Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2019/00065

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: СА ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.И-дхолбогдох

 

зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт 4 997 992 төгрөгийг гаргуулах тухай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ганзориг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.И нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр манай байгууллагатай 9010000968 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5 500 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс төлөлт хийж явсаар 2018 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт хийсэн боловч харилцан тохиролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Нийт 10 удаагийн төлөлтөөр 5 390 030 төгрөг төлсөн. Гэхдээ зарим сард нь төлөөд зарим сард нь төлөөгүй тохиолдол ч байгаа. Гэхдээ энэ хугацаанд бид зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцож аваагүй. Яагаад гэвэл манай зээлийн хүү зах  зээлийн дүнгээс өндөр байгаа нь үнэн. Энэ хэмжээгээрээ бид нэмэгдүүлсэн хүү аваад байвал харилцагчдын хувьд хүнд байдалд орно гэж үзсэн. Тэр үед манай байгууллагын мөрдөгдөж байсан 8 хувийн хүүг зөвшөөрөөд зээл авсан. Тийм учраас бид сарын жигнэсэн дундаж хүү гэдэг зүйлийг ярихгүй. Гэрээгээр тохирч зээл авчихаад одоо ийм зүйл ярьж болохгүй. Иймд Ц.И-с зээлийн үндсэн төлбөр 3 600 176 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 126 хоногоор зээлийн хүүг тооцож 1 193 088 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 91 хоногоор нэмэгдүүлсэн хүүг тооцож 174 728 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг нийт 4 997 992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Ц.И нь Сүмбэр алт капитал ББСБ-аас 2018.02.13-ны өдөр 5 500 000 төгрөгийн зээл авсан ч зээлийн эргэн төлөлтийг хүүгийн хамт доорхи байдлаар төлөлт хийж байсан. Үүнд: 2018.03.26-нд 591 000, 2018.04.18-нд 340 000 төгрөг, 2018.05.17-нд 733 000 төгрөг, 2018.06.18-нд 500 000 төгрөг, 450 000 төгрөг, 2018.07.18-нд 455 030 төгрөг, 2018.09.21-нд 1 380 000 төгрөг, 2018.10.08-нд  600 000 төгрөг, 2018.12.27-нд 341 000 төгрөг нийт 5 390 030 төгрөг тус тус төлсөн байна. Миний бие нь зээлийн гэрээний хүү болох 8 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь зээлдэгч Ц.И-н хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. Манай хүү барилгын ажил хийдэг, би өөрөө тэтгэврээ зээлэндээ өгч эрвийх дэрвийхээрээ төлж байсан. Одоо бол үнэхээр хэцүү байна. Өнөөдрийн байдлаар ББСБ-ын зээлийн хүү 3,5 хувиас хэтрэхгүй байгаа. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан зээлийн жигнэсэн дундаж хүү болох 3,4 хувиар тооцоод Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгаж, одоо 1 303 612 төгрөгийг төлөх саналтай байна гэв.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүмбэр алт капитал ББСБ ХХК нь хариуцагч  Ц.И-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж буюу хохирол нийт 4 997 992 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Ц.И нь П.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх бүх эрх, үүргийг эдэлж оролцуулахаар итгэмжлэл /хх-ийн 9/ олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тул ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүүний үзүүлэлтийг харгалзан багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар нэхэмжлэгч Сүмбэр алт капитал ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд хэрэгт тусгай зөвшөөрлийг нотлох баримт авагдаагүй хэдий ч хариуцагч талаас энэ талаар маргаагүй тул хэрэгт авагдсан Сүмбэр алт капитал ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болохыг нотолсон улсын бүртгэлийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0000083027 дугаартай гэрчилгээг үндэслэн талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч СА капитал ББСБ ХХК нь хариуцагч Ц.И, хамтран зээлдэгч П.Б нарт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9010000968 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, зохигчдын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь мөн хуулийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.  

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ, 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч Ц.И-с гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 18-ны өдрийн дотор зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Гэвч 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 450 000 төгрөг, 141 000 төгрөг нийт 591 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 340 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 733 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 450 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 455 030 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 380 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 341 000 төгрөг нийт  5 390 030 төгрөг буюу үндсэн зээлд 1 899 824 төгрөг, зээлийн хүүд 3 490 206 төгрөгийг төлсөн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийг хүүг багасгаж болно гэсний дагуу зээлийн хүүг Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү болох 3,4 хувиар тооцож шийдвэрлүүлэхээр тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцааг тусгайлан зохицуулсан нь мөн хуулийн хорин дөрөвдүгээр бүлгээр зохицуулсан бусад зээлийн гэрээний үүргийн  харилцаанаас ялгаатай.

 

Тухайлбал Банк бус санхүүгийн байгууллага нь хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, улмаар түүний олгох зээлийн хүүгийн хэмжээг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ, зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зохицуулсан.

 

Иймд хариуцагч Ц.И  нь тухайн үед мөрдөгдөж байсан зээлийн хүүг хүлээн зөвшөөрөн зээл авсныг эрх, ашиг сонирхолд нь илт хохиролтой гэж үзэх улмаар Монгол Улсын хэмжээнд байгаа нийт ББСБ-аас олгосон зээл, зээлийн хүүг харьцуулсан үзүүлэлт болох жигнэсэн дундаж хүүг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг бууруулах үндэслэлгүй юм. 

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн хүүг 2018 оны 11 дүгээр сарын 13-наас хойш 126 хоногоор, нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 91 хоногоор тооцож нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

 

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гүйцэтгээгүй үндсэн зээлээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар гэрээний хугацаа дууссан хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг төлөхийг шаардах эрхтэй.

 

Гэхдээ Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд зааснаар нэмэгдүүлсэн хүүг 91 хоногоор тооцоход /3600176х96%х20%х91хоног:365=172334/ 172 334 төгрөг болох тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2 394 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 4 995 598 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 920 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94 880 төгрөгийг хариуцагч Ц.И-с гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц.И-с зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол нийт 4 995 598 /дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга таван зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СА капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 394 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч СА капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 920 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.И-с улсын тэмдэгтийн хураамжид 94 880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРАНЧИМЭГ