Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/067

 

Ц.Гд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Шүүгдэгч Ц.Г

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Гд холбогдох эрүүгийн 1914003070207 дугаар хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Г, Баянхонгор аймгийн эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Б.Тын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэрэнбалжидийн Гыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэрэнбалжидийн Гд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг/ 01 / жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан /6/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг жил зургаан / 01 жил,06/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Гд нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Г нь сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй, IQ зааварчилгааг ойлгохгүй хийж гүйцэтгэж чадахгүй, хүүхэд насны уналт таталт өвчний улмаас зан төрхийн өөрчлөлттэй, мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг хүн. Түүний сэтгэцийн байдалд 2 удаагийн сэтгэцийн дүгнэлт нь дээрх байдлыг нотлодог ба цаашид эмчийн хяналтанд эмчлүүлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай, сэтгэцийн тусгай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай талаар дүгнэлт гарсан.

Сэтгэцийн дүгнэлтүүд болон сэтгэцийн шинжээч эмчийн мэдүүлгээс харвал IQ нь сэтгэхүйн хүрээ, оюуны түвшинг тодорхойлдог байна. Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар хэрэг хариуцах чадвар гэдэг нь сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвар юм. Гэтэл Ц.Г нь IQ буюу ой тогтоолт сэтгэхүйн хүрээ нь тогтоогдохгүй, зааварчилгааг ойлгохгүй хийж гүйцэтгэж чадахгүй байхад хэрэг хариуцах чадвартай гэж дүгнээд байгаа нь шинжээч эмч нар хэт нэг талыг барьсан, ойлгомжгүй худал дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүй ял оногдуулсан гэж үзэж байна. Эргэлзээтэй нотлох баримтыг шүүгдэгчид ашигтай бус ганц заалтыг барин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулан дүгнэлээ. Энэ нь ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай гэм буруугүйд тооцох зарчим алдагдсан.

Нөгөөтэйгүүр Ц.Г нь мотоцикль унамаар хорхой нь хүрээд байсан учир хүний мотоцикль унаад эзэнд нь эргүүлээд өгчихсөн. Авч яваад хөдөө орхиод ирсэн гэдэгээ хэлээд байгаа болохоос энэ буруу, хариуцлага хүлээнэ гэж мэдэхгүй байна. Нууцаар аваад эргүүлж өгөхгүй байх өөрөө ашиг олох зэрэг бодол үгүй байна. Энэ хүний сэтгэцийн байдал тодорхойлогдохгүй байгаа болохоор хулгайлсан, зөвшөөрөлгүйгээр авч явсан аль нь болохоо ч мэдэхгүй, мотоциклийг хорхой хүрээд авсан гэдгээ л хэлээд байгаа, өөрийн үйлдлийн аюултай шинжийг ухамсарлах, удирдах чадвартай гэхэд эргэлзээтэй байна. Энд гэм бурууг дүгнэхэд ч эргэлзээтэй. Шүүгдэгчийн мэдүүлээд байгаагаар зүйлчилж гэм бурууг тодорхойлох хуулийн гаргалгаа харагддаг. Гэхдээ түүний сэтгэцийн байдал эргэлзээтэй тул тодорхойлоход хүндрэлтэй.

Шинжээч эмч нар дүгнэлтэндээ эргэлзээтэй зүйлийг тусгасан. Хийсэн үйлдлээ мэддэг гэдэг нь, буруу гэдгийг ойлгож байгаа ч юугаар тодорхойлогдоод, ямар шинжээр нотлогдоод байгаа нь дүгнэлтэд тусгагдаагүй. Харин ч сэтгэцийн 29 болон 45 дугаартай дүгнэлтийн бүх заалтууд Ц.Гыг зааварчилгаа ойлгохгүй, хийж гүйцэтгэж чадахгүй, оюуны хоцрогдолтой, IQ зааварчилгааг ойлгохгүй, хийж гүйцэтгэж чадахгүй байгааг тусгасан.

Мөн хулгайн хэргийг дахин давтан үйлддэг гэсэн нь харин ч түүний гэмт үйлдэл хийгээд байгаа нь сэтгэцийн хүндэвтэр хомсдол, IQ буюу оюуны түвшин тодорхойлогдох боломжгүй бага байгаагаас болоод үйлдээд байна гэж үзэхээр байна.

Иймээс Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтанд дүгнэлт

хийж Ц.Гы үйлдлийн шинж байдал, гэм буруу, сэтгэцийн байдал, хэрэг хариуцах чадвар зэрэгт хуулийн хүрээнд үнэлэлт өгч Ц.Гд эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардлагатай болсон нөхцөлд явуулах ажиллагаануудыг хуульчилж өгсөн байх ба энд сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг тусгаж өгсөн. Уг шинжилгээний үндсэн дээр шүүх Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагын зорилгыг бодитойгоор хангах шийдвэрийг гаргана.

Дүгнэлтэнд эмчийн хяналтанд эмчлүүлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай, сэтгэцийн тусгай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн байтал шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харсангүй, эрүүл мэндийн байдал цээрлэлийг даах үгүй дээр, шинжээчийн дүгнэлтийн “ хэрэг хариуцах чадвартай” гэсэн нэг өгүүлбэрээс бусад заалтад дүгнэлт хийлгүй цээрлэл хүлээлгэн хорих ял оногдуулсан гэж үзэж байна.

Мөн уг шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон ял оногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн. Өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулаагүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэхь заалтад “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж...”гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялыг хөнгөрүүлэн өөрчилж эсвэл хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч нарын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29 тоот, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч нарын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 45 тоот нэмэлт дүгнэлтүүдэд Ц.Гыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн мөртлөө Ц.Гыг IQ-н зааварчилгааг ойлгохгүй, хийж гүйцэтгэж чадахгүй, түүний IQ-г тогтоосоноор тухайн оролцогчийн ой тогтоолт,сэтгэхүйн хүрээг үнэлдэг, IQ тогтоох нь хэрэг хариуцах чадварт нөлөөлнө гэж түүний сэтгэцийн байдлын талаар өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх анхааралгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 707 тоот албан бичигт Ц.Г нь шинж тэмдгийн уналт, уналтын гаралтай тархины эмгэгшил, ойгүйдлийн хам шинж гэх оноштой, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн мөртлөө IQ-н зааварчилгааг ойлгохгүй, хийж гүйцэтгэж чадахгүй байдал нь хэрэг хариуцах чадварт нөлөөлнө гэх зэрэг сэтгэцийн байдал нь эргэлзээтэй болсон байх тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг дахин шинжээчээр томилж, шинжилгээний дүгнэлт гаргуулж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 33 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрж байгаа болон Ц.Г нь ердийн өвчний жагсаалтын 4-25-б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар эмчийн хяналтад байдаг талаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмчилгээ чанарын хяналтын комиссын шийдвэр хэрэгт авагдсан байх тул урьд нь эмчилж байсан болон хяналт тавьдаг эмч нараас мэдүүлэг авах зэргээр түүний сэтгэцийн байдлыг нь тодорхой тогтоох нь Ц.Гы эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ.

Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Гд холбогдох 1914003070207 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар Ц.Гд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

   ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ