Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,

Хохирогч Д.Цэцэгдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч Э.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мөнхзулд холбогдох эрүүгийн 2230001870297 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...............” ХХК-д засварчин ажилтай, ам бүл ......, эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын ...... дугаар баг, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн М

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Мөнхзул нь 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.Мөнхзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би эхнэрээ зодоогүй хамт архи л уусан. Тэр өдөр цагдаагаас ирээд байсан газар луу нь очиход эхнэр минь байгаагүй. Тэгээд намайг 2 цагдаа ирээд чи эхнэрээ зодсон  гээд аваад явсан. Маргааш нь эхнэр “чи шөнөжин хаашаа явсан юм” гэж байсан. Би эхнэртээ гэмтэл учруулж зодоогүй.” гэв.  

Хохирогч Д.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Э.Мөнхзул бид хоёр тухайн үед “.............” компанид ажилдаг байсан.  2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө манай ажлын дарга шагнал авсан. Гэхдээ бид тухайн үед архи дарс уугаагүй. Ажлаа тараад нөхрийн найзынх гээд нэг айл руу оръё гэхээр нь гурвуулаа орой 22 цагийн алдад Мөнхтуул гэх хүний гэрт очсон. Тэндээ 1 шил архи уусан. Тухайн үед би унтаад өгсөн байсан. Тэгээд Мөнхтуул намайг сэрээрэй гээд намайг сэрээхэд Э.Мөнхзул байхгүй байсан. Би хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Мөнхтуул бид хоёр нэг пиво уугаад тэндээсээ гарсан. Тэгсэн тэндээсээ гарч явж байгаад намайг ойчоод ийм болсон гэж Мөнхтуул хэлсэн. Тухайн үед Э.Мөнхзул байхгүй байсан болохоор нь Э.Мөнхзул л намайг цохисон байх гэж бодсон. Тэр үед 1 пиво уугаад их согтсон,  биеэ удирдах чадваргүй байсан учраас эмнэлэг дээр очоод эмчид орилж чарлаад Э.Мөнхзул намайг цохисон гэж хэлсэн байсан. Уг хэргийн талаар цагдаа дээр очоод “өөрөө ойчоод ийм болсон байх, би тухайн үед болсон зүйлсээ бараг санахгүй байна” гээд гомдол гаргаагүй, өөрөө ойчоод ийм болсон Э.Мөнхзулд гомдол  гаргахгүй гэж хэлсэн. Энэ хэрэг хаагдсан байхад одоо яагаад ийм юм яриад байгааг би ойлгохгүй байна.” гэв.  

Эрүүгийн 2230001870297 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Э.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би эхнэрийн хамт бас хоёр найзтай нь архи уусан болохоос эхнэртэйгээ муудсан, маргалдсан зүйл байхгүй. Мөн эхнэрийнхээ биед гар хүрсэн зүйл байхгүй. Тухайн орой найзындаа уугаад сууж байхад манай найз цагдаагийн газарт намайг дуудаад байхаар нь би очоод ............тэй уулзаад цагдаагаас гэр лүүгээ явах замдаа “Номин” дэлгүүрийн ард явж байхад хоёр цагдаа ирээд намайг “эхнэрээ зодсон” дуудлага өгсөн гээд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан.” гэх /хх 96-97 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Цэцэгдэлгэрийн “2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний цээж хэсэг рүү өшиглөж тэр үедээ хөхөрч байсан. Тухайн үед хажууд байсан хүн түргэн дуудаж үзүүлээд өвчин намдаах эм өгөөд явсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө миний зүүн талын хөмсгийг нэг хатуу зүйлээр цохиж сэтэлж байсан. Толгой руу бас хатуу зүйлээр цохиж хагалж байсан. Тухайн үед бид хоёр харанхуй гудамжинд явж байсан болохоор яг юугаар цохисныг нь анзаараагүй. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би нөхөр хоёр хүүхдийн хамт Эрдэнэцагаан суманд манай төрсөн эгчийнд цай хоол идчихээд би “энд манай эгчийнд хонох уу” гэж асуухад Мөнхзул “үгүй би ээж рүүгээ явж амарна” гээд гэрээс нь гарсан. Тэгээд би нөхөр хоёр хүүхэдтэйгээ машиндаа суугаад байж байтал Мөнхзул миний толгой руу өөрийнхөө барьж байсан гар утсаараа хоёр удаа цохисон. Мөн гараараа баруун талын нүд рүү цохиж байсан.” гэх /хх 78-79 дүгээр хуудас/

“Мөнхтуул гэр лүүгээ ороод гэрээ цоожлох гээд орох гэхэд нь би гэрээсээ нь гарсан чигтээ явсан юм шиг байгаа юм. Тэр үед би нэг замын хажуугаар явж байснаа санадаг. Намайг алхаж байхад хүн дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд намайг эмнэлэг дээр авчирсан. Миний толгойнд боолт хийлгэсэн байсан. Эмнэлэгт очиход эмч намайг “толгойгоо яасан юм” гэж асуухад нь анх би “нөхөртөө зодуулсан” гэж хэлсэн. Дараа нь “та яг нөхөртөө зодуулсан юм уу” гэж асуухад нь “би зодуулаагүй, тийм юм болоогүй, би өөрөө унасан” гэж эмчдээ хэлсэн байсан. Тухайн орой би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Тухайн үед эмнэлэгт боолт хийлгүүлээд гэртээ харьсан. Тэгээд би Мөнхтуултай хоёр хоногийн дараа гэрт нь очоод “би толгойгоо юунд хагалсан бэ, манай нөхөр намайг зодсон юм уу” гэж асуухад Мөнхтуул “үгүй ээ, зодоогүй, чи шатнаас унаад гэмтсэн” гэж надад хэлсэн. Харин Мөнхзулаас эрүүлжүүлэх байранд хоносных нь маргааш “чи намайг зодсон юм уу” гэж асуухад “үгүй ээ, би чамайг зодоогүй, тухайн үед би найзтайгаа уулзаад Мөнхтуулынд очиход чи байгаагүй, чамтай уулзаагүй юм чинь юу гэж зодох юм” гэж надад  хэлж байсан.” гэх /хх 25-27 дугаар хуудас/,

  • Насанд хүрээгүй гэрч ............ийн “манай аав дандаа архи уудаг. Архи уухаараа ууртай.” гэх /хх 35 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Оюунцэцэгийн “манай хүргэн ах Мөнхзул архи их уудаг. Манай эгч Цэцэгдэлгэрийг дарамтлаад агсам согтуу тавиад байдаг юм шиг байна лээ. Манай эгч заримдаа “Мөнхзул архи  уугаад агсам тавиад байна” гээд хэд хэдэн удаа  шөнө хүүхдээ дагуулаад ирж байсан.” гэх /хх 38 дугаар хуудас/

“Мөнхзул архи уусан үедээ агсам зантай, тэгээд манай эгч Цэцэгдэлгэрийг зодох гээд байдаг тул санаа зодоод сууж байсан. Гэтэл шөнө 03 цагийн өнгөрөөгөөд Цэцэгдэлгэр манай гэрт ирсэн. Цэцэгдэлгэрийн хөмсөг орчимд гэмтсэн, олон оёдол тавиулсан гээд ирсэн. Намайг асуухад “манай нөхөр намайг зодсон, харанхуй гудамжинд явж байхдаа зодсон, төмрөөр цохисон байх” гэж хэлсэн. Мөн “толгой өвдөж байна” гэж хэлж байсан.” гэх /хх 39 дүгээр хуудас/

  •  Гэрч М.Мөнхтуулын “2021 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би өөрийн гэртээ дөрвөн хүүхдийн хамт байсан. Би тухайн шөнө болсон асуудлыг мэдэхгүй. Манай гэрт Д.Цэцэгдэлгэр, Э.Мөнхзул нар ирээгүй.” гэх /хх 42-43 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээ дунд гарсан тэмдэглэл /хх 13-14 дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.Цэцэгдэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цаг 30 минутад эмнэлэгт үзүүлсэн бүртгэл, яаралтай тусламжийн хуудас /хх 50-53 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 348 дугаартай “1. Д.Цэцэгдэлгэрийн биед 2021 оны 11 дүгээр сарын 01-нд зүүн хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан байна. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Д.Цэцэгдэлгэрийн биед 2021 оны 07 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сарын 29-нд учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 54-55 дугаар хуудас/,
  • Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн... цахим лавлагаа /хх 67-68 дугаар хуудас/
  • Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тэмдэглэл /хх 69-71 дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.Цэцэгдэлгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 100-104 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Мөнхзулын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 106-107 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны ........... дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт,оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 108-109 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Мөнхзулын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 112 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Мөнхзулын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 113-117 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх 119-124 дүгээр хуудас/,
  • Өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүгдэгч Э.Мөнхзул нарын хооронд байгуулсан “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” /хх 125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч Э.Мөнхзулыг 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Мөнхзул 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж  хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөнхзул нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдал хөндөгдсөн бөгөөд хохирогчийн зүгээс мөнгөн хэлбэрээр хохирол  нэхэмжлээгүй. Шүүгдэгч дээрх хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэрч Оюунцэцэг, Мөнхтуул нарын мэдүүлэг, яаралтай шинжилгээний хуудас, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Мөнхзул нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж  хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодон, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Э.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байхыг шаардсан байдаг. Гэтэл эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэж зөрүүтэй тэмдэглэгдсэн байдал нь техникийн алдаа байх боломжтой боловч уг хэргийг хаана хэзээ болсон талаарх нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй байна гэж үзэж байна. Энэ нь нэг тогтоолд биш хэд хэдэн тогтоолд хэд хэдэн удаа алдаатай бичсэн. Хохирогч Д.Цэцэгдэлгэр нь хэд хэдэн удаа өгсөн  мэдүүлэгтээ хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд 2021 оны 11 дүгээр сард Эрдэнэцагаан суманд байх үедээ машин дотор 2 хүүхдийн хамт байхдаа хөмсгөө яруулсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүхийн шинжээчийн нэг дүгнэлт дээр уг гэмтэл нь хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн гэж бичигдсэн байсан боловч яллах дүгнэлт уг 348 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дурдахдаа зарим үгсийг хасаж, мохоо зүйлсээр үүсгэгдсэн гэж хасаж бичсэн нь алдаа дутагдалтай байна. Хохирогч Д.Цэцэгдэлгэрт шинжээчийн дүгнэлт дээр гэмтэл үүссэн гэдэг нь нотлогдсон боловч уг гэмтлийг Э.Мөнхзул учруулсан болохыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Мөн яаралтай тусламжийн тэмдэглэл дээр шатнаас ойчсон гэж тэмдэглэлд тусгагдсан байхад, мөрдөн байцаалтын явцад Э.Мөнхзулыг буруутай гэж үзэж хэт нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан нь алдаа дутагдалтай байна. Мөн прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт нь мөн адил хэт нэг талыг баримталж, өөр бусад зүйлийн алдааг дурдалгүй 2021 оны 10 дугаар сард болсон үйлдлийг 2022 оны 05 дугаар сард болсон мэтээр үйлдэгдсэн зөрчлийн хэргүүдтэй нэмж нэгтгэн оруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн үйлдэлд аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл гаргаагүй, өмнөх зөрчлийн хэргүүдэд аюулын зэргийн үнэлгээ хийгдсэн байна. Хохирогчийн өгсөн мэдүүлэгт хөмсөг сэтэрсэн, толгой хагарсан гэх мэдүүлэг байдаг боловч шинжээчийн дүгнэлтэд толгой хагарсан гэсэн дүгнэлт гараагүй. Мөн яаралтай тусламжийн төвийн тэмдэглэлд толгой хагарсан талаар бичигдээгүй байгаа нь хохирогч Д.Цэцэгдэлгэрийн “юмаа мартаж санадаг, мөн архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ болон ууртай үедээ буруу, зөрүү мэдүүлэг өгсөн” байх гэсэн нь бодитой байж болох талтай тул шүүгдэгч Э.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Шүүгдэгч Э.Мөнхзул нь алдаа дутагдал гаргаж байсан нь үнэн боловч өнөөдөр муу байлаа гээд дандаа муу байна гэсэн үг биш” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн “шүүгдэгч Э.Мөнхзулыг 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Мөнхзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Хэрэгт хохирогч Д.Цэцэгдэлгэрээс удаа дараа мэдүүлэг авсан боловч уг мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгаагаас гадна хохирогч Д.Цэцэгдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт  “би 5 дугаар анги төгссөн, бичиг, үсэг сайн мэдэхгүй, надаас өөр, өөр байцаагч мэдүүлэг авсан, мэдүүлэг аваад гарын үсэг зур гэхээр нь л би гарын үсэг зурсан” гэж мэдүүлснээс үзэхэд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй болохыг тайлбарласан атлаа өмгөөлөгч авах эрхийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, 2 дахь хэсэгт заасан “Хүн хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэснийг зөрчсөн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал” гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан байдал”-ыг нотолж тогтоох учиртай.

Гэтэл хэрэгт хохирогч Д.Цэцэгдэлгэрийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор байцаахдаа “2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-ний шилжих шөнө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү,” гэж, мөн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ  “Э.Мөнхзул нь 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь...хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж шилжүүлсэн нь хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй,

мөн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн танилцуулгад “Баруун-Урт сумын 9 дүгээр баг “манай нөхөр Э.Мөнхзул гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ” гэж тус сумын ........ дүгээр багт суух Д.Цэцэгдэлгэр нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 05.10-д өгсөн өргөдлөөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна” гэж тэмдэглээд үүнийг эрх бүхий албан тушаалтанд шалгаж шийдвэрлэхийг даалгасан тэмдэглэл /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

эрх бүхий албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, гомдлыг шалгаад “гэмт хэргийн шинжгүй”  гэж хариуг 2021 оны 11 сарын 05-ны өдөр гомдол гаргагчид мэдэгдсэн /хх-ийн 67 дугаар тал/ атлаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээ хийлгэх хүсэлтэд “иргэн Д.Цэцэгдэлгэрийн биед 2021 оны 07 сар, 2021 оны 11 сар, 2022 оны 04 сарын 29-нд гэмтэл учирсан эсэх” талаар шинжээчийн  дүгнэлт гаргуулж байгаагаас харахад  хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:

Хохирогч Д.Цэцэгдэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “ би тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад Мөнхтуул, Мөнхзул нарын хамт.... архи ууж суусан, бид 3 хэсэг ууж байгаад би зүүрмэглээд түр зуур унтсан байсан.... тэгээд Мөнхзулыг байхгүй болохоор нь Мөнхтуул бид 2 гэрээс гараад... би явчихсан юм шиг байгаа юм. ... Эмнэлэг дээр очиход эмч намайг “толгойгоо яасан юм” гэж асуухад нь анх би “нөхөртөө зодуулсан” гэж хэлсэн. Дараа нь “та яг нөхөртөө зодуулсан юм уу” гэж асуухад нь “би зодуулаагүй, тийм юм болоогүй, би өөрөө унасан” гэж эмчдээ хэлсэн байсан... 2 хоногийн дараа Мөнхтуултай гэрт нь очоод “би толгойгоо юунд хагалчихсан юм бэ, манай нөхөр намайг зодсон юм уу гэж асуухад Мөнхтуул “үгүй ээ зодоогүй, чи шатнаас унаад гэмтчихсэн гэж надад хэлсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

хохирогч Д.Цэцэгдэлгэр “...2021 оны 11 дүгээр сард манай нөхөр Мөнхзул миний зүүн талын хөмсгийг цохиж задалсан, толгойг хагалж байсан...тухайн үед бид машиндаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

хохирогч Д.Цэцэгдэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цаг 30 минутад Яаралтай тусламжийн тасагт очсон тэмдэглэлд “ирэх үеийн зовиур хэсэгт” хөл өвдөнө, хөмсөг дээр хэсгээс цус гарна,” гэх, одоогийн өвчний түүх хэсэгт “2021.11.01-нд явганаас унасан” гэх,

мөн Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн танилцуулгад “Баруун-Урт сумын ............ дүгээр баг “манай нөхөр Э.Мөнхзул  гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ” гэж тус сумын ...........дүгээр багт суух Д.Цэцэгдэлгэр нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 05.10-д өгсөн өргөдлөөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна” гэж тэмдэглээд үүнийг эрх бүхий албан тушаалтанд шалгаж шийдвэрлэхийг даалгасан тэмдэглэл /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, гомдлыг шалгаад “гэмт хэргийн шинжгүй”  гэсэн хариуг 2021 оны 11 сарын 05-ны өдөр  гомдол гаргагчид мэдэгдсэн /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.Мөнхзулыг 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл үгүйсгэгдэн няцаагдаж байна. 

Тухайн хэрэгт хохирогч Д.Цэцэгдэлгэр хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралдаанд “юмаа мартаж санадаг, мөн архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ болон ууртай үедээ буруу, зөрүү мэдүүлэг өгсөн байх, би тэр шөнө өөрөө согтуу байсан учраас нөхөртөө зодуулсан уу, өөрөө ойчиж гэмтсэн үү гэдгээ сайн мэдэхгүй байгаа”, “би 5 дугаар анги төгссөн, бичиг, үсэг сайн мэдэхгүй, надаас өөр өөр байцаагч мэдүүлэг авсан, мэдүүлэг аваад гарын үсэг зур гэхээр нь л би гарын үсэг зурсан” гэж мэдүүлснээс харахад хохирогчоос мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхээс дээрх баримт, мэдээллийг хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Э.Мөнхзулыг 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Цэцэгдэлгэрийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь бусад баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Мөнхзулд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Мөнхзул нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасантай холбоотойгоор энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Э-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мөнхзулыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Прокуророос газраас шүүгдэгч Э.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Мөнхзулд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.АЛТАННАВЧ