| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., 23.2.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч А.Д,
шүүгдэгч М.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х ургийн овогт Мкийн Хд холбогдох 2209000002292 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй гэх, Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Булган сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х ургийн овогт М-ийн Х, регистрийн дугаар ....
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар 2017 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллахдаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургуулийг “дүрслэх урлаг, технологийн багш” мэргэжлээр суралцаж төгсөн гэх D201729646 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон хуурамч дипломыг ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ “Нэг хүнд итгээд ийм хэрэгт холбогдчихлоо. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна.” гэв.
2. 2209000002292 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсалтын хамт (1 дүгээр хавтаст хэргийн 11-35 дахь тал),
2.2. Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн газарт хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал),
2.3. Гэрч Ч.Э-Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дипломтой багш л сургуульд ажиллах ёстой. ...Нэг, хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог, нэр регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр, их, дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм.. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал),
2.4. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичгийн хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дэх тал),
2.5. Яллагдагч М.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би анх 2017 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд зураг зүйн багшаар түр ажиллаж байгаад 2019 онд тус сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар бүр ажилд орж байсан. Тэр үеэс одоог хүртэл дүрслэх урлаг, технологийн багшаар ажиллаж байгаа. Анх ажилд орох үед өөрийн D201729646 дугаартай бакалаврын дипломын хуулбар, ажил хүссэн өргөдөл зэрэг материал бүрдүүлж өгч байсан. Би тэр сургуулийг төгсөөгүй маань үнэн. 2013 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд дүрслэх урлаг, технологийн багш мэргэжлээр элсэн суралцаж байгаад 1 дүгээр курсийг төгсөөд тухайн сургуулиасаа гараад дахиж суралцаж төгсөөгүй юм...
...Би Улаанбаатар хотод 1 дүгээр курст суралцаж байхдаа 2-3 хичээлийн шалгалтад унасан. Тэгээд 2014 онд 2 дугаар курст суралцах гэхэд ахиад 1 дүгээр курсийн хичээлийг судал гэхээр 1 дүгээр курсийн хичээлийг сонгоод 10 гаруй хонож байхад сургуулийн хичээлийн байран дээр явж байхад Балдорж гэх хүнтэй тааралдаж тэр хүн надад “чамд диплом гаргаж өгч чадна шүү, 5000000 төгрөг өгөөрэй, урьдчилгаа 2000000 төгрөг өгч, дипломыг авсны дараагаар 3000000 төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Саппорагийн урд талын талбай дээр уулзаж бэлэн 2000000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-89, 99 дэх тал),
2.6. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хавсалтаар баталсан “Ерөнхий боловсролын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-ын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),
2.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үеийн манай сургуулийн захирал У.Атушаалаар зураг зүй, технологийн багшаар бүр ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. М.Хы хувийн хэрэгт ажилд орохыг хүссэн өргөдөл, дипломын хуулбар байхгүй. Харин төрийн албан хаагчийн анкет, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээ байгаа. Өөр ямар нэгэн бичиг баримт байхгүй болно...
...Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллахад бакалаврын зэрэгтэй байхыг шаарддаг. Манай сургуулийн багш нарт ажлын байрны тодорхойлолт гэж гаргаж өгсөн зүйл байхгүй. Гэхдээ Боловсролын яамнаас тавигдсан багш нарын ажлын байрны тодорхойлолтын нэгэн адилаар ажил үүргээ гүйцэтгэдэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал),
2.8. Гэрч А.Ен мөрдөн шалгах ажиллагаанд “...М.Х нь 2017 онд их сургуулиа төгсөөд цагийн багшаар ажиллаж байгаад 2019 оноос эхлэн дүрслэх урлаг, дизайн технологийн багшаар ажиллаж эхэлсэн. Тэрнээс өмнө түр багшаар ажиллаж байсан. Яг хэдээс хэдэн он хүртэл түр багшаар ажилласныг сайн мэдэхгүй байна. Одоо М.Х нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дүрслэх урлаг, дизайн технологийн үндсэн багшаар ажиллаж байгаа болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал),
2.9 Гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр захирал У.Атушаалаар цагийн багшаар ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түр ажилтнаар, 2019 оны 6 дугаар сарын 17- ны өдөр захирал У.Атушаалаар цагийн багшаар ажиллаж байсныг чөлөөлж, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс М.Хыг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд зураг зүй, технологийн хичээлийн багшаар бүр томилж тухайн тушаалаар одоог хүртэл ажиллаж байна. Цагийн багшаар ажиллах хугацаанд 1 цагийг 4,092 төгрөгөөр үнэлж тооцдог байсан. Гэхдээ энэ нь тухайн үеийн цалингийн тооцооллоор тооцож байгаа болно. М.Х нь 2019 оны 01 дүгээр сард 143,108 төгрөгийн цалин авсан. Харин 2019 оны 02 дугаар сараас эхлээд тогтмол 626,550 төгрөгийн цалинг авч эхэлсэн. М.Хы цалинг ажилд орсноос хойших цалингийн цэсээс тодруулж болно. М.Х багш одоо сард 898,645 төгрөгийн цалин авч байгаа. Энэ нь гарт авч байгаа цалин юм. Үүн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хувь хүний орлогын татварыг нэмбэл 1,105,643 төгрөгийн цалин авч байна...
...Тэрээр ажиллаж байх хугацаандаа тэтгэмж аваагүй, харин 3 сар тутамд үндсэн цалингийн 30-35 хувийн урамшуулал авч байсан. Тухайн урамшуулал нь цалингийн цэс дээр байгаа болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал),
2.10. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Х нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захирал У.Атушаалаар цагийн багшаар томилогдож, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түр багшаар авч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цагийн багшаас нь чөлөөлсөн. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зураг зүй, технологийн багшаар бүр томилогдож одоо тухайн тушаалын дагуу ажиллаж байгаа болно...
...М.Х нь манай байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй. Харин улирал тутамд тухайн үеийн захирлын шийдвэрээр цалинг сарын 10-15 хувиар тооцож, улиралд 30-35 хувийн урамшуулал авдаг байсан. Тухайн урамшуулал нь улирал болгоны цалингийн цэс дээр байгаа болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал),
2.11. Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай “Ажилд авах тухай”, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “М.Хыг ажилд авах тухай” тушаалуудын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 122-125 дахь тал),
2.12. Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сарын 22-ны өдөр хүртэлх цалингийн цэс (1 дүгээр хавтаст хэргийн 126-229 дахь тал),
2.13. Шүүгдэгч М.Хы төрийн албан хаагчийн анкет, ажил олгогч Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 232-237 дахь тал),
2.14. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 9-10, 13-14 дэх тал),
2.15. Хохирлын тооцоог гаргасан мөрдөгчийн “...Нийт хохирол 43,513,600 төгрөг” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.22. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Булган сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал)
3. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал)
4. Шүүгдэгч М.Хы иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал) зэрэг болно.
2.23. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
1. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичгийн хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дэх тал),
2. Яллагдагч М.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх 2017 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд зураг зүйн багшаар түр ажиллаж байгаад 2019 онд тус сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар бүр ажилд орж байсан. Тэр үеэс одоог хүртэл дүрслэх урлаг, технологийн багшаар ажиллаж байгаа. Анх ажилд орох үед өөрийн D201729646 дугаартай бакалаврын дипломын хуулбар, ажил хүссэн өргөдөл зэрэг материал бүрдүүлж өгч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-89, 99 дэх тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үеийн манай сургуулийн захирал У.А-ийн тушаалаар зураг зүй, технологийн багшаар бүр ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал),
4. Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай “Ажилд авах тухай”, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “М.Хыг ажилд авах тухай” тушаалуудын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 122-125 дахь тал),
5. Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сарын 22-ны өдөр хүртэлх цалингийн цэс (1 дүгээр хавтаст хэргийн 126-229 дахь тал),
6. Багш М.Хы төрийн албан хаагчийн анкет, ажил олгогч Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 232-237, 2 дугаар хавтаст хэргийн 9-10, 13-14 дэх тал дахь тал),
7. Гэрч А.Е, К.Ж, А.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 115, 117, 119 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч М.Х нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “дүрслэх урлаг, технологийн багш” мэргэжлээр 2017 онд суралцаж төгсөн гэх D201729646 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон хуурамч дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар 2017 оны 9 дүгээр сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл түр хугацаагаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар мөн өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дүрслэх урлаг, технологийн багшийн орон тоонд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоог хүртэл ажиллаж, цагийн багш болон үндсэн багшийн орон тоонд ажиллахдаа 43,513,600 төгрөгийн цалин хөлс авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн М.Хаас Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан байх тул уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал),
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.
4.2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хавсалтаар баталсан “Ерөнхий боловсролын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-оор багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),
4.3. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар үүсгэх, давуу байдал үсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.
4.4. Шүүгдэгч М.Хы Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дүрслэх урлаг, технологийн багшийн ажилд орохдоо ашигласан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургуулийг “дүрслэх урлаг, технологийн багш” мэргэжлээр суралцаж төгсөн гэх D201729646 дугаартай, боловсролын бакалаврын зэрэг олгосон диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Тодруулбал, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч М.Х нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2017 оны 9 дүгээр сараас эхлэн одоог хүртэл дүрслэх урлаг, технологийн багшийн орон тоонд ажиллаж, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс авч, эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмтийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.6. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
4.7. Шүүгдэгч М.Хы үйлдсэн гэмт хэрэг нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.8. Иймд шүүгдэгч М.Хыг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, боловсролын байгууллагуудын хяналт, шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүгдэгчийн учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа талаар мэдүүлжээ (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал) ,
5.3. Шүүгдэгч М.Х нь 2017 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар ажиллахдаа 43,513,600 төгрөгийн цалин хөлс авсан нь тус сургуулийн 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сарын 22-ны өдөр хүртэлх цалингийн цэс (1 дүгээр хавтаст хэргийн 126-229 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 9-10, 13-14 дэх тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.4. Шүүгдэгч нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж одоог хүртэл ажиллаж гэмт санаагаа хэрэгжүүлж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа тул дээрх хугацаанд олсон орлого буюу авсан 43,513,600 төгрөгийн цалин хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч М.Хыг шүүхээс “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулж, ажилласан хугацаанд авсан цалин болох 43,513,600 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын санд олгуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, түүний эзэмшлийн 3837 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлж дуустал хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн D201729646 дугаартай дипломыг Боловсрол, шинжлэх ухааны яамд хүргүүлж устгуулах саналтай” гэсэн,
шүүгдэгч өмгөөлөгч Х.Зулхашаас шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.Хы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан хохирол болох 43513600 төгрөгийг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Шүүгдэгч М.Хы хувьд ам бүл 7. Ам бүлийн 7 хүнийг М.Х ганцаараа тэжээн тэтгэж байгаа. 0-8 насны 5 хүүхэдтэй зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялын хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа 400 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял нь гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирч байгаа хэдий боловч их хэмжээний хохирлыг нөхөн төлөх боломжоор хангаж, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгөхийг хүсэж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хохирлоос чөлөөлөх боломжийг анхаарч өгөхийг хүсэж байна.” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл тогтоогдож байна.
2.5. Шүүгдэгч хуурамч дипломыг санаатайгаар ашиглан ажилд орж, одоог хүртэл ажиллаж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй болно.
2.6. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.7. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан бага насны 5 хүүхэдтэй, ар гэрээ ганцаар тэжээн тэтгэдэг гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд тооцоогүй бөгөөд багшийн ажлын байрны шаардлагыг хангасан бусад иргэдийн төрийн үйлчилгээний албанд орж ажиллах эрхийг хязгаарлаж, хуурамч дипломыг ашиглаж, хууль бусаар ажилласан хугацаанд учруулсан хохирлоос шүүгдэгчийг чөлөөлөх үндэслэлгүй байна.
2.8. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.
2.9. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.10. Мөн шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч М.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Шүүгдэгчийн эзэмшлийн 3837 БӨҮ улсын дугаартай “Тоёота прадо” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ, торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
3.3. 2209000002292 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Хы Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургуулийг “дүрслэх урлаг, технологийн багш” мэргэжлээр суралцаж төгсөн гэх D201729646 дугаартай дипломыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Мйн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мийн Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Хд сануулсугай.
5. Шүүгдэгч М.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Хы хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 43,513,600 (дөчин гурван сая таван зуун арван гурван мянга зургаан зуу) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.Хы эзэмшлийн 3837 БӨҮ улсын дугаартай “Тоёота прадо” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шүүгдэгчид оногдуулсан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2209000002292 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч М.Хы Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургуулийг дүрслэх урлаг, технологийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201729646 дугаартай хуурамч дипломыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б