Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 116/2016/0013/з |
Дугаар | 221/МА2016/0371 |
Огноо | 2015-06-10 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2016/0371
Хөдөлмөрийн үндэсний намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Боргил, хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хороог төлөөлж тус хорооны дарга П.Бат-Өлзий нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын дарга Н.Дагвадорж 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшүүлсэн Н.Дагвадорж, Б.Нямдорж, Б.Энхбат, Д.Эрдэнэчимэг нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хороог төлөөлж, хорооны дарга П.Бат-Өлзий 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар 3 хоногийн хугацаанд багтаан намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж, тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний нам нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, намаас нэр дэвшигчдийн материалыг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 56 минутад хүлээн авсан.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт зааснаар нам, бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт 04 дүгээр хуралдааныг 100 хувийн ирцтэй зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчдаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Гэтэл Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас орон нутгийн сонгуульд дөрвөн нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн бөгөөд дээрх нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг ирүүлээгүй байсан тул тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэн аймгийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний нам нэхэмжлэлдээ “...Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 125 дугаар зүйлийн 125.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн нэр дэвшигчдийн баримт бичгийг гаргасан, 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасан хугацаанд баримт бичгийг нягтлан шалгах үүргээ аймгийн Сонгуулийн хороо биелүүлээгүй, баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж аваагүй, дээрх бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаанд дутуу баримт бичгийн талаар мэдэгдээгүй, аймгийн Сонгуулийн хороо “хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах боломжтой байсан...” гэж дурджээ.
Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт буюу 2016 оны 5 дугаар сарын 09-12-ны өдрийн 17:00 цагт багтаан баримт бичгээ аймгийн Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх бөгөөд энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хороо бичиг баримтыг нягтлан шалгах, үзэж танилцах эрх, хуулийн зохицуулалт байхгүй.
Харин тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт заасан нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагаас 5 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаанд аймгийн Сонгуулийн хороо тухайн намын материалтай танилцах эрхтэй. Энэ бүртгэх ажиллагааны хугацаанд нэр дэвшигчдийн баримт бичиг дутуу байгаа тохиолдолд мэдэгдэх, нөхөж авах эрх, хуулийн зохицуулалт аймгийн Сонгуулийн хороонд байхгүй.
Энэхүү чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 200, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар албан бичгүүдээр өгсөн зөвлөмжид маш тодорхой тусгасан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасан хугацаа нь тус хуулийн 157.9 дэх хэсэгт хамаарах хугацаа болно. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт “нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах” хуулийн зохицуулалт нь тухайн нэр дэвшигчтэй холбогдуулан иргэнээс гомдол гаргасан болон ирүүлсэн мэдээлэл нь зөрчилтэй, тодруулга шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас лавлагаа авах эрх олгосон зохицуулалт бөгөөд нэгэнт дутуу ирүүлсэн баримт бичгийг нөхөж авах, бий болгох заалт биш билээ. Энэхүү чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжид тусгасан.
Мөн орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан заалт юм.
Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарны 17-ны өдрийн 02 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.4, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшүүлсэн Н.Дагвадорж, Б.Нямдорж, Б.Энхбат, Д.Эрдэнэчимэг нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.
Дөрөв. Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нийт 4 нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн бөгөөд үүнээс дээрх нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “...хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг ирүүлээгүй байсан тул тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу” гэсэн нөхцөл үүссэн гэж үзэж хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар баримт бичиг дутуу ирүүлсэн дээрх 4 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж 2016 оны 5 дугаар сарын 17 өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан.
Дээрх шийдвэрийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний нам эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул давж заалдах шатны журмаар гомдол гаргав.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан хугацаанд нам нэр дэвшигчдийн баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх ёстой бөгөөд түүнийг аймгийн Сонгуулийн хороо хэрхэн хүлээж авах, энэ хугацаанд баримт бичгийг хэрхэн нягтлан шалгах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Мөн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа аймгийн Сонгуулийн хороо нягтлан шалгах эрхгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт заасан хугацаа буюу нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаанд тус хуулийн 157.7 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо баримт бичигтэй танилцах эрхтэй.
Гэхдээ дээрх бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9/-нд аймгийн Сонгуулийн хороо баримт бичиг дутуу байгаа талаар нэр дэвшигчдэд мэдэгдэх, нөхөн материал авах эрхгүй бөгөөд ирүүлсэн баримт бичгийн хүрээнд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан болно.
Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт буюу 2016 оны 5 дугаар сарын 09-12-ны өдрийн 17:00 цагт багтаан баримт бичгээ аймгийн Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх бөгөөд энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хороо бичиг баримтыг нягтлан шалгах, үзэж танилцах эрхгүй.
Харин тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт заасан нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагаас 5 дугаар сарын 17-ны өдөр тухайн намын материалтай танилцах эрхтэй. Дээрх бүртгэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хянаж шалгахад нэр дэвшигчдийн баримт бичиг дутуу байгаа тохиолдолд нөхөж авах эрхгүй билээ. Энэхүү чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжид маш тодорхой тусгасан байгаа.
Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17 өдрийн 02 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 9/-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэсэн иргэний үндсэн эрхэд халдаагүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1/-д заасан “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” иргэний үндсэн үүргийн хүрээнд нэр дэвшигч нь “сонгох, сонгогдох” эрхээ эдлэхийн тулд Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой.
Гэтэл Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “...хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг ирүүлээгүй байсан нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасан татгалзах үндэслэл бий болгосон байхад Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар тогтоолыг хууль бус гэж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Мөн Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний нам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17 өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байхаас гадна энэхүү шүүхийн шийдвэр нь өөрөө хууль тогтоомж зөрчих үндэслэлийг бий болгож байна.
Хэрэв аймгийн Сонгуулийн хороо нь Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийг шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэж, дээрх нэр дэвшигчид нь Орон нутгийн хурлын 2016 оны сонгуульд оролцож, олонхийн санал авч ялбал Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүрэгтэй бөгөөд энэ ажиллагаа дээрх 4 нэр дэвшигчдэд зохион байгуулагдах боломжгүй болох, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангагдахгүй болох үр дагавар үүснэ.
Иймд Дорнод аймгийн Сонгуулийн Хорооны 2016 оны 02 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд үндэслэсэн шийдвэр байх тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын дарга Н.Дагвадорж 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар орон нутгийн хуралд нэр дэвшигч нь 25 нас хүрсэн тухайн аймагт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн иргэн байхыг хуулиар тогтоосон заалтын шаардлагыг манай нам биелүүлж Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшүүлсэн Н.Дагвадорж, Б.Нямдорж, Б.Энхбат, Д.Эрдэнэчимэг нар нь дээрх хуулиар тогтоосон болзлыг хангасан сонгуулийн эрх бүхий иргэд байсан.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/-д “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах эрхт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан бөгөөд төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг.
Аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийг зохион байгуулж явуулахдаа, төсвийн мөнгөөр явуулж байгаа учраас шинэ намууд, шинэ нэр дэвшигч иргэдэд нэр дэвшигчдийг бүртгэхдээ эрхийг нь бүрэн хангаж, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, загвар маягтуудын талаар мэдээлэл, арга зүйн талаар зөвлөгөө өгч ажиллах ёстой гэж үзэж байна. Манай нам 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 56 минутад аймгийн Сонгуулийн хороонд бичиг баримтаа хуулийн хугацаанд өгсөн. Гэтэл Сонгуулийн хороо илүү цагаар ажиллах хуулиа биелүүлэхгүй, хуулийн хугацаандаа ч манай нам, нэр дэвшигчидтэй холбоогүй ажилласан явдалд гомдолтой байна.
Сонгуулийн хороо манай намаас хуулийн хугацаанд өгсөн бичиг баримтыг хүлээн авахдаа нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, мөн бидний эрх зөрчигдөхийг мэдсээр байж хурал хийж, манай намын нэр дэвшигчдийн талаар хэлэлцэхдээ бидэнд мэдэгдээгүй хурлыг ил тод нээлттэй хийгээгүй зэрэг нь асуудлыг хуулийн хүрээнд үндэслэлтэй хэлэлцэж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн манай намын бичиг баримтыг шалгах, үнэлэх хурлын тэмдэглэлд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзахдаа хүн нэг бүр дээр хэлэлцээгүй бусад намууд бие даагчдын материалыг дахин нягтлан эргэж холбогдон, лавлан асуух зэргээр сонгуулийн хорооны гишүүд санал гаргахдаа шийдвэрлэсэн мөртлөө манай намд шударга бусаар хандаж, ялгаварлан, гадуурхсан өнгө аястай тэмдэглэл үйлдэгдсэн байсан.
Мөн манай намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар 100 хувийн саналаар нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа гэсэн. Гэтэл дээрх хуулийн заалтын бичиг баримт дутуу, эсвэл хуурамч аль нь болохыг тодорхой заагаагүй байсан нь зүйлчлэл буруу гэж үзэж байна. Мөн дээрх шийдвэрээ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталгаажуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасан “хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирүүлээгүй” гэж байгаа нь тогтоол, тэмдэглэл хоёрын хуулийн заалт зөрүүтэй байна.
Яг үнэн чанартаа манай нам хурал болохын өмнө болон хуулийн хугацаанд мэдэгдсэн бол бид хуулийн хугацаандаа бичиг баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байсан. Төрийн байгууллага болох сонгуулийн хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасан хүний эрх, сонгох, сонгогдох эрх, тэгш байх эрх, хуулийн хүрээнд үндэслэлтэй байх, шударга ёсны зарчмаа биелүүлж ажилласан бол манай намын нэр дэвшигчдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байсан.
Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 31-ны өдрийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигч Н.Дагвадорж, Б.Нямдорж, Д.Эрдэнэчимэг, Б.Энхбат нарын талаарх Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхдээ уг хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4-т заасны дагуу тэдгээрийн тус бүрийн сүүлийн бүтэн нэг жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг дутуу хүргүүлснээс 158 дугаар зүйлийн 158.1.3-ын “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу... тохиолдолд бүртгэхээс татгалзана” гэсэн нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзахдаа зөвхөн дээрх үндэслэлийг баримталсан, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн хороонд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 56 минутад хүлээлгэн өгөхдөө хөрөнгө, орлогын мэдүүлгийг өгсөн эсэх талаар маргадаггүй, шүүх хуралдаанд оролцсон тус намын дарга С.Боргил “...хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж баримт бичгийг тухайн үед бүрэн гаргаж өгөөгүй...” гэдгийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхээс шаардсаны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн тухайн үед нэр дэвшигчдийн гаргасан баримт бичгүүдэд хөрөнгө, орлогын мэдүүлэг байхгүй, гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна” гэдгийг маш тодорхой заажээ.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 157, 158 дугаар зүйлд зааснаар намаас нэр дэвшигчийн сонгуулийн хороонд ирүүлэх хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангах үүргийг сонгуулийн хороонд бус харин тухайн намд хүлээлгэсэн байна.
Аймгийн Сонгуулийн хорооны тухайд хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар нэр дэвшигчийн ирүүлсэн баримтыг хүлээн авахдаа бус харин уг баримтыг үндэслэж нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэхдээ тухайн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, энэ нь 157.9-д зааснаар баримт бичгийг хүлээн авснаас хойших тав хоногт хэрэгжихээр зохицуулжээ.
Түүнээс “...баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж аваагүй, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаанд дутуу баримт бичгийн талаар бидэнд мэдэгдээгүй, аймгийн Сонгуулийн хороо “хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах боломжтой байсан...” гэх нэхэмжлэлийн үндэслэлүүд нь Сонгуулийн тухай хуулиар аймгийн Сонгуулийн хороонд үүрэг болгосон зохицуулалт биш, мөн 157.6-д заасан “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, ...-ийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэдэг нь нэр дэвшигчийн дутуу ирүүлсэн баримт бичгийг гүйцээн бүрдүүлэх ажиллагаанд үл хамаарна.
Хуулийн энэхүү зохицуулалт, түүний агуулга нь Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 200, 16-ны өдрийн 205 дугаар албан бичгээр тус тус аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга нарт хүргүүлсэн зөвлөмжид “...Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.3-т заасан хугацаанаас хойш нэр дэвшигч болон нам, эвслээс нэмж өгсөн ямар нэгэн баримт бичгийг сонгуулийн хороод хүлээн авахгүй. Харин уг хуулийн 159.9-т заасан тав хоногийн хугацаанд ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах, шаардлагатай гэж үзвэл баримт бичиг нэмж авахгүйгээр зөвхөн тайлбар, тодруулга авах зэргээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар аливаа этгээдээс гомдол гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн тодорхойлолт, лавлагаа гаргасан эрх бүхий байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар 157.6-д заасныг үндэслэн лавлагаа авах” гэснээр батлагдана.
Иймд аймгийн Сонгуулийн хороог нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй, нэгэнт хуульд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн нь тогтоогдсон, мөн маргааныг хянан шийдвэрлэхэд ч дутуу баримт болох хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй байхад Сонгуулийн хууль зөрчиж нэр дэвшигчдийг бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигч хуулиар тогтоосон, түүний дотор Сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлэх баримт бичгийг бүрэн хангах нь зүй ёсны шаардлага бөгөөд энэ тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг бүрэн хангаагүй, тэдгээрт арга зүйн зөвлөгөө өгч ажиллагаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.4, 158 дугаар зүйлийн 158.1.3-ын “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэснийг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Дорнод аймгийн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшүүлсэн Н.Дагвадорж, Б.Нямдорж, Б.Энхбат, Д.Эрдэнэчимэг нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН