тэр тамхинаас татаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), яллагдагч Ч.Т мэдүүлсэн “...би 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 19 цагийн үед өөрийн найз Сүхтулга, Баянчинээ хоёртой Мөнгөнзавьяа дэлгүүрийн ойролцоо уулзсан. Тэгээд бид гурав зүүн тийшээ 4 зам руу алхсан ба би тэр хоёроос надад өвс байна хэрэглэж үзэх үү гэсэн чинь тэр хоёр тэгье гэсэн. Тэгээд бид гурав алхаад Элба дэлгүүрийн урд талд баригдаж байгаа байрны хажууд очиж миний цүнхэнд байсан өвсийг гаргаж янжуурны тамхийг нь асгаж байгаад оронд нь өвсөө хийж татсан. Тэгэхэд Сүхтулга асаагаад хоёроос гурав сороод байж байхад булангийн цаана хүмүүс гарч ирэхээр нь бид нар зугтаасан чинь Сүхтулга цагдаад баригдчихсан. Тухайн үед өвсөө Сүхтулгад өгчихсөн байсан болохоор Сүхтулга цагдаа нарт өвсөтэйгээ баригдсан. Тухайн өвсийг би 2022 оны 7 дугаар сарын эхээр одоо мэдэхгүй Whats Bro гэсэн хаягтай хүнээс аваад цүнхэндээ байлгаж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх, 13.1.8 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ...хадгалах гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ. Шүүгдэгч Ч.Т-ын хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, хураан авч, эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлсэн “өвс” гэх нэршилтэй бодис нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Дугаар 5327 дүгнэлтээр “...дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ болох нь тогтоогдон. Мөн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд хамаарна” гэх дүгнэлт хийгдсэн байна. Энэ төрлийн бодисыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан зорилгоор зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр хадгалах, ашиглах, хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч Ч.Т нь зөвхөн мансуурах зорилгоор дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай бодисыг хууль бусаар олж аван хадгалж, бусдад худалдаалах зорилгогүйгээр өгч хэрэглүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч Ч.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Ч.Т-ын гэмт хэрэг үйлдсэн зорилго нь бусдад худалдаалах зорилготой байсан эсэх нь тогтоогдоогүй, тухайн өдөр гэрч М.Баянчинээ, Т.С нарт өгч хэрэглүүлсэн байх тул түүний үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдохгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг илэрч таслан зогсоогдсон буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 3 сар орчмын хугацаанд удааширсан үйлдлээр хадгалсан, харин бусдад өгсөн үйлдэл нь тухайн өдөр бүрэн үйлдэгдэж төгссөн гэж үзэх үндэслэлтэй, улсын яллагчаас хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай бодисыг хадгалсан хугацааг тогтоон тооцож ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Т-т холбогдох эрүүгийн 2202 00672 0440 дугаартай хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Ч.Т-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Т-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заавал шаардахгүй юм. Шүүгдэгч Ч.Т-ын үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байна. Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь уураг тархинд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр илэрдэг зэргээр тодорхойлогдоно. Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Т нь дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодисыг А.Баянчинээ, Т.С нарт хэрэглэхийг санал болгож гэрч Т.С хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгааг дүгнэх нь зүйтэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэдийгээр шүүгдэгч Ч.Т нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 100 дахь тал), анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл үргэлжилсэн, мөн бусдад өгч хэрэглүүлсэн зэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж гэмт үйлдлээ үргэлжлүүлж байгаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Харин шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Т-аас биологийн дээж авсан авсан тэмдэглэлд “...мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэх үр дүн (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 5909 дүгнэлтэнд “...Ч.Т РВ98092816 11.7 гэсэн хаягтай шээс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1112 дүгнэлтэнд “...Ч.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг нотлох баримтууд, гэрч Н.Мөнхдалайгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), шүүгдэгч Ч.Т-ын хувийн байдлын талаарх баримтаад (хавтаст хэргийн 102-107 дахь тал) зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ч.Т нь урьд гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн түүний биеэс биологийн дээж авч урьдчилсан тест ашиглахад болон шинжээчийн дүгнэлт зэргээр ямар нэгэн төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх талаар үр дүн илрээгүй, мөн мансуурах донтой эсэх талаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд тусгагдаагүй, шүүгдэгч Ч.Т нь “хххххххххх” ХХК-д сантехникийн засварчин ажилтай зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчийг хорьж нийгмээс тусгаарлах шаардлагагүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т-т хорих ял оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд тус тус тогтоож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ч.Т-т сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5327 дүгнэлтэнд “...цэвэр жин 10.4 гр байсан ба 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав. ...Жич: Мөн шинжилгээнээс үлдсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаан хүргүүлэв” гэж тусгагдсан, шинжилгээний дараа 10.3 гр жинтэй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд бичигдсэнээр Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай, өвс гэх нэршилтэй бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч-ын Т /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд тус тус тогтоож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шинжилгээний дараах байдлаар 10.3 гр жинтэй, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай, өвс гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР