| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч *******р нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******рт холбогдох эрүүгийн 2315000000011 дугаартай, 163/2023/0013/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овгийн Сэрээтэрийн Алтанбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1968 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын *******, 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 54 настай, эрэгтэй,
-урьд 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Аптанбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 2.251 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, Киа Бонго маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 379.642 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.138.926 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Аптанбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 2.251 мЗ шинэс төрлийн мод бэлтгэж, Киа Бонго маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 379.642 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.138.926 төгрөгийн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******рын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшин, гэрч С.Нэргүй нарын өгсөн мэдүүлэг, Хутаг-Өндөр суман дахь сум дундын Ойн ангийн инженер Ш.Д*******н 2022 оны 12 сарын 27-ны өдрийн №18 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч С.Аптанбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 2.251 мЗ шинэс төрлийн мод бэлтгэж, Киа Бонго маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 379.642 төгрөгийн шууд хохирол, учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч *******р нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.
Гэмт хэргийн улмаас шинжээчийн 18 дугаартай дүгнэлтээр 379,642 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******рын гэмт үйлдэл, хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч *******р нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Киа Бонго маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* багийн нутгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, бэлтгэсэн модоо Орхон аймагт аваачих зорилгоор 26-40 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******рын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч яллах талын байр суурьнаас, шүүгдэгч *******р өөрийгөө өмгөөлж гэм буруугийн тал дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******рын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 379,642 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 53 дахь тал/ учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж /хавтаст хэргийн 51 дэх тал/ 1,138,926 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Шүүгдэгч *******р нь байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 1.138.926 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн /хавтаст хэргийн 95 дахь тал/ байх тул түүнийг төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******рын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******р гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 70-76 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, байнга оршин суух газрын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******р нь ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн 3 дугаар баг ******* багт оршин суудаг, малчин, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч *******рын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгчийн өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Иймд хэрэгт мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.394.946 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай “Bongo Frontier-3” загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч *******р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч *******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Сэртээрийн Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч *******р нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 30 /гучин/ ширхэг м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.394.946 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай “Bongo Frontier-3” загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98,000 /ерэн найм/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ