| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 01 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан овогт Дүгэрсүрэнгийн Сд холбогдох эрүүгийн 2211 00000 1986 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улаан овогт Дүгэрсүрэнгийн С /РД:./,
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Энх тэргүүн констракшн” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 79-218 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М. Асалбекийн нүүрэн тус газар цохиж түүний биед дээд баруун 1-р шүдний сулрал, цээж, зүүн хөхөнд цус хуралт, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 898 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Асалбекийн нүүрэн тус газар цохиж түүний биед дээд баруун 1-р шүдний сулрал, цээж, зүүн хөхөнд цус хуралт, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч М.Асалбек мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ахын найз болох Баасанжаргал дээр явж очсон тэгтэл намайг тэр ах пизда хасаг гэх зэргээр хэлээд байсан тэгж байгаад заамдаж бид хоёр барилцаж байтал хажуугаас Санжаа гэх залуу миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон тэгээд бид нар муудалцаж байтал гаднаас манай хамаатны ах Нурка, Мандаа хоёр орж ирээд бид нарын тэр маргаантай асуудлыг салгаж байсан тэр үед Санжаа гэгч нь миний нүүрэн тус газарт гараараа хоёроос гурван удаа цохиж авахдаа миний доод, дээд үүдэн шүдийг цохиж гэмтээсэн байгаа тэгээд бас уруул бага зэрэг сэтэрсэн бөгөөд хэвлий хэсэг хөндүүртэй байгаа юм..." гэх /хавтаст хэргийн 07-08 дугаар тал/,
Гэрч С.Баасанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тиймээ би өчигдөр хэсэг найзуудынхаа хамтаар архи дарс ууцгаасан тэгээд бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн гэж цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирээд саатуулагдаж байна. Үүлээ, Санжаа нартай архи уусан байсан тэгээд бид нар хамтдаа барилгын ажил хийж байсан тэгээд өчигдөр гурвуулаа архи уусан Үүрээ нь хоёр шилтэй пиво ууж байсан харин Санжаа бид хоёр 0,75 граммын архинаас хоёр шилтэйг аваад уучихсан тэгээд нэлээн согтуу байж байсан чинь портер маркийн автомашины жолооч казак залуу байж байсан нэрийг нь Асалбек гэж байсан тэр надаас 300,000 төгрөг авмаар байна гэж хэлээд нэхээд байсан тэгээд хоёулаа маргалдаж муудалцаж байсан тэгсэн Санжаа бас хажуугаас тэр Асалбектэй маргалдаж байсан тэгээд нэг мэдсэн чинь цагдаа дуудаж ирүүлсэн байсан Санжааг эхнэр нь аваад явсан байсан тэгээд эрүүлжүүлэх байранд хоносон юм..." гэх /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Т.Чимэд-Очирийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14629 дугаартай дүгнэлтэд:
М.Асалбекийн биед дээд баруун 1-р шүдний сулрал, цээж, зүүн хөхөнд цус хуралт, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Баасанжаргалыг өмөөрөөд бид нарийн хооронд хэрүүл маргаан болж байсан тэгж байгаад бид нар хоорондоо харилцан зодолдож байсан тэгээд гаднаас хүмүүс орж ирээд бид нарыг салгаж байсан Мандаа, Нурка хоёр орж ирээд бид нарыг салгаж байсан би өөрөө нэлээн архи уучихсан согтуу байж байсан чинь манай эхнэр Цэвээнтогтох ирээд намайг аваад бид хоёр гэртээ харьсан. Угаасаа бид нар тэр өдөр Асалбек бид хоёр л хэрүүл зодоон болж байсан...” гэх /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Сд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч М.Асалбек, шүүгдэгч Д.Сгээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаан овогт Дүгэрсүрэнгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД