Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0237/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч ***** , ***** , 
Хохирогч ***** ийн өмгөөлөгч Л.Цуурай, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, 
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******  овогт ****ийн ******** холбогдох 201609000474 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *****  овогт ***** ийн *****  /РД:****/,  ******* төрсөн *****  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *****  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ****** нарын хамт ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-***** өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн  **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 
-***** өдөр Завхан аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 
-******  өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан. 

    Шүүгдэгч Б.*****  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 10 цагийн орчим ***** р багийн нутаг дэвсгэрт байрлах “***** ” хийн түлш түгээх газрын арын зам дээр ***** улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б, 2.7а, 9 дүгээр бүлгийн 3-т заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган Т.***** ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, Б.***** ийн амь насыг хохироосон гэмт  хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Б.***** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр *****  шатахуун түгээх газарт ажилладаг бөгөөд тэр өдөр  ажилтай ээлжинд гарч байсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 10 цагийн үед би эхнэртээ хоол аваачиж өгөх гээд хоолоо хийх гэж байтал талийгаач машин чирээд өгөөч гэж залгасан юм. Би машиныг нь чирээд “***** ” газ түгээх газрын урд авчирч өгсөн. Газаа хийчихээд байж байтал *****  “найз нь Дарханд ирчихсэн байна, уулзъя” гэж залгахаар нь талийгаач бид хоёр ***** тэй уулзаад Батхолбоогийнд очоод замаасаа 0.75 граммын 2 шил архи, хоол аваад ***** ыг дуудсан. 
...манай эхнэр орхиод яв гэхээр нь би орхихгүй гээд аваад явсан. Тэндээс хөдлөөд аюулгүйн тойрог өгссөнөө мэдэж байгаа, тэрнээс хойш санахгүй байна, нэг мэдсэн унасан байсан.
…Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний бие группд байдаг, ар гэрийн байдлыг минь харгалзан үзээд хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр 6 цагийн үед миний хүүг гэрээс нь дуудаж гаргасан хүн бол ***** . Маргааш өглөө нь 09:00 цаг өнгөрч байхад би *****  рүү ярихад “хээтэй хорооллын 5.4-ийн хажууд машинтайгаа зогсож байна, одоо очлоо” гэж  ярьсан ба ярихдаа эрүүл байсан.  Батхолбоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгээ худлаа өгөөд байна, надад болохоор өөр юм ярьдаг. *****  л надаас уучлалт гуйсан, бусад нь хэн нь ч уучлалт гуйгаагүй, ирж ч уулзаагүй.
...нийт 15 000 000 төгрөг нэхэмжилж байна. ***** ийн аав нь надад эхлээд 400 000 төгрөг, 1,000,000 төгрөг дараа нь 1,990 000 төгрөг өгсөн өөр мөнгө аваагүй, миний хувьд маш гомдолтой байна. Миний хүү Солонгос явна гэж ааваараа тэтгэврийн зээл авахуулсан байсан. Талийгаач маань 2 хүүхэдтэй, том нь 12 настай, бага нь 7 настай, эхнэрээсээ салсан байсан. Одоо 2 хүүхдийг ээж нь ирээд аваад явсан боловч бид нартай амьдраад дасчихсан хүүхдүүд болохоор манайд ирдэг ирэн очин л байдаг. 2 хүүхдийнх нь бичиг баримтыг нь бүрдүүлээд бэрдээ өгсөн байгаа, болсон л гэж надад хэлсэн  энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд сайн шалгагдаагүй юм уу гэж ойлгодог. Нэг ч камерын бичлэг  шалгаагүй, хэн машин барьж байсан нь тодорхой бус байдаг. Миний бие энэ асуудлаар ийш тийшээ зөндөө явсан, надад зөндөө зардал гарсан. Аав нь надтай ирж уулзаад хашаа байшингаас өөр өгөх юм байхгүй гэж хэлж байсан. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 11:00 цаг өнгөрч байхад *****  над руу залгаад “*****  Даханд ирсэн байна, чи *****  колонк дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд хамт 2 шил архи уугаад дахин хээтэй хороололд очиж архи аваад уусан тэр архинаас *****  уугаагүй, машин барьж байгаа болохоор уухгүй гэж байсан, маргааш өглөө нь дахиж 06:00 цаг өнгөрч байхад дэлгүүрээс архи аваад уусан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа бөгөөд нэг сэрсэн гадаа хэвтэж байсан. Миний эгэмний 5 яс хугарсан, ойролцоогоор 250,000-260,000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн учир энэ мөнгийг ***** ээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8 дахь тал/, 
-Зам тээврийн ослын талаарх бүдүүвч зураг, тэмдэглэл /хэргийн 9-11 дэх тал/ 
-Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/, 
-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 14 дэх тал/,

-Талийгаач ***** ын амбулторын карт, өвчний түүхийн хуулбар /хэргийн 18-30 дахь тал/,  

-“…сонота маркийн *****  улсын дугаартай автомашин жолоодож явсан Батдорж овогтой *****  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан. 
...жолооч Батдорж овогтой *****  сонота маркийн *****  улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний 2 дугаар бүлгийн 2.7а /жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. /гэсэн заалт мөн бүлгийн 2.3б /жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсээ хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. /гэсэн заалт мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.3 /тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохих гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна.” гэх 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32 дахь тал/, 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 36-38 дахь тал/

-“…гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой яс, нүүрний яс, хоншоор яс, 2 талын хацар яс, хамар ясны ил, далд хугарал, тархины няцрал, эдийн гоожилт, зүрх, элэг, бөөрний язрал, голтын эрхтний цус хуралт, 2 уушигний чалчийлт, эгэм, олон хавирганы хавсарсан хугарал, нүүр, хуйх, их бие, мөчдийн шарх, зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт.
...талийгаачийн биед дээрх оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх шууд зогсож нас барсан байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.2 промилль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 39-40 дэх тал/, 

-“…Т.***** ын биед эгэм ясны битүү хугарал, цус хуралт, хагалгааны дараах байдал, тархи доргилт, баруун гар, шилбэнд шарх, баруун шуу, шилбэ, шагай, тавхайнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 960 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 53 дахь тал/, 

-“…шинжилгээнд ирүүлсэн 2016.09.03 1120 *****  гэсэн хаягтай цуснаас 3.8 промилль спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.8 промилль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. IX/03 1555 *****  гэсэн хаягтай цуснаас 0.9 промилль спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.9 промилль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.   IX/03 1550 *****  гэсэн хаягтай цуснаас 3.1 промилль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 7866 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 57-58 дахь тал/,

-“…*****  гэж хаягласан цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. *****  гэж хаягласан цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. *****  гэж хаягласан цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 7867 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/, 
-“…осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 69-71 дэх тал/, 

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 72 дахь тал/, 

-Иргэний нэхэмжлэгч М.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..”намайг 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа ирэхэд Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Миний монгол” цогцолборын хажуу замын хажуу талын хамгаалалтын төмөр хашаа, гэрэлтүүлгийн тулгуур дайрагдсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэрний дагуу манай байгууллагын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнг хариуцсан тохижилтын ажилтан нар очиж үзэхэд 3 хашаа, нэг гэрлийн тулгуур гэмтээж эвдэрсэн байсан. Тэгээд бид нар очиж үзэж, акт тавиад явсан. 
...эвдэрсэн эд зүйлийн актанд ажлын хөлс гэж 62000 төгрөг гарсан. Эдгээр гарсан зардлыг *****  гэдэг залуу төлж барагдуулж, манай байгууллагыг хохиролгүй болгосон. Манай байгууллагаас одоо ***** гэдэг хүнд нэхэмжлэх зүйл болон гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 82 дахь тал/, 

-Иргэний нэхэмжлэгч Д.***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Улаанбаатар хотоос Дарханд 2016 оны 9 дүгээр арын 2-ны орой 23 цаг өнгөрч байхад таксигаар ирсэн. 
...тэгээд Батхолбоогийнд очоод *****  архи уугаагүй, бусад нь архи уусан. Тэгээд архи ууж дуусаад Батхолбоогийн гэрээс нь гараад бид нар хээтэй хороололд очиж ***** ын гэрт очсон. ***** ын гэрт нь очоод ***** , ***** , бас нөгөө *****  бид нар архи уусан. Тэгээд үүрээр ***** ын гэрээс нь гараад явж  байгаад бид нар аваарт орсон юм.  Нэг мэдсэн би модны хажууд хэвтэж байсан. Би босоод машинаа тойроод хартал талийгаач ******  замын хажууд хэвтэж байсан. Тэгсэн *****  “машины араас ******ыг татаж гарга” гэж хашгирсан. Би тэгээд очиж *****ыг машинаас татаж гаргасан. Тэгээд байж байтал 103 түргэний тэрэг ирсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. 103-н эмч үзээд ****ийг нас барсан байна гээд ***** тариа хийгээд эмнэлэг рүү авч явсан юм. Би нар *****ын гэрээс гараад явж байхдаа ***** ийн машинд сууж явсан юм. Миний биед авто аваарын улмаас хөнгөн гэмтэл учирсан юм. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/, 

-Гэрч ***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр үүрээр 03 цаг 39 минутын үед миний утас руу *****  залгасан. Би тэр үед гэртээ унтаж байсан юм. Тэгээд би ***** ийг намайг хамт гадуур таксинд ханиндаа тойроё гэж хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодоод утсаа автал *****  “гараад ир, байрны чинь гадаа байна” гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад иртэл манай байрны гадаа *****  өөрийнхөө машинтай бас талийгаач ***** машинтайгаа ***** , *****  нар ирчихсэн байсан. Тэд нар талийгаач *****ийн машин дотор сууж байсан. Тэгээд би *****ийн машинд нь ороод суутал ***** , ***** , талийгаач ***** нар архи уучихсан байсан. Тэд нар дотор *****  нь архи уугаагүй эрүүл байсан. 
...тэд нар архиа ууж байгаад чанга чанга ярьж байгаад манай эхнэр Энхтуяа сэрж, тэд нарыг загнаад тэгээд тэд нар манайхаас гараад явсан юм шиг байна лээ. Тэгээд өглөө 10 цагийн үед манай эхнэр намайг сэрээж *****  тэд нар паркийн тэнд машинтайгаа явж байгаад аваарт орсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 85 дахь тал/, 

-Гэрч ******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө 6 цагийн үед манай гэрт ***** , талийгаач *****, ***** ээ, *****  манай нөхөр *****  нар орж ирсэн. Тэд нар орж ирээд гэрт нэг шил архи хувааж уусан. Тэд нар архиа ууж байхдаа *****  гэдэг залуу нь том том чанга дугараад байхаар нь би тэд нарт “та нар чимээгүй байхгүй, айлд орж ирчихээд чимээгүй байхгүй яагаад чанга чанга дугараад байгаа юм бэ, хүүхэд айлгачихлаа” гэж хэлсэн. 
...тэгээд тэд нар манайхаас гараад явсан. Тэр үед нь би цаг харахад өглөөний 07 цаг 30 минут болж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 88 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 108 дахь тал/, 
-Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хэргийн 110-112 дахь тал/,
-Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хэргийн 113 дахь тал/,
-Хохирол төлсөн баримтууд /хэргийн 142-144 дэх тал/,
-Хохирлын баримтууд /хэргийн 148-188, 210-211 дэх тал/,
-Хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 222-223 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 225-226, 229 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.*****  нь 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 10 цагийн орчим ***** р багийн нутаг дэвсгэрт байрлах “***** ” хийн түлш түгээх газрын арын зам дээр ***** улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлех эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ   тээврийн   хэрэгсэл   жолоодохыг   хориглоно.” 9 дүгээр бүлгийн 3-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”  гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн Т.***** ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Б.***** ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
Иймд шүүгдэгч Б.***** ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Т.***** ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Б.***** ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.*****  нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасны дагуу тооцож үзэхэд шүүгдэгч Б.***** ийн ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Хохирогч Т.*****  нь эмчилгээний зардал, хагалгааны төлбөр нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Ж.*****  нь оршуулгын зардал, гэм хор учруулсны төлбөрт  11101709 төгрөг, тэтгэврийн зээлд 3572032 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

Хохирлын талаарх бичгийн баримтуудыг судалж үзэхэд хэргийн 171, 172, 174, 178, 180, 183, 184, 186 дахь талд авагдсан нийт 443950 төгрөгийн баримт нь худалдан авсан гэх эд зүйлийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн гарын үсэггүй, ямар нэгэн тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Мөн визний үйлчилгээний хураамжид төлсөн гэх 3873600 төгрөг, тэтгэврийн зээлийн 3572032 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш байна.
Иймд визний үйлчилгээний хураамжийн 3873600 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 443950 төгрөг, нийт 4317550 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин тэтгэврийн зээлийн 3572032 төгрөгийг тухайн зээл олгосон банкны өмнөөс нэхэмжлэх эрх хохирогч Ж.***** т үүсээгүй байх тул тэтгэврийн зээлтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн талийгаач Б.***** ийн бага насны хүүхдүүд болох 2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн ***** , 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ***** нарт Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасны дагуу гэм хор учруулсны төлбөр нэхэмжилж байгаа боловч талийгаач Б.*****  нь сард ямар хэмжээний орлого олдог байсан гэдгийг нотлох баримтгүй, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөг тогтоолгосон гэдгийг нотлох баримтаа ирүүлээгүй байх тул гэм хор учруулсны төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*****  нь хохирол төлбөрт 3390000 төгрөг төлсөн бөгөөд 11101709 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс мөрдөн байцаалтын шатанд төлсөн 3390000 төгрөгийг хасч, нотлох баримтын шаардлага хангаагүй 443950, визний үйлчилгээний хураамж 3873600 төгрөг, нийт 4317550 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3394159 төгрөгийг шүүгдэгч Б.***** ээс гаргуулж, хохирогч Ц.***** т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*****  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.***** ээс 3394159 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж байгаа тул 3978ДАР улсын дугаартай соната-6 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.***** ийн *****  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Прокурорын газарт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхэлж тоолохыг дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *****  овогт ***** ийн ***** ийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Т.***** ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Б.***** ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч *****  овогт ***** ийн ***** д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн /хоёр жил/  хугацаагаар хасч, 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/  хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.***** д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-т зааснаар шүүгдэгч Б.***** ээс 3394159 /гурван сая гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун тавин ес/ төгрөг гаргуулж, хохирогч ******** тоотод оршин суух *****ын ***** т /*****/ олгож, 4317550 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөрт 3390000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ж.***** ийн тэтгэврийн зээл, гэм хор учруулсны төлбөр, хохирогч Т.***** ын эмчилгээ болон хагалгааны зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст хохирогч Ж.***** , Т.*****  нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.***** ийн өмчлөлийн 3978ДАР улсын дугаартай соната-6 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар *****  дугаартай *****  улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***** д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.***** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.***** ийн *****  дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт шилжүүлсүгэй. 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.***** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Я.ТУУЛ