Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                         

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн З-ын М-эд холбогдох 2228002960174 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт: Н овгийн З-ын М ...........................  

Холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн парк руу явах хатуу хучилттай авто зам дээр 83-13 ӨМЭ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Б.А-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.Мийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч З.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Улсын яллагч яллах дүгнэлтдээ миний нэхэмжилж байгаа  нэхэмжлэлийн мөнгөн дүнг дурдлаа. Тухайн цаг хугацаанаас хойш тодорхой хэмжээний зардал нэмж гарсан. Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлж махны цехэд мах нийлүүлдэг. Осол гарснаас хойш тодорхой хугацаанд миний ажил цалгардсан. Би орлогоо нэхэмжлээгүй. Хүүхдийн эрүү хугарснаас болж байнга уйлдаг болсон, байнгын асаргаа сувилгаа, хараа хяналт шаардлагатай болж манай гэр бүлийн харилцаанд маш их өөрчлөлт орсон. Хүүхдийн эрүүл мэндэд ирээдүйд гарах эрсдэл нь ясны үрэвсэл үүсэх цаашлаад амаа нээж чадахгүй хэмжээний эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Шүүгдэгч өөрөө хайнга хийсэн үйлдэлдээ хайнга хандсан учраас миний бие гомдолтой байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байсан бөгөөд би том охин А-тай хамт ....... тоотод байсан. Тэр өдөр манай эхнэр хадам аав Эийн 68-18 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Королла” загварын машиныг аваад бага охин А болон өөрийнхөө дүү А-тэй хамт ирсэн. Тэгээд манай эхнэр, 2 хүүхэд, эхнэрийн дүү бид 5 ............ тоотоос гараад Даланзадгад сумын 1 дүгээр баг хүүхдийн парк руу ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй яваад хүүхдийн паркийн зүүн урд байдаг дөрвөн замын уулзвараар нэвтрээд хурд сааруулагч дээр хурдаа хасаад зогсох гэж байхад саарал өнгийн “Тоёота Приус” 20 загварын машин урсгал сөрөөд бид нарын өөдөөс мөргөөд, манай машин замын зүүн талын хашлага давж зогссон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний том охин А-ы биед хүнд гэмтэл учирсан. Эрүүний яс хугарсан. Бусад хүмүүсийн биед бага хэмжээний гэмтэл учирсан. Охин А-ы биеийн байдал хацар хавдаж байгаа. Эрүүний яс хугарсан, нүүрэнд хөхөрсөн, 1 сар гаран халуурсан. Миний бие толгой бага зэрэг өвчинтэй байгаа. Эмчилгээний зардлын нөхөн төлүүлмээр байна. Тэр хүн бидний унаж байсан хадам аавын машинд учирсан хохирлыг нөхөн төлсөн...Би охиныхоо эмчилгээний зардлыг бүрэн нэхэмжилнэ. Эмчилгээний зардал нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 10,192,350 төгрөг болсон. Энэ гарсан зардлаас манай машиныг мөргөсөн гэх хүн надад 2,900,000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирол зардал нь 7,292,350 төгрөг нэхэмжилнэ. Би энэ зардлаа нэхэмжилж авна.” /хавтаст хэргийн 21-22, 26-27 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байсан. Би эгч Н, ах Б, 2 дүү А, А нарын хамт хүүхдийн парк руу явж байсан. Тэр үед паркийн урд хурд сааруулагч дээр зогсох үед манай машины өөдөөс 1 жижиг саарал өнгийн машин ирээд мөргөсөн. Тэгээд манай ах Б машинаас бүгд буу гэж хэлэхээр нь би дүү А-ийг аваад машинаас буусан. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Тэр үед миний толгой хавдаад өвдөж байсан. Одоо толгойны зулай хэсгээр бага зэрэг өвддөг, ар дагзаар хааяа өвддөг. А гээд дүүгийн эрүү хугарсан, А-гийн дух улайсан байсан.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/  

Иргэний нэхэмжлэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би зуслан дээрээ өөрийн төрсөн аав дээрээ байж байсан. Тэр өдрийн орой манай хүүхдүүд парк орох гээд миний “Тоёота Королла” загварын 68-18 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн машиныг аваад явсан. Тэр үед миний машинд миний том охин, нөхөр, 2 хүүхэдтэйгээ, бас миний бага охин хамт явж байсан. Тэр үед паркийн урд талын зам дээр гэрлэн дохио дээр осол болсон гэж би маргааш нь мэдсэн. Тэгээд манай хүүхдүүд над руу тэр өдрийн орой нь хэлээгүй, эмнэлгээр явж байгаад орой болохоор нь хэлээгүй гээд маргааш нь надад хэлсэн. Тэр үед миний машинд учирсан хохирлыг “Хас үнэлгээ” ХХК-ийн 471 дугаартай дүгнэлтэд 4,498,000 төгрөг болсон гэж дүгнэсэн байсан бөгөөд миний машиныг мөргөсөн хүн миний машинд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Одоо миний машинд учирсан хохирол, нөхөн төлбөр байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машинд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ............ тоотоос нөхөр болон том охин А-ыг аваад хойшоо хүүхдийн парк орж ээжийгээ авах гээд явж байсан. Тэр үед паркийн зүүн урд талын уулзвар өнгөрөөд явж байхад паркийн зүүн урд талын хурд сааруулагч давахаас өмнө нэг машин өөдөөс урсгал сөрж орж ирээд осол гаргасан. Тэр үед би жолоо бариад явж байсан. Тэр үед нөхөр том охиноо аваад урд суудал дээр сууж явж байсан бөгөөд охин дүү А бага охиныг минь аваад арын суудал дээр сууж явж байсан. Тэгээд машин ирж байгааг мэдээд би зогсоод тоормосоо гишгэхэд манай нөхөр бүгд буугаарай гэж хэлсэн. Тэр үед манай машины урд хэсэг нэлээн хагарсан байдалтай нөгөө машин замаас гарсан байдалтай байсан. Тэр үед би жолооны хүрдийг мөргөсөн, нөхөр салхины шил мөргөсөн, том охин машины дотор салоныг мөргөсөн. Тэрнээс болоод том охины минь эрүүний яс хугарсан. Тэгээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Нөхрийн толгой шалбарсан, бид хоёрын толгой хүзүү нэлээн өвдөлттэй байсан. Миний машиныг мөргөсөн хүн машинаасаа согтуу бууж ирсэн.” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байсан бөгөөд би тэр өдөр ажил дээрээ байхдаа бага зэрэг асуудалтай байж байгаад түүнээс болоод сэтгэл санаа тогтворгүй байсан. Тэгээд ажлаасаа гараад дэлгүүр ороод 5 ширхэг лаазтай “Сэнгүр” пиво аваад Даланзадгад сумын 1 дүгээр баг хүүхдийн паркаас хойшоо яваад 6 дугаар баг Нисэх хорооллын ойролцоо замаас гараад машин дотроо дэлгүүрээс авсан 5 пивоныхоо 4 ширхэгийг ганцаараа уусан. Тэгээд ганцаараа явж байсан болохоор найзыгаа дуудах гэхэд утасны цэнэг дууссан байсан. Тэгээд хүн дуудах боломжгүй болоод өөрөө машинаа бариад явсан. Явж байхад хүүхдийн паркийн зүүн талын зогсоолоос нэг машин гарч ирж байсан. Тэгэхээр нь би тэр машиныг гүйцэд түрүүлэх гэж байгаад эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн. Би тэр машиныг мөргөсний дараа тэр машинаас хүмүүс гарч ирээд цагдаа дуудаж эхэлсэн. Би тэр үед айж сандарсан байсан, тэгээд цагдаа ирсэн. Би тэр үед өөрийнхөө эзэмшлийн 83-13 ӨМЭ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Харин миний мөргөсөн гэх машин саарал өнгийн “Тоёота Королла” загварын машин байсан. Би тэр үед Нисэхээс гараад Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайханд байрлах гэр рүүгээ явах зорилгоор хүүхдийн паркийн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан. Би тэр “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэлд гарсан Хас үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 471 дугаартай 4,498,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Харин тэр машинд явж байгаад гэмтсэн гэх хүүхдийн хохиролд одоогоор 2,900,000 төгрөг өгсөн. Нэмж хохирлын мөнгө төлөөгүй байгаа...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ы биед доод эрүүний зүүн сэртэнгийн хугарал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 471 дугаартай үнэлгээнд: “Урд салхины шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 220,000 төгрөг /солих/, урд буфер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 520,000 төгрөг /элэгдэл тооцов/, зүүн урд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, зүүн урд крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих/, капут, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /засах/, ослын дэр /жолооч/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, зүүн урд шанаа, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 160,000 төгрөг /засах/, ослын дэрний компьютер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, ослын дэрний мэдрэгч, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, ослын дэр /зорчигч/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 130,000 төгрөг /солих/, зүүн урд лонжром, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 80,000 төгрөг /засах/, хурдны хайрцаг /автомат/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 1,000,000 төгрөг /солих/, зүүн урд 5 бул ком, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, зүүн урд гар, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 90,000 төгрөг /солих/, зүүн урд өндгөн тулгуур, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, зүүн урд амортизатор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 64,000 төгрөг /элэгдэл тооцов/, урд карказ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 160,000 төгрөг /засах/, 1 ширхэг дугуй, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 112,000 төгрөг /элэгдэл тооцов/, аккумлятор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 112,000 төгрөг /элэгдэл тооцов/, шууд зардлын дүн: 3,668,000 төгрөг, будах зардал 400,000 төгрөг /ажлын хөлс/, эд анги солих 280,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг шалгуулах 30,000 төгрөг /ажлын хөлс/, 400 гр будаг, тус-мат, лак, өнгө гаргах 120,000 төгрөг /материалын өнгө/, шууд бус зардлын дүн: 150,000 төгрөг, нийт дүн: 4,498,000 төгрөг” /хавтаст хэргийн 74-80 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтэд: “1. 68-18 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2. Уг зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 68-18 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.” /хавтаст хэргийн 84-85 дахь тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 151-153 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 154-155 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1684 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 106 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107 дахь тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 120-141 дэх тал/

З.М-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158 дахь тал/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 198-201 дэх тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Мэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд шүүхээс тогтоох хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилж буй хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгч гэм бурууг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг гаргаж шүүх хуралдаанд оролцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн парк руу явах хатуу хучилттай авто зам дээр 83-13 ӨМЭ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11 дүгээр зүйлийн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Б.А-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б /хавтаст хэргийн 21-22, 26-27 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Э.А /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Г.Э /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Э.Н /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 471 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 74-80 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 151-153 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 154-155 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтээр “1. 68-18 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11 дүгээр зүйлийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2. Уг зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 68-18 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.” /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч З.М-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: З.М нь 2,22 хувийн согтолттой байсан. /хавтаст хэргийн 154-155 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.   

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.      

Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч З.М нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч З.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Мийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Б.А-ы биед доод эрүүний зүүн сэртэнгийн хугарал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 10,192,350 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт 9,719,421 төгрөгийн хохирол төлбөрийн баримтыг хэрэгт гаргаж өгснийг шүүх дараах байдлаар хэсэгчлэн хангаж, хэрэгсэхгүй болгов. 

Хавтаст хэрэгт авагдсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг ангилж үзвэл хүнс, бараа бүтээгдэхүүн 2,957,734 төгрөг, тээврийн хэрэгслийн зогсоол 20,000 төгрөг, шатахуун 4,441,701 төгрөг, эмчилгээ 1,209,422 төгрөг, тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийлгүүлж үйлчилгээ авсан 731,100 төгрөг, Голомт банк гэх 12,000 төгрөг, он, сар, өдөр, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй 347,464 төгрөг буюу нийт 9,719,421 төгрөгийн тооцоо гарч байх бөгөөд шүүх 3,722,650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5,996,771 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хүнс, бараа бүтээгдэхүүнд зарцуулсан 2,957,434 төгрөгөөс бага насны хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөхтэй холбоогүй кофе, согтууруулах ундаа, тамхи худалдан авсантай холбоотойгоор гарсан нийт 765,850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,191,180 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шатахууны 4,441,701 төгрөгийн хохирол төлбөрийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжилгээний байгууллагад биечлэн очиж үзүүлсэн, эмчид үзлэг, оношилгоо хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан огноотой шатахуун авсан огноог харьцуулан шинжлэн судлах аргаар нотлох баримтуудыг үнэлж, эдгээр ажиллагаатай холбогдон гарсан нийт 2,575,465 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, гэмт хэрэгт холбоогүй өөр цаг хугацаанд шатахуун авсан үлдэх 1,866,236 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийлгүүлж үйлчилгээ авсан гэх 731,100 төгрөг, Голомт банк гэх 12,000 төгрөг, он, сар, өдөр, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй 347,460 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон ба эмчилгээтэй холбоотой 1,209,422 төгрөг, тээврийн хэрэгслийн зогсоол 20,000 төгрөгийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нийт 5,996,771 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.М 2,900,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар тус тус мэдүүлж байх тул 5,996,771 төгрөгийн нэхэмжлэлээс 2,900,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,096,771 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн зүгээс бага насны хохирогч Б.А-ы биед учирсан доод эрүүний зүүн сэртэнгийн хугарал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч З.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Э-ийн тээврийн хэрэгсэлд 4,498,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 471 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 74-80 дахь тал/-ээр тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний машинд учирсан 4,498,000 төгрөгийг мөргөсөн хүн нөхөн төлж барагдуулсан. Одоо миний машинд учирсан хохирол, нөхөн төлбөр байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машинд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч З.Мийг иргэний нэхэмжлэгч Г.Э-д төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч З.М-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч З.М нь түр завсарлага авч, 3,096,771 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн болох нь тэдний тайлбараар тогтоогдсон тул шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг шүүгдэгч төлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлыг төлсөн учир хөнгөн ял оногдуулах, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Шүүгдэгч З.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч З.М-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З.М-эд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КВ91092914 регистрийн дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон №1337177 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овгийн З-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З.М-эд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч З.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д хохирол төлбөрт 5,996,771 /таван сая есөн зуун ерэн зургаан мянга долоон зуун далан нэг/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Эд 4,498,000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 3,722,650 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.-ийн зүгээс бага насны хохирогч Б.А-ы биед учирсан доод эрүүний зүүн сэртэнгийн хугарал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч З.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КВ91092914 регистрийн дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон №1337177 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

10. Шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ВОЛОДЯ