| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц ургийн овогтой Ч-ийн Э-д холбогдох 2316000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл ***, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, *** регистрийн дугаартай, Ц ургийн овогтой Ч-ийн Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Мичид караокены үүдэнд “тойроод гарсангүй” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар Д.Ш-ын нүүрэн тус газарт мөргөж, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу ясны мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.М нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Мичид караокены үүдэнд “тойроод гарсангүй” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар Д.Ш-н нүүрэн тус газарт мөргөж, 2 нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу ясны мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ***-ийн зааланд аймгийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэр тэмцээнээр “***” фитнесийн баг нь гуравдугаар байранд орж, хүрэл цомыг авсан юм. Тэр багт би оролцсон юм. Манай багийнхан орой нь 22-23 цагийн хооронд Мичид кароакед цугласан юм. Би хэвтээ шахалтын 59 килограммд хоёрдугаар байр буюу мөнгөн медаль авсан. Бид нар Мичид караокед орж дуулж, Эдэн, LХ /0,75 литрийн/ нэртэй архи задалж, би сөн түшсэн юм. Тэр архийг манай багийнхан ууж дуусаад 04 цагийн үед бид нар тооцоогоо хийгээд багшийг гаргаж өгсөн. Би буцаж ороод Дагинаа гэх эмэгтэй найзыгаа дагуулаад гараад ирэхэд Мичид караокены үүдэн дээр хоёр залуу байсан. Сайн санахгүй байна. Үүдэн дээр нэг танихгүй залуу намайг мөргөсөн. Бид хоёрыг явуулахгүй алдлаад зогсоод байсан. Би тэр залуугийн хажуугаар гарах гэсэн чинь тэр залуу намайг хавирсан. Тэгэхээр би тэр залууг тахимдсан чинь тэр залуу бөгсөөрөө газарт суусан. Би цаашаа босоод явах гэсэн чинь араас Говь-Алтайд ингэдэг юм аа. Чи Говь-Алтайд байгаа шүү гээд араас орилоод байсан. Би буцаад Мичид рүү орчхоод гарах гэсэн чинь үүдэн дээр намайг явуулахгүй байсан залуу зогсож байснаа тойроод гарсангүй гээд намайг шууд барьж аваад мөргөчхөөд намайг цохих гээд байсан. Тэр залууг найзууд нь аваад гараад явсан. Би хамрынхаа цусыг тогтоочхоод байр руугаа явсан. Би тухайн үед цагдаа дуудаагүй бөгөөд маргааш уулзаад хэл амаа олчих байлгүй гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16 дугаар хуудас/,
Гэрч Ү.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд аймгийн аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээн болсон юм. Уг тэмцээнээр манай найз Улаанбаатар хотоос ирж оролцсон. Тэгээд манай найз уулзъя гэж утсаар ярьсан. Би найзтайгаа орой 22 цаг өнгөрч байхад ВМ биллярдны үүдэн дээр уулзсан. Тэгэхэд Э нь манай найзтай хамт машинтай ирсэн байсан. Тэгээд Мичид караоке руу шөнийн 01 цагийн орчимд орсон. Тэнд ороход “Залуус” фитнесийнхэн байсан. Тэгэхэд манай хотоос ирсэн найзыг “Залуус” фитнесийнхэн дуудаад аваад явсан. Би хоёр давхарт нь Этэй байж байхад Э нь бие засчхаад ирье гэж хэлээд буусан. Би тэгээд араас нь буухад 1 давхрын өрөөнд манай найз залуус фитнесийнхэнтэй байж байсан. Би тэр өрөөнд байж байгаад гэр рүүгээ явахаар гадагшаа гарах гээд үүд рүү явж байхад Э нь нэг жижиг залуутай хамт хоорондоо муудалцчихсан байсан. Би очоод Эөөс юу болсон талаар асуухад намайг мөрлөж авлаа гэх шиг болсон. Би тэгээд салгаад гадагшаа гарсан. Гадаа гараад Э нь машиндаа суугаад үлдсэн бөгөөд би нөгөө жижиг залуутай хамт анагаахын дотуур байр руу хамт явсан. Би тэгээд шууд гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Фаурлингаас хэвтээ шахалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд болсон. “Залуус” фитнесс клубийн тамирчид багаараа гуравдугаар байранд орж, хүрэл цом авсан. Орой нь Мичид караокед багаараа цугларч, тодорхой хэмжээнд хүлээн авалт болсон. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна. Нэлээд орой болсон байсан. Ш нь Ж багшийг гаргаж өгчхөөд буцаж орж ирээд намайг явъя гэж хэлээд дагуулаад гараад ирсэн. Тэгээд гараад ирэхэд Ш нь нэг залуутай маргалдаад байсан. Би тэгээд буцаж орчхоод нэг их удалгүй ресейпшний тэнд очиход Ш-ын хамраас цус гоожчихсон, хамар нь бага зэрэг хавдчихсан байсан. Тэгэхээр нь би Шинэбаяраас чи яасан юм бэ гэж асуухад яагаа ч үгүй ээ гэж хэлсэн. Би хамар чинь аймаар болчихсон байна гэхэд Шинэбаяр сая мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тухайн үед Шинэбаяр нь би яагаа ч үгүй ээ гэж хэлээд байр руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай “...Д.Ш-ын биед 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагч Х.Гүнжидмаа: “...шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.
Шүүгдэгч Ч.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаа хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Мт холбогдох 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/-т урьд ял шийтгэгдсэн эсэх талаар тэмдэглэгээгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгж буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.Мт сануулав.
Хохирлын тухайд: Хавтас хэргийн 16 дугаар хуудаст хохирогч Д.Ш-рын мөрдөн байцаалтад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Мийг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц ургийн овогтой Ч-ийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгж буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.Мт сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР