Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

 

 

 2023         01          23                                      2023/ШЦТ/113

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

   Улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,

   Хохирогч М.Г,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт С.Б-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

........ овогт С. Б /РД: ******/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч С.Б нь ядарсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн гудамж, Цайз 14а гудамжны баруун талын замд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг, 21 минутын орчим “Киа бонго-3” маркийн 25-02 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах”, мөн дүрмийн 3.4 ‘Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Г-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед ядарч явсан, түгжрээнд зогсож байгаад тийм зүйл болсон. Хохиролд өмнө нь 1900,000 төгрөг төлсөн. Одоо 3 сарын 1-нд цалингаа аваад 1500,000 төгрөг төлнө” гэв.

 

            Хохирогч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би гэр рүүгээ харих гээд замын хажуугаар явж байсан чинь брожур давж орж ирээд намайг мөргөж унагаагаад дээгүүр гараад явсан. Ээжтэйгээ хамт барилгын заслын ажил хийдэг. Өдрөөр цалин авдаг. Одоо нуруу өвдөж байгаа. Ослоос хойш ажил хийхгүй байгаа. Ажилгүй байсан 3 сарын цалингаа авмаар байна. Баримт гаргаагүй. Сарынхаа цалинг бодоод 10.000.000 төгрөг гэж гаргасан. Ажилгүй байсан хугацааны 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дэх тал/,

 

- Хохирогч М.Г-ын: Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг өнгөрч байхад найзынхаа гэрээс гараад гэр лүүгээ харих гээд Алтан Өлгийн зам дагуу явган хүний замаар баруун талаар урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Гэтэл миний урдаас ирж явсан Киа бонго маркийн цагаан өнгийн машин гэнэт хашлага даваад явган хүний зам руу орж ирээд намайг мөргөж унагаачхаад дээгүүр гараад явсан. Би тухайн үед хойшоо ухарч зугтах гэсэн боловч амжаагүй. Жолооч нь бууж ирээд... ах нь машинаа барьж яваад унтчихсан байна. Чамайг мөргөөд сэрлээ гэж хэлсэн... Эмчилгээний хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ......... дугаартай: “1. М.Г-ын биед баруун хацрын нум цөмөрсөн зөрүүтэй, аарцаг ясны зүүн талын умдаг ясны дээд салаанд зөрүү багатай хэд хэдэн тооны сэлтэрсэн зөрүүтэй, бүсэлхий нурууны 4-р нугалмын баруун хажуу хөндлөн сэртэнгийн хугарал, дух, баруун хацар, цээж баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 дахь тал/,

 

- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 999543 дугаартай шинжээчийн: “...2 дугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-69 дэх тал/,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1321 дугаартай: “Киа бонго-3” маркийн 25-02 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх-ийн 77 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.Б нь ядарсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн гудамж, Цайз 14а гудамжны баруун талын замд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг, 21 минутын орчим “Киа бонго-3” маркийн 25-02 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах”, мөн дүрмийн 3.4 ‘Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Г-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Г-ын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14300 дугаартай дүгнэлт,  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1321 дугаартай магадалгаа, шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч: өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.Б Киа бонго-3” маркийн 25-02 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч М.Г-ыг мөргөж гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. 2.258.800 төгрөг нэхэмжилснээс 1.900.000 төгрөг төлсөн байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.

 

           Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч С.Б нь зам тээврийн осол гаргаж хохирогч М.Г-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь зам тээврийн осол гаргаж хохирогч М.Г-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч С.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б нь эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг төлсөн, 2023 оны 03 дугаар сарын 01-нд 1.500.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 250.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Хохиролд 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-д 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.258.800 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч хохиролд 1.900.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь хэрэгт авагдсан баримтын хохирол бүрэн барагдсан гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Харин тогтоолд шүүгдэгчийн хохиролд төлөхөө илэрхийлсэн 1.500.000 төгрөгийг хохирогчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалин 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, цаашид гэм хор, хор уршгийн хохирлоо Иргэний хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж заасантай нийцэж байх бөгөөд хохирогч М.Г-ын биед учирсан гэмтлийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 250.000 гарсан тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4-3а/4363 дугаартай албан тоотыг мөрдөн шалгах ажиллагааны үед ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 250.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн баримт ирүүлсэн байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт С. Б Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс 1.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн .........тоотод оршин суух, регистрийн ***** дугаартай, ......... овогт М.Г-д олгож хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ