Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******эд холбогдох эрүүгийн 2230002230320 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., ..... хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын .... дугаар баг “.......”-ийн ..... дугаар гудамж ..... тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .....дүгээр баг ............ тоотод түр оршин суух хаягтай,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Д овогт Д-ын С  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 20 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулах ............ цэцэрлэгийн хойд талын авто машины зогсоолд хохирогч Э.*******гийн толгойн тус газар тоосгоор цохиж, түүний духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ зөвшөөрч байгаа.” гэв.     

Эрүүгийн 2230002230320 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой Баруун-Урт суманд байдаг найз, нөхдийнхөөрөө архи ууж яваад гэр лүүгээ харих замдаа “................” баараар дамжихад хааж байсан. Хүмүүс гарч байсан санаж байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим юмыг сайн санахгүй байна. Тэгээд баарнаас гараад зүүн тийшээ гэрийнхээ чигт засмал замаар алхаад явж байхад нэг залуу араас гарч ирээд “өө нөгөөх чинь энд явж байна” гээд  намайг барьж авах гэхээр нь би сандарсандаа тонгойж байснаа санаж байна. тэгээд яг яаснаа, юу болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан.” гэх /хх 32-33 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.*******гийн “2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчимд ажлаа тараад *******тай хамт ........... цэцэрлэгийн цэцэрлэгийн хойд талаар гэр лүүгээ явж байхад миний ажилладаг “.............” баараар үйлчлүүлж байсан эрэгтэй хүн *******, бид 2-ыг дуудсан. Тэгээд би уулзаад “яасан ах, танихгүй байгаа юм уу?” гэхэд миний дух хэсэгт тоосгоор нэг удаа цохисон. Тэгээд би газарт унаж ухаан алдсан.” гэх  /хх 7-8 дугаар хуудас/,
  • Гэрч Б.*******ын “............... цэцэрлэгийн хойд талын засмал замаар алхаад явж байхад танихгүй эрэгтэй хүн  манай найз ******* бид хоёрын араас “пизда  нар минь наашаа хүрээд ир, та нар намайг барахгүй шүү” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ******* бид хоёр очиж уулзаад “яасан бэ ах, танихгүй байгаа юм уу” гэхэд тэр хүн *******г “лалрын халзан бацаан минь” гэж хэлээд дух хэсэгт нь тоосгоор нэг удаа цохисон. Тэгээд ******* газарт  унаж ухаан алдсан. Тэгээд нөгөө согтуу хүн зугтаасан. Би *******г эмнэлэгт хүргэж өгсөн.” /хх 13 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 396 дугаартай “1. Э.Ууганхүсэнгийн биед духанд язарсан шарх бүхий гэмтэл  тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх 8-10 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26/132 дугаартай “Э.******* нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээний зардалд 91,000 төгрөг гаргуулсан” гэх албан бичиг, цахим системийн лавлагаа /хх 23-24 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч Д.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-38 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.*******эд холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 40-42 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 44-47 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 20 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах IX цэцэрлэгийн хойд талын авто машины зогсоолд хохирогч Э.*******гийн толгойн тус газар тоосгоор цохиж, түүний духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.*******, гэрч Б.******* нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас,  Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26/132 дугаартай албан бичиг, цахим системийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******г тоосгоор цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.1. Шүүгдэгч Д.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа,  үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Эрүүгийн хариуцлагын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч ганцаараа амьдардаг, ажил хийх бүрэн боломжтой. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтуурсан үедээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршиг учруулсанаа ойлгосон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх /хх 12/ зүйлгүй гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 3.2. Хохирогч Э.******* нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 91,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 91,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Д-ын С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.*******эд шүүхийн шатанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ үеэс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс 91,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ