| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0008/ Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Б |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, 19.. оны .. сарын ..-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух, Улаанбаатар төмөр замын харъяа Замын-Үүд техник үйлчилгээний газарт вагон үзэгч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Т.ы Т.т /РД:/ холбогдох эрүүгийн 2320000000... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүэгээр баг, 7 хэсгийн ..-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.С.г ажилд гарахад нь хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Ч.С.ийн нүүрний дух хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас духны баруун хэсэг болон баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хоол хйиж өгсөнгүй гэдэг нь муудах шалтгаан байгаагүй, өмнөх 2 өдөр нь халаалтгүй байсан, бас хүү маань ээжийнхээ утасны нүүрийг эвдэлчихсэн гээд манай эхнэр жоохон стресстэй байсан. Тэгээд хоол хийхдээ дурамчхан байгаа юм шиг санагдахаар нь дурггүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд маргалдаад толгой руу нь цохичихсон, би урд өмнө нь зодож байгаагүй. Манай эхнэр том хүүг намайг гадуурхдаг гэж бодоод байх шиг байдаг юм, уг нь тийм асуудал байхгүй. Ер нь миний буруу гэдгийг ойлгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх асуудлыг ойлгосон, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн ” гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогч Ч.С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр хүйтэн болохоор нь нөхөр хүүхдийн хамт дүүгийнхээ гэрт байж байгаад гэртээ ирсэн. Тэгсэн нөхрийн ажилд явах цаг нь болоод хоол хийгээд өг гэхээр нь би бууз хийж байсан тэгсэн тэр хооронд хэрүүл хийгээд л олон юм яриад байсан. Тэгсэн гэнэт ирээд чи давраад байгаарай гэж хэлээд хүзүүрүү гараараа цохисон тэр үед би эргүүлээд түлхээд холдуулсан чинь ажлынхаа хувцасыг өмсөж байгаад ирээд толгой руу гараараа цохьчихоод гараад явчихсан. Төмөр замын ПТО-д вагон үзэгч хийдэг. Өчигдөр архи уугаагүй байсан. Бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. 3-7 насны хоёр хүүхэдтэй би том хүүтэйгээ ирээд нөхөртэйгээ нийлж байсан юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Өчигдөр хүүхдүүд бүгд байсан. Манай нөхөр урьд зоддог байсан. Ямар нэгэн эд зүйлээр цохиж байгаагүй. Архи ууж гэртээ ирчихээд агсам тавиад гэрийн эд зүйл эвдлэнэ тэр болгонд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг байсан харин өглөө нь би өөрөө очиж торгуулийн мөнгийг нь төлж гомдолгүй гэж хэлээд авдаг байсан. Шүүхээр орж шийтгүүлж байгаагүй. Хааяа архи ууж ирэхээрээ агсам тавьж хэл амаар доромжилж зоддог байсан. Урьд нь эрүүлдээ 2-3 удаа эрүүлдээ зодож байсан. Гараараа гар, хөл, гуя, толгой руу цохидог байсан. Согтуу ирчихээд хааяа л агсам тавьдаг. Согтуу ирээд л агсам тавиад л эхэлдэг юм. Хүүхдүүдийг хааяа айлгаж номхон зогс гэж айлгаж байсан. Одоо миний биеийн баруун нүд хавдсан баруун дух хавдсан, цээжний голд хөндүүр хавдчихсан байна. Зовиур шаналал гайгүй байна. Эмнэлгийн анхан шатны тусламж аваагүй. Гомдолтой байна“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 07/
Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байхад манай нөхөр ажилдаа явахын өмнө оройны 18 цагийн үед би ажилдаа явах гэж байгаа юм чинь хоол хийж өгсөн чинь миний хийж өгсөн хоолыг хогийн саванд шидэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь манай нөхөр миний өөдөөс сэтгэлгүй юм бэ гэхээр нь чи юу гэсэн үг вэ гэсэн чинь манай нөхөр шууд миний хоолойноос боож аваад арагш нь түлхсэн тэгэхээр нь би эргүүлээд түлхсэн тэгээд би орон дээр суусан чинь намайг дахин цохиж авахаар нь би цааш нь түлхээд чамайг цагдаад хэл нь гээд гар утсаа шүүрч авсан чинь манай нөхөр миний утсыг булааж аваад миний толгой руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд нөхөр маань хувцсаа өмсөөд гэрээсээ гараад ажилдаа явсан тэгээд буцаж орж ирээгүй маргааш өглөө нь гэртээ орж ирсэн. Түүнээс хойш дахин хэрүүл маргаан гараагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхөр урд гар хүрч байсан би яаг хэдэн онд зодож байсан талаар одоо сайн санахгүй байна.Энэ явдлаас өмнө 2022 оны 09 дүгээр сард намайг гараараа цохиж зодож байсан. Тухайн үед цагдаа дуудаж өгч явуулсан тэгтэл орой нь гэртээ яваад ирсэн байсан би ямар нэгэн өргөдөл гомдол гаргаж байгаагүй. Урд өгсөн мэдүүлэгт би тусгасан байгаа. Ер нь манай нөхөр намайг удаа дараа гар хүрч байсан. Би урд өгсөн мэдүүлэгт манай нөхөр удаа дараа зодож гэр орныхоо эд зүйлийг эвдэлж байсан мөн, хэл амаар доромжилж байсан гэж мэдүүлэг өгч байсан тэгээд шүүхээр явж шалгуулж байгаагүй 2020 он болон 2021 оны үйлдлүүд байсан харин энэ удаагийн үйлдэл энэ юм. 2020 он 2021 оны үйлдлүүдийн давтамж нь зайтай байсан. 2022 оны үйлдлүүд нь ойрхон энэ оны 09 дүгээр сарын үйлдэлд ямар нэгэн торгууль төлөөгүй хууль зүйн зөвлөгөө авч гарч ирсэн байсан. Би ч гомдол саналгүй миний биед гэмтэл учраагүй байсан юм. Урд нь зодож байхдаа нададгэмтэл учруулахуйц зодож байгаагүй. Би санал нийлж байгаа миний биеийн байдал гайгүй байгаа гэхдээ миний толгой хааяа өвдөж байгаа. Миний хувьд нөхрөөсөө ямар нэгэн нэхэмжлэх зүйл байгүй гомдол саналгүй байна” гэсэн мэдүүлэш /хх-ийн 28-29/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 06-ны өдрийн “1. Ч.С.ийн биед духны баруун хэсэг болон баруун нүдний дээд зовхи, баруун чамархай хэсэгт цус хуралт, зүүн гарын ар талд, цээжний урд дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Ч.С.ийн биед үүссэн гэмтлүүдийн духны баруун хэсэг болон баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай хэсэгт цус хуралт нь “ Гэмлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гарын ар талд болон цээжний урд дээд талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/232 тоот дүгнэлт /хх-ийн 15-16/
Хохирогч Ч.ын С.ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 19-22/
Шүүгдэгч Т.Т. нь урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30/
Иргэний нэхэмжлэгч Х.Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Т.Т нь хамтран амьдрагч болох Ч.С.г үл ялих зүйлээс болж биед халдан зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулснаас болж хохирогч Ч.С.д эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн сангаас /15000/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Т.аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020... дугаартай дансанд төлүүлэх мөн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу иргэний нэхэмжлэгчийн үүргийг хүлээн оролцож байна. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/
Шүүгдэгч Т.Т.ын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газартгаргасан “Миний бие хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 хэсгийн ..-01 тоот гэртээ эхнэр Ч.С.г “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрний дух хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас духны баруун хэсэг болон баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай хэсэгт цус хуралт гэмтлүүд учруулсан үйл баримт болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.С.ийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр тохилсон байх бөгөөд шинжээч эмч П.Г нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр “ хохирогчийн биед духны баруун хэсэг болон баруун нүдний дээд доод зовхи, баруун чамархай хэсэгт цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч Ч.С нь шүүгдэгчийн хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.
Дээрх хуульзүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх ба энэ утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г.ийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 04/232 дугаартай шинжээчийн дүгнэлт хохирогч Ч.С.ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч Ч.С.ийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлэг өгсөн байна /хх-ийн 07, 28-29/
Харин хохирогч Ч.С нь Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан 15,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Ч.ын С.д эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 15,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 43/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 15,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.ы Т.ыг /РД:/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.ы Т.ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Т.Т.аас гэм хорын хохиролд 15,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020... тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Т нь 650,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц