| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0739/З |
| Дугаар | 221/МА2024/0777 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0777
“МП” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О
Нэхэмжлэгч: “МП” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 828 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0739/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 828 дугаар: Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасныг баримтлан “МП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн татварын албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариуг хууль бус болохыг тогтоож, “МП” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын албанд даалгаж шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана", 29.2-т "Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна" гэж заасны дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасан. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.13-т "Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна" гэж заасан.
2.2. Анхан шатны шүүх тайланг залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгасугай гэх шийдвэрийг гаргахдаа тухайн нэхэмжлэгч тайландаа ямар засвар оруулах гэж байгааг тогтоолгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг ямар байдлаар хөндөгдөж байгааг бүрэн тодруулахгүйгээр шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14 ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэлээ 8 хувиар төлөх буюу нийгмийн даатгалын шимтгэл өмнө 10 хувь төлснөөсөө бууруулж төлөхөөр болсон. Энэ өөрчлөлт нь татвар төлөгчийн хувьд төлөх татварын хэмжээ нэмэгдэх өөрчлөлт юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох" 14.1 Энэ хуулийн 7.1 д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна. гэж заасны дагуу нэхэмжлэгч татварын тайландаа 10 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хасаж байсан хасагдах зардал 8 хувь болж өөрчлөгдсөнөөр татвар ногдох орлого тэр хэмжээгээр нэмэгдэж, төлөх татварын хэмжээ өсөхөөр байна. Анхан шатны шүүх татварын тайланд ямар өөрчлөлт орох гэж байгааг тогтоолгүйгээр гаргасан "..... засварлахыг даалгасугай" гэх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч татвар төлөгч хуулийн хугацаанд тайлагнаад татварын алба баталгаажуулж ногдол үүссэн төлөөгүй байгаа татварын өрөө бууруулах /тухайн үед олгосон цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлсөн татварын тайлангаа ногдолгүй Х тайлан болгож засварлах/ асуудал үүсгэж байна. Энэ нь нийгмийн даатгалтай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн эсрэг үйлдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128ШШ2024/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрүүд ... “МП” ХХК-ний 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, ... Санхүүгийн тайлангийн дээрх хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж, залруулах хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн Татварын албаны эс үйлдэхүй хууль бус тул тус компанийн санхүү бүртгэлийн ажилд саад учруулж, бүртгэл үнэн зөв хөтлөх хуулийн заалт зөрчигдөхөд хүргэж байна, ... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж заасан ...” гэсэн үндэслэлээр “...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Татварын ерөнхий хууль, түүнд нийцүүлж баталсан журамд татварын тайланд залруулга хийж болох хугацааг заасан ба уг хугацаа өнгөрсөн, хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох талаар Татварын ерөнхий хуульд заагаагүй тул нэхэмжлэгчийн татварын тайланг засварлах нь хуульд нийцэхгүй ...” гэсэн тайлбар гаргасан байна.
4. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/4912 дугаар албан бичгээр “... Тус компани нь “2014 оны 10 сараас тасарсан тайлан, баланс нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийг 2022 онд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж байсан. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс 2014 оноос тасарсан татварын тайланг залруулж нөхөн тайлагнах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд танай 01/72 дугаартай албан бичигт дурдагдсан тайлан залруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.
5. Нэхэмжлэгч “МП” ХХК-аас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан “... “МП” ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оны дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, Татварын хэлтсүүдэд даалгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж тодорхойлсон байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
6. Мөн “МП” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын тайланг залруулж бүртгэхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал буюу “МП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны актын улмаас хэрхэн зөрчигдсөн, шүүхээр нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх тухайд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах арга замаар бүрэн дүүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль ёсны үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хэрхэн сэргэх эсэх талаар хууль зүйн хэм хэмжээг маргааны үйл баримтад дүйцүүлэн тайлбарлаж дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
9. Анхан шатны шүүхээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0425 дугаар болон 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0413 дугаар шийдвэрүүдийн биелэлт хангагдсан эсэх, өөрөөр хэлбэл, шүүхийн уг шийдвэр биелэгдэж, “МП” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд залруулга орсон эсэхийг тодруулаагүй, мөн уг шүүхийн шийдвэр “МП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр тодорхойлж буй эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хэрхэн хамааралтай талаар хууль зүйн дүгнэлт, тайлбар хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
10. Учир нь, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр “2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын тайланг залруулж бүртгэхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс “... “МП” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгүүлэхийг хүссэн хугацаа нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсон, дээрх шийдвэрүүдээр залруулга хийгдэхээр болсон тус компанийн нийгмийн даатгалын тайлангийн хугацаатай нийцэж байна, ... өмнө нь тайлагнасан тайланг залруулах хууль болон журамд заасан хугацаа дууссан гэх үндэслэл нь энэ тохиолдолд хамаарахгүй бөгөөд хууль бусаар эрхийг нь хязгаарласантай холбогдуулан шинээр үүсэж буй тайлан залруулах энэ тохиолдолд уг үндэслэлээр татгалзах, тайланг нь залруулахгүй байх нь буруу ...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “МП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд залруулга хийхтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүн амын орлогын албан татварын тайланд залруулга хийх үндэслэл болсон шалтгаант холбоо хамаарал, хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн, сэргээн тогтоолгож, шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны холбоо хамаарлыг шүүх дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
11. Мөн нэхэмжлэгч “МП” ХХК-аас “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128ШШ2024/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрүүд ... “МП” ХХК-ний 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон ...” хэмээн маргасан байх тул тус хэргийн шүүхийн шийдвэрүүд /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0425 дугаар болон 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0413 дугаар шийдвэрүүд/ биелэгдсэн эсэх асуудлыг тодруулах нь энэхүү маргаанд хамааралтай байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй нь учир дутагдалтай байна.
12. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх асуудлыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулаагүй, “МП” ХХК татварын тайланг хэрхэн гаргаж байсан одоо хэрхэн залруулах шаардлагатай гэж үзэж байгаа, залруулга хийхийг шүүхээр даалгуулах хэрэгцээ, шаардлага, хууль зүйн үндэслэл, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зэрэг нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
13. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж тус тус заасан.
14. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “МП” ХХК-ийн татварын тайланд залруулга хийх боломжтой хэмээн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан татварын хууль тогтоомжоор тогтоосон татварын тайлан залруулах хуулиар тогтоосон журам мөрдөгдөх эсэх, уг үндэслэл няцаагдах тохиолдолд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх сэргээн тогтоож хамгаалах өөр бусад хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
15. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг нөхөн засаж маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ