| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмадорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023 01 25 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ овогт ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308000000022 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****оны **** дугаар сарын ***-ний өдөр ****** аймаг, ********суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, “*********” ХХК-д ********************ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *************** дүүргийн **** дугаар хороо, **************** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт **************** (РД:**********)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө ************ дүүргийн *** дугаар хороо, ***************** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *************** “гацуур мод зарсан” гэх шалтгааны улмаас эрүүл мэндэд нь халдаж “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, чамархайн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ярих зүйл байхгүй, өмнө нь мэдүүлсэн байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө ************ дүүргийн ********** дугаар хороо, ****************** тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр **************** “гацуур мод зарсан” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, чамархайн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч ***************: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед гэртээ буюу ************** дүүргийн *** дугаар хороо, ******************** тоотод ганцаараа байж байтал манай нөхөр *********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирээд “гацуур яасан юм бэ, чи гацуур дураараа зарчихлаа” гэж над руу уурлаад миний нүүр болон толгой руу гараараа 5-6 удаа цохисон. Тэгсэн чинь миний толгойноос цус гараад байсан чинь Баярхүү цагдаа болон эмнэлэг дуудсан, удалгүй цагдаа нар ирээд *************аваад явсан, тэгээд би ГССҮТ-д очсон. ********* бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гацуур мод авсан юм, тэгсэн чинь тэр гацуур мод нь томдоод байхаар нь би зарчихсан чинь Баярхүү гацуур мод зарлаа гээд намайг цохиж зодсон. Тэр үед миний толгой хагараад цус гарсан, нүүр ам хөхөрсөн, гар хөхөрсөн, би гараараа хамгаалах гэж байгаад гар руугаа цохиулсан. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр ************ учруулсан. ***********бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ авсан асуудал байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай “...************** биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
3. Шүүгдэгч *************: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэр ************* бид хоёр гацуур мод худалдаж авсан чинь тухайн гацуур мод нь манай гэрт томдоод байсан. Тэгээд манай эхнэр************** зарчихъя гээд байсан юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед би ажлынхаа хүмүүстэйгээ гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байхад манай эхнэр *********** тухайн гацуур модоо зарлаа шүү гэхээр нь би өөрөө мэд гэсэн, гэхдээ би гацуур модоо зарах бодолгүй байсан. Тэгээд тухайн өдрийн буюу 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ буюу ********* дүүргийн **** дугаар хороо, ************тоотод очиход манай эхнэр *********** гацуур модоо зарчихсан гэхээр нь би уурлаад эхнэр ************ маргалдаад толгой болон нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон чинь манай эхнэр ************* толгойноос цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тийм л зүйл болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл, шүүгдэгч ***************, хохирогч **************** нар нь эхнэр, нөхөр байх ба тухайн өдөр шүүгдэгч **************** нь “гацуур мод зарлаа” гэх шалтгаанаар эхнэр ************ толгой болон нүүр лүү нь олон удаа цохисон үйл явдлыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч ************* нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ************* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ******************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал /”***********” ХХК-д борлуулалтын албаны дарга хийдэг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ