| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023 01 ,17 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2325000000008 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.Б
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 50-4 тоот н.Баянтөрийн гэрт хохирогч Г.Б-н толгойн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.Б-н “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр... Цогтсайхан бид хоёр Наран багийн 50-4 тоот Баянтөрийн гэрт ортол, Баянтөр эхнэрийн хамт, Батнасан, танихгүй эмэгтэй нар юм яриад сууж байсан. ...би явах гэтэл “чи байж бай, эхнэрийг чинь дуудчихсан, ирэхээр нь хамт яв.” гэж хэлээд сууж байтал удалгүй эхнэр маань ороод ирсэн, би тухайн үед гэртээ 0.5л архи ганцаараа уучихсан байсан тэгээд Д.Бтай үл ойлголцоод нэг мэдсэн чинь архины шилээр миний толгой руу цохисон. ...Миний биед Д.Б гэмтэл учруулж толгой руу маань нэг удаа архины шилээр цохиж, би хоёр оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
“...Миний бие хэрэгт холбогдуулан толгойн компьютер томографикийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан энэ мөнгөө нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
гэрч Ч.Г-н “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны...орой 20 цаг өнгөрч байх үед Баянтөрийн гэрт эхнэр Бямбасүрэнгийн хамтаар очсон, Баянтөрийн гэрт Батнасан, Батжаргал, Пүрэв, Алтанбаяр, Цогтсайхан нар байсан, бид мах идэж, архи уусан. ...Батжаргалыг согтоод байхаар нь гэрлүү нь явуулахаар эхнэр Чука руу нь руу залгаж, “нөхрөө ирж ав” гэж хэлсэн...удалгүй Чука ирээд нөхрийгөө авах гээд гарах үедээ нөхөртөө “чи хөгшин настай хүнийг хүндэлсэнгүй, олон юм яриад.” гэхэд Батнасан ах Чука руу “хөгшин настай гэж хэнийг хэлээд байгаа юм, би тийм хөгшин харагдаад байна уу.” гэж хэлж байсан, ...гэнэт Чука “цохичихлоо шүү дээ.” гэж чангаар хэлсэн, тэгсэн чинь Батжаргалын толгойноос цус гарсан, Алтанбаяр, Батнасан ахыг салгаж холдуулаад “та яагаад цохиж байгаа юм, болохгүй шүү дээ.” гэж хэлж байсан. Чука нөхрийгөө аваад эмнэлэг рүү явсан, удалгүй цагдаа нар ирээд Баянтөр, Батнасан хоёрыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
гэрч Ц.П-н “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн найзууд болох Батнасан, Алтанбаяр, Ганболдыг эхнэрийнх нь хамтаар цай уулгахаар дуудсан. ...Манай гэрт Батжаргал орж ирчихээд “за урилгагүй зочин хүрээд ирлээ.” гэж янз үзсэн байдалтай асуусан, би “зүгээр дээ, наашаа суу.” гэж хэлээд цай өгөөд...чанаж байсан махан дээрээ гурил хийгээд байж байтал Батжаргал “маргааш өглөө идшиндээ явна, одоо ингэсгээд харилаа.” гээд байхаар нь махнаасаа гаргаад гурилтай өгсөн. ...Батжаргал хүн болгон руу агсраад... Батжаргалын эхнэр Чулуунцэцэг нөхрийгөө аваад гарах гэж байх үедээ нөхөртөө “чи ийм муухай араншин гаргаад, хөгшин настай хүмүүсээс ичээч.” гэхэд Батнасан уурлаж босч ирээд “хөгшин настай байхаар яадаг юм.” гэж хэлсэн, ...Чулуунцэцэг “хүн аллаа.” гээд орилсон тэгтэл Батнасан архины шилээр Батжаргалын толгой руу цохичих шиг болсон, Батжаргалын толгойноос цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Д.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Наран багийн 50-4 тоот найз Баянтөрийн гэрт Баянтөрийн эхнэр Пүрэв, хуурай дүү Алтанбаяр, Батжаргал, Цогтсайхан нарын хамтаар мах идэж ганц шил архи уусан. Тэгээд миний бие нэлээн согтсон байсан, ...Батжаргалтай хэрүүл маргаан хийж байгаад архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 70 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-н 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 908 дугаартай; “...1.Г.Батжаргалын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар байна. 4.Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй. 6.Г.Батжаргалын биед хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл оношлогдсон нь хуучин гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
иргэн Г.Б-н “...бусдад зодуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн компьютер томографик зурагны үнэ 120.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28, 29 дэх тал/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
Д.Б-гаас гаргаж хэрэгт хавсаргуулсан, ам бүлийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, түүний биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд, хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоосон шийдвэр /хавтаст хэргийн 36-64 дэх тал/,
хохирол, төлбөрт 120.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 73 дахь тал/,
хохирогч Г.Б-н “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Батнасанд толгой руугаа цохиулж хөнгөн гэмтэл авсан нь үнэн, гомдол санал хохиролгүй болно.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 78 дахь тал/,
яллагдагч Д.Б-гийн “...Миний бие Г.Батжаргалын толгойд архины шилээр цохиж гэмтэл учруулсан хэргийн тал дээр маргаангүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас, мөн Д.Б-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 50-4 тоот н.Баянтөрийн гэрт хохирогч Г.Б-н толгойн тус газар архины шилээр цохиж, биед нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Г.Б-н “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр...миний биед Д.Б гэмтэл учруулж толгой руу маань нэг удаа архины шилээр цохиж, би хоёр оёдол тавиулсан.” гэх,
гэрч Ч.Г-н “...Чука “цохичихлоо шүү дээ.” гэж чангаар хэлсэн, тэгсэн чинь Батжаргалын толгойноос цус гарсан.” гэх,
гэрч Ц.П-н “...Батжаргал хүн болгон руу агсраад...Батнасан архины шилээр Батжаргалын толгой руу цохичих шиг болсон, Батжаргалын толгойноос цус гарсан.” гэх,
Д.Б-гийн өөрийнх нь өгсөн “...Батжаргалтай хэрүүл маргаан хийж байгаад архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 908 дугаартай дүгнэлт,
Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн компьютер томографик зурагны үнэ 120.000 төгрөг төлсөн баримт,
хохирол, төлбөрт 120.000 төгрөгийн хохирол төлсөн баримт,
хохирогч Г.Б болон яллагдагч Д.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжилж толгойн компьютер томографикийн зурагны үнэ 120.000 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хохирогчид 120.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ