Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.Н,

хохирогч . өмгөөлөгч Э.Төгссайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чогчин овогт Батбаярын Нт холбогдох эрүүгийн 2211 01813 2013 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чогчин овогт Батбаярын Н /РД:./,

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк 754-734 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Шүүхийн шийдвэрийн албадан байр гаргаж өгнө” гэж хуурч А.Дуламсүрэнгээс урьдчилгаа гэж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,669,800 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны “АТМ”-ээс үлдэгдэл 25,588,800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 28,258,600 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 888 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Н нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Шүүхийн шийдвэрийн албадан байр гаргаж өгнө” гэж хуурч А.Дуламсүрэнгээс урьдчилгаа гэж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,669,800 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны “АТМ”-ээс үлдэгдэл 25,588,800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 28,258,600 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-8 дугаар тал/,

Хохирогч А.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын сүүлээр Шүүхийн шийдвэр албадан дуудлагын байр байна гэж ярьж байсан. Би эгчдээ “3 ширхэг байр гаргаж өгөх гэж байгаа” Энэ “дуудлагын байрнаас байр гаргаж өгөх бол асуудалгүй, надад таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэгээд болох юм уу гэтэл асуудалгүй шүү дээ гэж хэлж байсан бөгөөд дэнчин 10 хувиа эхлээд яаралтай өгчих цааш нь шүүхийн шийдвэрийн данс руу хийх ёстой гэж хэлсэн байдаг. Эхний мөнгөө 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,669,800 төгрөгийг урьдчилгаа гээд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн албадан дуудлага худалдаа нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зарлагдсан гэж байсан бөгөөд урьдчилгаа болох 2,669,800 төгрөгийг дуудлага худалдаа болох хүртэл нь Шүүхийн шийдвэрийн дансанд нь байрлуулна, хэрвээ дуудлага худалдаа нь амжилтгүй болбол байршуулсан 2,669,800 төгрөгийг чинь чамд буцаагаад өгчихнө. Хэрэв авчих юм бол “чи байрныхаа үлдэгдэл мөнгөө надад өгнө шүү, 2,669,800 төгрөгийн үлдэл мөнгийг нь бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “дуудлага худалдаа чинь болчихлоо” одоо үлдэгдэл мөнгөө “Шүүхийн шийдвэрийн данс руу хийх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь өөрийн хаан банкны 5019799288 дугаартай данснаас Б.Соёмбо гэх хүний Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 25,588,800 төгрөгийг байрны нийт мөнгө нэмэгдсэн үндсэн төлбөр дээрээ нэмээд хийгээрэй гэхээр нь 25,588,800 төгрөг болж байсан учир тухайн мөнгийг би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан. Шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа байрандаа орно гэж хэлсэн бөгөөд хэлсэн цаг хугацаа нь болсон тул хэзээ орох вэ гэж асуусан боловч арай болоогүй байна “нөгөө байрны хүмүүс нь давж заалдана гээд цаг хугацаа орох гээд байна cap хүлээчих” cap болсны дараа дахин холбогдоход “Шүүхийн шийдвэрээс тогтоол гараагүй байна жаахан цаг хугацаа орох гээд байна хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгж худлаа ярьж итгүүлсээр 1 жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд одоо байрандаа орсон ч юм байхгүй. Мөнгөө буцааж авсан зүйл ч байхгүй нийтдээ 28,258,600 төгрөгөөр хохироод байна. Энэ хугацаанд 2022 оны 06 дугаар сард нотариатаар ороод мөнгө төгрөг авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгч байсан. 2022 оны 08 дугаар cap болон 09 дүгээр сард нийтдээ 4 удаа мөнгийг чинь хүүтэй нь хамт төлж өгнө гээд гарын үсэг зураад бичиг өгч байсан...” гэх /хавтаст хэргийн 9-13 дугаар тал/,

Гэрч Э.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үедээ “Батбаяр Н” гэх фейсбүүк хаягаас над руу холбогдож “дансаа цэнэглүүлье” гэж холбогдож байсан тэгэхээр нь зөвшөөрөөд би өөрийнхөө дансыг өгсөн. Миний данс руу мөнгөө хийснийх нь дараа Б.Нын “ID153853659”-д цэнэглэлт хийж өгдөг. Орж ирсэн үнийн дүнгийн 1 хувийг ашиг гэж бодож авдаг байсан. Би өөрийн дансны хуулгыг үзлээ 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хооронд 21,900,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Дээрх мөнгө нь Батбаяр овогтой Соёмбо гэх хүний данснаас шилжиж орсон байна. Тухайн шилжүүлсэн гэх мөнгийг нь би тэр даруйд нь бооцооны сайтад бүртгэлтэй Б.Нын “ID153853659” руу “1Xbet” сайтаасаа шилжүүлж өгсөн ...” гэх /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Б.Соёмбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...5058176685 дугаартай “Хаан” банкны данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ миний дансыг тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сард манай төрсөн ах болох Б.Н нь ашигладаг байсан. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар энэ мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,          

Гэрч Э.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний “1Xbet” сайтад ашигладаг “Хаан” банкны олон улсын 5301565555 дугаартай данс руу бооцоо тавих гэж байгаа хүн эхлээд мөнгөө шилжүүлээд, мөнгө нь шилжиж орсны дараа би өөрийн олон улсын картаа ашиглаж тоглоомын данс руу нь шилжүүлж өгдөг. Тухайн үедээ “Батбаяр Ням- Очир” гэх фейсбүүк хаягаас над руу “дансаа цэнэглүүлье” гэж холбогдож байсан. Би өөрийн дансны хуулгыг үзлээ 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2,100,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Дээрх мөнгө нь Батбаяр овогтой. Соёмбо гэх хүний данснаас шилжиж орсон байна. Шилжүүлсэн мөнгөн дүнгийнхээ ард өөрийн бооцооны сайтад ашигладаг “Ай Ди” дугаараа бичсэн байна. Дээрх нэр дурдагдаад байгаа хүний бооцооны сайтад бүртгэлтэй “ID153853659” руу цэнэглэлт хийж өгч байсан...” гэх /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учирсан 28,258,600 төгрөгийг төлж барагдуулна. Би энэ үнийн дүнгээс 3,000,000 төгрөгийг төлчихсөн байгаа. Би өөрийн үйлдэлдээ харамсаж байна...” гэх /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогчийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч А.Дуламсүрэнд нийт 28,258,600 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Шүүхийн шийдвэрийн албадан байр гаргаж өгнө” гэж А.Дуламсүрэнгээс урьдчилгаа гэж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,669,800 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн “Хаан” банкны “АТМ”-ээс үлдэгдэл 25,588,800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 28,258,600 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Төгссайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Нэг зүйлийг тодруулж хэлэхэд нийт хохирлоос 2022 оны сүүлээр 3,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр нийт хохирлын хэмжээ багасаад 25,000,000 төгрөг болж өөрчлөгдөж байгаа гэх,

Шүүгдэгч Б.Н хохирогч А.Дуламсүрэнд нийт 28,258,600 төгрөгийн хохирол учруулснаас 3,000,000 төгрөг өгч,

  Хохирогч Баянгол дүүргийн 20-р хороо, хархорин хороолол 55/15/2/145 тоотод оршин суух, Амарын Дуламсүрэн /РД: ЙЮ99051403/-д 25,258,600 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чогчин овогт Батбаярын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ноос нийт 25,258,600 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 20-р хороо, хархорин хороолол 55/15/2/145 тоотод оршин суух, Амарын Дуламсүрэн /РД: ЙЮ99051403/-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД