Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар ШЦТ0058

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн эрүүгийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Улсын яллагч Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

Шүүгдэгч Б.Д

Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дд холбогдох  эрүүгийн  201615010168 тоот хэргийг  хянан хэлэлцэв.

             Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.... оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ......эй, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай У овгийн Б-н Д гэв. /РД: ...../

                    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын “.......” гэх газарт хохирогч П.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан улмаар түүний дээр гарч сууж хоёр  гарыг нь хүлэн, өвдөглөж түүний цээжний баруун талын 3,4,5,6 дугаар хавиргыг хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  • Хохирогч П.Г мөрдөн байцаалтад ... 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар баг Борын хөндийн гэх газар болсон асуудал байгаа юм. Манай өвөлжөөнөөс зүүн хойд зүгт тус сумын иргэн Б.Д өөрийнхөө машинтайгаа малын саравч байр барихаар ирээд модоо буулгаж байхаар нь би утсаар яриад байр барьж болохгүй намайг хааш нь малаа бэлчээ гэж гэж байгаа юм бэ гээд орон нутгийн сумын удирдлагад хэлнэ гэтэл хэл хэл байраа барьлаа гээд утсаа салгасан. Тэгэхээр нь хэсэг байж байгаад би мотоцикльтэйгээ очоод газраас чулуу авч Дг машин дээр зогсож байхаар нь дээгүүр доогуур нь хоёр удаа шидсэн. Тэгтэл Д машин дээрээс бууж ирээд намайг барьж аваад унагаасан. Тэгээд миний хоёр гарыг хөлтэй бүсээр хүлсэн. Учир нь бид хоёр ноцолдоод би дийлээгүй. Тэгээд миний дээр Д суугаад хоёр гарыг бүсээр хүлсэн. Би дээшээ хараад газар хэвтэж байхад миний дээр Д сандайлж суугаад бүсээр хүлээд байсан. Би босох гээд ноцолдож байх үед өвдөглөөд миний 4 хавиргыг хугалсан. Тэгээд би босч ирээд Дг ганц нэг удаа цохиж аваад мотоциклио унаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/
  • Гэрч М.Ц-нийн мөрдөн байцаалтад ...Тухайн өдөр 12 цагийн үед Д ах саравч бариадхая гээд байсан юм. Тэгээд Ганзориг, Д ах бид 3 саравчны мод ачаад ...... сумын Борын хөндий гэх газар очоод машин дээрээс модоо буулгаж байтал Д ах руу Г гэдэг хүн утсаар яриад наанаа саравч барина гэж яаж санав. Би хэлнэ шүү гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй мотоцикльтой хүрээд ирсэн. Г гуай мотоциклиосоо буугаад шууд Д ах руу чулуу шидээд эхэлсэн. Тэгээд тонгойгоод дахин чулуу авах гэхээр нь Д ах  машин дээрээсээ үсэрч буугаад Г ахыг бариад авсан. Галсадорж гуайг мушгиж унагаагаад дараад хэвтсэн байсан. Д ах Галсаа ахаа тайвшир гээд дараад байсан. Г ахыг босгоод гарыг нь тавих гэхээр л чулуу самардаж, нэг бол гүйж очоод Д ахыг цохиж аваад байсан. Тэгээд хэсэг Г ах дөвчигнөж байгаад мотоциклио унаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
  • Гэрч Т.Ганзоригийн мөрдөн байцаалтад... Тухайн өдөр Д, Ц бид 3 байр барихаар явсан юм. Тэгээд ...... сум Борын хөндий таруу гэх газар очоод машин дээрээс модоо буулгаж байтал Г утсаар яриад байр бариулахгүй гэтэл Д ах би барина гэтэл мотоцикльтэйгээ Г ах хүрээд ирсэн. Г ах ирээд Д ах машин дээр мод буулгаж байхад нь чулуу гурван удаа шидсэн. Тэгээд Д ах бууж очоод бариад авсан. Та тайвшир гээд байсан. Нэг харсан чинь Г ахын дээр нь Д ах газар дарчихсан байсан. Тэгээд тэр хоёр хэл амаараа маргаад байсан. Д ах нэг гарыг нь бүсээр нь ороосон байсан. Тэгээд босож ирсэн. Тэгтэл Г ах Дг цохиж аваад байсан. Тэгээд маргаж байгаад Г ах мотоциклио унаад яваад өгсөн    ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар  хуудас/
  • Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад ... 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...... сумын Борын хөндий гэх газар малын саравч байр барих ажлаар явсан. Явахдаа Ганзориг, Ц нарын хамт явсан юм. Тэгээд Г ах ирээд бид хоёр муудалцсан гэж ярьсан.... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
  • Гэрч Ч.Н-н мөрдөн байцаалтад ... Давасамбуу зан байдлын хувьд төлөв томоотой элдвийн зан араншин байхгүй. ...... сумын 2 дугаар багийн иргэн байгаа юм. Уурлаж уцаарлаж байхыг нь би ерөөсөө харж байгаагүй. Эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хүнд тусархуу хүн байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
  • Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд ...Б.Д нь багийн суурин хүн амын бүртгэлд бүртгэлтэй, ам бүл 5 уул эхнэр хүүхдүүдийн хамт Батхаан багт оршин суудаг. Зан байдлын хувьд төлөв томоотой, хүнд тусархуу, иргэдийг малжуулахаар малчин авч ажиллуулдаг хүн байгаа юм. Архи тамхи хэрэглэдэггүй хүн юм. Бэлчээр дээрээс болж ийм асуудал болсон юм билээ. Тухайн хоёр хүн хамаатан садангын холбоотой юм. Сум орон нутгийн зүгээс энэ асуудал дээр онцгой анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
  • Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтанд ...Миний бие П.Г гэх хүний 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Мөнгөн гүүр гэх эмнэлэгт үзүүлсэн цээжний тодосгогчгүй КТГ-н шинжилгээнд Гийн цээжний баруун талын 3,4,5,6  дугаар хавиргууд эгэмний дунд шугмаар хугарсан гэснийг үндэслэн дүгнэлт гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд ...

1. П.Гийн биед цээжний талд 3,4,5,6 дугаар хавирганы хугарал гэмтэл  тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар арниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 130 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд ...

Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан саруул, байрлал идэвхитэй, асуусан асуултанд хариулна, хүүхэн хараа зөв дугариг хэлбэртэй гэрлийн урвалд жигд оролцоно, 2 нүдний алим чичирхийлэлтгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, ил харагдах гэмтэлгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/

  • Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт ...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би П.Гынхоос зүүн хойш гурав, дөрвөн километрын зайд “Бор хөндий” гэх газар өвөлжөө барих гээд очоод модоо буулгаж байхад П.Г над руу утсаар ярьсан тэгсэнээ наана өвөлжөө барьж болохгүй манай малыг хаашаа бэлч гэж байгаа юм. Сумын захиргаанд хэлнэ гэхээр нь би хэл хэл гээд утсаа тасалсан. Төд удалгүй П.Г мотоцикльтой ирээд над руу чулуу шидээд байсан. Би хэд хэд бултаад сүүлдээ машинаас буугаад барьж аваад дараад унасан. Унахдаа хүчтэй дараад хавиргыг нь хугалсан байна. Ноцолдож байхдаа миний нүд рүү цохисон тэр үедээ хөх болоод алга болсон. Би тэрэнд муу санасан зүйл байхгүй ахаасаа ганц нэг шанаа авах зүйл байлгүй яахав гэж бодоод тоогоогүй. Би хавиргыг нь хугалсанаа тэр үед мэдээгүй дараа нь харин хот орж үзүүлээд хугарсан байна гэсэн. Өөрийнхөө санамсар болгоомжгүй явдалаасаа болж ахынхаа хавиргыг хугалсандаа их гэмшиж байна. Би зодож нүдсэн зүйл бол огт байхгүй... гэсэн мэдүүлэг
  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч П.Гийн өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх-ийн 32, 58-60 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дгийн “Mazda Proceed” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 6-12 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын “Борын хөндий” гэх газарт хохирогч П.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан улмаар түүний дээр гарч сууж хоёр  гарыг нь хүлэн, өвдөглөж түүний цээжний баруун талын 3,4,5,6 дугаар хавиргыг хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...П-н Г миний бие 1964 онд төрсөн, 52 настай, ам бүл 3 эхнэр охины хамт ...... сумын Батхаан багийн Талын баян хэмээх газар мал маллан амьдардаг. Эхнэр Ч.Мөнхдулам өнгөрсөн онд гэмтэл авч хонь мал хариулах боломжгүй болсон мөн охин Г.Л одоо сумын сургуульд  11 дүгээр ангид сурдаг. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-нд Б.Дтай үл ойлголцсон хэрэг маргааныг хэлэлцэх шүүх хурал дээр дээр дурьдсан гачигдалын улмаас өөрийн биеэр очих боломжгүй байгаа тул хүсэлт гаргаж байна. Миний бие одоогоор ямар нэгэн зовиургүй болсон тул Б.Дд ямар нэгэн гомдол саналгүй байна. Иймийн учир Б.Дг ялаас чөлөөлж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү... гэсэн тул шүүгдэгч Б.Дг бусдад  төлөх төлбөргүй байна гэж шүүх үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй ба шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн “Mazda Proceed” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараар төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хорих ял оногдуулж болох гэмт хэргийн анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол  Улсын Эрүүгийн  Байцаан  Шийтгэх  Хуулийн  283, 286, 290, 294-с 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                 ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У овгийн Б-н Д-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  У овгийн Б-н Д-г 1 жил 2 сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлаж, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Дгийн “Mazda Proceed” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож “Mazda Proceed” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Б.Д-д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1. 61.4 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай

8. Шүүгдэгч Б.Д-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл  бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА