Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт Цэдэндамбаагийн *******, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын 02 дугаар (*******) багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд шүүгдэгч Ц.*******ыг “2022 оны 01 дүгээр сард Кэй зэт транс ХХК-ийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийг ******* аймгийн Жаргалант сумын 08 дугаар (Наран) багийн нутагт итгэмжлэн хариуцаж, хамгаалж байхдаа хроп, урд кардан гол, рүлийн аппаратын чөмөг, статер, пидүүшин буюу туслах хропны таг, хропны хамт, чирэгч эмээл, рүлийн аппарат, багана төмөр, обуд, конений аппарат, эмээлийн төмөр, дугуй зэрэг нийт 11’968’000 төгрөгийн үнэлгээ бүхий эд ангийг завшсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын гэрчээр өгсөн “******* аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт байх Хөсөг транс компанийн хашаанаас “Кэй зэт транс” ХХК-ийн эзэмшлийн 25-32 ХОА, 45-13 ХОА, 28-61 ХОА улсын дугаартай ачааны автомашинууд болон 83-11 ГЧ улсын дугаартай чиргүүлээс эд ангиудыг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.******* гэх залуу гэр бүлийн хамтаар тухайн хашаанд гэрээ бариад харж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.******* гэх залуутай холбогдоод маргааш нь хашаандаа буулгасан, тухайн үед Ц.******* гэх залуу байхгүй байсан, эхнэр нь болох П.Гантөмөр гэх эмэгтэйг дагуулж яваад автомашин тус бүрээр нь нүдээр харуулаад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас);

- Гэрч Ц.Цэвэг-Очирын “2020 оны 10 дугаар сарын эхээр гэртээ байж байхад манай Ц.******* ахын эхнэр Ганаа эгч орж ирээд “гэр барилцаад өгөөч доор айлын хашаанд манаач хийж буухаар боллоо” гэж хэлэхээр нь би аавтай хамт гараад бид хоёр гэрийг нь буулгаад автомашинд ачаад Наран багт байх нэг том автомашинтай хашаанд ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ц.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Кэй зэт транс ХХК-ийн хашаанд том оврын таван тээврийн хэрэгслийг хариуцан манах ажилд анх 2020 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр захирал Б. гэх хүнтэй ярьж байгаад гэрээрээ буусан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.******* нь Кэй зэт транс ХХК-ийн захирал Б.тай харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сараас ******* аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт байрлах тухайн компанийн автомашинуудыг хариуцан манаж байсан нь нотлогдож байна.

1.2. Гэрч Д.Батсайханы “2021 оны 01 дүгээр сарын эхээр би Баатараа гэх найзынхаа гэрт очсон. Баатараа том автомашиндаа засвар хийж байсан ба тэр “Жаргалант сумын урд байх том хашаанаас очоод автомашины сэлбэг, эд зүйл авах гэсэн юм, хамт явъя” гэсэн. Бид хоёр цэнхэр өнгийн портер автомашинтай ******* аймгийн Жаргалант сумын Наран багийн урд хэсэгт нэг том хашаанд очсон. Баатараа урьд нь очиж үзээд манаачтай ярьж тохирсон байсан. Хашаанд таваас зургаан тооны том оврын ачааны, цагаан толгойтой Норд бенз автомашинууд байсан. Баатараа бид хоёр нэг цагаан толгойтой Норд бенз автомашинаас кроп /явах эд анги/ болон бусад зүйлсийг тайлаад портер автомашин дээрээ ачиж аваад манай хашаанд бүгдийг нь буулгасан. Тухайн үед Баатараа манаачид дансаар мөнгө шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26 дугаар хуудас);

- Гэрч Э.гийн “Би 2021 оны 01 дүгээр сарын дундуур ******* аймгийн Жаргалант сумын Зүүн хаалга гэх газарт Б.Батгэрэл гэх залууд очиж том оврын автомашиныхаа цахилгаан гэмтлийг засуулаад байж байтал над дээр хоёр залуу ирсэн. Нэг залуу нь надаас “том автомашины дугуй, түлш авах уу?” гэж асуусан. Би “тэр зүйлс чинь хаана байгаа юм бэ?” гэж асуухад “та дагаад явчих” гээд тэр газраас холгүй урагшаа яваад нэг том хашаан дотор очсон. Тухайн хашаан дотор таваас зургаан Норд бенз автомашин байсан. Би тэр зарах гэж байгаа дугуйг нь үзэхэд авахаар дугуй байгаагүй. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлэхэд “та тэгвэл өөр авах сэлбэг байвал аваач, манай найзад яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. Би “за тэгвэл би энэ автомашины хропыг нь авъя” гэж заасан. Тэгэхэд “та тэгвэл авчих” гэхээр нь би Д.Батсайхан гэдэг найзынхаа хамт орой нь очиж тайлж авсан юм. Тухайн хашаа болон автомашинаас би нийтдээ кропыг бүхлээр нь, кардан гол, рүлийн аппарат, чирэгч эмээл, эмээлийн дал төмөр, бандгар хар, дунд бөгсний пидүүшик, хоёр ширхэг дугуйтай обуд зэрэг эд зүйлс авсан. Би уг хашааны манаач Ц.******* гэх залууд эхлээд 200’000 төгрөг дансаар, дахиад 200’000 төгрөг шилжүүлсэн. Мөн бэлнээр *******0’000 төгрөг өгсөн. Нийтдээ би 550’000 төгрөг өгсөн. Хоёр удаа очиж автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- Гэрч Э.гийн дахин өгсөн “...орой найз Д.Батсайханыг дагуулаад Ц.******* гэх залуугийн хашаанд очиж хроп тайлж авахаар очсон. Бид цагаан өнгийн 45-13 ХОА улсын дугаартай Норд бенз загварын автомашинаас хроп, бас хропны лап төмөр, хоонсны аппарат, кардан гол тайлж авсан. 25-32 ХОА улсын дугаартай Норд бенз автомашинаас статер тайлж авсан, хоёр ширхэг обуд, хоёр ширхэг дугуй нь 45-13 ХОА улсын дугаартай Норд бенз загварын автомашины хажууд байсныг тухайн үед тайлж аваад Д.Батсайхан бид хоёр миний унаж ирсэн портер загварын автомашин дээр ачаад Т.Батчулуун гэх найзынхаа хашаанд байх грашид нь буулгасан. Хоёр хоногийн дараа Ц.******* гэх залуу залгаад “мотоцикл авах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна та хэрэгтэй юм байвал авах уу” гэхээр нь би “авч болох юм уу” гэхэд “та хүрээд ир” гэж хэлсэн. Би түлхүүр багаж аваад очиход Ц.******* гэх залуу “та хэрэгтэй авах юмнуудаа заагаад өгчих” гэхээр нь би “рүлийн аппарат, дунд мостны пидүүшик, чирэгч эмээлийг хамтад нь авна” гэж хэлээд явсан. Орой 20 цагийн үед над руу залгаад “тайлаад дуусчихлаа одоо ирээд авчих” гэхээр нь би Д.Батсайхантай хамт очиж аваад Т.Батчулууны хашаанд аваачиж буулгасан. Би маргааш нь ажил руу явсан тэгтэл Ц.******* “нөгөө чирэгч эмээлийн дал төмөр тайлчихлаа энийг авчих” гэж залгаад байхаар нь “Д.Батсайхан гэх манай найзын гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн ба хүргэж өгсөн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

- Гэрч Б.Батгэрэлийн “...Э. манайд ирээд Ц.*******аас сэлбэг авчихсан чинь хүний юм зарчихсан байна гэж хэлэхэд нь би мэдсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас);

- Гэрч Т.Батчулууны “Э. 2021 оны 01 дүгээр сарын эхээр (өдрийг нь сайн санахгүй байна) над руу залгаад “би автомашины сэлбэг түр танайд тавимаар байна, танай граш хоосон байгаа биз дээ” гэхээр нь би “граш хоосон байгаа, тэг тэг” гэж хэлсэн. Тэгтэл 21 цагийн үед “танай хашааны гадаа ирчихлээ” гэж залгахаар нь би гэрээс гарахад цэнхэр өнгийн портер автомашиныг нь аав нь болох Энхээ ах барьчихсан, Э. өөрийнхөө автомашинтай Ариунболд гэх залуутай хамт ирсэн, ирэхдээ том автомашины хроп, хоёр обуд, хоёр дугуй, том автомашины статер, чирэгч эмээл, нэрийг нь сайн мэдэхгүй жижиг сэлбэгүүд байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авах тухай “...Норд бенз загварын тээврийн хэрэгслийн хроп 1 ширхэг, кардан гол 1 ширхэг, статер 1 ширхэг, рүлийн аппарат 1 ширхэг, рүлийн кардан гол 1 ширхэг, конений аппарат 1 ширхэг, чирэгч эмээл 1 ширхэг, пидүүшин 1 ширхэг, 2 ширхэг дугуй, обуд 2 ширхэг, эмээлийн төмөр 1 ширхэг, хропны тулгуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйлийг Э.гээс хураан авах саналыг ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна” гэх мөрдөгчийн санал (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас);

- 2021 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.******* нь өөрийн хариуцан хамгаалж байсан буюу итгэмжлэн хариуцсан автомашинуудаас хроп 1 ширхэг, кардан гол 1 ширхэг, статер 1 ширхэг, рүлийн аппарат 1 ширхэг, рүлийн кардан гол 1 ширхэг, конений аппарат 1 ширхэг, чирэгч эмээл 1 ширхэг, пидүүшин 1 ширхэг, дугуй 2 ширхэг, обуд 2 ширхэг, эмээлийн төмөр 1 ширхэг, хропны тулгуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч гэрч Э.д 550’000 төгрөгөөр зарсан үйл баримт нотлогдож байна.

1.3. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ХВ21-20 дугаартай Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 48-57 дугаар хуудас);

- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас) зэргээр хроп 1 ширхэг, кардан гол 1 ширхэг, статер 1 ширхэг, рүлийн аппарат 1 ширхэг, рүлийн кардан гол 1 ширхэг, конений аппарат 1 ширхэг, чирэгч эмээл 1 ширхэг, пидүүшин 1 ширхэг, дугуй 2 ширхэг, обуд 2 ширхэг, эмээлийн төмөр 1 ширхэг, хропны тулгуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйл нь нийт 11’968’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогджээ.

1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2021 оны 01 дүгээр сард шүүгдэгч Ц.******* нь Кэй зэт транс ХХК-ийн эзэмшлийн том оврын автомашинуудыг ******* аймгийн Жаргалант сумын 08 дугаар (Наран) багийн нутагт хариуцан хамгаалж байхдаа буюу итгэмжлэн хариуцаж байхдаа хроп, урд кардан гол, рүлийн аппаратын чөмөг, статер, пидүүшин буюу туслах хропны таг, хропны хамт, чирэгч эмээл, рүлийн аппарат, багана төмөр, обуд, конений аппарат, эмээлийн төмөр, дугуй зэрэг нийт 11’968’000 төгрөгийн үнэлгээ бүхий эд ангийг авч гэрч Э.д 550’000 төгрөгөөр зарсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Шүүгдэгч Ц.******* нь Кэй зэт транс ХХК-ийн эзэмшлийн том оврын автомашинуудыг хэлцлийн үндсэн дээр тодорхой хөлсөөр хамгаалж байсан тул түүнийг тухайн автомашинуудыг итгэмжлэн хариуцаж байсан гэж үзнэ.

Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.******* нь өөрийн хариуцсан автомашинуудаас сэлбэг, эд ангийг ашиг олох зорилгоор дур мэдэн бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тус тус ялган хуульчилсан.

Шүүгдэгч Ц.******* нь хроп, урд кардан гол, рүлийн аппаратын чөмөг, статер, пидүүшин буюу туслах хропны таг, хропны хамт, чирэгч эмээл, рүлийн аппарат, багана төмөр, обуд, конений аппарат, эмээлийн төмөр, дугуй зэрэг нийт 11’968’000 төгрөгийн үнэлгээ бүхий эд ангийг бусдад зарж Кэй зэт транс ХХК-д 11’968’000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан үлэмж хэмжээний хохирол юм.

2.3. Шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 88 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас Кэй зэт транс ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан үзнэ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал;

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах санал байхгүй” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ялын доод хэмжээг оногдуулах саналтай” гэх санал тус тус гаргажээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана гэж ойлгоно.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг гэрч Э.д зарж 550’000 төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон. Гэрч Э. нь тухайн мөнгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэдгээ шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ илэрхийлжээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан. Эрх зүйт нийгэмд аливаа хүн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хөрөнгөжихөөс сэргийлэх зорилгоор хууль тогтоогч энэхүү хэм хэмжээг тогтоосон.

Иймд улсын яллагч хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргаагүй боловч хууль ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...том оврын тээврийн хэрэгслийн хроп 1 ширхэг, урд кардан гол 1 ширхэг, рүлийн аппаратын чөмөг 1 ширхэг, статер 1 ширхэг, пидүүшин буюу туслах хропны таг, хропны хамт тус бүр 1 ширхэг, чирэгч эмээл 1 ширхэг, рүлийн аппарат 1 ширхэг, багана төмөр 1 ширхэг, обуд 2 ширхэг, конений аппарат 1 ширхэг, эмээлийн төмөр 1 ширхэг, дугуй 2 ширхэг зэрэг эд зүйлийг 2021 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 14 цаг 10 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...том оврын тээврийн хэрэгслийн хроп 1 ширхэг, урд кардан гол 1 ширхэг, рүлийн аппаратын чөмөг 1 ширхэг, статер 1 ширхэг, пидүүшин буюу туслах хропны таг, хропны хамт тус бүр 1 ширхэг, чирэгч эмээл 1 ширхэг, рүлийн аппарат 1 ширхэг, багана төмөр 1 ширхэг, обуд 2 ширхэг, конений аппарат 1 ширхэг, эмээлийн төмөр 1 ширхэг, дугуй 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээн авсан” гэх хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд гаргасан “...Хохирогч 14 ширхэг, 11 төрлийн эд зүйлийг хүлээж авсан гэдгээ илэрхийлж байгаа, ийм учраас хохирлын талаар санал хүсэлт байхгүй” гэх тайлбар зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт Цэдэндамбаагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА