Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0778

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

           И.Л, С.Б нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Нэхэмжлэгч:И.Л, С.Б

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0411/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчИ.Л, С.Б нараас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Нэхэмжлэгч С.Б уг өөрийн эзэмшлийн гараашийг 2012 онд Ц.Д-оос худалдан авсан бөгөөд худалдан авахдаа амаар харилцан тохиролцож итгэлцлийн хүрээнд худалдан авсан ба гэрээг бичгээр байгуулаагүй аман хэлбэрээр байгуулсан. Худалдагч Ц.Д- нь уг гараашийг худалдан борлуулахдаа ямар нэгэн газрын зөрчилгүй эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй гэж итгүүлж худалдсан ба нэхэмжлэгч С.Бын хувьд харилцан тохиролцсоны дагуу 1.000.000 төгрөгөөр худалдан авсныг Анхан шатны шүүх харгалзан үзээгүйн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч тухайн хэрэг маргааны талаар нэг мөр, ойлголтгүй, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаагүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар илтэд алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

            2.2. Нэхэмжлэлийг анх Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатын шүүхийн шүүгч Ц.М хүлээн авч 2024 оны 05 дүгээр сарын 07-ний өдөр 128/Ш32024/3922 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий гарааш байрлаж байгаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч үзлэг хийсэн бөгөөд хэрэгт авагдсан шүүгчийн үзлэгийн тэмдэглэл нь яг ямар газар үзлэг хийсэн эсэх нь эргэлзээтэй зэргээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг тал бүрээсэн нь хянан үзсэн гэдэгт эргэлзэж байгаа болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжИ.Л, С.Б нарын “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар мэдэгдэх хуудсаар[1] нэхэмжлэгч нарт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

3.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан хуулийн дээрх зохицуулалтын дагуу газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд дээрх шаардлагыг биелүүлээгүй буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглохоор зааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэж өгч, уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахаар хуулиар тусгайлан зохицуулсан байна.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”,  47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

3.3. Нэхэмжлэгч нараас “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2012 онд Ц.Д- гэх хүнээс худалдан авсан ба харилцан итгэлцлийн үндсэн дээр нэг гараашийг 1.000.000 төгрөгөөр тооцон худалдан авсан бөгөөд тухайн үед худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй харилцан итгэлцлийн хүрээнд худалдан авсан, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь илт хууль бус ...” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжаар[2] “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 хавсралтаар, удирдамжийг 2 хавсралтаар тус тус баталж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/466 дугаар захирамжаар[3] Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг буруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар тус тус баталсан байна.

            3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.

            3.6. Нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр гараашийг 2012 онд Ц.Д- гэх иргэнээс худалдан авсан, ... уг гараашнуудыг 2012 оноос хойш шударгаар эзэмшиж, ашиглаж, өнөөдрийг хүрсэн ...” гэж маргасан боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй, өгөөгүй, уг цаг хугацаанаас эхлэн газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж маргаагүй байх бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/4475 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдож байсан эсэх, газрын төлбөр төлж байсан эсэх талаар тодруулахаар хандсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10-17/543 дугаар албан бичгээр[4] “... газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй, ... газрын төлбөр төлөгдөж байгаагүй ...” гэх хариуг шүүхэд ирүүлсэн байна.

3.7. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт байрлах гараашнуудыг хуульд заасан эрхийн гэрчилгээний дагуу эзэмшээгүй, газар эзэмших талаар хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй, газрын төлбөрийг төлж байгаагүйгээс үзвэл хууль ёсоор газар эзэмшиж байсан, эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон байна.

3.8. Иймд хариуцагчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар мэдэгдэх хуудсаар “..: зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул ... газар чөлөөлөхийг мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч нарт мэдэгдсэн нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10-17/543 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул шүүхээс хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

            3.9. Анхан шатны шүүхээс “... иргэн, хуулийн этгээд нь газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших бөгөөд ийнхүү эзэмшээгүй тохиолдолд зохих зөвшөөрөлгүй газрыг дур мэдэн эзэмшсэн гэдэгт хамаарахаар байна, ... нэхэмжлэгч нар нь гарааш худалдан авсан боловч түүний доорх газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаагүй тул хариуцагчаас зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшиж, ашигласан гэх үндэслэлээр газар чөлөөлөхөөр мэдэгдсэн нь илт хууль бус актад хамаарахгүй, ... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 160237 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарыг гарааш бүхий газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашигласан гэж дүгнэн газрыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байгаа нь тодорхой бөгөөд бодит байдалд хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Худалдагч Ц.Д- нь уг гараашийг худалдан борлуулахдаа ямар нэгэн газрын зөрчилгүй эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй гэж итгүүлж худалдсан ба нэхэмжлэгч С.Бын хувьд харилцан тохиролцсоны дагуу 1.000.000 төгрөгөөр худалдан авсныг Анхан шатны шүүх харгалзан үзээгүйн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч тухайн хэрэг маргааны талаар нэг мөр, ойлголтгүй, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаагүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар илтэд алдаатай дүгнэлт хийсэн, ... хэрэгт авагдсан шүүгчийн үзлэгийн тэмдэглэл нь яг ямар газар үзлэг хийсэн эсэх нь эргэлзээтэй зэргээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг тал бүрээсэн нь хянан үзсэн гэдэгт эргэлзэж байгаа болно” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 29 дэх тал

[2] Хэргийн 31-37 дахь талууд

[3] Хэргийн 92 дахь тал

[4] Хэргийн 50 дахь тал