Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бд холбогдох 2216001790182 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1... төрсөн, ... настай, дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, У овогтой Л.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Бг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан-Оргил багийн нутаг дэвсгэр Угалзын амны доод тал гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчимд Г.Нтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж газар унагаан ам руу нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь үүдэн 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, дээд доод урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Б нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан-Оргил багийн нутаг дэвсгэр Угалзын амны доод тал гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчимд Г.Нтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж газар унагаан ам руу нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь үүдэн 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, дээд доод урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Б гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Л.Бгийн шүүх хуралдаанд өгсөн: “Манай дүүгийн даахинд очоод бид нар хамт явж байсан. Машиных нь касчер хагараад зогссон байхаар нь манай машин хажууд нь ирээд зогсоход машинаас нь тос гарч байсан. Тэгээд манай нөхөр болон бусад хүмүүс машин доогуур нь орж янзалсан. Манай нагацын мотоциклийг Ээгий ахын хүүхэд унаад төв рүү тос авах гэж явсан. Би Гарав эгчийг хүүхдийнхээ дугаарыг өгөөч Ганаа руу ярих гэсэн юм гэхэд гичий минь чи миний хүүхдийн дугаараар яах гээд байгаа юм гэж хэлээд чулуугаар цохихоор нь би очоод түлхээд унагаасан. Санамсаргүй шүд рүү нь цохисон уучлаарай... Г.Н эгч нас барсан ээжийг Нямцэрэнгийн гичий гээд намайг чулуугаар цохисноос болж ийм хэрэг гарсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Г.Нын шүүх хуралдаанд өгсөн: “09 дүгээр сарын 04-нд эдний хүүхдийн даахинд очсон. Очоод бид хэд 3 цагийн үед очоод 5 цагийн үед хөдлөөд даваанаас уруудаж ирсэн. Тэрнээс гарахад хоёр хундага архи татсан. Тэгээд Угалзын ам руу орж ирээд касчер эвдэрсэн. Тэгээд нөхөртэйгээ хэрэлдсэн. Бууж ирээд сууж байхад Төгсөө гэдэг авгай явъя гэж хэлэхээр нь байж бай гэж хэлээд хэрэлдсэн. Төгсөө рүү хайрга аваад цохисон оноогүй. Харанхуй болоод цаашаа явах гэж байхад Л.Б миний араас нэг юм хэлээд ирэхээр нь юу гээд байгаа юм бэ гэхэд гичий минь яасан овоо юм бэ гэж хэлээд татаад газар унагаад дээр сууж байгаад ам руу цохисон. Тэр үед би мансуурсан мэдэхгүй байгаа. Тэгээд хүүхэд ирээд та яасан юм гэсэн. Бямбаа миний шүд рүү цохиод шүд хугалсан байсан. Миний хажууд хэн ч байгаагүй, ирээд уучлалт гуйгаагүй. Яваад очиход бүгд машиндаа орж суугаад хаалгаа дотроосоо түгжээд суусан байсан. Намайг тэнд үхэхийн бол хаяад явах юм уу мэдэхгүй. Тийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

   Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчим өөрийн нөхөр Рэнцэндорж болон хоёр хүүгийн хамт Алтайн-Оргил багийн Урд хулдын замтын ам гэх газарт Ууганбаярын хүүхдийн даахины найран дээр очсон. Тэгээд тэндээ хоёр цаг сууж байгаад буцаад сум руу явъя гээд манай машин дотор Ганаа, Төгсөө хоёр суугаад манай 2 хүү мотоцикльтой дагаад Л.Б, Бямбабаатар, Дунгаамаа болон гурван тэдний охины хамт өөрсдийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт хөдөлцгөөсөн. Замдаа Угалзын амны доод талд машины касчер хагараад би машинаас бууж ирээд эвтэйхэн явахгүй яасан юм гэж хэлээд нөхөр Рэнцэндоржтой хоорондоо муудалцсан. Тэгээд манай хүү болох Гантулга сум руу цавуу, масло авахаар явсан. Тэнд байсан Төгсөө гэх эмэгтэй намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгээд бид 2 хоорондоо хэсэг зуур хэрэлдсэн. Тэгээд би Төгсөө рүү гартаа хайрга базаж аваад шидсэн боловч Төгсөөд хүрээгүй. Намайг хайрга авч шидээд байсан болохоор тэнд байсан Л.Б, Төгсөө, Ганаа, Дунгаамаа, Бямбабаатар нар надаас бүр цаашаа холдоод бүр цаана зогсоод байсан. Тэгээд удалгүй Л.Б хүрч ирээд намайг түлхэж унагаагаад миний дээр мордож суугаад миний ам руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд босоод яваад өгсөн би тухайн үедээ хэсэг сонин болоод ухаангүй болсон. Удалгүй манай хүү ирээд ээжээ таны амнаас цус гараад байна гэж хэлсэн. Тэгсэн миний үүдэн 3 шүд уначихсан байсан. Тэгээд сум руу ирээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...Л.Б гэх эмэгтэй манай нөхөр Рэнцэндоржийн ахын охин байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ20-22/,

 

          Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Тонхил сумын Алтайн-Оргил багийн Хороо буудал гэх газарт байх Л.Б нь манайд ирээд та аймагт очоод гомдолгүй гээд гарын үсэг зураад өгөөч би таны шүдний хохирлыг өгье гэж хэлсэн. Миний 2 шүд унасан мөн 1 шүд хөдөлсөн байсан. Би Л.Б лүү чулуу авч цацаагүй. Би гомдолтой байна миний зүгээр байсан үүдэн 2 шүд Л.Бд зодуулснаас болж унасан. Хөдөлсөн 1 шүдийг дараа нь авхуулсан. Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлын баримтыг прокурор шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /ХХ23/,

 

          Гэрч Л.Дн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Н эгч ойр байсан хүмүүс рүү шороо, чулуу шидээд байсан. Тэгээд Б, Т эгч, Г ах, Л.Б бид хэд Г.Н эгчээс зугтаасан, удалгүй Л.Б Г.Н эгчээс хүү чинь сумаас ирэх болж байгаа юм уу дугаарыг нь өгчих зөндөө удаад байна гээд яваад очиход Г.Н эгч Л.Б рүү гараараа далайж байсан. Тэгээд Л.Б Г.Н эгчийг түлхэж унагаагаад гарыг нь дараад дээр нь гараад суучихсан. Л.Б Г.Н эгчийн дээрээс нь босоод удалгүй Г.Н эгч шүд нь уначихлаа гээд орилоод байсан. Г.Н эгчийн хүү нь ирээд шүдийг нь цохичихлоо гээд бид хэд рүү орилоод байсан...Г.Н эгч бид нараас хол оччихсон байсан. Тэгээд Л.Б хүүгийнх нь утасны дугаарыг нь авах гээд яваад очсон. Тэгээд бид нар араас нь яваад очиход Л.Б Г.Н эгчийн дээр нь гараад цээжин дээр нь 2 гараараа дараад суучихсан байсан. Тухайн үед харанхуй болчихсон байсан болохоор би өөр зүйл мэдэхгүй байна...тухайн үед Г.Н эгч шүд унагаачихлаа гээд орилоод байсан. Л.Б гэх эмэгтэйг миний шүдийг цохичихлоо гээд Г.Н эгч орилоод байсан....” гэх мэдүүлэг /ХХ27-29/,

 

          Гэрч Л.Рн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Бтай хамт машин доогуураа ороод касчераа янзлаад масло иртэл масло тогтоож байсан. Тэгээд удалгүй намайг машин доор байж байхад хүүхнүүд хоорондоо хэрэлдээд байсан. Би тэгээд тэр хэдийг яав л гэж бодоод тоогоогүй, удалгүй манай том хүү Г надад сумаас ирээд манай ээжийг алаад хаячихлаа гэж хэлээд байсан. Тэгээд намайг харахад үүдэн 3 шүд нь уначихсан байсан...би өөрийн эхнэр Г.Ныг эмэгтэй хүмүүстэй хэрэлдээд байсан талаар сонссон өөр зүйл мэдэхгүй...тухайн үед манай эхнэр Г.Н, Т, Б гэх эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байсан, тэр гурвын хоолой сонсогдоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ37-39/,

 

          Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “...Замдаа Угалзын амны доод талд машины касчер хагараад Р ахын хүү болох Г сум руу цавуу, масло авахаар явсан. Би машин доогуур нь ороод касчерийг нь янзлаад байж байсан. Тэгсэн Г.Н эгч Р ахыг машин эвдчихлээ гээд уурлаад шороо чулуу шидээд байсан. Тэгээд Л.Б, Төгсөө эгч, Ганаа ах, Дунгаамаа бид хэд Г.Н эгчээс зугтаагаад хол очоод зогсчихсон. Тэгээд Г.Н эгч рүү Л.Б алхаж очоод Г.Н эгчээс хүү чинь сумаас ирэх болж байгаа юм уу дугаарыг нь өгчих зөндөө удаад байна гээд хэлэхэд Г.Н эгч манай эхнэр болох Л.Бгийн талийгаач ээжийнх нь нэрийг хэлээд хэл амаар доромжлоод байсан. Манай эхнэр Л.Б гэнэт Г.Н эгчийг түлхэж унагаагаад гарыг нь дараад дээр нь гараад суучихаар нь боль гэж хэлээд, Л.Б Г.Н эгчийн дээрээс нь боссон. Тэгээд бид хэд Г.Н эгчээс зайгаа бариад байж байхад тэрээр шүд уначихлаа гээд орилоод байсан. Г.Н эгчийн хүү нь бид хэд дээр ирээд шүдийг нь цохичихлоо гээд бид хэд рүү орилоод байсан....” гэх мэдүүлэг /ХХ42-44/,

 

          Гэрч Ж.Ан мөрдөн байцаалтад өгсөн: “...замдаа Угалзын амны доод талд машины касчер хагараад Рн хүү болох Г сум руу цавуу, масло авахаар явсан. Тэгсэн Г.Н машинаасаа бууж ирээд нөхөр Рэнцэндорждоо хандан машин эвдчихлээ гээд уурлаад шороо, чулуу шидээд байсан. Тэгээд Л.Б, Б, Г, Д бид хэд Г.Наас зугтаагаад хол очоод зогсчихсон. Тэгээд удалгүй Г.Н шүд уначихлаа гээд орилоод байсан....Г.Н Л.Б нар муудалцаад хоорондоо юу болсон талаар хол байсан, хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ52-54/,

 

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаартай “...Г.Нын биед үүдэн 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт дээд доод урууланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Г.Нын биед учирсан гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт /ХХ57-58/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь нийт 1 сая төгрөг болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаа боловч хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар нэхэмжилсэн Voco dent шүдний эмнэлэгт шүд хийлгэсэн 130,000 төгрөг, шүүх хуралд ирэхдээ бензин хийсэн 87.000 төгрөг дээр хохирогч  3 удаа ирж очсон болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоод буцах зардлыг тус бүрийг 30,000 төгрөгөөр тооцож, нийт 427,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Нт олгохоор шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд Тонхил сумаас аймгийн төв Есөнбулаг сумд 1 хүний ирэх зардлын дүнг 30,000 төгрөгөөр тооцоход маргахгүй байгаа болно.

 

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...дахин өөр сайн шүд хийлгэнэ, Voco dent шүдний эмнэлэгт хиймэл шүд хийлгэсэн баримт дутуу өгсөн энэ зардлаа нэхнэ...”                   гэсэн тул энэ талаар баримт байхгүй тул  цаашид гарах эмчилгээний зардал буюу дахин өөр шүд хийлгэх зардал болон урьд Voco dent шүдний эмнэлэгт хиймэл шүд хийлгэсэн хохирлын зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

             2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч Ц.Батзаяа “шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох...” дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Бд мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Шүүгдэгч Л.Бгээс 427,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нт олгож, хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал буюу шүд хийлгэх зардал болон урьд хиймэл шүд хийлгэсэн хохирлын зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА