Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0743

 

 

 

 

 

 

2021 11 10 128/ШШ2021/0743

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн С.Э

Хариуцагч: * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э би 1969 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр * дүүрэгт төрсөн, 52 настай, 3 хүүхэдтэй, улсад тасралтгүй 33 жил ажилласан, *, ** дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг удирдлага болгон Улсын ерөнхий прокурорын газарт тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн юм.

Миний бие Монгол Улсын ерөнхий прокурорт гаргасан өргөдөлдөө Хэрэв, миний бие Прокурорын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөлийг хангаагүй гэж үзвэл үргэлжлүүлэн ажиллах боломжийг минь хэвээр үлдээж өгнө үү гэж тодорхой бичсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас намайг дээрх хуулийн заалтыг хангасан байна гэж дүгнээд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/1** дугаартай тушаалаар 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэсэн юм.

Би * дүүрэгт амьдардаг бөгөөд, 2021 оны 07 сарын 23-ны өдөр харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг өгсөн юм. Тус хэлтэс нь миний өргөдлийг хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичгээр Прокурорын тухай хуульд 50 настай эмэгтэй тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан боловч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн хариуг өгч, өндөр насны тэтгэврийг минь тогтоож өгөөгүй юм. Үүнтэй холбоотойгоор миний бие өнөөдрийг хүртэл ажилгүй, мөн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөөгүйгээс хохирч байна.

Би Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан 50 нас хүрсэн эмэгтэй гэх болзлыг хангаж байгаа учраас тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө-н шийдвэрийг хүчингүй болгож, Прокурорын тухай хуульд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны бүрэн тэтгэврийг минь тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Э-гийн өргөдлийг хүлээн авч, тус хэлтсээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот албан бичгээр хариу өгсөн. Тус албан бичигт дурдахдаа Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт заасан Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн 8 дугаар хэсгийг үндэслэн тайлбарласан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж оруулсан байдаг боловч прокурорын ажил мэргэжилтэй холбоотой заалтыг дурдаагүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатай маргаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хүргүүлсэн зөвлөмжид Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул тус заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байгаа тухай тодорхой бичсэн. Энэ зөвлөмжийн дагуу бид С.Эд хариу мэдэгдсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх С.Э-с * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр иргэн С.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч С.Э нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 329 дугаар тушаалаар * дүүргийн прокурорын газарт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдон[3] ажиллаж байсан байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Прокурорыг ажлаас чөлөөлж, тэтгэвэр тогтоох, буцалтгүй тусламж олгох тухай Б/1** дугаар тушаалаар Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д ... 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон, нэхэмжлэгч С.Эг *-** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[4].

Нэхэмжлэгч С.Э нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тэтгэвэр тогтоолгох өргөдлийг[5] холбогдох материалын хамт гаргахад Нийгмийн даатгалын хэлтсээс ...Таны өргөдөлд дурдсан Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт заасан Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэх хариуг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар албан бичгээр өгчээ[6].

Нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д 50 насанд хүрсэн эмэгтэй ... прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй тул татгалзсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Э нь прокуророор 11 жил 6 сар ажилласан, 50 насанд хүрсэн, 3 хүүхэдтэй гэх үйл баримтуудтай талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994) хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ. Хуулийн зорилтоос үзвэл, тус хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоосон байна.

Дээрх хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан буюу даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.6, 4.7 дах хэсгүүдээр олгожээ.

Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хууль нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийн зорилт нь 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэжээ. Тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургаадугаар зүйлийн 12 дах хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүргийг хуульчилжээ.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.2, 4.3, 4.6, 4.7 дах зохицуулалтуудын нэгэн адил тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлоос өөр байж болох тохиолдлыг зохицуулж, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглосон гэж үзэхгүй бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөр буюу тус зохицуулалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.

Иймд нэхэмжлэгч С.Э нь Прокурорын тухай хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. ... 50 насанд хүрсэн эмэгтэй, ... прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэх, ... олгоно гэж заасны дагуу Нийслэлийн * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Эгийн өргөдөл өгсөн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоон олгохыг * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дах хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-с * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн С.Эгийн тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[2] Хавтаст хэргийн 41-42 хуудас

[3] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас