Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00002

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Х.Өнөржаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав, шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201614000481 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 8-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Володягийн Мөнх-Эрдэнэ./ УО 88040817/

                                                         Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 10 сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт  “хүргэн ахыгаа зодсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж Х.Өнөржаргалыг зодож бие махбодид нь  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

      Шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Өнөржаргалыг “хүргэн ахыгаа зодсон” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь доод эрүүний ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

1. Шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 271 000 төгрөг төлсөн гэв.

2. Хохирогч Х.Өнөржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний шанаа руу гараараа цохиж намайг газар унасан чинь хөлөөрөө шанаа руу дахин өшиглөсөн. Дахиад өшиглөх гэхээр нь би гараараа хамгаалсан, зодох гэхээр нь зугтаагаад гэртээ харьсан. Энэ хэрэг болох үед Мөнх-Эрдэнэ миний хүргэн ах Цэнд-Аюуш гэж хүнийг надаас өмөөрч чи хүргэн ахыгаа зодсон байна гээд бага зэрэг маргалдаж байгаад намайг зодсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

3. Гэрч Х.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нэг харсан чинь Өнөржаргал, Мөнх-Эрдэнэ хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад Мөнх-Эрдэнэ миний дүүгийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон чинь Өнөржаргал газарт 4 хөллөөд уначихсан. Өнөржаргалын нүүр, баруун талын хацар нь хавдсан байдалтай юм ярьж чадахгүй байсан. Маргааш өдрөөс нь Өнөржаргал шүд, эрүү өвдөөд байна гээд гэртээ хэвтээд байсан. 2 хоног шүд өвдөөд байна гээд байхаар нь би дүүгээ дагуулаад 3-17-р байранд байдаг шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь үзээд манай эмнэлэг эмчилгээ хийх боломжгүй байна. Хойд эмнэлэгт үзүүл гэхээр нь БОЭТ дээр очиж эрүү, нүүрний зураг авахуулсан. Хүлээн авах тасгийн эмч зургийг нь үзээд эрүү нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 талд/

     4. Гэрч Э.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэртээ ирсэн чинь манай эхнэрийн дүү Өнөржаргал гэж залуугийн баруун талын эрүү нь хавдсан байсан. Юу болсон талаар асуухад Мөнх-Эрдэнэ таныг өмөөрөөд намайг зодсон гэж ярьсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь эрүүний яс нь хугарсан байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Мөнх-Эрдэнэ надтай уулзаад би таныг өмөөрөөд дүүг чинь зодчихсон байна гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 21 талд/

         5. Гэрч  Г.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнх-Эрдэнэ Өнөржаргалын өмсөж явсан куртикнээс татаж газарт унагаад өшиглөж байсан. Өнөржаргалын биеийн аль хэсэгт өшиглөж байсныг тогтож хараагүй. Ямар ч байсан Өнөржаргалыг газарт унасан байхад нь Мөнх-Эрдэнэ өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

    6. Гэрч Г.Эрдэнэзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэртээ байж байтал манай нөхөр Мөнх-Эрдэнэ гаднаас согтуу орж ирсэн. Цээгий ах манай эхнэрийн дүү намайг зодоод байна гэхээр нь тэр залуутай нь зодоон хийгээд гэж байсан. Маргааш өглөө нь Мөнх-Эрдэнэд зодуулсан гэх залуу орж ирээд эрүү, шүдээ үзүүлнэ гэсэн. Мөнх-Эрдэнэ бид 2 амыг нь ангайлгаад харсан чинь баруун талын эрүүний нэг арааны орчим буйл нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 талд /

7. Гэрч Э.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..  Говил төвийн хажууд Дайриймаа гэх зүс таних хүүхний дүү Өнөрөө гэдэг залуу газарт чанга ёолоод хэвтээд байсан. Зүгээр байсан бол тэгж их ёолохгүй байх. Тэр үед би Өнөржаргалыг зодуулсан юм байна гэж бодсон. Үүнээс 2,3 хоногийн дараа би Өнөржаргалын эгчтэй таарсан чинь эрүү нь хугарсан байна гэнээ гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 талд/

  8. Гэрч П.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хөдөө байж байгаад гэртээ ирсэн чинь миний хүү Өнөржаргалын баруун талын доод эрүү нь хавдсан, шүлс нь гоожсон амьтан байсан. Хүнд зодуулсан юм бол эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд Өнөржаргалын доод эрүүний яс хугарсан байна гэсэн онош тогтоогдсон. Орхон аймагт эмчилгээ хийх боломжгүй гэхээр нь Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Өнөржаргал ярихдаа би халамцуу явж байгаад Говилд байдаг Мөнх-Эрдэнэ гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36 талд/

  9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 сарын 12-ны өдрийн 723 тоот: 1. Х.Өнөржаргалын биед доод эрүүний ясны далд хугарал үүсчээ. 2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шинэ гэмтэл байна. 2016 оны 10 сарын 03-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4. Гэмтлийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ч.Буянзаяа гэсэн дүгнэлт / хх-ийн 39-р талд /

     10. Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42 талд/

           11. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283,284,285,286,290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овгийн Володягийн Мөнх-Эрдэнийг /УО88040817/ бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч В.Мөнх-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч В.Мөнх-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан В.Мөнх-Эрдэнэд  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ