| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
2023 1 12 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, П.Э-д холбогдох эрүүгийн 2225000000491 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, П.Э
Шүүгдэгч П.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Энержи” ресторанд иргэн Г.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газар нь пивоны шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Энержи” ресторан хүлээн авалттай байсан. Гэтэл Билгүүн ажлаа хийхгүй алга болж байгаад ирсэн, намайг “п***а минь, өөрөө ажлаа хий” гэж хэлэхээр нь би “чи уурлаад гараад явсан хүн “яв” гэж хэлсэн чинь над руу дайрсан. Тухайн үед би ундааны шилэн стакан бариад өнгөлж байсан юм, гэтэл Билгүүн над руу дайрах үед шилэн стакан миний гар дотор хагарч, гарнаас цус гарсан. Миний гарт байсан шилний хэлтэрхий Билгүүний толгойг зүссэн, түүнээс биш түүнийг зүгээр байхад нь би “яв” гэж хэлээгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.Б “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны оройн 20 цагийн үед ээж, дүү хоёр эмнэлэгт хэвтчихсэн хоол хүргэж өгөх шаардлагатай байсан учраас рестораны ахлах тогооч Билгүүн гэх залуугаас “эмнэлэг авч явах бантан хийгээд өгөөч, ээж, дүү хоёртоо өгөх гэсэн юм” гэхэд “за, тэгье” гэж хэлсэн. ...рестораны гал тогооноос хоолоо авах гээд хүлээж байтал Сайханаа ирээд ойролцоогоор 1 метрийн зайтай зогссон. Над руу хандаж “явна, гээд байсан яасан, яваагүй юм уу” гэхээр нь “явах гэж байна, одоо явна” гэхэд “яв, яв, чи угаасаа тав хоног ажилласан юм чинь нэг дэх өдөр ирээд ажилласан хоногийнхоо цалинг аваад яваарай” гэхээр нь “чи мэддэг юм уу” гэсэн чинь “би мэддэг юм, зайлаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гал тогоонд ажиллаж байсан хүмүүс рүү харж байгаад “болдог бол цохиод авчих юмсан” гэж хэлэхэд Сайханаа над руу ойртож ирээд “чи яасан гэнээ, юу гэнээ” гэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд баруун гараараа түлхтэл миний толгой дээр пивоны шилэн аяга хагарсан. Уг шилэн аягаараа дахин миний толгой руу цохих шиг болсон, эхний цохилт нь маш хүчтэй мөн миний толгой ихээр өвдөж байсан, ухаан балартсан болохоор яг яаж цохисныг нь санахгүй байна. Тэгээд гал тогооноос тогооч нар гарч ирээд салгаад байж байхад гаднаас захирал Цэрмаа орж ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг орж хүлээн авахад үзүүлэхэд миний цусыг цэвэрлээд толгойн хагарсан хэсгээс хоёр ширхэг шилний хэсэг аваад толгойнд гурван оёдол тавьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
гэрч М.Б “...21 цаг болж байхад БОЭТ-ийн хүлээн авах тасаг руу очиход Билгүүн толгойгоо боолгочихсон гарч ирсэн, юу болсон талаар асуухад “...хүлээн авалттай байхад ээж залгаад дүүгийн чинь бие өвдөөд таталд өгөөд эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь Билгүүн захирлаас чөлөө болон хоол хийлгэх зөвшөөрөл аваад гал тогооноос бантан хийлгээд авах хоорондоо хувцсаа солиод гарч ирээд Энхсайханд, би явлаа, захирлаас чөлөө авчихсан, ээж, дүү хоёр эмнэлэгт хэвтчихсэн байна гэнээ гээд гал тогооны үүдний хоол авах хэсэгт хүлээгээд зогсож байхад Энхсайхан текний араас гарч ирээд зайлахгүй яасан юм, 5, 6 хоног ажилласан цалингаа аваад зайлаарай гэхээр угаасаа зайлчихна гэж хэлэхэд Энхсайхан гартаа байсан пивоны шилээр цохичихсон.” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
гэрч С.Х “...Энхсайхан ах цагийн зөөгч Бат-Өлзий рүү “заалаа цэвэрлэ, ширээ сандлаа эмхэлж цэгцлээч” гээд уурласан чинь Өлзий “би хийж байна шүү дээ” гэхэд Энхсайхан ах “та нар чадахгүй бол зайлаарай” гээд уурлах үед нь Мөнгөнцэцэг “та хүнтэй аятайхан харьцаач, бид нар хийх ёстой зүйлээ хийж л байна шүү дээ, өдөржин ажилласан юм чинь хэсэг сууж болно биз дээ” гэхэд Энхсайхан “та нар цалин авч байгаа биз дээ, юмаа хий” гээд орилж яриад байсан. ...Билгүүн гал тогооны хэсгээс хоол авах гээд зогсож байхад нь Энхсайхан ах текний ард бохироо угааж байгаад текнээсээ гараад Билгүүн дээр очоод “чи явна гэсэн яваагүй юм уу, нэг дэх өдөр ирээд ажилласан хоногийн цалингаа бодуулаад зайлаарай” гэж хэлсэн, тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг, нэгнээ бариад авсан. Энхсайхан Билгүүнийг нэг удаа цохисон, зөрүүлээд Билгүүн Энхсайхан ахыг гараараа нэг удаа цохих үед нь би тэр хоёрыг салгах гээд очиход Энхсайхан ах баруун гартаа барьчихсан байсан пивоны 0.5гр том шилэн аягаар Билгүүний толгой руу цохиод авсан, би “та чинь хүн алчихлаа шүү дээ” гээд орилоод татах үед гал тогооны гадна хэсгийн хананд тогтоосон байдаг зуушны хутганаас аваад баруун гартаа барьчихсан байсныг би гараас нь салгаж авсан. ...би текний араас салфетик аваад Билгүүний толгой хэсгээс нь цус ихээр гарч байсан болохоор цусыг нь тогтоох гээд дарсан боловч тогтохгүй байхаар нь захирал Цэрмаагийн хамтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт очсон. ...Эмч “толгойд нь гурваас дөрвөн оёдол тавьсан, мөн шилнүүд зоогдсон байсан учраас авч цэвэрлэсэн” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
гэрч Г.Ч “...Энхсайхан ах ирээд “яваагүй юм уу яваач” гэхэд нь Билгүүн “бантангаа аваад явлаа, сүртэй юм бэ, би бантан хүлээж байна” гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэр үед нь би бантангийн гурил багсарч байсан болохоор хараагүй, гэнэт юм хагарах чимээ гарахаар нь эргээд хартал Билгүүний толгойноос цус гарчихсан байхад нь ахлах тогооч Билгүүн нь Энхсайхан, Билгүүн хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Э.Д “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цаг болж байхад Г.Б“ээж, дүү хоёр эмнэлэгт хэвтчихсэн, бантан хийлгэж авч явна.” гээд гал тогооны коридор хэсэгт хүлээж байхад Энхсайхан нь Билгүүн рүү дөхөж очоод “чи яваагүй юм уу, явахгүй үхсэнээ хийгээд зогсож байгаа юм” гээд хоорондоо маргалдаж бие биенээ нэг, нэг удаа цохисны дараа Энхсайхан баруун гартаа барьчихсан байсан пивоны шилэн аягаар Билгүүний толгой хэсэг рүү цохиод авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
гэрч Б.Б “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой хүлээн авалт дууссаны дараа Билгүүн орж ирээд надаас “ахлах аа, ээж, дүү хоёр эмнэлэгт хэвтчихсэн байна, надад бантан хийгээд өгөөч.” гэхээр нь би гал тогооны хэсэгрүү орж хоолоо бэлдэж байсан. Тэгээд гал тогооны коридор хэсэгт гэнэт шил хагарах чимээ гарахаар нь харахад Энхсайханы баруун гарт нь хагарсан шилэн аяганы үлдэгдэл байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
П.Э сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Билгүүн миний цамцны захнаас зуураад гарын шуу хэсгээрээ миний хүзүү хэсэгт шахаж, тохойгоороо миний зүүн мөрлүү түлхэж ханаруу шахаад миний нүүр хэсэг болон толгойн орой хэсэгрүү 4-5 удаа зүүн гараараа атгаж цохисон. Тухайн үед би тонгойчихсон толгойгоо хамгаалчихсан байж байгаад баруун гараараа хамгаалах гээд гараа өргөх үед миний гарт байсан шилэн аяга хагарч Билгүүнийг гэмтээсэн. Уг гэмтлийг би санаатайгаар учруулаагүй, санамсаргүйгээр түүний толгой хэсэгт гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 845 дугаартай; “...1.Г.Билгүүний биед тархи доргилт, хуйханд гурван тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Г.Б “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Энержи” ресторанд зүс таних хүнд зодуулж, биедээ гэмтэл авсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
“Энержи” рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,
“Энержи” рестораны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,
П.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Од дөл” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22/11-139 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 54, 55, 62 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн П.Эаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч П.Э-ыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч П.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Энержи” ресторанд иргэн Г.Билгүүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газар нь пивоны шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Г.Б “...Сайханаа над руу ойртож ирээд “чи яасан гэнээ, юу гэнээ” гэхээр нь би баруун гараараа өөрөөсөө холдуулах гээд түлхтэл миний толгой дээр пивоны шилэн аяга хагарсан. ...Эмнэлэг орж хүлээн авахад үзүүлэхэд миний цусыг цэвэрлээд толгойн хагарсан хэсгээс хоёр ширхэг шилний хэсэг аваад гурван оёдол тавьсан.” гэх,
гэрч С.Х “...Энхсайхан ах баруун гартаа барьчихсан байсан пивоны 0.5гр том шилэн аягаар Билгүүний толгой руу цохиод авсан, би “та чинь хүн алчихлаа шүү дээ” гээд орилоод татах үед гал тогооны гадна хэсгийн хананд тогтоосон байдаг зуушны хутганаас аваад баруун гартаа барьчихсан байсныг би гараас нь салгаж авсан. ...Эмч “толгойд нь гурваас дөрвөн оёдол тавьсан, мөн шилнүүд зоогдсон байсан учраас авч цэвэрлэсэн” гэж хэлж байсан.” гэх,
гэрч Э.Д “...Энхсайхан баруун гартаа барьчихсан байсан пивоны шилэн аягаар Билгүүний толгой хэсэг рүү цохиод авсан.” гэх,
гэрч Б.Б “...гал тогооны коридор хэсэгт гэнэт шил хагарах чимээ гарахаар нь харахад Энхсайханы баруун гарт нь хагарсан шилэн аяганы үлдэгдэл байсан.” гэх,
П.Э “...би тонгойчихсон толгойгоо хамгаалчихсан байж байгаад баруун гараараа хамгаалах гээд гараа өргөх үед миний гарт байсан шилэн аяга хагарч Билгүүнийг гэмтээсэн. Уг гэмтлийг би санаатайгаар учруулаагүй, санамсаргүйгээр түүний толгой хэсэгт гэмтэл учруулсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №845 дугаартай дүгнэлт, “Энержи” рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч П.Э, хохирогч Г.Б эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой тус газар нь пивоны шилэн аягаар цохиж, хуйханд нь зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн хувьд,
Шүүгдэгч П.Э хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч П.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч П.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Эы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О “...ар гэрийн ахуй амьдрал, мөн хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдлуудыг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Хохирогч Г.Б хавтаст хэргийн материалтай танилцаад “эмнэлгийн зардал болон ажлаас гарсан цалингаа нэхэмжилж байна, 1.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн баримт хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан байгаа боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч П.Э өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.
Иймд хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч П.Э-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Энержи” рестораны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч П.Э-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Энержи” рестораны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ