| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2020/0009/з |
| Дугаар | 37 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ..... дүүрэг, .....-р хороо, ....., ..... байр, ..... тоотод байрлах “Ш Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн Аудитын газар, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
“Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай актын 1.983.870.220 төгрөгөөс 1.728.897.258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М /цахимаар/, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н /цахимаар/, М.Б, хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э /цахимаар/, иргэдийн төлөөлөгч С.Алтантуяа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ:
“Нэг: Үйл баримтын тухай
1. Манай компани
-Улаангом - Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2012 оны 7 дугаар сарын 14-ны өдөр эхлүүлж, 2014 оны 8 дугаар сарын 31-ны өдөр;
-Наранбулаг - Хяргас нуур чиглэлийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын ажпыг 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдөр эхлүүлж, 2014 оны 8 дугаар сарын 31-ны өдөр;
-Улаангом - Хяргас нуур чиглэлийн 15 км хатуу хучилттай авто авто замын барилгын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдөр эхлүүлж, 2014 оны 8 дугаар сарын 31-ны өдөр;
тус тус барьж дуусган, улсын комисст 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн.
2. Дээр дурдсан хатуу хучилттай авто замыг "чанартай сайн барьсан" бөгөөд өнөөг хүртэл ашиглах хугацаанд ямар нэг асуудал үүсээгүй болно.
3. Хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг батлагдсан төлөвлөгөөний дагуу ашиглаж ирсэн ба төлбөрийн зарим хэсгийг орон нутгийн төсөвт шилжүүлж байсан. (2013 онд 200 сая төгрөг шилжүүлсэн)
4. Увс аймаг дахь төрийн аудитын газар "Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитад авто замын барилгын ажлыг хамруулсан" бөгөөд манай компаниас 3639783.7 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 1,983,870,220? / Нэг тэрбум, есөн зуун наян гурван сая, найман зуун далан мянга, хоёр зуун хорин төгрөг / -ийг төлүүлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн (01/25 УВА - 2020 /01/ ГА) акт тогтоожээ.
5. Манай компани уг актыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж узэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хоёр: Акт нь холбогдох хууль, журам зөрчсөн тухай
1. Аливаа захиргааны байгууллага, түүний дотор аудитын газар захиргааны шийдвэр (акт) гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. (ЗЕХ-ийн 24.1) Энэ хүрээнд ЗЕХ-ийн 25.1-д зааснаар "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах" ажиллагаа хийх ёстой байсан боловч бидний үзэж буйгаар энэ ажиллагаа дутуу эсхүл хийгдээгүйгээс хууль зүйн хувьд алдаатай акт гарсан байна. Тодруулбал дээр дурдсанаар бид авто замын барилгын ажпаа 2012 онд эхлүүлж, 2014 оны намар, өвөл дуусгасан билээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд (2 жил) хэзээ, ямар хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талаар бүрэн гүйцэд шалгаагүйгээс актаар тогтоосон дүн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
2. Увс аймаг дахь төрийн аудитын газар акт тавихаасаа өмнө бидний тайлбар, нотлох баримтыг авсан бол эдүгээ ийм маргаан үүсэхгүй байж болох байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч ЗЕХ-ийн 26.1-д заасан "оролцогчийг сонсох" ажиллагаа хийгээгүйгээс мөн л хууль зөрчсөн акт гаргахад хүрсэн.
3. Хариуцагч акт гаргахдаа хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын тухай Хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр батлагдсан ба энэ хуулийн 33.2-т зааснаар "төлбөр нь ... борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү" байхаар заасан байхад хариуцагч борлуулалтын үнэлгээний 4 хувиар бодсон нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Эдгээрийг үндэслэн Увс аймгийн төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 01/25 УВА-2020/01/ГА актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Ш Ш”ХХК-ийн Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Тайлбар: “Ш Ш”ХХК дээрх ажпуудыг гүйцэтгэх явцад Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын татварын байцаагч нар Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт хийж байсан ч орон нутгийн төсөвт төлбөр төлөөгүй.
Улмаар 2013 оны 6 дугаар сарын 20-нд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажпын хэсэг ажиллаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1 579 879 200 /Нэг тэрбум таван зуун далан есөн сая найман зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийн ногдуулалт хийсэн. Тухайн татварын төлбөрийг барагдуулах талаар аймгийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/237 дугаар албан бичгийг “Ш Ш”ХХК-д хүргүүлж байсан байна.
Дээрх ногдуулалтын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн орон нутгийн орлогын "Бусад татвар хураамж"-ийн 150000947 тоот дансанд 200 000 000 /Хоёр зуун сая/ төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл татварыг төлөөгүй байна.
Манай байгууллагаас 2015 онд хийсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн төлөвлөлт, бүрдүүлэлтийн үр дүн сэдэвт /УВААГ-/2015/11- НА/ аудитаар дээрх асуудлыг хөндөж Татварын байцаагчийн ногдуулсан татварыг төлж барагдуулах зөвлөмж өгч байсан.
Татварын хэлтэс ногдуулалтыг 2013 онд замын ажлын гүйцэтгэлийн явцад хийсэн байх бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллагын тогтоосон актын тооцооллын дүн нь бодит ажлын гүйцэтгэлийн тоо мэдээнд үндэслэн хийсэн болно. Актын төлбөрт 2013 онд төлсөн 200 000 000 /Хоёр зуун сая/ төгрөгийг оруулаагүй болно.
Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 304 тоот өрөөнд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна", 27.4.4 дэх заалтад "Утсаар санал авах", 27.4.5 дахь заалтад "Цахим хэлбэрээр санал авах", 27.4.6 дахь заалтад "Төлөөлөгчөөр дамжуулан санал авах" гэж заасны дагуу “Ш Ш”ХХК-ийн орчуулагч н.С болон өмгөөлөгч Ц.Д нартай утсаар холбогдож сонсох ажиллагааг явуулан тэмдэглэл хөтөлж, дуу хураагуураар бичлэг хийж баримтжуулсан. Утсаар ярилцахдаа актын төсөлтэй холбогдуулан албан бичгээр хариу ирүүлэхийг уламжилсан.
Гэтэл Тус компанийн орчуулагчаас 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "Компанийн удирдлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 409 дүгээр ангид хоригдож байгаа тул уулзаж чадахгүй байна. Танай байгууллага уг хорих ангид хандаж өгнө үү" гэсэн хариу ирүүлсэн тул Дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн удирдлагад хүсэлт хүргүүлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас тухайн холбогдогч нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт эмчлүүлэхээр явсан гэсэн хариуг ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт "Тухайн нэг актын, албан шаардлагын хэвлэмэл хуудсыг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг төлбөр хариуцагч байгууллагад өгөх ба хоёр дахь хувийг тухайн акт, албан шаардлагыг баталгаажуулсан тушаалын хамт аудитын байгууллагын бичиг хэрэгт хавсаргах, үлдэх хувийг нотлох баримтын хамт аудитын ажпын баримт материалд хадгална", 7.3.1 дэх заалтад "Гүйцэтгэл болон нийцлийн аудитаар тавигдсан акт, албан шаардлагыг аудитын тайлангийн хамт энэхүү журмын 7.1-т заасны дагуу баталгаажуулан аудитын тайлангийн хамт харилцагчид албан бичгээр хүргүүлнэ", 7.5 дахь хэсэгт "Төрийн аудитын байгууллагын ажилтан хариу тайлбартай буюу зөвшөөрөөгүй, эсвэл тайлбарыг бичгээр ирүүлэхээс татгалзсан акт, албан шаардлагыг ...., орон нутаг дахь аудитын байгууллагын хувьд тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан байдаг.
Гэтэл хэвлэмэл байдлаар бус цахим хэлбэрээр хүргүүлсэн манай байгууллагын актын төсөлд холбогдуулан хуулийн хугацаанд санал /хариу тайлбар/ ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нэхэмжлэлийн өөрчилсөн шаарлагадаа: Манай компани тус шүүхэд 2020.05.14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ "Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад байсан. Энэхүү шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
"Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА- 2020/01/ГА дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай актын 1,983,870,220 төгрөгөөс 1,728,897,258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"
Учир нь:Манай компани нь Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгэж 2014.12.23-ны өдрийн 02/41/14 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-аар улсын комисст хүлээлгэн өгсөн.
Мөн Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 100 км /85 км, 15 км/ хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2014.12.23-ны өдрийн 02/42/14 02/41/14 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-аар улсын комисст хүлээлгэн өгсөн.
Гэтэл Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020.04.21-ний өдрийн 01/25 УВА- 2020/01/ГА дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай" актаар манай компанид 2 183.8 сая төгрөгийг төлөх ёстой байснаас 200,000,000 төгрөг төлсөн хэмээн 1,983,870,220 төгрөгийг төл гэж акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Манай компанийн хувьд 2013 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрт 200,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Харин тухайн үед Татварын хэлтэс, Аймгийн Засаг даргын зүгээс манай компани руу ямар нэгэн байдлаар албан шаардлага, мэдэгдэл огтхон ч хүргүүлж байгаагүй. Хэрэв шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн бол ямар нэгэн шуудангийн баримтаар нотлогдох ёстой. Манай компани замын барилгын ажлын гүйцэтгэлийн явцад түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээ ухамсарлаж сайн дурын үндсэн дээр урьдчилж 200,000,000 төгрөг төлж байсан.
Хууль хэрэглээний хувьд авч үзвэл хууль тогтоомжууд өнгөрсөн хугацаанд дараах байдлаар өөрчлөгдөж байсан ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын 5.2-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцох ёстой байсан.
Тодруулбал,
3,639,783,7 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо борлуулалтын үнэлгээг дээд талын хэмжээ буюу 5000 төгрөгийн 2.5%- аас тооцно.
(5000₮/100*2,5%)=125₮*3,639,783.7 м3 =454,972,962 төгрөг
5000₮-ийн 2.5% буюу 1 м3=125₮-өөр тооцож маргаан бүхий актад дурдсан 3,639,783.7 м3 хэмжээгээр бодоход төлбөл зохих төлбөр 454,972,962 төгрөг түүнээс 2013.11.29-ний өдөр төлсөн 200,000,000 төгрөгийг хасвал манай компани 254,972,962 төгрөгийг одоо төлөх хууль зүйн үндэслэлтэй.
Хууль тогтоомжид заасны дагуу төлбөрийг тооцоход 2,183,870,220 төгрөг бус 454,972,962 төгрөг гарч байна. Үүнээс манай компани 200,000,000 төгрөгийг 2013.11.29-нд төлсөн байдаг.
Хууль зүйн үндэслэл:
• 2006.07.08 АМтХ 47.3.1 – Борлуулалтын үнэлгээний 2.5%
• 2011.12.23 АМтХ 471.1 - Борлуулалтын үнэлгээний 2.5-5% - ИТХ тогтооно - 2014.01.16-д хүчингүй болсон.
• 2011.12.23 ТТАМтХ 33.2 – Борлуулалтын үнэлгээний 2.5% - Хүчинтэй.
• 2014.07.09 ЗГ 222 тогтоол 5.2 - Борлуулалтын үнэлгээ = 5000₮- Хүчинтэй.
Нэгдүгээрт, 2006.07.08
Ашигт малтмалын тухай 2006.07.08-ны өдрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна:
47.3.1 Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү.
47.3.2 Энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигг малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү."
Мөн хуулийн 6.3 "Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна." гэж заасан.
Тус хуулийн 58 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуваарилах.
58.1. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ."
58.2. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн сум, дүүргийн, 20 хувийг тухайн аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилах бөгөөд орон нутагт хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсвийн дүнгээс хэтэрхээргүй байна."
58.3 "Улсын төсөвт хуваарилсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэлх хувийг геологи, уул уурхайн салбарын санхүүжилтэд хуваарилна."
58.4. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална.
Хоёрдугаарт, 2011.12.23
2011.12.23-нд АМтХ-д дараах нэмэлт, өөрчлөлт орсон.
"471 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
471.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
471.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна.
471.З. Энэ хуулийн 471.2-т заасан төлбөийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно." Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалтын "нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын" гэснийг "нүүрсний" гэж өөрчилсүгэй.
Гуравдугаарт, 2014.01.09
2014.01,09-нд АМтХ-д нэмэлт, өөрчлөлт орсон
АМтХ-ийн 471 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
2014.01.09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан.
33 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
33.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
33.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна.
Дөрөвдүгээрт, 2014.07.09
2014.07.09-ний өдөр Засгийн газрын 222 дугаар тогтоолоор "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам" батлагдсан.
5.2. "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна."
Эндээс үзэхэд маргаан бүхий захиргааны актад дурдсан 2 183,8 сая төгрөгийг тооцож гаргахдаа борлуулалтын үнэлгээг 5000 /ЗГ 2014 оны 222 дугаар тогтоолын 5.2. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна./ төгрөгөөр бус 15,000 төгрөгөөр тооцож, 2.5%-аар биш 4%-аар тооцож үндэслэлгүйгээр гаргасан байх тул маргаан бүхий актын 1,728,897,258 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай актын 1,983,870,220 төгрөгөөс 1,728,897,258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ““Ш Ш” ХХК нь Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан "Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай" нэхэмжлэл гаргасан байна. Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тайлбар1. “Ш Ш” ХХК-ийг дээрх ажпуудыг гүйцэтгэх явцад буюу 2012, 2013 онд Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын татварын байцаагч нар Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт хийж байсан ч орон нутгийн төсөвт түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр огт төлөөгүй байна.
Улмаар 2013 оны 6 дугаар сарын 20-нд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажпын хэсэг ажиллаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1 579 879 200 /Нэг тэрбум таван зуун далан есөн сая найман зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийн ногдуулалт хийсэн байдаг. Тухайн татварын төлбөрийг барагдуулах талаар аймгийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/237 дугаар албан бичгийг “Ш Ш”ХХК-д хүргүүлж байсан байна. /шүүхэд нотлох баримтыг урд нь хүргүүлсэн болно/
Дээрх ногдуулалтын дагуу албан бичиг очсоноос хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн орон нутгийн орлогын "Бусад татвар хураамж"-ийн 150000947 тоот дансанд 200 000 000 /Хоёр зуун сая/ төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг төлөөгүй одоог хүрсэн байдаг.
Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2015 онд хийсэн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн төлөвлөлт, бүрдүүлэлтийн үр дүн" сэдэвт /УВААГ-/2015/11-НА/ аудитаар дээрх асуудлыг хөндөж Татварын байцаагчийн ногдуулсан татварыг авлага тусгаж барагдуулах талаар аймгийн удирдлагад зөвлөмж өгч байсан. /Холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байгаа/
Татварын хэлтэс ногдуулалтыг 2013 онд замын ажлын гүйцэтгэлийн явцад хийсэн байх бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллагын тогтоосон актын тооцооллын дүн нь бодит ажлын гүйцэтгэлийн тоо мэдээнд үндэслэн хийсэн болно. Актын төлбөрийн дүнд 2013 онд төлсөн 200 000 000 /Хоёр зуун сая/ төгрөгийг хасаж тооцсон.
Тайлбар2: 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна", 18 дугаар зүйлд "Татвар төлөгчийн үүрэг", 18.1.2 дахь заалтад "Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх", 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана" гэж заасныг “Ш Ш” ХХК зөрчсөн нь 2011, 2012 он болон 2013 оны эхний хагас жил хүртэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлөөгүйгээс харагдаж байна.
Зам тээврийн яам, Хөгжлийн банк, “Ш Ш” ХХК-ийн байгуулсан дараах 3 ажлын гэрээг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нөхөж байгуулсан байдаг. Үүнд:
1. Улаангом-Наранбулаг чиглэлийн 49 490 140 000 /дөчин есөн тэрбум дөрвөн зуун ерэн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын С-АЗ-Б 2012-142-1-128 дугаартай ажлын гэрээний 3.3 дахь хэсэгт "2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар" /2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулж 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар/
2. Наранбулаг- Хяргас нуур чиглэлийн 37 978 901 868 /Гучин долоон тэрбум есөн зуун далан найман сая есөн зуун нэг мянга найман зуун жаран найм/ төгрөгийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын С-АЗ-Б 2013-60-128 дугаартай ажлын гэрээний 3.3 дахь хэсэгт "2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар"
3. Улаангом- Хяргас нуур чиглэлийн 7 011 083 636 /Долоон тэрбум арван нэгэн сая наян гурван мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийн 15 км хатуу хучилттай авто замын барилгын С-АЗ-Б 2013-59-127 дугаартай ажлын гэрээний 3.3 дахь хэсэгт "2012 оны ... сарын ... өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар" /2012 оны эхлэх сар өдрийг гэрээнд бичээгүй байсан/
Дээрх замын ажлуудын гэрээнээс харахад замын ажпууд 2 биш 4 жилийн хугацаанд үргэлжилсэн байна.
Мөн Наранбулаг- Хяргас нуур чиглэлийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, Улаангом- Хяргас нуур чиглэлийн 15 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 2013 онд буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө бүрэн дуусахаар байсан. Түүнчлэн Улаангом- Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эхэлж 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр дуусахаар байсанд өөрчлөлт оруулж 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болгон хойшлуулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр батлагдаж гарсан ч дагалдан гарсан Засгийн газрын 222 тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам" 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан байна.
Үүнээс харахад тухайн журам батлагдсан цаг хугацааны хувьд уг замын ажпуудын гүйцэтгэл дуусаж байсан буюу замын ажилд ашиглах Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглаж дуусаж байсан хугацаа байна. Гэтэл замын ажпыг бүрэн хүлээлгэн өгсний дараа түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлөхөөр байсан мэтээр хууль тогтоомжийг тайлбарласан байна.
Аудитаар дараах хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж төлбөрийн акт тогтоосон. Үүнд:
Ашигт малтмалын тухай хуулийн 471 дугаар зœйлийн 471.2 дахь хэсэгт "Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5-5 хувьтай тэнцүү байна", 471.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" /Хуулийн 471 дугаар зүйлийн 471.2, 471.3 дахь хэсгүүд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан заалт/ гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн "Байгалийн нөөц болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай" 1/07 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны хураамж"-ийн хувь хэмжээг 4 хувь байхаар баталсан.
Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалын 5-р хавсралтаар баталсан "Барилгын материал, бүтэц, эдпэлийн үнийн лавлах, түүнийг хэрэглэх заавар БД81-109-11 дүгээр сэтгүүл"-д нийтлэгдсэн "Барилгын гол нэрийн материал, бүтэц эдлэлийн жишиг үнийн 2012 оны үнийн лавлах"-аас үзэхэд 2517.10.02 улсын кодтой, 1 -4160 барилгын төсвийн суурь нормын цифртэй, ф5-10мм ширхэглэлтэй, MNS0346- 2000 стандартын хайрганы 1 м3 -ын жишиг үнэ 15000 төгрөг байхаар байна.
Гэтэл 2011-2014 онд гүйцэтгэсэн ажилд 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2.5 хувиар тооцож, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын дагуу 1 м3-ыг 5000 төгрөгөөр тооцох ёстой гэж хууль, тогтоолыг өөрт ашигтайгаар тайлбарласан байна.
Мөн дээрх замын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 4.3 дахь хэсэгт "Гүйцэтгэгч нь санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан, төслийн хэрэгжилтийн явцад зөрчил гаргасан, барилгын ажил нь стандарт, норм хангаагүй, технологийн горим зөрчсөн ажлын тоо хэмжээ зөрүүтэй тохиолдолд санхүүжүүлэгч нь гүйцэтгэгчид санхүүжилт олгохгүй байж болно", 7.1 дэх хэсэгт "Энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах хариуцлагыг буруутай тал нь хариуцна" гэж заасан байна.
Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, тоггоомжийг зөрчин Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлөхгүй олон жил болж байгаа нь татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдэл бөгөөд байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно", 4.5 дахь заалтад "Газарт учирсан хохирлыг ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр" гэж заасан байна” гэжээ.
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Увс аймаг дахь төрийн аудитын газрын 2020.04.21-ний өдрийн 01/25УВА2020/01/ГА дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай" актын 1,983,870,220 төгрөгөөс 1,728,897,258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Энэхүү маргаан бүхий актын үндэслэлд Увс аймгийн ИТХ-ын 2012.12.05-ны өдрийн 1/07 дугаартай "Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай" тогтоолын 5 дугаар хавсралтыг үндэслэжээ. Тус ИТХ-ын тогтоолын 5 дугаар хавсралтад Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны хураамжийн хувийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамааруулан шоо метр тутамд 4-5% байхаар 4 багана, 8 мөр бүхий хүснэгтэд тусгажээ.
Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 139, 140 дэх талд авагдсанг 2012 оны ИТХ-ын 1/07 тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай /цаашид АМтХ гэж товчлов./ хуулийн 47.2, 47.3 дахь хэсгийн заалтуудыг буюу доорх хуулийн заалтуудыг үндэслэж гарчээ...
Тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний олборлолтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох талаар 47.2, 47.3-т зохицуулсан байсан.
Гэвч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдгээр хуулийн заалтыг үндэслэн дараах үндэслэлүүдээр илт хууль бус байна. /2015 онд батлагдан, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэх журам, зохицуулалт байхгүйгээс гадна шүүхийн практикийг харгалзан үзэж маргаан бүхий акт/ ИТХ-ын тогтоол батлагдах үед мөрдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэнэ гэж нэхэмжлэгч талаас үзэж байна./ Үүнд:
1.2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;” гэж заасныг зөрчсөн. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.3 дахь хэсгийн заалтууд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд “захирамжилсан шийдвэр” гаргах эрх хэмжээ олгосон хуулийн заалт биш байна.
2. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1- т “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:” 9.1.1. “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;” Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.3 дахь хэсгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолдоо үндэслэсэн атлаа тогтоолынхоо 5 дугаар хавсралтад түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны хураамжийн хэмжээг 4-5% байхаар хүснэгтэд заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.3 дахь хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” 4-5% байх талаар заагаагүй. Эндээс үзвэл үндэслэсэн хуулийн заалтаасаа тэс өөрөөр тогтоолын хавсралтаа баталсан агуулгын алдаатай байна.
3. Мөн зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” бол илт хууль бус байх талаар заасан ба Увс аймгийн ИТХ-ын 2012 оны 1/07 тогтоолын үндэслэлээс үзэхэд тухайн актыг гаргах эрхийг ИТХ-д олгосон хууль зүйн үндэслэл, хуулийн заалт бичигдээгүй байх буюу эрх хэмжээ олгогдсон болох нь уг актаас үзэхэд тодорхойгүй байна. АМТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011,12.23-ны өдрийн' хуулийн 1 дүгээр зүйлээр (471. З Энэ хуулийн 471 .2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэх заалт шинээр нэмэгдсэн буюу 5 дугаар зүйлдээ “энэ заалтыг 2013.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Увс аймгийн ИТХ-ын 1/07 тогтоол нь 2012.12.05-ны өдөр батлагдсан буюу хуулиар эрх олгосон заалт хэрэгжиж эхлэхээс 26 хоногийн өмнө гарсан байна.
4. Мөн зүйлийн 9.1.7 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” бол захиргааны акт илт хууль бус байх хууль үйлчилж байсан. АМТХ-ийн 47.2, 47.3 дахь хэсгийн заалтууд нь ИТХ-аас “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамж”-ийг тогтоох хууль зүйн үндэслэл биш ба чухам тухайн зүйлийн аль заалт, хэсгийг баримталсан нь тодорхойгүй байна.
5. Мөн зүйлийн 9.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;” учраас илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Увс аймгийн ИТХ өөрөө гаргах ёстой байсан. Учир нь АМТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011.12.23-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлээр дараах нэмэлтүүд хуульд оржээ...
Энэхүү нэмэлт нь 2014.01.09-ны өдрийн хуулиар хүчингүй болсон учраас аймгийн ИТХ хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн тогтоолоо өөрчлөх ёстой байсан.
2014.01.09-ний өдрөөс эхлэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” /цаашид ТТАМтХ гэж товчлов/ нарийвчилсан хууль шинээр батлагдсан. Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна,” гэж заасан бөгөөд Увс аймгийн ИТХ-ын 1/07 тогтоол илт хууль бус болох нөхцөл бүрдэж, уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байхад тогтоолын үндэслэл болон 5 дугаар хавсралтаа шинэ, хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй хуульд нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүргээ 2014.01.09-ний өдрөөс хойш хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрчээ.
Ийнхүү илт хууль бус актын 4 шинж бүрдсэн ИТХ-ын тогтоолыг үндэслээд захиргааны акт гарсан байх буюу Увс аймгийн Төрийн Аудитын газраас үндсэн нэхэмжлэлийн маргаан бүхий захиргааны актыг 2020.04.21-ний өдөр баталж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлага гаргасан болно.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012.12.05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хамтран хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Ш Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа.
Аймгийн ИТХ-аас 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/07 тоот тогтоолоор байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай асуудпыг тус тус хэлэлцэн хавсралтаар баталсан.
Тус нэхэмжлэлд Аймгийн ИТХ-аас 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/07 тоот тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болгохыг шаарджээ.
Тухайн үед ашигт малтмалын тухай хуулийн 471 дугаар зүйлийн 471.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлөхөөр мөн хуулийн 471.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байхаар заасан байдаг.
Иймд тус хуулийн 471.З.ЭНЭ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох бүрэн эрхийг олгосон тул тухайн асуудпыг хэлэлцэж аймгийн ИТХ-аас 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/07 тоот тогтоолыг баталсан байна.
Дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;” Иймд аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/07 тоот тогтоол, түүний 5-р хавсралт нь ямар нэг хууль тогтоомж зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргаагүй болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурлын хуралдааныг жилд 2-аас доошгүй удаа хуралдахаар заасан байдаг.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т тухайн орон нутгийн төсвийг 12 дугаар сарын 05-ны дотор тухайн шатны хурал хуралдаж ирэх жилийн төсвөө хэлэлцэн батлахаар заасан байдаг тул тухайн хуралдаанаар 2013 онд орон нутгийн орлогод төвлөрүүлэх орлого, татвар, төлбөр, хураамжийн асуудлаа хэлэлцэж асуудпыг нэгтгэн боловсруулж баталдаг.
Тиймээс 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн ИТХ-аар 2013 оны төсөв, төсвийн орлого бүрдүүлэлтийн асуудлаа давхар хэлэлцэж баталсан байна.
Иймд “Ш Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн ИТХ-аас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Төрийн аудитын газрын маргаан бүхий захиргааны актын 1.983.870.220 төгрөгөөс 1.728.897.258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчилсөн. Хоёрдугаарт Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2012 оны 1/07 дугаартай тогтоолын тавдугаар хавсралтыг түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль дагаж мөрдөгдсөн 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэгч энэхүү хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь “Ш Ш” ХХКомпани нь Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолын 8 болон 10 дахь хэсэгт заасны дагуу Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж Улсын Комисс-д хүлээлгэн өгсөн. Мөн Улаангом-Хяргас нуур чиглэлийн 15 км зам, Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км зам буюу нийтдээ 100 км замын барилгын ажлыг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлж 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улсын Комисст ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь 190 км авто замын барилгын ажлыг барьж дуусгасан байна. 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө дагаж мөрдөж байсан хууль тогтоомжууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47’1 ийн 2 дахь хэсэгт зааснаар зохицуулж байсан буюу тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүн борлуулалтын үнэлгээний 2.5-аас 5 хувьтай тэнцэх хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бодно гэдэг ийм хуулийн зохицуулалттай байсан. Мөн дээрх 2.5-5 хувьтай тэнцүү байх энэхүү хувь хэмжээний хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох эрх Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байсан. Энэ хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 1/07 дугаартай тогтоол батлагдсан. Гэтэл 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж мөн өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар Түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байх талаар хуульд шууд заасан. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Засгийн газраас борлуулалтын үнэлгээг тогтоох зохицуулалт орсноор өмнө нь үйлчилж байсан ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчингүй болсон. 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөх болсноор 2014 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Засгийн газрын 222 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ 1 шоо метрийн 5000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж өгсөн. Нэхэмжлэгч компанийн хувьд дээрх хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хагас жилийн дараа авто замын барилгын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь Зам тээврийн яам болон Хөгжлийн банктай байгуулсан гуравласан гэрээний дагуу 190 км замыг барьж, хүлээлгэн өгсөн бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 200.000.000 төгрөгийг төлсөн. Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-д 2.183.800.000 төгрөгийн акт тавьсан. Үүнээс урьдчилж түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлсөн байсан 200.000.000 төгрөгийг хасч, 1.983.870.220 төгрөгийг төлөх ёстой гэдэг байдлаар акт тогтоосон байгаа. Мөн 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар борлуулалтын үнэлгээг 5.000 төгрөгөөр тооцож, 2,5 хувиар бодох ёстой бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг 3.639.783,7 м куб хэмжээгээр тооцож төлөх ёстой байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу 1м куб түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр 125 төгрөг байна. Үүнийг актад дурдагдсан 3.639.783,7м куб хэмжээгээр тооцоход 454.972.962 төгрөгийг нэхэмжлэгч “Ш Ш” ХХК төлөх ёстой болж байгаа юм. Үүнээс бид 200.000.000 төгрөгийг төлсөн байхад ямар үндэслэл, тооцооллоор уг актад дурдагдсан дүн гарсан болохыг ойлгохгүй байна. Хуульд заасан тоо хэмжээний дагуу бодох ёстой. Бид огт төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Хуулийн дагуу, хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр төлбөрийг төлнө.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1/07 дугаартай тогтоолын 5 дугаар хавсралт илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдахдаа дагаж мөрдөх журмын тухай хууль гэж тухайлж гараагүй. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг хуультай нийцүүлэн тогтоолоо гаргах ёстой байсан. Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор энэхүү хэм хэмжээний актыг бүртгүүлэх, хуульд тавьсан шаардлагад нийцүүлэх шаардлагатай. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хуульдаа нийцэж, цуцлагдах, шинэчлэн батлагдах ёстой. Увс аймгийн Төрийн аудитын газрын маргаан бүхий Захиргааны акт 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарсан учраас хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд батлагдах ёстой. Ашигт малтмалын тухай хууль буюу хүчингүй болоод 7 жил болж байгаа буюу хуулийн хүчин төгөлдөр бус заалтыг үндэслэн гарсан байна. Иймд энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргасан болно.
Увс аймгийн Төрийн аудитын газрын энэхүү маргаан бүхий захиргааны актад хүчингүй болсон хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хувьд мөн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуульд нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар нь 3.639.783,7м куб хэмжээн дээр маргаагүй байж үндэслэлгүй төлбөр тогтоосон байна гэж үзэж байна.
Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2 удаа бичгээр тайлбар гаргасан. Хариуцагч Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг удаа бичгээр тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн эхний шаардлагатай холбоотойгоор Увс аймгийн Төрийн аудитын газрын маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл бол хүчингүй болсон хуулийг баримталсан, хуульд нийцүүлж батлаагүй зэрэг үндэслэл байгаа. Увс аймгийн Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Би ингэж үзэж байна бодож байна. “Ш Ш” ХХК татвараас зайлсхийсэн” гэх мэт үндэслэлгүй тайлбар гаргалаа. 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуул шинэчлэгдэн батлагдсан. Тус хуультай үйлчилж байх “Ш Ш” ХХК компанитай авто замын ажлыг гүйцэтгэсээр л байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь талд зам тээврийн яамнаас “Ш Ш” ХХК руу тендерийн саналыг хүлээн авлаа гэсэн хариу ирүүлсэн албан бичиг байгаа. Уг албан бичгийн огноо нь 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгаа. Хариуцагчийн хэлээд байгаа 3 чиглэлийн замын ажил 2011 онд эхэлсэн гэх тайлбар энэ баримтаар няцаагдаж байгаа юм. Мөн авто замын ажлыг улсын комисс хүлээж авсан актад ажил хэзээ эхэлсэн хэзээ дууссан он сар өдрийг биччихсэн байгаа. Захиргааны байгууллага өөрөө акт гаргахдаа эдгээр асуудлуудыг нотлох үүрэгтэй. Юуг үндэслэж, ямар тооцоо хийсэн гэдгээ мэдэхгүй байж акт тогтоогоод төлбөр нэхэмжлээд байх боломжгүй. Мөн маргаан бүхий захиргааны актад Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1/07 дугаартай тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2020 онд гарсан актад 2012 оны иргэдийн хурлын тогтоолыг үндэслэж төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь Хос мөнгөн зам ХХК-д ашигт малтмал ашигласны төлбөрийг 5.000 төгрөгөөр тооцсон гэсэн зүйл ярьж байна. Тэгвэл яагаад “Ш Ш” ХХК 15.000 төгрөгөөр боддог юм бэ?. Захиргааны байгууллага бүтэн 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч компанийг барилгын ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм бол жил тус бүрд нь төлбөл зохих төлбөрийг тооцоолж гаргаж болдоггүй юм бэ?. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагатай холбоотойгоор тайлбар гаргахад Иргэдийн төлөөлөгчдийн хурал эрх олгогдоогүй гэж маргаж байна огт маргаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч “Засаг даргаас санал ирээгүй тул иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй. Хууль гарсан үгүй нь хамаагүй” гэх мэтийн утгагүй тайлбар гаргалаа. Хууль хэрэгжүүлж байгаа байгууллага ийм тайлбар гаргаж болохгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдаад байхад хуульдаа нийцүүлж, тогтоолдоо өөрчлөлт оруулахгүй яасан юм бэ? Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаар акт маш эргэлзээтэй акт байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны байгууллагаа төлөөлж ирчихээд хуулийг үл ойшоосон байдлаар тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Цаг хугацааны хувьд хойно урд нь оруулаад, мэдэх мэдэхгүй зүйл яриад байж болохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан, актын төсөл явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч актын төсөл биш, тамга тэмдэг дарж баталгаажуулсан акт явуулсан. Тэгээд тэр актыг хүлээн аваад 2,3 хонож байтал тайлбараа ирүүл гэж ярьсан. Би тухайн үед нь “Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байна. Материалтай танилцаж амжаагүй байна” гэж хэлэхэд таны тэр байдал хамаагүй тайлбараа өг гэж шаардсан. Тэгээд сүүлд нь сонсох ажиллагаа явуулсан гэх зүйл ярьсан. Ийм тодорхойгүй асуудлууд байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар “Шүүх хэргийн нөхцөл байдлын талаар цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа компани, иргэн аж, ахуйн нэгж, байгууллагууд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг. “Ш Ш” ХХК-ийн хувьд хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй байсан учраас энэ актыг тогтоосон. “Ш Ш” ХХК нь 2013, 2014 онуудад замын ажил гүйцэтгэсэн гэж хоёр жилийн асуудал ярьж байна. Үнэн хэрэгтээ 4 жил үргэлжилсэн асуудал юм. Тус компани нь 2011 оны 6 дугаар сараас замын ажил хийж эхэлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сард дууссан. 2013 оны 8 дугаар сард Увс аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн замын ажил дээр ногдуулалт хийхэд 2011 оны 6 дугаар сараас 2013 оны 6 дугаар сар хүртэл түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны ямар нэгэн татвар төлөөгүй байсан. Учир байдлыг судлахад тус байгууллага гэрээ байгуулаагүй 2 жил үйл ажиллагаа явуулсан байсан. “Ш Ш” ХХК нь нийт 3 замын ажлыг гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн боловч тус 3 гэрээгээ бүгдийг нь хугацаанд нь бус нөхөж байгуулсан. Эхний гэрээний тухайд Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай автозамын ажил байгаа. Энэ гэрээний хугацааны тухайд 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байгуулсан гэрээ байгаа юм. Дараагийн гэрээ нь Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км хатуу хучилттай замын ажил бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхэлж 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байгуулсан гэрээ. Сүүлийн гэрээний тухайд 2012 онд эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байгуулсан гэрээ байгаа. “Ш Ш” ХХК нь татвараас зайлсхийж 2 жил гаруй ажлаа эхэлсэн хэрнээ гэрээ байгуулахгүй явж байсан. 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анх гэрээ байгуулагдсаны дараа Увс аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хяналт шалгалт хийж 2 жилийн хугацаанд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээн дээр 1.5 тэрбум төгрөгийн ногдуулалт хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг татварыг төлөхгүй байсан тул Увс аймгийн Татварын хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/237 дугаар албан бичгийг хүргүүлж, татвараа төлөхийг шаардсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Ш Ш” ХХК нь 200.000.000 төгрөгийн татвар төлсөн юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг төлбөрийг сайн дураараа төлсөн гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Одоо тус компани сүүлийн замын ажлаа хийж гүйцэтгэснээс хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд үлдэгдэл татвараа төлөөгүй хэрнээ “Манай компани татвараа төлнө. Гэхдээ өөр дүнгээр төлнө” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр татвараа төлөх байсан бол жил жилдээ төлөөд явах ёстой байсан бөгөөд яг тухайн ондоо хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой байсан.
Нэхэмжлэгч компани дээрх гэрээнд заасан замын ажлыг хийж гүйцэтгэж байх үед Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. Тус хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 25-5 хувь байх бөгөөд үүнийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоолоор шийдвэрлэдэг байсан. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хувь хэмжээг 4 хувь байхаар тогтоосон байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татварын үнэлгээг 1 шоо метрийг 5.000 төгрөгөөр тооцно гэж тайлбарлаж байна. Гэтэл 2011-2014 он хүртэл замын ажил явагдаж байх үед Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоол гараагүй байсан. Иймд уг тогтоолын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг 1 шоо метрийг 5.000 төгрөгөөр тооцох боломжгүй. Нэхэмжлэгч нь хамгийн сүүлийн ажлаа 2014 оны 12 дугаар сард хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл дээрх Засгийн газрын тогтоол гарснаас 5 сарын дараа гэхэд бүх ажлаа хүлээлгэн өгсөн гэсэн үг. Үүнээс сүүлийн 3 сар нь хүйтний улирал буюу замын ажил явагдах ямар ч боломжгүй цаг хугацаа байгаа юм. Төрийн аудитын байгууллагад 10 гаруй жил ажилласан олон замын ажлыг шалгаж байсны хувьд авто замын ажлыг хүлээлгэж өгөх сүүлийн 5 сарын хугацаанд ашигт малтмал ашиглах бус замын тэмдэг тэмдэглэгээ тавих, бичиг цаасны ажил зэрэг ажлууд хийгддэг болохыг мэднэ. Ер нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг ажил дууссаны дараа биш ашиглаж байх хугацаандаа төлөх ёстой. Нэхэмжлэгч компани ажлаа эхэлснээс хойш түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын ногдуулалтыг сумдууд хийгээд явж байсан бөгөөд тухайн үеийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 1 шоо метрийн зах зээлийн үнэлгээ 15.000 төгрөг байсан. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан барилгын материалын бүтэц, эдлэлийн үнийг хэрэглэх зааварт заасан үнэлгээгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцсон.
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компани хуль дүрмийг баримталж ажиллах ёстой. Гэтэл “Ш Ш” ХХК нь ажлаа эхэлснээс хойш 10 жил, ажлаа дуусгаснаас хойш 7 жилийн хугацаанд хуульд заасан түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөө төлөөгүй. Ийм байдалтай байж өнөөдөр өөрсдөө шүүхэд хандаад явж байгаад харамсаж байна. Сонсох ажиллагааны хувьд хангалттай баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “манай компанийг замын ажил хийж байх хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн талаар мэдэгдээгүй” гэж тайлбарлаж байна. Гэтэл Татварын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/237 дугаар албан бичгээр болон утсаар холбогдож удаа дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр төлөхийг шаардаж байсан. Нэхэмжлэгчийг замын ажлаа гүйцэтгэж байх хугацаанд тухайн сумдын болон аймгийн татварын байцаагч нар төлбөр төлөх талаар бүрэн мэдээллийг өгч байсан. Үнэлгээний хувьд ахлах аудитор Т.Н тодорхой хэлсэн.
Аудитын гүйцэтгэлийн хувьд 2020 онд гүйцэтгэсэн боловч тухайн замын ажил бол 2011-2014 оны хооронд гүйцэтгэсэн ажил байгаа юм. Иймд тухайн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хэмжээг тогтоож, акт үйлдсэн байгаа” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““Ш Ш” ХХК нь Увс аймагт 3 чиглэлийн 190 км авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайн замын ажлыг хийж гүйцэтгэхдээ ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээ дээр талууд маргахгүй байгаа. Борлуулалтын үнэлгээ болон хувь хэмжээ дээр маргаад байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолд заасан хэмжээгээр буюу 5.000 төгрөгөөр тооцох ёстой байсан гэж яриад байна. Гэтэл дээрх 3 чиглэлийн замын ажил нь тус тусдаа гэрээтэй ажлууд бөгөөд замын ажлын эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тусгаж өгсөн байгаа. Улаангом-Хяргас нуур чиглэлийн 15 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь гэрээний 3.3-т заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоол гарахаас өмнө дууссан ажил байгаа юм. Иймд тухайн тогтоолыг баримталж түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тооцох боломжгүй. Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын тухайд гэрээнд зааснаар 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан, харин Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км авто замын барилгын ажлын тухайд 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байгаа. Иймд дээрх замын ажлууд нь бүгд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоол гарахаас өмнө дууссан ажил байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Засгийн газрын тогтоолын дагуу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 51 хоногийн хугацаанд 5.000 төгрөг гэсэн үнэлгээг баримтлах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хариу тайлбартаа автозамын ажлын дараалал гэж 18 ажлыг тусгасан байдаг бөгөөд үүнээс 4-5 дахь ажилд нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хэрэглэдэг. Түүнээс хойш ажил дуусах шатанд замын тэмдэг тэмдэглэгээ хийдэг бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал хэрэглэдэггүй” гэсэн байсан. Үүнээс үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс буюу Засгийн газрын 222 дугаар тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө нэхэмжлэгч компани нь замын ажилд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг хэрэглэсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв нэхэмжлэгч нь засгийн газрын тогтоол гарснаас хойшхи 51 хоногийн хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмал хэрэглэсэн гэж байгаа бол түүнийг нотлох баримтаа гаргаж ирүүлэх ёстой. Гэтэл хэрэгт энэ талаар баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Төрийн аудитын акт нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарсан учир тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаартай тогтоолыг баримтлах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ акт 2020 оны 4 дүгээр сард гарсан боловч 2020 онд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн ногдуулалт хийж байгаа зүйл биш бөгөөд төлбөрийг тухайн ажил хийгдэж байх явцад мөрдөгдөж байсан хууль дүрэм журмын дагуу ногдуулах ёстой. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 1/07 дугаартай тогтоолын хувьд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 1/07 дугаартай тогтоолыг акт гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж ирэх жилийн төсвөө баталж хуралддаг бөгөөд хуралдаж байх цаг хугацаанд өмнөх ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан юм. Мөн уг актаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хувь хэмжээг 4 хувь байхаар тогтоосон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хос мөнгөн зам ХХК дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг 5.000 төгрөгөөр бодсон байна, харин “Ш Ш” ХХК дээр борлуулалтын үнэлгээг 15.000 бодлоо гэсэн тайлбар яриад байна. Гэтэл энэ хоёр хуулийн этгээдийн хийсэн ажлын огноо өөр өөр байгаа. “Ш Ш” ХХК-ийн хувьд 2011-2014 оны хооронд авто замын ажил хийж гүйцэтгэсэн бол Хос мөнгөн зам ХХК нь 2014-2019 онд замын ажил хийж гүйцэтгэсэн байгаа. Нэхэмжлэгч компани нь төрийн байгууллагыг буруутгаад байх биш. 4 жилийн хугацаанд зам тавихдаа хэд хэдэн онуудад ямар хэмжээтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан болохоо тодорхой баримттай ярьж байх ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Гэтэл 2020 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил өнгөрч байхад баримтуудаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаар актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ш Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж холбогдох хариу тайлбарыг хүргүүлсэн байгаа. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2012 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хуралдуулаад 1/07 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг Төрийн аудитын газрын ажлын тайлан дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж үзэж баталсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар тогтоол гаргасан байна гэж тайлбарлаж байна. Гэтэл Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/07 дугаар тогтоол гарахад Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуульд зааснаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байгаа. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 47’1-ийн 3 дахь хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоохоор хуульчилсан байгаа юм. Мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ хэмжээнд тогтоол гаргасан. Хурлын тогтоолын үндэслэх хэсэгт техникийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2012 оны 1/07 дугаартай тогтоолыг 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын хувь хэмжээ хуулийн дагуу 2.5 хувиар бодогдоод явж байгаа байх. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Засаг даргаас оруулсан саналыг хэлэлцэж хуралддаг байгууллага байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч С.Алтантуяа шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компани нь хэдэн оноос яаж ажил хийснийг бол мэдэхгүй байна. Ажил хийх явцдаа тухай бүрдээ татвараа төлөөд явах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д анх Увс аймаг Төрийн Аудитын газарт холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 01/25 УВА-2020/01/ГА актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай актын 1.983.870.220 төгрөгөөс 1.728.897.258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн ба улмаар Увс аймгийн ИТХ-д холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох ”-ыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл,тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны 2 шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллагаас шинээр акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
НЭГ. “Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх тухай актын 1.983.870.220 төгрөгөөс 1.728.897.258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь Увс аймаг дахь Төрийн Аудитын Газрын тавьсан актыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Үндэсний аудитын газарт гомдлоо гаргаж 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/2615 дугаартай албан бичгээр “Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хууулийн /2003/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасан бүрэн эрхийн хүрээнд төлбөрийн акт тогтоосон байх тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу авчээ.
Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн болно.
Увс аймаг дахь Төрийн Аудитын Газар нь Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны Аудитын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоол , Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан аудитын сэдэв, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитаар түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй зөрчил илэрсэн гэж үзээд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 222-р тогтоолоор батлагдсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах” тусгай журмын 3.5.2 3.5.3 заалтуудыг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх” тухай 01/25 УВА-2020/01/ГА дугаартай актыг аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарт хариуцуулан тавьсан байна.
Уг актаар төлөгдөөгүй байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр 1 983 870 220 /нэг тэрбум есөн зуун наян гурван сая найман зуун далан мянга хоёр зуун хорь/ төгрөгийг “Ш Ш” ХХК-иар төлүүлж, Төрийн сан банкин дахь орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэхийг хариуцуулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч “Төрийн аудитын байгууллага Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын 5.2-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцох ёстой байсан. Үүний дагуу тооцоход төлбөл зохих төлбөр 454,972,962 төгрөг түүнээс 2013.11.29-ний өдөр төлсөн 200,000,000 төгрөгийг хасвал манай компани 254,972,962 төгрөгийг одоо төлөх үндэслэлтэй байхад хууль хэрэглээний алдаа гаргаж төлбөл зохих түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн дүнг буруу тооцоолсон” гэж маргажээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч “Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэсэн замын ажлууд 2 биш 4 жилийн хугацаанд үргэлжилсэн. Дээрх 3 чиглэлийн замын ажил нь тус тусдаа гэрээтэй ажлууд бөгөөд замын ажлын эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тусгаж өгсөн байгаа. 3 гэрээг 2013 онд шинэчлэн байгуулсан учраас санхүүжилт авах эрх үүссэн. Түгээмэл тархацтай ашигт малтмал хэрэглэдэг замын үе шатны ажил үндсэндээ Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоол гарахаас өмнө дууссан. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж төлбөрийн хэмжээг тогтоосон” гэсэн утга агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газар орон нутгийн төсөвт төвлөрүүлбэл зохих түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг “Ш Ш” ХХК-ийн нийт ашигласан 3,639,783,7 м.куб хэмжээнээс тооцохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 471 дугаар зүйлийн. 47.1.1, 47.1.2 , 47.1.3 дахь хэсгүүд болон Увс аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Байгалийн нөөц болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай" 1/07 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасныг баримтласан байна. Ингэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны хураамжийн хувь хэмжээг 4 хувиар, борлуулалтын үнэлгээг 15000 төгрөгөөр тооцжээ.
(15000₮/100*4%)=600*3,639,783.7 =2,183,870,220 төгрөг/тооцооллыг үзүүүлэв/
Өөрөөр хэлбэл борлуулалтын үнэлгээний 4 хувиар 1 м3 түгээмэл тархацтай ашигт малтмалын үнэлгээг тодорхойлон /600₮/ нийт ашигласан 3,639,783.7 м3 хэмжээгээр үржүүлэн бодож орон нутгийн төсөвт төвлөрүүлбэл зохих дүнг “2,183,870,220 төгрөг” гэж гаргасан байх бөгөөд үүнээс 2013.11.29-ний өдөр төлсөн 200,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1 983 870 220 төгрөгийг төлүүлэх тухай акт тавьсан байна.
Нэхэмжлэгч тал актын төлбөрийн энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2,183,870,220 төгрөг бус 454,972,962 төгрөгийн төлбөр төлөхөөс 200,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргасан.
Актад тусгагдсан Улаангом-Наранбулаг- Хяргас нуур чиглэлийн нийт 190 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэхэд ашиглагдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/140 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэгт орсон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.Ганзоригтой хамтран Зам тээврийн яам болон Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас ажлын гүйцэтгэлийн төсөв, гүйцэтгэлийн материалыг авч холбогдох тооцооллыг хийж гаргасан байна.
Үүний үндсэн дээр “Ш Ш” ХХК нийт 3,639,783,7 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан болохыг тогтоосон ба уг тооцооллыг актын хавсралтааар үзүүлсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч талууд замын барилгын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын нийт хэмжээний талаар маргаагүй ба ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ түүний хувь хэмжээ болон ашигт малтмал ашигласан хугацааны талаар өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг тооцох хууль тогтоомжийн хэрэглээний асуудлаар маргасан байна.
Маргааны үйл баримтын талаар:
1.”Ш Ш” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Зам тээврийн яам, Хөгжлийн банктай Улаангом-Наранбулаг чиглэлийн 49 490 140 000 /дөчин есөн тэрбум дөрвөн зуун ерэн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн өртөгтэй 90 км хатуу хучилттай авто замын барилгын С-АЗ-Б 2012-142-1-128 дугаартай гэрээгээр өмнөх гэрээг нь шинэчлэн уг барилгын ажлыг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. Дараа нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллага “2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгаж, улсын комиссд хүлээлгэж өгөх” гэж өөрчилсөн байна.
Тус компани Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дуусгаж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/41/14 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар улсын комиссд хүлээлгэн өгсөн байна.
2. Улаангом/Тээлийн гүүр/- Хяргас нуур чиглэлийн 15 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 7 011 083 636 /Долоон тэрбум арван нэгэн сая наян гурван мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгөөр гүйцэтгэхээр 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ш Ш” ХХК-иас ирүүлсэн тендерийг 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хүлээн авч гэрээ байгуулах эрх олгосон ба 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны гүйцэтгэлийн баталгааг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр АБЗ-2012-04/01 дугаартай “Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга ажил гүйцэтгэх” гэрээг ЗТБХБЯам гүйцэтгэгч “Ш Ш”ХХК-тай байгуулжээ.
Улмаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уг замын барилгын ажлыг 3 талт гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк нь “Ш Ш” ХХК-тай С-АЗ-Б 2013-59-127 дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан байна. Энэхүү гэрээнд 15 км хатуу хучилттай замын барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр 30-нд дуусгахаар тусгасан боловч 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тус гэрээнд орсон нэмэлтээр “Гүйцэтгэгч нь Улаангом-Хяргас нуур чиглэлийн 15 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр ашиглалтад оруулж, Улсын комиссд хүлээлгэж өгөх” гэж өөрчилсөн байна.
3. Наранбулаг- Хяргас нуур чиглэлийн 37 978 901 868 /Гучин долоон тэрбум есөн зуун далан найман сая есөн зуун нэг мянга найман зуун жаран найм/ төгрөгийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-Б 2013-60-128 дугаартай гэрээ мөн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан байна.
Энэхүү гэрээний 3.3 дахь хэсэгт " уг замын ажлыг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар" заасан ба 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөр ашиглалтанд оруулах хугацааг “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэж хойшлуулжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдсан Улаангом/Тээлийн гүүр/- Хяргас нуур-Наранбулаг чиглэлийн 100 км /85 км, 15 км/ хатуу хучилттай авто замын барилгын 2 ажлыг хамтад нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.
2014 оны 12 сарын 23-ны өдрийн 02/42/14 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын 1.8-д “Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 100 км авто замын ажлыг 2013 оны 06 сарын 11-ний өдрөөс барьж эхэлсэн бөгөөд 2014 оны 08 сарын 31-ний өдөр барьж дуусгасан байна” гэж, 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 02/41/14 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын 1.7-д Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км авто замын ажлыг 2012 оны 07 сарын 14-ний өдрөөс барьж эхэлсэн бөгөөд 2014 оны 08 сарын 31-ний өдөр барьж дуусгасан” гэж тус тус тодорхойлжээ.
Авто замын барилгын ажлын гэрээнүүүд 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэг загвараар шинэчлэн байгуулагдсан байх бөгөөд гэрээний 42 дугаар зүйлд Гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр Инженер, Захиалагчид гаргаж өгөх, гүйцэтгэлийг ажлын үе шат бүрээр гаргах, Санхүүжүүлэгч нь Инженер, Захиалагчийн баталгаажуулснаар ажил, үйлчилгээний хөлс болох төлбөрийг Гүйцэтгэгчид шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Иймээс уг гэрээний дагуу захиалагчид гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийн тайлангуудаар гүйцэтгэгч хэдэн онд ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн нь тодорхойлогдож тогтоогдохоор байна.
Өөрөөр хэлбэл авто замын барилгын ажлыг гүйцэтгэхдээ ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээг он, сараар тодорхой тооцон гаргасны үндсэн дээр нөхөн төлөх төлбөрийг тодорхойлох нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч авто замын ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэв.
4. “Ш Ш” ХХК Улаангом-Наранбулаг-Хяргас чиглэлийн 190 км замын ажлыг гүйцэтгэх явцад 2013 оны 06 дугаар сарын 20-нд Увс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1 579 879 200 /Нэг тэрбум таван зуун далан есөн сая найман дуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийн ногдуулалт хийсэн.
Тухайн татварын төлбөрийг барагдуулах талаар аймгийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/237 дугаартай албан бичгийг тус компанид хүргүүлсэн нь гэрч аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Түмэннасангийн “Татвар төлөгч тайлангаа төлөх ёстой байсан хэдий ч тайлагнаагүй байсан учраас тухайн газар дээр нь очиж мэргэжлийн хүмүүстэй үйл ажиллагаатай нь танилцсан.Төлөх тооцооллыг хийсний дараа 2013 оны 11 сард “Ш Ш” ХХК-д хандан ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрөө төлөхийг шаардсан. Үүний дагуу 200.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн” гэх мэдүүлэг, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах” тухай А/38 дугаартай захирамж, Увс аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн аймгийн Төрийн аудитын газарт хаягласан “...Дээрхи төлбөрийг барагдуулах талаар манай хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 1/288 тоот албан бичгээр хүргүүлэх зэргээр утсаар болон биечлэн уулзаж удаа дараа шаардан ажиллаж байгаа болно...” гэх 1/288 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Тухайн ажлын хэсэг татварын ногдуулалт хийхдээ ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг 15000 төгрөгөөр, борлуулалтын хувь хэмжээг 4 хувиар тооцсон байх ба уг ногдуулалтын дагуу тус компани нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн орон нутгийн орлогын “Бусад татвар хураамж”-ийн 150000947 тоот дансанд 200 000 000/Хоёр зуун сая/ төгрөгийг төлжээ.
5. Хариуцагч төрийн аудитын байгууллагаас 2015 онд хийсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн төлөвлөлт, бүрдүүлэлтийн үр дүн сэдэвт /УВААГ-/2015/11-НА/ аудитаар уг асуудлыг хөндөж, 190 км замын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 1 300 000 000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх ззөвлөмж хүргүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Тэргүүлэх аудиторын 47 дугаартай тушаалаар тус зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад зөвлөсөн байна.
Энэхүү зөвлөмж хэрэгжээгүйтэй холбоотой төрийн захиргааны байгууллагад аудит хийж, төлбөрийг төвлөрүүлэх тухай актыг тавьжээ.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр болохоос өмнө Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан.
2006 оны 07-р сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай өдрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” байхаар мөн хуулийн 58.2-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн сум, дүүргийн, 20 хувийг тухайн аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилах бөгөөд орон нутагт хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсвийн дүнгээс хэтэрхээргүй байна" гэжээ.
2011 оны 12-р сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай 471 зүйл нэмж, түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн харилцааг зохицуулсан ба энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 471 дүгээр зүйл 471.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө” гэж,
471.2-д “ Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна” гэж
471.З-д “Энэ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж тус тус заажээ.
2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийг хүчингүй болгосон ба энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан байх бөгөөд тухайн хуульд нь хүчин төгөлдөр болох хугацааг нь заагаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар 2014 оны 02 дугаар 17-ны өдрийн 07/820/ дугаартай Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулсан ба мөн хуулийн 33.1-д. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө” ,
33.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заажээ.
2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын 222 дугаар тогтоолоор "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах” тухай тусгай журам батлагдсан ба уг журмын 5.2-д. "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй байх”-аар зохицуулсан.
Дээрх хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 471 дүгээр зүйл нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх харилцааг зохицуулахаар байна. Өөрөөр хэлбэл 2011 оноос 2014 оныг дуустал хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний хувь хэмжээний талаар хууль, эрх зүйн гурван өөр зохицуулалт үйлчилж байжээ.
Тухайлбал түгээмэл тархацтай ашиг малтмалын төлбөр төлөх үүрэг хэзээ хэрхэн үүссэнээс хамаарч хуулийг хэрэглэхээр байгаа ба өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүрэг үүссэн тэр цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хувь хэмжээгээр тооцохоор байна.
2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2020 оны 01дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутгийн татварын ангилалд хамааруулсан байх бөгөөд татвар төлөгчийн эрх, үүрэг, татвар ногдуулах, татварыг тайлагнах, төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д “Татвар төлөгч татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварыг тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” мөн хуулийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Ш Ш” ХХК татвар төлөгч аж ахуйн нэгжийн хувьд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээ, ногдлоо өөрөө тодорхойлон тухайн хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж, төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар төрийн аудитын байгууллагаас батлагдсан сэдвийн хүрээнд аудит хийж, илэрсэн зөрчилд акт тогтоох эрхтэй боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.1, 24.2 дахь хэсгүүдэд зааснаар зөрчлийн нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч төлбөрийн тооцооллыг хийхдээ нэхэмжлэгчийн ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээг он, сар тус бүрээр нь гаргуулах, холбогдох баримтыг төлбөр төлөгчөөс шаардан авах замаар шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох ёстой байжээ.
Тухайлбал 2011/2012,2013,2014/ онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан эсэх ашигласан бол хэдий хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан болохыг тодруулна гэсэн үг юм. Энэ асуудлыг тодруулахгүйгээр хариуцагчаас төлбөрийн акт тогтоосон нь буруу болсон байна.
Иймээс нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь авто замын барилгын ажлыг хэзээ эхлүүлсэн болох, 2011, 2012, 2013, 2014 онуудад хэдий хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласныг он тус бүрээр нь нэмж тодруулах шаардлагатай байгаа тул маргааныг шүүх шууд шийдвэрлэх боломжгүй байна.
Энэхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас шинээр акт гарах хүртэл хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлүүлэх” тухай 01/25 УВА-2020/01/ГА дугаартай актыг 6 /зургаан/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгч С.Алтантуяа “Нэхэмжлэгч компани нь хэдэн оноос яаж ажил хийснийг бол мэдэхгүй байна. Ажил хийх явцдаа тухай бүрдээ татвараа төлөөд явах ёстой байсан гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд агуулгын хувьд хэргийн үйл баримтыг нягтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй ижил байр суурийг илэрхийлсэн байна.
ХОЁР. “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох ”-ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Увс аймгийн ИТХ-ын хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай асуудпыг тус тус хэлэлцээд, Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийн 471.2, 471.3 хэсэгт заасныг баримтлан уг 1/07 тоот тогтоолын 5 дугаар хавсралтаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас авах Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг “4 хувь” гэж баталжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг захиргааны хэм хэмжээний актыг “эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан, утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг илт хуул бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн аудитын байгууллага хүчингүй болоод 7 жил болж байгаа хэм хэмжээний актыг үндэслэсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг 2014 оны 01 сарын 09-ний өдрөөс хойш илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тодруулж тайлбараа гаргасан байна.
1. “Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан” гэх үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тухайн актыг гаргах эрхийг ИТХ-д олгосон хууль зүйн үндэслэл, хуулийн заалт бичигдээгүй байх буюу эрх хэмжээ олгогдсон болох нь уг актаас үзэхэд тодорхойгүй байна. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр заасан. Увс аймгийн ИТХын 1/07 тогтоол нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан буюу хуулиар эрх олгох заалт хэрэгжиж эхлэхээс 26 хоногийн өмнө гарсан байна” гэж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлээ тайлбарлажээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг үндэслэлийг эс зөвшөөрч “Ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Аймгийн ИТХ эрх хэмжээнийхээ хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т тухайн орон нутгийн төсвийг 12 дугаар сарын 05-ны дотор тухайн шатны Хурал хуралдаж ирэх жилийн төсвөө хэлэлцэн батлахаар заасан байдаг тул тухайн хуралдаанаар 2013 онд орон нутгийн орлогод төвлөрүүлэх орлого, татвар, төлбөр, хураамжийн асуудлыг нэгтгэн хэлэлцэж баталсан” гэж тайлбараа гаргасан.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэдэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-д зааснаар Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 2-д зааснаар Аймаг,нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээний дотор тогтоол гаргадаг.
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 -д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль тогтогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэжээ.
2011 оны 12-р сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуульд 471 зүйл нэмэгдсэн бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр /471.3/ аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан тогтоох бүрэн эрхийг олгосон байх ба энэ зүйл анги 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах”-аар заасан байна.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан эрх олгосон зохицуулалтаар орон нутгийн төсөвт төвлөрүүлэх түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн хувь хэмжээг тогтоосон байна.
Ийнхүү тусгайлан эрх олгосон Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг уг тогтоолд алдаатай бичсэн нь тухайн актыг эрх хэмжээгүй захиргааны байгууллага гаргасан гэх үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан“ гэдэгт Захиргааны байгууллага албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолыг ойлгодог. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Увс аймгийн ИТХ-ын 1/07 тогтоол нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба уг тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр ойлгогдож байна. Тухайн тогтоолд хэрэгжих хугацааг заагаагүй байгаа боловч хуулинд уг хугацааг заажээ. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хувь хэмжээг 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр ойлгох тул эрх хэмжээгүй этгээд тогтоол гаргасан гэж үзэхгүй.
2. “Утга агуулгын илэрхий алдаатай” гэх үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.3 дахь хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 4-5% байх талаар заагаагүй. Эндээс үзвэл үндэслэсэн хуулийн заалтаасаа тэс өөрөөр тогтоолын хавсралтаа баталсан утга агуулгын илэрхий алдаатай болсон” гэж үзжээ.
Хариуцагч тал Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийн 471.2, 471.3 хэсэгт заасныг баримтлан батласан талаар тайлбарлажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай“ гэдэгт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлдэг.
2012 ооны 12 дугаар сарын 05-ны өдрийн Увс аймгийн ИТХ-ын хуралдаанаар тухайн шатны 2013 оны төсөв, төсвийн орлого бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцсэн учраас орон нутгийн төсөвт төвлөрүүлэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хувь хэмжээг тогтоох тухай шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл Хурлаас гарсан шийдвэр нь хэлэлцсэн асудалтайгаа уяалдсан, Хурлын төлөөлөгчдийн хүсэл зориг нь бүрэн илэрхийлэгдсэн байна. Уг шийдвэрт хоорондоо зөрчилдсөн хуулийн зүйл заалт тусгагдаагүй ба хоёрдмол утгыг агуулаагүй байна.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийн 471.2, 471.3 хэсэгт заасныг баримтласан гэж тайлбарласан бөгөөд энэ хуулийн агуулга зорилго маргаан бүхий актын агуулгатай нийцэж байгаа тул хуулийн заалтын “штрик” тэмдэглэгээг маргаан бүхий актад орхигдуулж алдаатай бичсэн нь тухайн актыг илт хууль бусад тооцохоор үндэслэл биш байна.
Иймээс хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дахь заалтыг баримтлан утга агуулгын илэрхий алдаатай маргаан бүхий хэм хэмжээний актыг баталсан гэж буруутгах боломжгүй юм.
3. “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийн талаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...АМтХ-ийн 47.2, 47.3 дахь хэсгийн заалтууд нь ИТХ-аас “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамж”-ийг тогтоох хууль зүйн үндэслэл биш ба чухам тухайн зүйлийн аль заалт, хэсгийг баримталсан нь тодорхойгүй байна” гэж үндэслэлээ тодорхойлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тайлбарласан байна.
2011 оны 12 сарын 23-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр аймгийн ИТХ-д түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг зохих хягаарлалтын дотор тогтоох бүрэн эрхийг олгосон.
Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийн 471.2-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна.мөн хуулийн 471 зүйлийн 471.З--д. Энэ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заажээ.
Энэхүү зохицуулалтын дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1/07 дугаартай тогтоолын 5 дугаар хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг “4 хувь” гэж тогтоожээ.
Иймээс “захиргааны акт гаргах эрх зйн үндэслэл байгаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боложгүй байна.
4. “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэлийн талаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “..хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” учраас илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Увс аймгийн ИТХ өөрөө гаргах ёстой байсан. Учир нь АМТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011.12.23-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлээр орсон.Энэхүү нэмэлт нь 2014.01.09-ны өдрийн хуулиар хүчингүй болсон учраас аймгийн ИТХ хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн тогтоолоо өөрчлөх ёстой байсан” гэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан “хууль бус үйлдэл , эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэдэгт холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээж болохоор, өөрөөр хэлбэл эрүүгийн эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субьетээс шаардсан захиргааны акт гаргасан тохиолдлыг ойлгодог.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012.12.05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоол нь захирамжилсан шийдвэр биш бөгөөд Увс аймгийн нутаг дэвсгэрт нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм. Уг захиргааны хэм хэмжээний актаар иргэн хуулийн этгээдээс ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй байна.
2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийг хүчингүй болгосон ба энэ хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Маргаан бүхий аймгийн ИТХ-ын тогтоолын 5 дугаар хавсралт нь Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйл хүчингүй болсон өдрөөс дагаж мөрдөх хуулийн үйлчлэлгүй болох тул заавал хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргах шаардлагагүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Төрийн аудитын байгууллага хүчингүй болоод 7 жил болж байгаа хэм хэмжээний актыг үндэслэсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг 2014 оны 01 сарын 09-ний өдрөөс хойш илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны актыг илт хууль болохыг тогтоосон тохиолдолд уг акт гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг.
Дээрх дүгнэлтүүдэд дурдагдсанаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралт нь захиргааны хэм хэмжээний актын илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх хуульд заасан шинжүүдийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дах хэсгүүдэд заасныг баримтлан “Ш Ш” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл “Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай актыг зургаан сар /6/ хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, Ашигт малтмалын тухай хуулийн 471 зүйлийн 471.2, 471.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн/2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, 9.1.5, 9.1.7 дахь хэсгүүдийг баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 1/07 дугаартай “Байгалийн нөөцийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн тухай” тогтоолын 5 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай үлдсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол “Увс аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 УВА-2020/01/ГА дугаартай акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-нд буцаан олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ