Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236002750266 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* хүчний 123 дугаар ангид тогооч ажилтай, ам бүл нэг, ******* аймгийн ******* сумын 10 дугаар () багийн 3-23 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар () багийн 3-23 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч Б.*******гийн “...Би өнөөдөр өглөө 08 цагт ажилдаа гарч явсан. Манай нөхөр урьд өдөр нь архи ууж ирсэн болохоор гэртээ унтаад үлдсэн. Өдөр цайны цагаар гэртээ ирэхэд миний нөхөр гараад явсан байсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд бага хүүхдээ эмнэлэгт үзүүлээд эм аваад гэрт ирэхэд миний нөхөр архи уугаад ирчихсэн согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь би “чи урьд нь архи ууж ирчхээд өнөөдөр дахиад архи уулаа, хүүхдийн бие өвдөөд эмнэлэг яваад ирж байхад” гэж уурлаад “гарч яв” гээд түлхээд гэрээс гаргах гэсэн чинь гарахгүй гэж буцаж эргэж зүтгэж байгаад миний үснээс татаад нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь би буцаж гэр лүүгээ ороод цагдаад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагийн үед би гэртээ согтуу унтаж байсан. Намайг унтаж байтал миний эхнэр болох Б.******* ирээд архи уулаа гэж уурлан намайг гэрээс гар гэж хөөсөн. Би гарахгүй гээд маргалдаж байгаад баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар () багийн 3-23 тоот гэртээ “гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.*******г нүүрэн тус газарт нэг удаа цохисон нь нотлогдож байна.

1.2. Хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 824 дугаартай “Б.*******гийн биед гэмтэл учирсан байна. Б.*******гийн биед учирсан доорх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.*******гийн биед учирсан доорх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******гийн биед хамар ясны зүүн талд хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-34 дүгээр хуудас) гарчээ. Тодруулбал шүүгдэгч хохирогчийг нэг удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

1.3. Гэрлэсний бүртгэлийн “Б.*******, Б.******* нарыг гэрлэснийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэв” гэх агуулгатай лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)-аар хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* нар нь эхнэр нөхөр болох нь нотлогджээ.

1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар () багийн 3-23 тоот гэртээ шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ “гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.*******г нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан буюу төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нар эхнэр, нөхөр буюу гэр бүлийн гишүүд болох нь нотлогдсон тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

2.5. Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, дур зорго, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх, уур бухимдлаа гаргах гэх мэт сэдэлт зорилгоор зодох, догшин авирлаж харгис хэрцгий харьцах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэргээр хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, байнгын, эсхүл нэг удаагийн шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.

2.6. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.7. Хохирогч Б.*******гийн “...би “чи урьд нь архи ууж ирчхээд өнөөдөр дахиад архи уулаа, хүүхдийн бие өвдөөд эмнэлэг яваад ирж байхад” гээд уурлаад “гарч яв” гээд түлхээд гэрээс гаргах гэсэн чинь гарахгүй гэж буцаж эргэж зүтгэж байгаад миний үснээс татаад нүүр лүү гараараа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн “...миний эхнэр болох Б.******* ирээд архи уулаа гэж уурлан намайг гэрээс гар гэж хөөсөн. Би гарахгүй гээд маргалдаж байгаад баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэргээс дүгнэвэл хохирогч шүүгдэгчийг гэрээсээ хөөсөн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон бол шүүгдэгчийн ахуйн хүрээнд архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл болжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Энхтунгалагийн “...Б.******* бол тайван, даруухан зантай, сэтгэл зүйн байдал нь тогтвортой. Хааяа ажлынхантайгаа архи хэрэглэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг ...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Хохирогч шүүгдэгчийг гэрээсээ хөөсөн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал;

- Шүүгдэгч “...Хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү” гэх санал тус тус гаргасан, хохирогч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.3. Харин улсын яллагчийн гаргасан “...түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй.

Учир нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Тогтмол орлого гэвэл цалин байгаа, сарын дундаж цалин 1’100’000 төгрөг” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн дээрх заалтын агуулга нь шүүх торгох ялыг төлөх 3 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ. Гэтэл прокурор зөвхөн төлөх хугацааны талаар санал гаргасан ба хэсэгчлэн төлөх хэмжээний талаар үндэслэл бүхий санал гаргаагүй байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний нөхөр надаас уучлалт гуйсан. Гэхдээ би эвлэрэх бодолгүй байгаа. Тухайн хэргийг үнэн зөвөөр шалгуулмаар байна. Бас шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулмаар байна. Бусдаар нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), мөн шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчийн “Хохирол нэхэмжлэх үү? яагаад хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй бэ?” гэх асуултад “Нэхэмжлэхгүй” гэж хариулсан байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА